Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/416

 

 

 

 

 

 

 

 

 

2023           11              24                                      2023/ШЦТ/416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Ч.М  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М д холбогдох эрүүгийн 2325002500530 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ч.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ч.М  нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны гүйлгээний виза картыг авч 2023 оны 06 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 11 минутад өөрийн найз Б.Энхтуяагаар дамжуулан өөрт байсан Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны виза картаас нууцаар, хууль бусаар 1 575 000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М  мэдүүлэхдээ “Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлсөн” гэв.

 

Хохирогч Л.Ц  “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Л.Ц-н цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Хаан банкны *****  тоот дансны гүйлгээний лавлагаа. /хх-ийн 6-7 дугаар хуудас/

2. Хохирогч Л.Ц-н “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 10 минутын үед миний өөрийн нэр дээр байдаг Хаан банкны *****  тоот дугаарын данснаас 1,575,000 төгрөгийн зарлага гарсан байх тул Цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний *****  дугаарын дансанд хоёр виза карт байдаг юм. Нэг нь надад байгаа бөгөөд нөгөө виза картаа хэзээ алга болгосон гэдгээ мэдэхгүй байна. Орлого, зарлагын мэдээлэл миний өөрийн эзэмшлийн ****  дугаарт ирдэг. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хор уршиг учраагүй тул надад сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг төлж барагдуулсан байх тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17, 19 дүгээр хуудас/

3. Гэрч Г.М-н “Манай хадам ээж Хаан банкны данс эзэмшдэг, дансны дугаарыг нь мэдэхгүй. Код нь 5551 гэсэн машиныхаа дугаараар кодтой. Би тухайн виза картыг хаана байгаа талаар мэдэхгүй байна. Ээж бид нар хамт гэрт байж байхад ээжийн данснаас мөнгө гарчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

4. Гэрч Б.Э-н “2023 оны 06 дугаар сарын 06-ны орой найз М  болон түүний найзуудын хамт Наадам центр караокед сууж байгаад тэндээсээ гараад Оюут баг 2-45 дугаар байранд хамт явсан 1 эрэгтэй хүнийг хүргэж өгөөд тэндээсээ буцаад Оюут багт байрлах Royal Castle барилгын тооцооны төвд байрлах Хаан банкны АТМ-ээс найз М  надад виза карт өгөөд эндээс байгаа мөнгийг нь ороод аваад өгөөч гэж хэлэхээр нь би машинаа байрлуулж тавиад Хаан банкны АТМ-руу орж картыг нь уншуулаад сая гаран төгрөг аваад найз М д өгсөн. Тэгээд тэндээс хөдлөөд хороолол орж айлд очсон боловч тэнд хүнгүй байсан тул хамт явсан залуугаа 3-6 дугаар байранд хүргэж өгчхөөд М  бид хоёр Сансар худалдааны төвийн гадаа ирж М гийн машиныг нь зогсоол дээр тавиад өөрийнхөө машиныг унаад гэртээ харьсан. М гийн гэр нь Аз хотхонд байдаг учраас тэндээ үлдээд гэрлүүгээ орсон. Тухайн үед манай найз М  нь надад ямар банкны карт өгсөнийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан виза карт надад өгөөд нууц дугаарыг нь хэлсэн. Тэгээд дансанд байгаа үлдсэн мөнгийг нь аваад ир гэж хэлэхээр нь би 1 сая нилээн гаран мөнгө уншуулаад авсан ба уг мөнгийг нь би гарч ирээд найз М д гарт нь өгтөл өөрөө машиныхаа дунд хайрцаганд хийсэн. Ингээд тэндээсээ хөдөлсөн байгаа. Орхон гэдэг залуу үйлдвэрт ажилладаг, Орхоны найз гэх залуу хамт явж байсан Марзимаа бид дөрөв тэр өдөр амралт тэмдэглэсэн... Би тухайн үед найз М гаас уг мөнгөний талаар огт асуугаагүй. Миний хувьд уг мөнгөнөөс хэрэглэсэн зүйл байхгүй. Би тухайн үед жолоо барьж байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин манай найз М  нь бага зэргийн согтолттой байсан. Өөрөө картаа өгөөд нууц дугаарыг нь хэлж өгсөн учраас согтолт нь гайгүй байсан. Миний хувьд энэ картын талаар мэдэх зүйл алга байна. Манай найз М  л энэ картын талаар мэдэх байх би энэ хүний гараас авч нууц дугаарыг нь асууж байгаад мөнгө уншуулсан байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

5. Гэрч Э.Э-н “Би ээж Л.Ц  болон дүү нарынхаа хамт амьдардаг юм. Ээжтэйгээ хамт Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Танил зах дээр авто машины гоёл чимэглэл зардаг юм. Ээж Ц  маань 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дүүгийн маань ангийн хүүхэд болох Б-н  ээжтэй хамт сургуулийн хоол хүнс цуглуулахаар хамт явсан юм. Тэр өдөр л ээж маань өөрийн хаан банкны виза картаа алга болгоод гүйлгээ хийгдээгүй байж байгаад 2023 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ээжийн утас дээр мэдээлэл ирээд харахад Хаан банкны данснаас нь 1,575,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн юм. Ээж бид хоёр тухайн үед яагаад хаан банкны картнаас нь мөнгө зөвшөөрөлгүй гарсныг гайхаад маргааш цагдаагийн байгууллагад хандсан юм. Ингээд өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны орой манай дүүгийн ангийн хүүхэд болон Б-н  ээж болох М  гэдэг эмэгтэй манай лангуун дээр ирээд би таны хаан банкны чинь виза картыг аваагүй цагдаа дээр сая дуудагдаад ирлээ гэж ярьсаар ирсэн. Ээж Ц  тухайн үед манай охинтой ярь гэж хэлээд миний утасны дугаарыг өгөөд ярихад М  гэх эмэгтэй хоёулаа учраа олъё, тухайн үед би согтуу байсан, ээжийн чинь карт надад байсан, би 2 шил архины мөнгө аваад ир гэж найздаа хэлсэн чинь манай найз бүх мөнгийг чинь авчихсан байсан гэж ярихаар нь би танд гомдолтой байна, та манай ээжийн мэддэг, хань ижлээсээ хагацаад удаагүй байхад бид нарт хохирол учруулсанд гэж хэлэхэд харин тийм ээ гэж хэлсэн. Би таны албан газар луу чинь хэлж ямар нэгэн арга хэмжээ авна гэж ярихад эгчийгээ уучлаарай тайван бай, хоёулаа учраа олъё, би өөрийнхөө авсан бүх мөнгөө хүүтэй нь төлж барагдуулъя гэж хэлсэн. Ээж бид хоёрын хувьд М  гэх эмэгтэйд үнэхээр гомдолтой байна. Хүний эд зүйлийг хулгай хийчхээд худлаа ярьж бид нарт хохирол учруулсанд гомдолтой байна. Хэрвээ уг мөнгийг хулгай хийгээгүй бол бид нарын орлого хэвийн явагдах байсан. Манай ээжийн хаан банкны картанд нийт 1,575,800 төгрөг байсан ба 1,575 000 төгрөг аваад картанд нь 800 төгрөг үлдээчихсэн байсан. Энэ мөнгө тухайн өдрийн орлогны мөнгө байсан. М  гэх эмэгтэй манай ээжийн хаан банкны картыг бараг 12 хоног өөртөө авч явсан байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

6. Яллагдагч Ч.М гийн “Манай хүүхэд Б-н  ангийнх нь хүүхдүүд зугаалгад явахаар болж би болон өөр 2 хүүхдийн ээжтэй хамт Есөн-Эрдэнэ худалдааны төвөөс юм цуглуулсан. Тухайн үед хүүхдүүдийн ар гэрээс нь цуглуулсан мөнгө нь Ц  гэх хүний дансанд орж бид гурав юм худалдан авахдаа Ц ын картыг уншуулж авч байсан. Тэгэхдээ би картыг нь өөрийнхөө виза карттай андуурч авсан байсан. Миний виза карт саарал өнгөтэй болохоор өөрийнхтэйгөө андуурч авсан байсан Ц ын виза карт мөн саарал өнгөтэй байсан. Би өөрийн найз Э-д  АТМ-нээс мөнгө аваад ирээч гэж хэлээд Ц  гэх хүний виза картыг өгч явуулсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ айгаад Ц ын виза картыг өөрийнхөө виза карттай андуурч найз Э-д  өгч явуулсан гэж мэдүүлсэн. Би Э-д  виза карт өгч явуулахдаа Ц ыг виза картын пин кодыг хэлж өгч явуулсан. Би Ц  гэх хүнд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 43, 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Төгөлдөр дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.М  нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны гүйлгээний виза картыг өөрийн Төрийн банкны гүйлгээний виза карттай андууран авч улмаар 2023 оны 06 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 11 минутад өөрийн найз Б.Энхтуяагаар дамжуулан өөрт байсан Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны виза картаас нууцаар, хууль бусаар 1 575 000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Ц-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, өөрийн эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны гүйлгээний лавлагаа, хохирогч Л.Ц-н “...2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 00 цаг 10 минутын үед миний өөрийн нэр дээр байдаг Хаан банкны *****  тоот дугаарын данснаас 1,575,000 төгрөгийн зарлага гарсан байх тул Цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг, гэрч Г.Мягмарсүрэнгийн: “...Ээж бид нар хамт гэрт байж байхад ээжийн данснаас мөнгө гарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-н“...М  надад виза карт өгөөд эндээс байгаа мөнгийг нь ороод аваад өгөөч гэж хэлэхээр нь би машинаа байрлуулж тавиад Хаан банкны АТМ-руу орж картыг нь уншуулаад сая гаран төгрөг аваад найз М д өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-н “...2023 оны 06 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ээжийн утас дээр мэдээлэл ирээд харахад Хаан банкны данснаас нь 1,575,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн юм. М  гэх эмэгтэй хоёулаа учраа олъё, тухайн үед би согтуу байсан, ээжийн чинь карт надад байсан, би 2 шил архины мөнгө аваад ир гэж найздаа хэлсэн чинь манай найз бүх мөнгийг чинь авчихсан байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг,  яллагдагч Ч.М гийн “...Би Э-д  виза карт өгч явуулахдаа Ц ыг виза картын пин кодыг хэлж өгч явуулсан. Би Ц  гэх хүнд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М  нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот дансны гүйлгээний виза картыг авч 2023 оны 06 дугаар сарын 07-ны шөнийн 03 цаг 11 минутад Л.Ц-н эзэмшлийн Хаан банкны *****  тоот данснаас 1 575 000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.М  нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 1 575 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц ад 1 575 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч төлж барагдуулсан байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нийтэд тустай ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хуурцаг хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ч-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М г 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хуурцаг хураагдаж ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС