| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2020/00455/и |
| Дугаар | 135/шш2020/00747 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 135/шш2020/00747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00455/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн ... р сум, ... баг, ... тоотод оршин суух .... овогт Ц.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... сум, ... дүгээр баг, ...дүгээр хороолол, ... тоотод оршин суух ... овогт Г.Б холбогдох,
“2,500,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-нд Орхон аймгийн ... дахь /баг/ 15 хүүхдийн ортой цэцэрлэг барьж гүйцэтгэж буй “...” ХХК-ий төсөл хариуцсан захирал Г.Бтай ажлын гэрээ хийж сарын 350,000 төгрөгний цалин авахаар цэцэрлэгийн сахиулаар ажилд орсон. Цалин мөнгөө гэрээнд заасны дагуу олгохгүй луу унжиж байж хэд гурван төгрөг өгсөн. Одоо энэ цэцэрлэг нь 2020 оны 03 дугаар сард багтааж ашиглалтад орох гэж байна. Б захирлаас үлдсэн сарын цалин, мөнгөө нэхэмжлэхэд хүлээж бай, санхүүжилт орохгүй байна, зарим үед утсаа авахгүй таг чиг болдог. Одоо энэ цэцэрлэг барьж гүйцэтгэж буй компаниас цалин мөнгөө асуухад бид тэр байгууллагын өөр нэг охин компани юм. Таны цалин мөнгө бид мэдэхгүй гэж хариулдаг. Одоогоор энэ байгууллагаас 2,500,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу шийдвэрлэж өгч гүн туслалцаа үзүүлнэ үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Г.Б миний бие Боловсрол Соёл Шинжлэх ухааны яамны захиалгаар хэрэгжиж буй цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “...” ХХК-ийг төлөөлөн ажилладаг. Ц.Г нь ажил үүргийнхээ дагуу гүйцэтгэлийн ажил явагдаж буй барилгын талбайг хянаж бүрэн бүтэн байдлыг хангаж ажилласан. Одоогоор улсын төсвөөс санхүүжилт аваагүй тул ажилласан хугацааны үлдэгдэл цалин боломжгүй нөхцөл байдалтай байна. Ц.Гд олгох үлдэгдэл цалингийн талаар “...” ХХК-ий удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн. Гэвч одоогоор шийдэгдээгүй. Миний бие өөрийн зүгээс нэхэмжилсэн цалин олгох боломжгүй бөгөөд улсын төсвөөс санхүүжих санхүүжилтээс төлөх болно. Нэхэмжлэгчийн шаардлагын тухайд “...” ХХК-д танилцуулж дахин шаардах болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Г.Бд холбогдуулан 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Г.Б нь Орхон аймгийн ... сумын ... дугаар цэцэрлэгийн харуул хамгаалалтын ажилтнаар Ц.Г ажилд авахаар тохиролцсон ба Ц.Г нь тус ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатайгаар ажилласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Талууд дээрх ажлын цалин хөлсийг сарын 350,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд Г.Б нь нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ажлын хөлсөнд нийт 1,650,000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч Ц.Г нь хүлээн зөвшөөрдөг ба тэрээр үлдэгдэл цалин хөлсөө гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч Ц.Г нь ажилласан 12 сарын хугацааны цалин хөлс нийт 4,200,000 төгрөг авахаас 1,650,000 төгрөгийг авсан ба үлдэгдэл 2,550,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Г ажилласан хугацаа болон цалин хөлсний хэмжээ, дутуу өгсөн цалин хөлсний хэмжээний талаар маргадаггүй.
Харин хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Г аваагүй үлдсэн цалин хөлсийг “...” ХХК хариуцан төлөх үүрэгтэй талаар шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байна.
Хавтас хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай “Харуул хамгаалалтын ажилтны гэрээ” гэх гэрээ байх бөгөөд уг гэрээнд ...нэг талаас Орхон аймаг, ... сум, ... 150 ортой Цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “...” ХХК-ийн төсөл хариуцсан захирал Ганболдын Б, нөгөө талаас харуул Ц Г нар хамтран ажиллахаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав ... гэж заасан боловч тухайн гэрээнд хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулаагүй байна. /хх-5-7/
Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Г.Бтай ажилд орох талаар ярилцаж тохиролцсон тул хуулийн этгээдээс биш, иргэн Г.Бд холбогдуулан дээрх шаардлагыг гаргасан гэж хариуцагчийг тодруулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч энэхүү үүргээ тэрээр биелүүлээгүй болно.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Г гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өмнө нь уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр товлосон боловч хариуцагч тал өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан учир хариуцагчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй боловч шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт дахин товлож, хурлын товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч хариуцагч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Г.Бгаас 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА