| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0393/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/433 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 11.1, 13.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/433
2023 12 01 2023/ШЦТ/433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Т.Д
Хохирогчийн өмгөөлөгч М.Б
Хохирогч Б.Б
Иргэний нэхэмжлэгч Б.Ц , Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2325000000394 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Н.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын **-*** тоотод оршин суух Б.Б ыг гэртээ унтаж байхад нь гар утас, түрийвч, мөнгийг авч явлаа гэсэн шалтгаанаар оршин суугчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэж байшингийн цонхыг гараараа цохиж хагалан байшинд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хохирогчийг орноос татаж босгон нүүрэн тус газарт нь мөргөж, түлхэн газарт унагаж, гараараа толгой хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүч хэрэглэж хүний орон байранд нэвтэрч орсон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “Манай гэрт хохирогч өөрөө зөвшөөрөлгүй орж мөнгө авсан байсан, намайг гэрт орж ирэхэд зөрөөд гараад явсан. Би тухайн өдөр мал нядлах гэж дуудсан нь үнэн. Алх авч явж дайрсан гэдэг нь худлаа, би цонх хаглаагүй. Залгахад огт утсаа аваагүй, би эдний гэрт орохдоо ундаа л авч орсон, архи авч ороогүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Би Э-н гэрт нь очсон, дэлгүүр орж архи аваад гэрт нь очиж уусан. Утас үлдсэн байхаар нь залгаад авах байх гэж бодсон, нэг мэдсэн би газар унасан байсан, би гэрт орж ирснийг нь ч мэдээгүй, юу болсон бэ гэхэд утас хэтэвч гаргаад ир чамаас өөр хэн авах юм гэж хэлсэн. Намайг цохисон, мөргөсөн, хамраас цус гарсан. Одоо хохирлоо барагдуулмаар байна, эмчилгээний зардалд 1,619,500 төгрөг мөн сэтгэл санааны хохиролд 25,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Д мэдүүлэхдээ “Манай хэлтэс дээр Цагдаагийн газраас 08 дугаар сарын 30-ны өдөр 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хэвтэн эмчлүүлсний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна, албан бичгээр гаргаж өгнө үү гэж хүсэлт ирсэн. Хүсэлтийн дагуу манайх албан бичгээ явуулахад 7 дугаар сарын 24-ны өдөр уг хүмүүс гэмтлийн яаралтайгаар очсон байна, дараа нь 8 дугаар сарын 04-ний өдөр унаж татсан гэх оношоор дуудлага өгч эмнэлгээс очиж тусламж үйлчилгээ үзүүлсэн. 8 дугаар сарын 4-ны өдөр толгойндоо мэс заслын тусламж үйлчилгээ 3,489,000 төгрөгөөр авсан, 3 хоногийн өмнө шүүх хуралтай гэж мэдэгдэх үед эрүүл мэндийн программаас шүүгээд үзэхэд амбулаторийн үзлэг гэж 4 удаа хийлгэж явсан байгаа юм. Нийт манай хэлтсээс 7 удаагийн тусламж үйлчилгээний 3,778,000 төгрөг төлүүлэх хүсэлттэй шүүх хуралдаанд оролцож байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ц мэдүүлэхдээ “Тухайн өдөр миний гар утасны цэнэг дуусчихсан байсан, цэнэглэж байгаад дуудъя гэхэд утас хагарчихсан байсан. Түүнээс биш би шүүгдэгчийг санаатай хагалсан гэж бодохгүй байна. 140,000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 8-12-р тал/
2. Хохирогч Б.Б ы “2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 07 цагийн орчим байсан санагдаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт багийн Овоотын **-*** тоот хаягтай хашаан дотор байрлах байшиндаа эхнэр Б.Ц бид хоёр унтаж байхад Таван-Эрдэнэ зах дээр мал нядалж байхдаа танилцаж байсан Н.Э ****** дугаарын утаснаас миний ****** дугаарын утас руу залгаж хоёулаа Булган аймгийн Бугат сумын бойны газар 20 ширхэг хонь нядлах гэсэн юм шууд мал нядлах газраа хүрээд ир гэсний дагуу би эхнэрээ дагуулаад өөрсдийн эзэмшлийн “Королла Аксио” маркийн **** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Бугат сумын бойны газар очиход Н.Э ирчихсэн байсан бөгөөд бид хоёр 20 ширхэг хонио нядалж дуусаад Н.Э-г машиндаа суулгаад бид гурав өглөөний 10 цагийн үед Шанд багт байрлах “Мөөжиг” гэдэг нэртэй хүнсний дэлгүүр дээр очиход мал нядалсан тооцоогоо авна гээд Н.Э дэлгүүр лүү орж тооцоогоо авахдаа 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи авч гарч ирэн мал нядалсан мөнгө гээд 50,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Тэгээд манай Яргуйт багийн Овоотын **-*** тоот хаягтай гэрт очиж авсан архийг Н.Э эхнэр бид гурав хуваан ууж дуусахад Н.Э манай найзынд очно гээд Даваат багт байрлах А гэж айлынд миний машиныг барьж очсон бөгөөд очиход А гэдэг залуу эхнэртэйгээ мөн 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн тус тус байж байсан. Бид нар 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан ууж дуусахад Н.Э манай гэрт очно гээд бид нарыг дагуулан Даваат багт байрлах гэртээ очиж дахин 0.75 литрийн хэмжээтэй архи хуваан ууж байхад Н.Э усанд явна гээд миний машинтай явсан. Эргэж ирэхээс нь өмнө машин жолоодуулахаар хамаатны дүү н.Т-г дуудсан байсан бөгөөд Н.Э ирэхэд манай дүү ч ирж таарсан. Тэгээд машинаа авч дүүгээрээ жолоодуулан гэртээ хүргүүлж эхнэр бид хоёр гэртээ ороод унтлагын өрөөний орон дээр шууд унтаж амарсан. Унтаж байхад гэнэт унтлагын өрөөний цонх хагарах шиг болоход Н.Э ороод ирчихсэн шууд миний нүүр хэсэг руу гараараа цохиж орноос татаж унагаан мөргөн чи муу писда миний бэлэн мөнгө, гар утас аваад ир гээд цохиж зодсон. Тэгээд би босож ирээд чи машин барьж явсан биздээ, машин дотор гар утас чинь байсан болохоор авч орж ирээд дэрэн доороо хийгээд унтаж байсан юм, асаалттай байгаа биздээ, чамайг авна гэж бодоод аваад ороод ирсэн юм гээд хэлж байхдаа бид хоёр том өрөө рүү ороод ирсэн чинь шууд миний хамар хэсэг рүү дахин мөргөж толгой хэсэг рүү гараараа цохиж зодон том өрөөний тавилга руу түлхэж унагаан зодож байгаад хаалгаар гараад явсан. Эхнэр бид хоёр унтахдаа хаалгаа түгжээгүй, манай байшингийн хаалга гаднаасаа нээгддэггүй, зөвхөн дотор талаасаа нээгддэг юм. Байшинд өөр хүн орж ирээгүй. Мөн тавилга дээр байсан манай эхнэрийн гар утас зодуулах үед унаж дэлгэц нь хагарсан байсан. Би өмнө мэдүүлэг өгөхдөө согтуу машин жолоодоод явсан гэж хэлэхээс айгаад худлаа дүү Т-г дуудсан гээд хэлчихсэн юм. Бусад ярьсан зүйл бол яг үнэн зөв, худал хэлээгүй” гэх мэдүүлэг. /хх-16-18-р тал/
3. Иргэний нэхэмжлэгч Б.Д ийн “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Иймд Б.Б нь хэвтэн эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,698,000 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/
4. Гэрч Б.Ц-н “Унтаж байтал гэнэт цонх хагарах шиг болсон бөгөөд сэрсэн чинь Н.Э унтлагын өрөөн дотор ороод ирчихсэн нөхөр Б.Б ыг орноос татаж унагаагаад толгойгоороо хамар хэсэг рүү нь 2 удаа мөргөхөд хамраас нь цус гараад өрөөнөөс босон гараад том өрөө рүү явж ороод чи яагаад айлын гэрт цонхоор дураараа орж ирж байгаа юм гэсэн чинь Н.Э манай нөхрийг том өрөөний тавилга руу түлхэж унагаан толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиж үүдэнд байсан шар иштэй алхыг аваад цохиж ална гэж далайхаар нь манай нөхөр булаан авч ширээн доогуур шидсэн чинь байшингаас гараад явахаар нь манай нөхөр араас нь дагаад гарч саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явчихлаа улсын дугаарыг нь харж чадсангүй, гарсан чинь хол явчихсан байна гээд орж ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Н.Э орж ирээд нөхрийг зодох үед сэрэхэд цаг оройны 18 цаг өнгөрч байсан. Нөхрийг том өрөөний тавилга руу түлхэж унагаах үед хамгийн дээд талын тавиур дээр нь байсан миний Самсунг А04-Эс загварын гар утас шалан дээр унаж дэлгэц нь хагарсан байсан. Н.Э уг нь хаалга тогшиж нөхөр бид хоёрыг сэрээгээд гар утсаа асууж болно шүү дээ тэгтэл шууд цонх хагалж орж ирээд зодсонд маш их гомдолтой байна. Таныг 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр утсаар нөхөр бид хоёртой устаар холбогдоход 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх эмнэлэгт очиход эмч задланд орсон байна, дансанд 8,000 төгрөг тушаагаад холбогдох бичиг баримтуудаа эмнэлгээсээ авч ирээд үзүүлээрэй гэхээр нь нөхөр бид хоёр Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр очиж хариугаа авах гэсээр байгаад оройтчихсон. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хувийн ажилтай байсан болохоор 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бүх бичиг баримтуудаа Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс авч маргааш нь очъё гэж бодоод 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр явж байтал манай нөхөр 2 удаа татаж унасан. Тэгээд тархины нарийн шинжилгээ хийлгэхэд цус хуралттай гэж гарч ирээд яаралтай хагалгаанд орж одоогоор ухаангүй байна. Н.Э-д зодуулсан үеэс хойш ямар нэгэн асуудалд ороогүй, өөр гэмтэл авахаар юу ч болоогүй, архи ч уугаагүй. Н.Э-д зодуулахад хамраас нь их цус гарсан. Тэгээд дараа нь толгой өвдөөд байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг. /хх-н 28-29-р тал/
5. Гэрч Д.А ийн “Н.Э гэртээ орж ирээд миний хувцас, утас, түрүүвч, бэлэн мөнгө зэрэг хаана байгаа юм бол гээд хайхад олдоогүй болохоор нөгөө түрүүлж явсан залуугийн гар утас руу залгахад дуудаад аваагүй тул араас нь гэрт нь очиж өөрийнхөө эд зүйлсийг авахаар болж Н.Э намайг дагуулан уг залуугийн Яргуйт багт байрлах байшин руу такси бариад очиход хашааны хаалга нь нээлттэй, хашаан дотор манайд ирсэн машин байрлаж цонх нь онгорхой байсан. Машин дотор хувцас, түрүүвч зэрэг байхаар нь Н.Э аваад бэлэн байсан жаран мянган төгрөг, гар утас хоёроо үзтэл байхгүй байсан. Тэгээд байшингийнх нь хаалгыг тогшиход нээж өгөхгүй, цонхоор нь Н.Э гар утсаа авъя гэж орилсон чинь хүн гарч ирэхгүй байгаад байсан чинь Н.Э онгорхой байсан том өрөөний цонхоор дотогш орж миний утас руу залга гэхээр нь залгасан чинь "за за гар утсаа олчихлоо" гээд унтлагын өрөөнөөс дуугарах шиг болсон. Тэгээд байж байтал мөнгө төгрөг яриад хүнтэй маргалдаж, манайд ирсэн нөгөө эрэгтэй найзтайгаа унтлагын өрөөнөөс том өрөө рүү харилцан барилцан гарч ирээд Н.Э уг залуугийн нүүр хэсэг рүү нэг алгадахад зөрүүлээд уг залуу Н.Э-г нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохиход харилцан зууралдаад том өрөөний тавилга руу хамтдаа унаж, босож ирээд Н.Э чи ёстой арчаагүй писда юм аа гээд орсон цонхоороо гарч ирээд бид хоёр таксиндаа суугаад гэр лүү нь явсан. Тавилга руу уначхаад босож ирэхэд танихгүй залуугийн хамраас цус гарсан. Мөн уг залуугийн эхнэр нь гээд эмэгтэй унтлагын өрөөнөөс гарч ирсэн. Өөр хүн байгаагүй. Би болсон үйл явдлыг том өрөөний цонхоор гадна талаас нь харсан. Зууралдаж тавилга руу унахад уг залуу тавилгаа толгойгоороо мөргөөд уначихсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-35-р тал/
6. Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7477 дугаартай “Samsung glaxy А04S маркийн гар утасны дэлгэц 140000 төгрөг ,2 давхар вакум шил 98000 төгрөг нийт 238,000 төгрөг” гэж хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 38-40-р тал/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №658 дугаартай “Б.Б ы биед их тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай, дагзны хэсгийн дагуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 45-47-р тал/
8. Шинжээч эмч Э.Б-н “Б-ны биед учирсан их тархины баруун тал бөмбөлгийн их дух, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доторх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин цээжинд цус хуралт нь 2.5*2 см хэмжээтэй байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тус гэмтлийн үед “Саруул үе” гэж байдаг. Энэ үед эрүүл хүн шиг байж ямар нэгэн зовуурь шинж тэмдэг илэрдэггүй.Саруул үе нь хүний биеийн онцлог, цусны шингэн төлөв байдал,ямар судас гэмтсэн зэргээс хамаарч хэдэн цагаас хэдэн сар хүртэл ч үргэлжилдэг. Цусан хурааны хэмжээ нэмэгдэж хүндрэлийн шинжүүд үүсэх хүртэл эрүүл хүн шиг байдаг. Хальсан доорх цусан хурааны хэмжээ бага үед шинж тэмдэг мэдэгдэхгүй байж байгаад цусан хурааны хэмжээ нэмэгдэн тархи дарагдах, хавагнах шинжүүд илрэх үед тархины гэмтлийн шинж тэмдгүүд илрэн, хураа их хэмжээтэй болсны улмаас тархи дарагдах шинж илэрвэл амь насанд аюултай байдал үүсдэг” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53-р тал/
9. Орхон аймгийн Бүсийн оношилгоо,эмчилгээний төвийн шинжээчдийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай Н.Э-н сэтгэцийн дүгнэлт. /хх-ийн 58-р тал/
10. Яллагдагч Н.Э-н “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй эргэлзэж байна. Тухайн үед би өөрийн эд зүйлсээ авах гэж Б.Б-ы гэрт зөвшөөлгүйгээр цонхоор орж түүнтэй харилцсан зодолдсон. Тухайн үед түүний толгойд гэмтэл учирсан гэж үзэхэд хэд хоног хэвийн зүгээр явж байсан. Мөн би нээлттэй байсан цонхоор нь л дотогш орсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 74-р тал/
11. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “Батчулууны Батсайхан 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн гэмтлээс үүдэлтэй. Гавал тархины битүү гэмтэл. Тархины баруун тал бөмбөлгийг хамарсан том хэмжээний хатуу хальсан доорх цусан хураа./806.5/ Тархины эдийн няцрал 2. Тархины хаван/506.0/ Шинж тэмдгийн уналт, таталт. Эрүүл мэндэд хүнд гэмтэл авсан нь 8. Тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг бүхий сэтгэцийн эмгэг оношлогдож байна. 8 Тархины гэмтлийн шалтгаант танин мэдэхүйн хөнгөн эмгэг бүхий сэтгэцийн эмгэг оношлогдож байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн Дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт /хх-ийн 136-139-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчиж нотлох баримт цуглуулж, бэхжүүлсэн гэх, оролцогчийн эрхийг зөрчсөн гэх санал, гомдол гараагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын **-*** тоотод оршин суух Б.Б ыг гэртээ унтаж байхад нь гар утас, түрийвч, мөнгийг авч явлаа гэсэн шалтгаанаар оршин суугчийн зөвшөөрөлгүй хүч хэрэглэж байшингийн цонхыг гараараа цохиж хагалан байшинд нэвтэрч хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, хохирогчийг орноос татаж босгон нүүрэн тус газарт нь мөргөж, түлхэн газарт унагаж, гараараа толгой хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 угаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Б дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч Б.Б ы эмчилгээний зардал 1 619 500 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 25 сая төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хохирогч цаашид дахин хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэх зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүлйин 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хүч хэрэглэж орон байранд нэвтэрсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Б ы “унтлагын өрөөний цонх хагарах шиг болоход Н.Э ороод ирчихсэн шууд миний нүүр хэсэг руу гараараа цохиж орноос татаж унагаан мөргөн цохиж зодсон, бид хоёр том өрөө рүү ороод ирсэн чинь шууд миний хамар хэсэг рүү дахин мөргөж толгой хэсэг рүү гараараа цохиж зодон том өрөөний тавилга руу түлхэж унагаан зодож байгаад хаалгаар гараад явсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-н “Унтаж байтал гэнэт цонх хагарах шиг болсон бөгөөд сэрсэн чинь Н.Э унтлагын өрөөн дотор ороод ирчихсэн нөхөр Б.Б ыг орноос татаж унагаагаад толгойгоороо хамар хэсэг рүү нь 2 удаа мөргөхөд хамраас нь цус гараад өрөөнөөс босон гараад том өрөө рүү явсан. Н.Э манай нөхрийг том өрөөний тавилга руу түлхэж унагаан толгой хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохиж үүдэнд байсан шар иштэй алхыг аваад цохиж ална гэж далайхаар нь манай нөхөр булаан авч ширээн доогуур шидсэн Н.Э-д зодуулахад хамраас нь их цус гарсан. Тэгээд дараа нь толгой өвдөөд байна гээд яваад байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.А ийн “манайд ирсэн нөгөө эрэгтэй найзтайгаа унтлагын өрөөнөөс том өрөө рүү харилцан барилцан гарч ирээд Н.Э уг залуугийн нүүр хэсэг рүү нэг алгадахад зөрүүлээд уг залуу Н.Э-г нэг удаа гараараа нүүр хэсэг рүү нь цохиход харилцан зууралдаад том өрөөний тавилга руу хамтдаа унаж, зууралдаж тавилга руу унахад уг залуу тавилгаа толгойгоороо мөргөөд уначихсан” гэсэн мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7477 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №658 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Э.Б-н “Тус гэмтлийн үед “Саруул үе” гэж байдаг. Энэ үед эрүүл хүн шиг байж ямар нэгэн зовуурь шинж тэмдэг илэрдэггүй.Саруул үе нь хүний биеийн онцлог, цусны шингэн төлөв байдал,ямар судас гэмтсэн зэргээс хамаарч хэдэн цагаас хэдэн сар хүртэл ч үргэлжилдэг. Цусан хурааны хэмжээ нэмэгдэж хүндрэлийн шинжүүд үүсэх хүртэл эрүүл хүн шиг байдаг” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо,эмчилгээний төвийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай Н.Э-н сэтгэцийн дүгнэлт, яллагдагч Н.Э-н “Б.Б ы гэрт зөвшөөлгүйгээр цонхоор орж түүнтэй харилцсан зодолдсон, тухайн үед түүний толгойд гэмтэл учирсан гэж үзэхэд хэд хоног хэвийн зүгээр явж байсан. Мөн би нээлттэй байсан цонхоор нь л дотогш орсон” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Э нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн овоотын **-*** тоотод оршин суух хохирогч Б.Б ыг гэртээ унтаж байхад нь гар утас, түрийвч, мөнгийг авч явлаа гэсэн шалтгаанаар байшингийн цонхоор нэвтэрч хохирогчийг орноос татаж босгон нүүрэн тус газарт нь мөргөж, түлхэн газарт унагаж гараараа толгой хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Э нь санаатай үйлдлээр хүний орон байранд өмчлөгч, эзэмшигчийг нь зөвшөөрөлгүй, хүчээр нэвтрэн орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай, дагзны хэсгийн дагуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав “хүний орон байранд нэвтрэхдээ хүч хэрэглэсэн нь тогтоогдоогүй” гэж мэтгэлцэж байх боловч шүүгдэгч согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэх, хүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдах зорилгоор, санаатай үйлдлээр бусдын орон байранд өмчлөгч, эзэмшигчийг нь унтаж байхад зөвшөөрөлгүй, хүчээр нэвтрэн орсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б ы эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, цээжинд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Б нь эмчилгээний зардал 1 619 500 төгрөг, нэхэмжилсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Мөн хохирогч Б.Б ы сэтгэцэд хохирол учирсан бөгөөд учирсан хохирол нь 4 дүгээр зэрэглэлд хамаарах тухай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул учирсан хохирол хор уршигийн хэр хэмжээг харгалзан хөдөлиөрийн хөлсний доод хэмжээг 34 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 18 700 000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Ц ын гар утасны дэлгэц гэмт хэрэг үйлдэгдэх үед эвдэрсэн болох нь тогтоогдож байх тул Samsung A-04s загварын гар утасны дэлгэцийн үнэ 140 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч Б.Д нь хохирогчид эмнэлэгийн туслалцаа үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 3 778 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтаар 3 698 00 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг /хохирогчийн эрүүл мэндийн байдал/ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрд хуульд заасан хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн Н-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж, хүний орон байранд нэвтэрч орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-аас 24 157 500 /хорин дөрвөн сая нэг зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д 20 319 500 /хорин сая гурван зуун арван есөн мянга таван зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ц-д 140 000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3 698 000 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС