| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0403/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/420 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/420
2023 11 27 2023/ШЦТ/420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Г.А
Иргэний нэхэмжлэгч Д.П
Шүүгдэгч О.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-т холбогдох эрүүгийн 2325000000480 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
О.М
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.М нь үргэлжилсэн үйлдлээр Д.П ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот харилцах дансанд цахим хэрэгсэл буюу интернэт банкны эрхийг нь ашиглан нэвтэрч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 570 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 800 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 550 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 950 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 3 570 000 төгрөгийн зээлийг Д.П ийн нэрээр хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.П мэдүүлэхдээ “М миний дүүгийн хүүхэд байгаа юм. Хаан банкнаас авсан зээлийг би өөрөө төлж барагдуулна. Хаан банкнаас болон М ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 15-17-р тал/
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ы “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны төв салбарт тооцооны төв хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байна. ...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны төв салбарт албан тоот ирсний дагуу танилцахад иргэн Д.П ийн эзэмшлийн мобайл банкийг ашиглан иргэн О.М нь тэтгэврийн зээл авсан гэх хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Д.П ийн интернэт банкийг ашиглаад ямар нэгэн зээл авч, тухайн иргэн дээр өр үүссэн тохиолдолд төлөхгүй гэсэн тохиолдолд банк маань өөрөө хохирогч байгаа юм. Гэхдээ манай банкинд данс эзэмшиж, уг дансаар нь тэтгэврийн зээл нь ордог бол шууд төлөлт хийгдэнэ гэсэн үг” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/
3. Иргэний нэхэмжлэгч Д.П ийн “2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр би төрсөн дүү болох Оюунчимэгийн хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкин дээр очин тэтгэврийн зээл авахаар очтол миний Хаан банкны мобайл банкийг ашиглан тэтгэврийн зээлийг маань тултал нь авчихсан байсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. 2023 оны 08 дугаар сарын эхээр 2,500,000 төгрөгийн зээлийг авсан юм. Тухайн үед бичиг баримтаар авахгүй байгаа, гар утсан дээрээ хаан банкны аппликейшин нээгээд тэрүүгээрээ авна гэж байсан юм. Тэгээд манай төрсөн дүү Д.О , О.М нарын хамтаар хаан банкны мобайл банк нээлгэж авсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/
4. Гэрч Д.О ийн “Д.П ах, охин О.М бид гурав хамтдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багт байрлах Сансар худалдааны төвийн Хаан банкин дээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр очиж Д.П ах 2,500,000 төгрөгийн зээл авч, дахин зээл авахаар бол интернэт банк суулгаад дахин биеэр ирэх шаардлагагүй гэж хэлэн өгч теллер интернэт банк суулгаад О.М ийн гар утсан дээр ахын Хаан банкны дансны интернэт эрхийг шинээр үүсгэж охинд хэрхэн яаж зээл авах талаар зааж өгсөн юм. Тэгээд нэвтрэх нэр нууц үгийг нь мэдэж ах бид хоёрт хэлэлгүй нууцаар дахин зээл авч мөнгийг үрсэн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/
5. Яллагдагч О.М ийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ оны 7 дугаар сар гэж санаж байна ээж Оюунчимэг, Д.П ах бид гурав Орхон аймгийн Баян-Өндөр сум гэр хороололд байрлах Хаан банкинд хамтдаа очиж Д.П ах зээл хөөцөлдөж байгаад миний гар утсан дээр Д.П ахын ашигладаг Хаан банкны дансанд интернэт банкны үйлчилгээг суулгахад нэвтрэх нэр нууц үгийг нь мэдэж утсан дээр хадгалсан юм. Тэгээд би Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт явж байхдаа Д.П ахын Хаан банкны ашигладаг интернэт банк руу хэлэлгүйгээр нууцаар нэвтрэн орж 2023 оны 08 дугаар сарын 21-нээс 26-ны өдрийн хүртэл хугацаанд цувуулж нийтдээ 3,570,000 төгрөгийн зээл авч мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан. Уг үйлдэлд хэн нэгний оролцоо байхгүй. Мөнгөгүй болчихсон болохоор Д.П ахын интернэт банк руу нэвтрэн орж мөнгө авах болсон. Би зөвшөөрөлгүй зээл авч эхлэхээс өмнө ах өөрийн биеэр Хаан банкин дээр очиж 2,500,000 төгрөгийн зээл авсан юм. Тухайн үед ээж. Д.П ах, том эгч Наранцэцэг бид дөрөв хамт явж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43-р тал/
6. Иргэн Д.П ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай харилцах дансны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд “зээл олголт шилжүүлгээр” гэсэн утгатай нийт 3,570,000 төгрөг орлого орсон талаар лавлагаа. /хх-ийн 11-13-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч О.М нь үргэлжилсэн үйлдлээр Д.П ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот харилцах дансанд цахим хэрэгсэл буюу интернэт банкны эрхийг нь ашиглан нэвтэрч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 570 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 800 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 550 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 950 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 3 570 000 төгрөгийн зээлийг Д.П ийн нэрээр хуурч Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, иргэний нэхэмжлэгч Д.П ийн “манай төрсөн дүү Д.О , О.М нарын хамтаар хаан банкны мобайл банк нээлгэж авсан юм” гэх мэдүүлэг, гэрч Д.О ийн “Хаан банкны дансны интернэт эрхийг шинээр үүсгэж охинд хэрхэн яаж зээл авах талаар зааж өгсөн юм. Тэгээд нэвтрэх нэр нууц үгийг нь мэдэж ах бид хоёрт хэлэлгүй нууцаар дахин зээл авч мөнгийг үрсэн байсан” гэх мэдүүлэг, яллагдагч О.М ийн “Д.П ахын Хаан банкны ашигладаг интернэт банк руу хэлэлгүйгээр нууцаар нэвтрэн орж 2023 оны 08 дугаар сарын 21-нээс 26-ны өдрийн хүртэл хугацаанд цувуулж нийтдээ 3,570,000 төгрөгийн зээл авч мөнгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашигласан” гэх мэдүүлэг, иргэн Д.П ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай харилцах дансны лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.М нь нагац ах Д.П ийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот харилцах данснаас цахим хэрэгсэл буюу интернэт банкны эрхийг нь ашиглан нэвтэрч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 570 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 800 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 550 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 950 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 3 570 000 төгрөгийн зээлийг Хаан банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Хаан банканд 3 570 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.П мэдүүлэхдээ “М миний дүүгийн хүүхэд байгаа юм. Хаан банкнаас авсан зээлийг би өөрөө төлж барагдуулна. Хаан банкнаас болон М ээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн, хохирогч Хаан банкны төлөөлөгч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч О.М-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.П д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн О-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.П т буцаан олгосугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС