Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/ШШ2026/0010

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга,

                                               Шүүгч Н.Долгорсүрэн,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Г.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, өмгөөлөгч Б.Б, иргэдийн төлөөлөгч Э.С нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Хэргийн индекс: 221/2026/0001/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “... 1.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар (ОНӨААТҮГ) гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн нь Засгийн газар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг бусдаас шаардсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бусад тооцогдохоор байна.

Учир нь Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Засгийн газар барилгын талаар дараахь бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх эрх Засгийн газарт олгогдоогүй байна. Засгийн газарт ийм эрх хуулиар олгогдоогүй байхад Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг үндэслэн Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар шууд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн Засгийн газрын 51 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 1-д “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн байсныг өөрчилж “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх” гэснийг хассан нь өмнөх зохицуулалтыг дордуулж, нэг этгээдэд сонгон шалгаруулалтгүйгээр төрийн үйлчилгээг шилжүүлж ашиг олох давуу нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

1.2. Засгийн газар ийнхүү илт хууль бус захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар уг шийдвэр нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх зохицуулалт байгаа боловч тус тогтоолын улмаас тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирсоор, харин Барилгын хөгжлийн төв нь монополдож ашгийн төлөө үйл ажиллагаа явуулсаар байгаа нь хуулийн өмнө адил тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж, төрийн чиг үүргийг эргүүлэн төрийн өмчит этгээдэд төвлөрүүлсэн “Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Төвлөрлийг багасгах төрийн бодлого”-ынхоо эсрэг чиглэсэн шийдвэр үйлчилсээр, нийгэмд сөрөг үр дагаврыг бий болгосоор байна.

Тодруулбал Монгол Улсын Их Хурлын 2009 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийн 5 дугаар зүйлийн 5.1-д Дараах төрийн байгууллага түншлэлд оролцоно, төрийн зүгээс: 5.1.1-д “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх”, харин нөгөө талаас нь 5.2-т “Түншлэлд хувийн хэвшлийг төлөөлж: Компани, нөхөрлөл, хоршоо, төрийн бус байгууллага, хувь хүн” байхаар хуульчилсан байна. Түүнчлэн баримтлах бодлогын 5.3-д “Түншлэлийн хэлбэрийг тодорхойлж “Төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлэх”-ээр, мөн хуулийн 5.3.3-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх”-ээр заасныг Засгийн газрын эл тогтоол нь ноцтой зөрчиж хуулийн 5.3.4 дэх заалтыг зөрчиж, төрийн үйлчилгээг ТӨААТҮГ болох төрийн төлөөлөлдөө шилжүүлсэн шийдвэр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмуудыг хэрэгсээгүйг нотолж байгаа юм.

Засгийн газрын 2016 оны 350 дугаар тогтоолоор “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталж хэрэгжүүлж байгаа билээ.

Тус баримт бичгийн 3.1.4-д “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх …тухай”, Баримт бичгийн 3.2.1.1-д “Төрийн … чиг үүргийг дахин хуваарилах аргачлал боловсруулж, тодорхой салбарт туршсаны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан нийтлэг байдлаар хэрэгжүүлнэ” гэсэн заалтууд, мөн төрийн байгууллагын чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор “Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-ыг баталсан. Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь Засгийн газрын өмнө нь гаргасан 251 дүгээр тогтоолд заасан “Төрийн чиг үүргийг төрийн бус мэргэжлийн этгээдээр сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэх тухай шийдвэрлэсэн байдаг. Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь дээрх шийдвэрүүдтэйгээ эрс зөрчилдсөн байгаа болно.

Засгийн газрын энэ тогтоолын заалт нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2-т “… Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, … эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд … төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, … хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байх болохгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг үл тоосон ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломж олгосон байдаг.

Барилгын төрийн захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүргийг шилжүүлэхийг Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор зөвшөөрснөөр Барилга хот, байгуулалтын яам (тэр үеийн нэрээр) тушаал гаргаж чиг үүргийг хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулаагүй байсаар 3 жил гаруйн дараа 2021 онд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх 2021/12 тоот гэрээг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-тай нөхөн хийсэн, энэ гэрээгээ жил бүр дүгнээгүй, Засгийн газрын тогтоол 2018 онд гарснаас хойш чиг үүрэг шилжүүлэн авсан тус төв нь төрийн байгууллагын чиг үүргийг 2016 оноос хойш дур мэдэн гүйцэтгэсээр байна.

Барилга хот байгуулалтын яам нь өөрийнхөө чиг үүрэгт хамаарахгүй Төрийн захиргааны байгууллагын (Засгийн газрын агентлагийн) чиг үүргийг өөр этгээдээр хууль зөрчин гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан нь төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх тухай Засгийн газрын 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалыг огт мөрдөөгүй, сонгон шалгаруулалт хийгээгүй, нэг этгээдэд давуу байдал олгож, барилгын ижил төрлийн байгууллагуудын өрсөлдөх боломжгүй болгож эрх ашгийг хөндөж хохироосоор өнөөдрийг хүрлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байгаа юм.

Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ нь Засгийн газрын 51 дүгээр тогтоол болон Барилга хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээгээр халхавчлан барилгын зураг төслийн болон зөвлөх компани, зураг төслийн болон зөвлөх компани, зураг төслийн магадлал хийдэг компани, экспертүүдийг ялгаварлан орлогыг тасалдуулж, тэдний өрсөлдөх боломж нөхцөлийг хааж, улмаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс болон барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг саатуулан олон барилгын ажилд саад гацаа болж байгаа.

1.3. Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд хуульчилсан Барилгын төрийн захиргааны байгууллага болох Засгийн газрын агентлагт тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.10 дахь заалтаар олгосон төрийн чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т шилжүүлэхээр гаргасан Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 37 дугаар тушаалыг 2016 онд Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолоор хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүх сайдын дээрх тушаал нь эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй байхад сайд эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж тогтоосон байдаг.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яам нь хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөх этгээдүүдээс хэлэлцүүлэг хийж санал авахгүйгээр, далдуур лоббидож Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргуулж хууль зөрчихөд хүргэсэн юм. Энэ тогтоолыг гаргуулахдаа Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу “... эрх бүхий байгууллагын шийдвэр гаргуулсан...” гэж харагдаж, ойлгохоор таниулж Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хууль бус үйлдлээ халхавчлах хэрэгсэл болгох зорилгоор гаргуулсан.

Энэ тогтоолоор халхавчлан Барилгын тухай хуулиар тусгайлан олгосон төрийн байгууллагын чиг үүргийг дур мэдэн гүйцэтгэн хууль бус үйлдлээ одоо болтол үргэлжлүүлж байгаад асуудлын гол зангилаа оршино.

Засгийн газрын энэ тогтоол нь хууль бусаар ихээхэн орлого олох, улмаар байгууллага хүмүүсийн эрх ашгийг ноцтой хөндөж хохирол учруулж байгаа бөгөөд энэ тогтоолыг ашиглан хууль зөрчсөн үйлдлээ нуух, хууль бус төлбөр хураамж авах халхавч болон ашиглагдаж байна.

“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн зураг төсөлд магадлалын дүгнэлт хийх эрхгүй болохыг тогтоолгох, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн зураг төсөлд зөвшөөрөлгүй магадлалын дүгнэлт гаргаж байгаа үйлдлийг таслан зогсоохгүй байгаа Барилга хот, байгуулалтын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, таслан зогсоох шийдвэр гаргаж нийтэд мэдээлэхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Тус тогтоолын хянавал хэсгийн 24-т “... Төрийн захиргааны байгууллага эсхүл түүний шилжүүлснээр төрийн бус мэргэжлийн байгууллага уг чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Түүнчлэн “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь барилга байгууламжийн төсөлд магадлалын дүгнэлтийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг хангаж шийдвэрлэсэн нь зөв” гэж дүгнэсэн юм.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал гаргаж Засгийн газрын 51 дүгээр тогтоолтой холбоотой асуудлыг анхан шатны шүүхийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хуулийн үндэслэл тогтоосон байдаг.

Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг гаргаснаар Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын тухай, Барилгын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон “Төр хувийн хэвшлийн түншлэл болон төвлөрлийг сааруулах Монгол төрийн бодлогын 2 баримт бичигт нийцээгүй, Засгийн газрын өмнө нь гаргасан 251 болон 22 тоот тогтоолтой зөрчилдсөн шийдвэр гэж үзэж байгаа юм...” гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолоор “Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга, захиалагчийн алба” УҮГ-ыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын барилгын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан 42 ажилтныг мөн төвд орон тоо, цалингийн сангийн хамт шилжүүлсэн.

Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ гүйцэтгэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 208 дугаар тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын “Барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори”-ийг батлагдсан орон тоо, цалингийн сан, бусад зардлын хамт “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт”-д шилжүүлсэн.

Улсаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Барилга, хот байгуулалтын сайд (хуучин нэрээр)-ын эрхлэх асуудлын хүрээний зураг, төсөл, эрдэм шинжилгээний институт” улсын төсөвт үйлдвэрийн газрыг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т нэгтгэн зохион байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 93 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламжид захиалагчийн хяналт хийх чиг үүрэг бүхий Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх Барилга захиалагчийн алба, товчоог татан буулгаж, тэдгээрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан инженерүүдийг орон тоо, цалингийн сангийн хамт “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т шилжүүлж, төрийн худалдан авах үйл ажиллагаанд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байсан байна.

Үүнтэй холбоотойгоор “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын мэргэшсэн хүний нөөц, туршлага, материаллаг баазтай, агентлагийн чиг үүрэг хэрэгжүүлж байсан, мэргэжлийн байгууллага болохын хувьд түшиглэн барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргүүдийг гүйцэтгүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яамнаас санаачлан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д тус тус заасныг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын гишүүдээс саналыг авч тусган Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.

Засгийн газрын хуралдаанаас тогтоолын төслийн үндэслэх хэсгийн Барилгын тухай хуулийн “36.1” гэснийг “34.2” гэж өөрчилж, Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 34.2 дахь хэсгийг үндэслэн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоол батлагдсан байна.

Энэхүү маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “захиргааны акт”-дад тавигдах дараах зургаан шинжийг бүрэн хангасан байна.

-Захиргааны байгууллагаас гаргасан байх

-Тодорхой нэг тохиолдол байх

-Зохицуулалт агуулсан буюу эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх

-Нийтийн эрх зүйн хүрээнд байх

-Гадагш чиглэсэн байх

-Захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа байх.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.3, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоол болон Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай” 2021/22 тоот гэрээний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг хууль зөрчсөн гэх эрх зүйн үндэслэлээ “... Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, ... 34.1.5-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг ... сайдад зөвшөөрсөн нь Засгийн газар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ... байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.5-д заасны дагуу илт хууль бусад тооцогдохоор байна, ... Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна...” гэж тайлбарлажээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно”, Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоол нь Засгийн газар хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд, хуулиар өөр байгууллагад шилжүүлж болохоор заасан төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад зөвшөөрсөн болох нь харагдаж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэдийн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд “... Хуулийн эсрэг тэсрэг байдлаар хариуцагч тал давуу байдлаар үгүйсгэж чадсан. Хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт гаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Учир нь маргаан бүхий үйл баримтыг цаг хугацааны хувьд дараалуулан авч үзвэл, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар барилгын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах эрхийг “Барилгын хөгжлийн төв”-д олгосонтой холбогдуулан нэхэмжлэгч “Э” ХХК маргасан байх ба Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 264 дүгээр тогтоолоор дээрх тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Ийнхүү шийдвэрлэхдээ “... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг хууль, түүнд үндэслэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцан гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хуульд үндэслээгүй, Засгийн газрын шийдвэр гараагүй учир уг маргаанд шууд хамааралгүй” буюу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг Засгийн газрын тогтоолгүйгээр шилжүүлсэн нь буруу гэж дүгнэжээ.

4. Улмаар маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 51 дүгээр тогтоолоор Барилгын тухай хуулийн 34.1.2, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.15-д заасан барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Б-д зөвшөөрч, төрийн зарим чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэхээр болсонтой холбогдуулан уг газрын дүрмийг шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт үүрэг болгосон үйл баримтууд тогтоогдлоо.

5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно” гэж, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д “барилгын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах”, 32.1.8-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг батлах” бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэх талаар тус тус хуульчилсан бол Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34.1.10-д “барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, экспертийн эрх олгох”, 34.2-т “Энэ хуулийн 34.1.2, 34.1.3, 34.1.4, 34.1.6, 34.1.7, 34.1.8, 34.1.9, 34.1.10, 34.1.11, 34.1.13, 34.1.14, 34.1.15-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 18.4, 34.2, 44.7-д заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно” гэж зохицуулсан зэргээс үзвэл хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим үүргийг “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Тодруулбал, хариуцагч нь барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх эрхтэй бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд Засгийн газар ийнхүү тогтоолоо гарган шилжүүлсэн байх тул 2018 оны 51 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байх тул “...Барилгын тухай хуулийн 32.1-д Засгийн газрын барилгын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тогтоосон байх бөгөөд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг бусдад шилжүүлэх эрх Засгийн газарт олгогдоогүй, ийм эрх олгогдоогүй байхад Барилгын тухай хуулийн 34.2-т заасныг үндэслэн Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг “Барилгын хөгжлийн төв” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газраар шууд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолын улмаас зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлохдоо “... манай зөвлөх мэргэжилтэн, экспертүүд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилга байгууламжийн зураг төсөлд экспертиз, магадлал хийх ажил зогссон, ... Барилгын хөгжлийн төвөөс өөр тусгай зөвшөөрлөөр магадлал хийдэг газар Монгол Улсад байхгүй...” гэж тайлбарлах боловч Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-т гагцхүү барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн буюу барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн эрхийг шилжүүлээгүй тул Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан зураг төсөлд магадлал хийх эрхтэй иргэн, хуулийн этгээдийн аливаа эрхийг тус тогтоол хөндөөгүй талаар хавтаст хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр магадлалд дүгнэсэн нь мөн хүчин төгөлдөр байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заасан бөгөөд дээр дурдсанаар энэхүү маргаанд хамаарах зарим дүгнэлтийг хийсэн хүчин төгөлдөр шүүхийн магадал, тогтоолууд байгаа хэдий ч “Э” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй энэ тохиолдолд дээрх хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Мөн түүнчлэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 92 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 244 дүгээр магадлалыг Шүүхийн тусгай архиваас гаргуулах” хүсэлтийн хувьд дээрх шүүхийн шийдвэр, магадлалууд нь шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/-д нийтэд илэрхий хэлбэрээр байршсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

10. Иргэдийн төлөөлөгчийн “хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрхээс үзвэл, хариуцагч Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шилжүүлэх бүрэн эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд маргаан бүхий Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг гаргасан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Барилгын хөгжлийн төв” ААТТӨҮГ-ыг маргаан бүхий тогтоолоор шилжүүлэн авсан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн гэж үзвэл энэ талаар маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.5-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, 34 дүгээр зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д тус тус заасныг баримтлан “Э” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

 

 

               ШҮҮГЧ                                                                  Г.МӨНХТУЛГА

 

 

               ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН