| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2020/00504/и |
| Дугаар | 135/шш2020/00848 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 135/шш2020/00848
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2020/00504/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух ... ... овогт М.Б /регистрийн дугаар ..., утас .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух, ... овогт Э.Э /регистрийн дугаар ..., утас .../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн ногдох хэсэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2010 онд танилцаж үерхэж эхэлсэн. 2012 онд жирэмсэн болж 2012 оны 12 сараас хадмынхаа хамт амьдарч, 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү Э.Энхтүшиг төрсөн. Нөхөр Э.Э нь 2013 оны 06 сард Цагдаагийн академийг төгсөж Дархан-Уул аймагт хуваарилагдан ажилласан. Миний бие хүүгийн хамтаар Төв аймаг Сүмбэр суманд ээжийнхээ гэрт амьдрах болсон. Тусдаа байсан нэг жилийн хугацаанд ажилтай завгүй хэмээн шалтаглаж хүү бид хоёрт анхаарал халамж тавьдаггүй байсан. 2014 оны 08 сард миний бие хүүгийн хамтаар Дархан-Уул аймагт ирж нөхрийн хамт Цагдаагийн ажилчдын нийтийн байрны 1 өрөөнд амьдарсан. 2014 оны 11 сард Дархан-Уул аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоотод 1 өрөө байр авч бид 3 тусдаа гарсан. Э.Э нь авсан цалингаа гэр бүл болон амьжиргаандаа зарцуулдаггүй, ажилтай гэж худлаа ярьж гадуур найз нөхөдтэйгөө нийлэн архи их уудаг, гадуур хонодог болж гэр бүлээс гадуур харилцаа удаа дараалан үүсгэж хуурч мэхлэн бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэснийг нь хэлэхэд гар хүрч намайг зодож байсан.
... Миний бие 2016 оны 01 сард ажилд орж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Э.Э нь 2016 оны 11 сард ажлаасаа гарч 3 сар Солонгос улс руу явж ирээд 1,300,000 төгрөгний өр төлж өөрөөр гэр бүлдээ эдийн засгаар туслаагүй. Ажлаас гарахаас нь өмнөх цалингийн зээлнээс нь 2017 онд би 1,200,000 төгрөгийг ээжээс аьч төлж байсан. Би 2016 оны 12 сараас салж явах 2019 оны 06 сар хүртэлх хугацаанд Э.Э нь ажил хийгээгүй, миний сарын цалингаар амьдарч байсан. Миний хувьд амьдрах хугацаандаа Э.Эыг хуурч, гомдоосон аливаа асуудал гаргаж байгаагүй юм. Миний ажлын шаардлагаар дуудлагаар ойр зуур явж үнэлгээ хийхэд автомашинтай байх мөн Э.Э нь машинтай болоод таксинд явж автомашины зээлээ төлнө гэж ярилцаад 2018 оны 11 сард Toyoto Pruis-30 маркийн автомашиныг Хас банканд 104 тоот байраа барьцаалж 12,500,000 төгрөгийн өрхийн зээл авч мөн Солонгост байсан эгч М.Б 5,000,000 төгрөг зээлэн тус тус авч 15,300,000 төгрөгөөр дээрх автомашиныг авсан. Хас банкны 12,500,000 төгрөгөөс би байнга төлж одоо 9,786,000 төгрөгний үлдэгдэлтэй үлдэгдэлтэй, М.Б 5 сая төгрөгийг өгөх гэж “Тайгын булаг” ББСБ-д машинаа барьцаалж 4,300,000 төгрөгийн зээл авч 3 саяыг М.Б өгөн үлдсэн мөнгийг эмнэлэг, зээл гэх мэт зүйлд зарцуулсан. Одоог хүртэл Хас банк болон ББСБ-д байгаа зээлийг би төлж байна. Би 2019 оны 06 сард Э.Эоос аргагүй болж салан хүүхэдтэйгээ байр түрээслэж амьдарч байгаа ба 2 газар зээл төлөх, түрээс өгөх, амьдралаа залгуулах зэргээр аргагүйн эрхэнд дүү М.Б-ээс 5 сая төгрөг хүртэл зээлээд явж байна. Гэтэл Э.Э нь байраа 8 сараар түрээслээд төлбөрийг нь бөөнд нь авчихсан гэдгийг 2019 оны 11 сард мэдэж маш их гомдсон. Гэтэл миний цалингаар 2017 оноос амьдарсан байж, мөн би буруутай салах ямар ч шалтгаан гаргаагүй байхад намайг ингэж явуулж байгаад Э.Эод гомдож байна. Э.Эыг амьдралдаа дүгнэлт хийж амьдрах болов уу гэж олон сар харсан боловч эвлэрэх ямар нэг найдлага байхгүй байна.” гэв.
Хариуцагч Э.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Э.Э миний бие 2010 онд М.Бтэй танилцаж 2013 онд хүүтэй болсон. 2013 онд Хууль сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийг Цагдаагийн ажил-Эрх зүйч мэргэжлээр төгсөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар жижүүрийн офицерын албан тушаалд томилогдон ажилласан. Дархан-Уул аймагт амьдрах газар байхгүйн учир Б нь хүүгийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд өөрийн ээжийн гэрт амьдарч байсан. 2014 оны 11 сард Дархан сумын .... дугаар баг ... тоотод Б болон хүүгийн хамтаар амьдарсан. 2016 оны 12 сард Цагдаагийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 2016 он хүртэл ажлаа хийгээд гэр бүлээ авч явсан. Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш Б ажил хийж би гэртээ хүүгээ харж байсан. Б нь Япон улс руу явна гэж Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоот байрыг Газар капитал ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан. Тухайн зээлийг төлөхөөр Солонгос улс руу явсан. Ирээд зээлээ төлсөн. 2017 оноос хойш гэртээ хүүгээ харсан. 2019 оны 6 сард маргалдсаны улмаас ажилгүй орлогогүй байхад хаяж явсан. Би гэртээ идэх хоолгүй үлдсэн. Сарын дараа буюу 7 сард ирээд өөрийн гэсэн бүх юмаа ирээд аваад явсан. Хоол хийх плитка, ус буцалгагч, нөмөрч унтах ганц хөнжил даавуу ч үлдээлгүй зурагт буйдан хоёртой л үлдсэн. Тэгээд 8 сарын эхээр ... ХХК-д ХАБЭА-н ажилтнаар ажилд орсон.Тухайн компани нь сард нэг удаа цалингаа олгодог учир ажилтай болсноос хойш аль болох боломжоороо хүүдээ туслахыг хичээж мөнгө өгсөн. 9 сард 150,000 төгрөг, 10 сард 300,000 төгрөг, 11 сард 360,000 төгрөг мөн хүүд өвлийн гутал 120,000 төгрөг / 2019 оны 12 сараас хойш ажил зогссон тул мөнгө өгөх боломжгүй болсон/ 2019 оны 10 сард Дархан-Уул аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоот байрын хөлслүүлсэн. Шалтгаан нь хэрэглээний жил дамнасан маш их өр хуримтлагдсан байсан. Ус, дулаан, СӨХ, гэх мэт мөн ажилгүй байх үед бусдад тавьсан өр байсан тухайн өрнүүдийг дархын тулд хөлслүүлсэн. Бтэй хамт амьдрах хугацаанд миний зүгээс архи ууж агсан тавьсан удаа байхгүй. Мөн ажилгүй гэртээ хүүхдээ харж байх хугацаандаа Бээс нэг удаа тамхины мөнгөнөөс хэтэрч нэхэж байсан удаа байхгүй. Б маш их ааштай, өдөр бүр ямар ч маргалдах шалтгаан байхгүй байсан ч хэрүүл хийдэг. Би өөрийгөө зөвтгөхгүй миний буруу ч бас байгаа.” гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч М овогтой Б миний бие тус шүүхэд гаргасан дундын өмч хуваах нэхэмжлэлийн шаардлага өгсөн хүсэлтээсээ татгалзаж байна.
Дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Э.Эод холбогдуулан “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Б, хариуцагч Э.Э нар нь 2010 онд танилцаж, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2013 оны 05 дугаар сарын 23-нд хүү Э.Э төрсөн болох нь ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, ... дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь одоо тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн, гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ба насанд хүрээгүй хүүхэд болох хүү Э.Э амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар эх М.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр талууд нь хүүхэддээ тэжээн тэтгэх үүрэг болон гэр бүлийн дундын хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр “ нэхэмжлэгч М.Б нь Хас банкин дахь зээлийн үлдэгдэл төлбөр 9,139,000 төгрөгийг төлөхөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... тоот ... өрөө орон сууцны оногдох хэсэг болох 16,900,000 төгрөгийг хариуцагч Э.Эод өгөх, өөрийн нэр дээрх автомашиныг өмчлөлдөө хэвээр үлдээх, хүү Э.Э 11 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Э.Э нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн ... дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.Б, хүү Э.Э нарын өмчлөлд шилжүүлэхээр, М.Б нь байрны оногдох хэсэг 16,900,000 төгрөгийг Э.Эод 2020 оны 08 дугаар сарын 15-ны дотор өгч, байрандаа орно” гэж тохиролцсон байх тул талуудын дээрх эвлэрлийг баталж, гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүү Э.Э 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Эоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Э.Э, эх М.Б нар нь хүү Э.Э хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогт Э.Э, ... овогт М Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Э эх М.Бийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан “ нэхэмжлэгч М.Б нь Хас банкин дахь зээлийн үлдэгдэл төлбөр 9,139,000 төгрөгийг төлөхөөр, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 3-104 тоот 1 өрөө орон сууцны оногдох хэсэг болох 16,900,000 төгрөгийг хариуцагч Э.Эод өгөх, өөрийн нэр дээрх автомашиныг өмчлөлдөө хэвээр үлдээх, хүү Э.Э 11 нас хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Э.Э нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн ... дугаартай, Дархан-Уул аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар хороолол, ... өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.Б, хүү Э.Э нарын өмчлөлд шилжүүлэхээр, М.Б нь байрны оногдох хэсэг 16,900,000 төгрөгийг Э.Эод 2020 оны 08 дугаар сарын 15-ны дотор өгч, байрандаа орохоор тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.2-т зааснаар хүү Э.Э 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Эоос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,024 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Т даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА