| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0411/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/418 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/418
2023 11 27 2023/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 2325000000519 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.Н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өдөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” эмнэлэгээр үйлчлүүлж байх үедээ тус эмнэлгээр үйлчлүүлж байсан Р.Г-ий сандал дээр орхисон буюу гээгдүүлсэн Samsung S-23 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2 171 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-г бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ “Миний буруу, дахин хүний хаясан гээсэн эд зүйлийг авахгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Р.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Р.Г-ий н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, /хэргийн 02 дугаар хуудас/,
2. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ачит” эмнэлэгийн хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/
3. Хохирогч Р.Г-ий н “2023 оны 10 дугаар сарын 18-ны өглөө 11 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ачит эмнэлэгт эхнэрийгээ хэвтэн эмчлүүлэхээр очсон юм. Тэгээд үүдэн хэсгийн сандал дээр сууж байгаад босохдоо гар утсаа мартаад босчихсон байсан. Тэгээд ****** гар утасны дугаар луу 11 залгахад урдаас салгаад байсан. Тэгээд 12 дахь удаа залгахад гар утас маань унтарчихсан юм. 2023 оны 08 дугаар сард хувь хүнээс 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Хөх саарал өнгийн S23 загварын гар утас байгаа ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Би өөрийн самсунг эс 23 маркийн гар утсыг сандал дээр үлдээчхээд гэнэт санаад гар утсанд байсан ****** 8165 дугаар луугаа 11 удаа дарааллаж залгахад авахгүй байж байгаад унтарчихсан. Тэгээд Ачит эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг үзэж байгаад уг эрэгтэй хүнтэй хамт явж байсан эмэгтэй хүний утасны дугаарыг эмнэлгийн ажилтнаас авч залгахад мэдэхгүй гээд байхаар нь нөхрөө дагуулаад цагдаа дээр ир гэсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд Б.П байцаагч утас авсан эрэгтэй хүнтэй уулзаж гар утас хаана байгаа талаар асуухад эхлээд хэлэхгүй байж байгаад хяналтын камерын дүрс бичлэг үзүүлэхэд миний утсыг гаргаж өгсөн. Би өөрийн гар утсыг мөрдөгч Б.П-р дамжуулан хүлээн авсан тул миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 09, 11 дүгээр хуудас/
4. Гэрч М.Н “О.Н нь манай хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. Тухайн үед нөхөр бид хоёр сууж байсан чинь миний хажууд цаах нь талд хар өнгийн гар утас байсан. Би нөхрөө гараараа цохиод утас руу харуулсан чинь нөхөр маань гар утсыг нь аваад гарчихсан юм. Тэгээд бид хоёр явж байгаад Даниста худалдааны төвийн гадаа таарахад миний утас руу гар утас авсан байна гэж над руу залгасан. Тэгээд нөхөртөө гар утсыг нь аваачиж өгөхгүй бол болохгүй гэсэн чинь манай нөхөр би энэ гар утсыг барина гээд байсан юм. Би цаана чинь утас байна гэж хэлсэн чинь шууд нөхөр маань аваад гарчихсан юм. Би хяналтын камерын дүрс бичлэгийг үзлээ. Би гар утас сандал дээр байхыг хараад нөхөр О.Н-д гар утас байна гэж хэлсэн, авчих гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгсэн чинь О.Н босож очоод гар утсыг аваад гарчихсан. Би тэгээд гар утсыг эзэнд нь өгөхгүй бол болохгүй гэсэн чинь яадаг юм олсон, өгөхгүй, би өөрөө хэрэглэнэ гээд байсан. Тэгсэн чинь гар утасны эзэн гээд байгаа залуу миний утас руу залгаж утсаа авъя гэхээр нь би аваагүй нөхрөөсөө тусдаа явж байна. нөхөртэйгөө холбогдож уулзаад эргээд яръя гэж хэлээд нөхөртэйгөө уулзаад тэгээд цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 13, 15 дугаар хуудас/
5. Яллагдагч О.Н-н “Тухайн үед өөрийн эхнэр М.Н-ны хамтаар Ачит эмнэлэгт шинжилгээнийхээ хариугаа авах гээд очин хүлээж байхдаа сандал дээр байсан гар утсыг хараад авчихсан юм. Ямар маркийн гар утас байсныг мэдэхгүй. Гар утас олж авахаар хуультай байдаг гэдгийг мэдэхгүй болохоор уг үйлдлийг гаргачихсан, миний буруу. Гар утсыг олсон болохоор хэрэглэж болох байх гэж бодсон юм. Тэгтэл манай эхнэр лүү гар утасны эзэн залуу залгаад цагдаа дээр ир гэхээр нь цагдаагийн газар ирж утсыг эзэнд нь эргүүлэн хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар хуудас/
6. Монголын улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-н 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай “2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Самсунг Эс-23 загварын гар утсыг 2,171,300 /хоёр сая нэг зуун далан мянга гурван зуу/-н төгрөг болж байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 19-23 дугаар хуудас/
7. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэц-Наркологийн тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт. /хх-ийн 28-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “О.Н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өдөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” эмнэлэгээр үйлчлүүлж байх үедээ тус эмнэлгээр үйлчлүүлж байсан Р.Г-ий эмнэлэгээс гарахдаа үүд хэсгийн сандал дээр орхисон буюу гээгдүүлсэн Samsung S-23 загварын гар утсыг Р.Г-ий өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2 171 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлах буюу зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Г-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, “Ачит” эмнэлэгийн хяналтын камерын бичлэгэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Р.Г-ий н “Ачит эмнэлгийн хяналтын камерын бичлэгийг үзэж байгаад уг эрэгтэй хүнтэй хамт явж байсан эмэгтэй хүний утасны дугаарыг эмнэлгийн ажилтнаас авч залгахад мэдэхгүй гээд байхаар нь нөхрөө дагуулаад цагдаа дээр ир гэсэн чинь хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, гэрч М.Н “Би нөхрөө гараараа цохиод утас руу харуулсан чинь нөхөр маань гар утсыг нь аваад гарчихсан юм” гэх мэдүүлэг, яллагдагч О.Н-н “Тухайн үед өөрийн эхнэр М.Н-ны хамтаар Ачит эмнэлэгт шинжилгээнийхээ хариугаа авах гээд очин хүлээж байхдаа сандал дээр байсан гар утсыг хараад авчихсан юм” гэх мэдүүлэг, Монголын улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-н 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 39 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Н нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өдөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачит” эмнэлэгээр үйлчлүүлж байх үедээ тус эмнэлгээр үйлчлүүлж байсан Р.Г-ий сандал дээр орхисон Samsung S-23 загварын гар утсыг авч 2 171 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Г-ий өмчлөх эрхэд 2 171 300 төгрөгийн үнэлгээ бүхий гар утасны хохирол учирсан бөгөөд хохирогч гар утсаа буцааж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС