| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0404/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/435 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/435
2023 12 05 2023/ШЦТ/435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Хохирогч Ц.Б
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2325003290520 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Э.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” хүүхдийн дэлгүүрийн урд талд хохирогч Ц.Б-тай зээлээр авсан тавилганы 700 000 төгрөгийг өг гэж маргалдан, хохирогчийн хувцасны захаар хоолойг нь боож толгойгоор нь гэрлийн шон мөргүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөнгөний үлдэгдлээс болж маргалдсан, хохирлыг төлнө” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ “Мажаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 450 000 төгрөгийн баримт байгаа. Мөн эмчилгээ хийлгэхээр ажлаасаа удаа дараа чөлөө авсан бөгөөд цалин хасагдаж олгогдсон. Энэ мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Б-н “2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт гэртээ харих гээд машинтай явж байхад Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” хүүхдийн дэлгүүрийн урд талд өмнө манайхаас тавилга худалдаж аваад үлдэгдэл 700 000 төгрөгөө өгөөгүй Б гэх нэртэй залуу зогсож байсан. Эхнэр бид хоёр Б тэй уулзах гээд машинаа зогсоож очиход Б 1 эрэгтэй хүний хамт юм яриад зогсож байсан. Манай эхнэр Э нь Б д хандаж “чи мөнгөө өгөхгүй юм уу, яагаад алга болчихвоо” гэж хэлэхэд тоохгүй байсан. Би Б д хандаж чи яачихваа 700,000 төгрөг өгч чадахгүй байгаа юм уу гэж хэлэхэд Б намайг харж зогсож байснаа шууд миний өмсөж байсан хувцасны захыг гараараа барьж хоолой боогоод хойшоо түлхэж гэрлийн шонг мөргүүлсэн. Яг хэдэн удаа гэрлийн шон мөргүүлсэн талаар сайн санахгүй байна. Эхний удаа толгойн ар хэсгээр гэрлийн шонг мөргөх үед ухаан санаа маань балартсан. Нэг мэдэхэд газар хэвтчихсэн, Б миний дээр гараад заамдсан чигээрээ газартай хавсарч цээж хэсэг рүү түлхэж толгойн ар дагз хэсгийг газарт цохиулж байсан. Манай эхнэр Э нь өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгөх гээд зогсож байхад Б тэй хамт байсан залуу Б гийн ээжийг дэлгүүрээс нь дуудаж дагуулж ирсэн. Б миний дээрээс босоод чамайг амь гуйхаар чинь би тавьлаа шүү гэж хэлсэн. Би Б гийн ээжид хандаж та нар үлдсэн 700,000 төгрөгөө өгчихөж болохгүй юм уу гэж хэлэхэд Б машинаасаа шилтэй виски гаргаж ирээд намайг цохих гэхэд ээж нь болиулж, дэлгүүр рүүгээ дагуулж орсон. Эхнэр бид хоёр цагдаагийн газарт очиж өргөдөл бичиж өгсөн. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй тул энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал гэж 450,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 12, 14-р тал/
2. Гэрч Г.Э гийн “Уг өдөр 14 цагийн үед нөхөр Б-н хамт гэртээ харих гээд машинтай явж байхад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах “Оч” хүүхдийн дэлгүүрийн харалдаа надаас тавилга худалдаж авчихаад мөнгөө өгөөгүй Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ гэх залуу зогсож байсан. Нөхөр бид хоёр Б тэй уулзах гээд машинаа зогсоож очиж сайн уу, чи мөнгө өгөхгүй юм уу, яасан бэ гэж хэлэхэд намайг тоож хараагүй, ямар нэгэн хариу хэлээгүй. Энэ үед Б Б д хандаж чи мөнгө өгөхгүй юм уу, 7 хоногийн дараа өгнө гэж хэлчихээд дахиад 2-3 сар болчихлоо гэж хэлэхэд нөхөртэй юм дугараагүй. Энэ үед Б чи ямар арчаагүй залуу бэ, 700,000 төгрөг өгч чадахгүй 4 жил болж байна шдээ гэж хэлэхэд Б манай нөхөрт хандаж чи юу гээд хуцаад байгаа новш бэ гэж хэлээд Б-н өмсөж байсан цамцны захаас гараараа барьж хоолойг нь боож харалдаа байх гэрлийн шон луу толгой хэсгийг нь 3-4 удаа хүчтэй мөргүүлсэн. Мөн газар боож унагаан толгойн ар хэсгийг нь газарт хавсарч цохисон. Би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгөх гэхэд Б тэй хамт зогсож байсан залуу надад хандаж та ээжийг нь яаралтай дууд, гар утсаараа бичлэг хий, энэ харгис залуу шүү, ноцтой зүйл болно шүү гэж хэлчихээд Б гийн ээжийн ажиллуулдаг дэлгүүр рүү орж ээжийг нь дагуулж гарч ирсэн. Би гар утсаараа цагдаа руу залгахад утсаар ярьж байгаа дохио өгөөд байсан тул олон удаа дараалж залгасан болохоор бичлэг хийж чадаагүй. Б гийн ээж бид нарын хажууд ирж Б г салгахад Б өөрийнхөө машинаас шилтэй виски гаргаж ирээд манай нөхрийн толгой руу цохих гэхэд түүнийг ээж нь салгасан. Б нь манай нөхөрт хандаж чамайг байгаа газарт чинь очиж ална шүү, хаана ч байсан чамайг очиж ална шүү гэж нилээн хэдэн удаа хэлж заналхийлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/
3. Гэрч Н.А-н “Би дэлгүүрт ганцаараа сууж байхад гаднаас гэрэл тавиулна гэж байсан залуу гүйж орж ирээд “эгчээ танай хүүг нэг залуу гадаа боогоод унагаачихлаа” гэхээр нь би дэлгүүрээс гараад “Оч” хүүхдийн дэлгүүрийн урд харалдаа зам дээр хүү Б нь танихгүй нэг залуутай зууралдаад газарт хамт уначихсан байсан. Нөгөө залуугаас юу болж байгаа юм бэ гэж асуухад мөнгө төгрөгөө өг, хөгшин авгай минь, хүүхэдтэйгээ нийлж луйвар хийснээ мэдэж байна уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 843 дугаартай “Ц.Б-н биед тархи доргилт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 23-24-р тал/
5. Яллагдагч Э.Б-н “Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2019 оны 12 дугаар сард Г.Э гэдэг хүнээс 1,700,000 төгрөгийн тавилга худалдаж аваад 1,000,000 төгрөгийг өгч 700,000 төгрөгийг өгөх дутуу байгаа юм. Би тэр хоёртой юм ярихгүй зогсож байхад Г.Э эгчийн нөхөр нь бацаан минь чамайг яавал ч яачихна шүү гэж хэлээд хувцаснаас зуурсан. Би тэр ахын хувцаснаас нь зуурч хоолойг нь боож байгаад газарт зэрэг унасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-р тал/
7. Хохирогч Ц.Б-н бусдад зодуулсан үеийн гэрэл зураг, амбулаториор үйлчлүүлэгчийн карт, Мажаа эмнэлгийн үйлчилгээний төлбөр төлсөн баримт. /хх-ийн 52-55, 58-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” хүүхдийн дэлгүүрийн урд талд хохирогч Ц.Б-тай зээлээр авсан тавилганы 700 000 төгрөгийг өг гэж маргалдан улмаар хохирогчийн хувцасны захаар хоолойг нь боож толгойгоор нь гэрлийн шон мөргүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-н “миний өмсөж байсан хувцасны захыг гараараа барьж хоолой боогоод хойшоо түлхэж гэрлийн шонг мөргүүлсэн. Нэг мэдэхэд газар хэвтчихсэн, Б миний дээр гараад заамдсан чигээрээ газартай хавсарч цээж хэсэг рүү түлхэж толгойн ар дагз хэсгийг газарт цохиулж байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Э гийн “Б-н өмсөж байсан цамцны захаас гараараа барьж хоолойг нь боож харалдаа байх гэрлийн шон луу толгой хэсгийг нь 3-4 удаа хүчтэй мөргүүлсэн. Мөн газар боож унагаан толгойн ар хэсгийг нь газарт хавсарч цохисон” гэх мэдүүлэг, гэрч Н.А-н “Б нь танихгүй нэг залуутай зууралдаад газарт хамт уначихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Батбаярын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 843 дугаартай дүгнэлт, яллагдагч Э.Б-н “Би тэр ахын хувцаснаас нь зуурч хоолойг нь боож байгаад газарт зэрэг унасан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” хүүхдийн дэлгүүрийн урд талд хохирогч Ц.Б-тай маргалдаж, хохирогчийн хувцасны захаар хоолойг нь боож толгойгоор нь гэрлийн шон мөргүүлэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, баруун мөрөнд цус хуралт, зүүн шуу, баруун, зүүн өвдөг зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал 450 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдааны явцад шүүгдэгч төлж барагдуулсан байна. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилснийг хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Б-н толгойн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ц.Б-н толгойн рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС