Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1757

 

 Б.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01823 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С-д холбогдох

76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус  маркийн автомашины шударга өмчлөгч нь Б.Э мөн болохыг тогтоолгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Туул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь Б.С-тай 2012 оноос 2017 он хүртэл хамтран амьдарч байсан. Б.Э нь 2017 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Хаан банкнаас 15.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, Б.С-н ах Б.У-с 10.000.000 төгрөгөөр хар өнгийн 76-02 УНЦ улсын дугаартай Prius 20 маркийн автомашин худалдан авсан. Уг автомашиндаа Дорноговийн дугаар авах гэсэн боловч Улаанбаатар хотод хонох шаардлагатай болсон. Б.Э маргааш өглөө нь ээлжийн ажилтай байсан бөгөөд өөрийнхөө өмчлөлд бүртгүүлэх гэтэл Хэнтий аймгийн хаягтай байсан учир нэр шилжүүлэхэд асуудал гарч, улмаар хамтран амьдарч байсан Б.С-н нэр дээр бүртгэл хийлгэсэн. Б.Э нь банкнаас авсан зээлийн мөнгөөр уг автомашиныг худалдаж авсан тул 76-02 УНЦ улсын дугаартай Prius 20 маркийн автомашины шударга өмчлөгч нь Б.Э болохыг тогтоолгох, уг автомашиныг Б.С-н өмчлөлөөс нэхэмжлэгч миний өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э миний нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э-тай 2012 онд танилцан 2013 оноос манай аав ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Ингэхдээ Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар курсийн оюутан нэг анги байсан. Б.Э нь сургуулиасаа гараад цэрэгт 1 жил явж ирсэн. Ингээд манай аав, ээжийн гэрт 2017 он хүртэл 5 жил амьдарсан. Энэ хугацаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин А-г төрүүлсэн. Б.Э нь 76-02 УНЦ Приус машиныг 2017 оны 06 дугаар сард намайг хүүхэд төрүүлж өгсөн гэж баярласнаа илэрхийлэн надад бэлгэнд авч өгсөн юм. Тэгэхдээ манай нагац ах Б.Ууганбаатараас хямд авсан. Надад бэлгэнд авч өгч байгаа гэдгээ манай ах Б.Ууганбаатарт хэлж байсан ба чамд л авч өгч байгаа юм чинь чи өөрөө сонго гэж байгаад би машины өнгийг сонгосон. Энэ машинаас өөр өмч бид хоёрын дунд байхгүй, одоо 1 ой 2 сартай хүүхэдтэй би үлдэж байгаа тул уг машиныг охин бид хоёр авах ёстой гэж үзэж байна. Б.Э нь шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн машиныг Б.Э нь банкнаас зээл авч авсан гэдэгтэй маргаагүй. Гагцхүү уг машиныг авахад бид хамтран амьдарч байсан төдийгүй, өөрөө хүүхэд гаргаж өгсөнд талархаж надад бэлэглэж байгаа юм гэж хэлж байсан. Би Б.Э-г өөрийн нөхрөө гэж бодож явсан. Б.Э нь нэхэмжлэлдээ дурдсанчлан Хэнтий аймгийн хаягтай байсан гэдэг нь худлаа, уг машиныг авахад анхнаасаа л би чамд авч өгч байгаа юм чинь чи өөрийнхөө нэр дээр ав гэж байсан. Энэ хүнээс болж би бие сэтгэлээрээ хохирч үлдэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашины өмчлөгч нь Б.Э болохыг тогтоож, 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашиныг хариуцагч Б.С-с гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота Prius маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Э-н нэр лүү шилжүүлэхийг хариуцагч Б.С-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг, 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн шийдвэр гаргахдаа илтэд нэг талын барьж нотлох баримтыг тал бүрээс бодитой үнэлээгүй. Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан дээр "Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргах нь" гэсэн гар бичмэлийг шүүхэд гаргаж өгөхөд шүүх тус тайлбарыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна гэж санаачлага гарган дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй байхад улсын тэмдэгтийн хураамжаа өнөөдрийн дотор багтаан төл хэмээн хүлээн авч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан шүүх хурлыг үндэслэлгүй хойшлуулж, өөрчилсөн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн байгаа. Мөн маргаж байгаа автомашины үнийг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан боловч 1 жил ашигласан байдаг. Гэтэл үнэлгээг үнэлгээ тогтоох эрхгүй "Ашид билгүүн" ХХК-ийн 10.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.С-д холбогдуулан 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины өмчлөгч болохыг тогтоолгож, уг автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хамтран амьдарсан хугацаанд хүүхэд төрүүлсний  талархал болгож бэлэглэсэн гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа Хаан банктай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ/201743092902 дугаартай зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ДГО 002 дугаар тодорхойлолт зэргийг үндэслэн гаргажээ. /хх-ийн 5, 6-11 тал/

Анхан шатны шүүх зохигчдын маргаж байгаа Тоёота приус маркийн автомашины төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 76-02 УНЦ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины 01609155 дугаартай гэрчилгээ, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 157/ШШ2017/00158 дугаар шийдвэр, И.Саранчимэг, Б.Ууганбаатар нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар маргаж байгаа автомашиныг хариуцагч Б.С гэрчилгээ бичигдсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш одоог хүртэл өөрийн нэр дээр эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.

Түүнчлэн зохигчид 2013 оноос хойш хамтын амьдралтай байж, тэдний дундаас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр охин Э-н А төрсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иймд “...Б.Э нь 76-02 УНЦ Приус машиныг 2017 оны 06 дугаар сард намайг хүүхэд төрүүлж өгсөн гэж баярласнаа илэрхийлэн надад бэлгэнд авч өгсөн... гэсэн хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дах хэсэгт “...Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш хамтран амьдарч байсан, хүүхдийнх нь эх болох хариуцагчид Тоёота приус маркийн автомашиныг бэлэглэхээс өөр үндэслэлээр шилжүүлсэн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.