Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1425

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Мөнхтуяа, 

улсын яллагч: Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч ******** /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/,

хохирогч ********** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ********д холбогдох эрүүгийн 2*********дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********/регистрийн дугаар: *************/,

Монгол Улсын иргэн, *********-ны өдөр *********** суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 3 эхнэр, хүүхдийн хамт ************ тоотод оршин суудаг гэх, урьд:

-1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Булган аймгийн Булган сум дундын эрүүгийн шүүхийн 186 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112-р зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,

-2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* ******* тоотод хохирогч ******** үл ялих шалтгаанаар маргалдан, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, нүүр рүү нь гараараа болон хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, баруун хацар, зүүн шанаа, доод уруул, баруун тохой, бугалганд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ************* тоотод хохирогч ******** “чи энэ гэрээс явах болоогүй юм уу” гэх шалтгаанаар маргалдан, улмаар толгойн тус газар нь архины шилээр цохиж, нүүр рүү нь гараараа болон хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, баруун хацар, зүүн шанаа, доод уруул, баруун тохой, бугалганд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

-Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг *********тоотод хамтран амьдрагч ******** бид хоёр гэртээ байхад гадна найз ******** би танайд гутлаа мартсан байна гэж хэлээд орж ирээд гутлаа аваад гарч явсан. Би унтаж шөнө нэг сэрэхэд миний хамтран амьдрагч ******** гэртээ байхгүй байсан. Маргааш нь буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхдаа би архи ууж гаднаас найз ******** болон хамтран амьдрагч ******** хоёр согтуу орж ирсэн. Найз ******** нэг 0.75 литрийн хараа нэртэй архи барьчихсан ирсэн байсан. Бид гурав уг архийг хувааж уугаад дуусгасан. Гэтэл найз ******** чи энэ гэрээс явах болоогүй юм уу? гэхээр нь энэ чиний гэр юм уу? гэж хэлээд бид хоёр хэрүүл, маргаан хийсэн. Гэтэл ******** ширээн дээр байсан архины шилээр толгой руу хоёр удаа цохисон би газар унахад миний нүүр, толгой руу 3-4 удаа өшиглөсөн. Би шууд гэрээс гарч зугтаад цагдаагийн хэлтэс рүү ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13, 16 дахь тал/,   

-Иргэний нэхэмжлэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл лавлагаагаар тогтоогдож байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 209,000 төгрөгийг ********гоос гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч эмч *********** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8081 дугаартай:

“...1. ********ийн биед духанд шарх, зүүн нүдний дээд зовхи, баруун хөмсөг, баруун хацар, зүүн шанаа, доод уруул, баруун тохой, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч ********гийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Цамбагаравт байрлах түрээсийн байрандаа хамтран амьдрагч Д.********ы хамт хоночхоод Д.********ы гэр болох Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод байрлах гэрт нь иртэл ********ы хуучин хамтран амьдрагч ******** нь үл таних гудамжны хоёр архи уудаг хүнтэй архи уугаад сууж байсан. Тэр үед ******** үл таних гудамжны хоёрын хүнийг гэрээсээ хөөж гаргасан ба тухайн үед би ********тэй маргалдаж магадгүй гэж бодоод гэрээс нь гараад байрны сааданд сууж байтал ********аас “...салчихсан мөртлөө гэрт юу хийж байгаа юм бэ, явах болоогүй юм уу гэж хэлтэл урдаас ******** “энэ чиний гэр юм уу, чи зайл” гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд ууж байсан архины шилээр толгой дух хэсэг рүү нь нэг удаа цохитол ******** газарт унахаар нь “чи битгий баашлаад бай” гээд бөгс хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь гэрээс гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж өгөх зүйлгүй...” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...******** “******** намайг зодоод байна” гэж дуудахаар нь би очиход энэ хоёр байхгүй байсан. Тэгээд гаднаас ********, ******** нар архи авчихсан орж ирсэн. Би ********тай өмнө нь 8-9 жил хамтран амьдарсан. Одоо хоёр жилийн өмнөөс ********той хамтран амьдарч байгаа. Одоо гомдол саналгүй...” гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дахь тал/, 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 186, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******** нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч эмч ******** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8081 дугаартай дүгнэлтээр хохирогч ********ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******** нь хохирогч ********ийн толгой тус газарт архины шилээр цохисон үйлдэл нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч ********г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********ийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол, төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлэхгүй гэсэн болно.

Харин Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлээс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчлүүлсэн зардал болох 209,000 төгрөгийг /хавтаст хэргийн 25-28/ Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1  “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1-д “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж тус тус зааснаар шүүгдэгч ********гоос 209,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй байна.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ********гийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргаж байна. ...” гэх дүгнэлттэй.

 

Хохирогч: “...Хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч: “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Өдөр, өдөртөө тодорхой хэмжээний цалин авдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ********г гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ******** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд тэрээр ажил эрхэлдэг гэсэн хэдий ч тэр талаарх баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэл буюу хор уршгийг арилгаагүй байх бөгөөд өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хэдий ч өөртөө дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь тохиромжтой гэж дүгнэлээ.

Харин хохирол төлбөр хохирогчийн зүгээс нэхэмжлээгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хариуцлагын хэмжээг багасган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдлийн арга барил, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцэж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********г 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ********д сануулсугай.

 

          4. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********гоос 209,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА