| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2020/00360/И |
| Дугаар | 146/ШШ2020/00379 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2020/00379
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, ___ багт байрлах “___” ХЗХоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, Ц-ын Б-
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, Б-ийн С- нарт холбогдох 1,002,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О-, хариуцагч Б.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “___” ХЗХоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц- овогтой Б- /___/ нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус хоршоонд гишүүнээр элсэж, эхнэр Б- овогтой С- /___/-ын хамт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай, 3,9 хувийн хүүтэйгээр авч 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дууссан боловч 802,150 төгрөгийн зээл нь хугацаа хэтрээд байна. Зээлээ төлж барагдуулах талаар олон удаа уулзаж ярьсан боловч төлөхгүй байсаар өдий хүрсэн. Зээлийн барьцаанд Тоёота прүис-10 маркийн ___ улсын дугаартай машин тавьсныг борлуулах гэсэн боловч өөр хүнд шилжүүлсэн байна. Ц.Б- оронд нь “Муссо маркийн машин байгаа түүнийг борлуулаад зээлээ төлнө” гэсэн боловч одоо болтол төлөөгүй байгууллага хохирч байна.
Зээлийн үлдэгдэл 802,150 төгрөг, хүү 195,420 төгрөг, иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү /12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны/ 4,730 төгрөг нийт 1,002,300 төгрөгийг Ц.Б-, эхнэр Б.С- нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг “___” хадгаламж зээлийн хоршооноос зээлж хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурж авсан. Бид хамт амьдрах хугацаанд зэээлийн эргэн төлөлтийг Ц.Б-аар төлүүлж байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1002300 төгрөгийг Ц.Б-тай хамтран төлөхийг зөвшөөрч байна. Би 20 хувийг нь төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “___” ХЗ хоршоо нь хариуцагч Ц.Б-, Б.С- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1002300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ц.Б- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа зээлийн үлдэгдэл 802150 төгрөг, хүү 195420 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4730 төгрөг бүгд 1002300 төгрөгийг Б.С-тэй хамтран төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн үлдэгдэл 1002300 төгрөгийг Ц.Б-тай хамтран “___” ХЗ хоршоонд төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ би зээлийн үлдэгдэлийн 20 хувийг төлнө гэв.
“___” ХЗ хоршоо Ц.Б-, Б.С- нартай 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 697850 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дуусахад 802150 төгрөгийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нараас зээл 802150 төгрөг хүү 195420 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4730 төгрөг нийт 1002300 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хариуцагч нар төлөхөд маргаагүй бөгөөд хариуцагч Ц.Б- нь Б.С-тэй хамтран төлнө, хариуцагч Б.С- нь нэхэмжлэлийн шаардлагын 20 хувийг төлнө гэж тайлбар гаргаж байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “___” ХЗ хоршоо нь хууль буюу гэрээнд зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Ц.Б-, Б.С- нараас шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийг хамтран хариуцаж төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч Ц.Б-, Б.С- нараас зээлийн гэрээний үүрэгт 1,002,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “___” ХЗ хоршоонд олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28605 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1395 төгрөг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 28605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч Ц.Б-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч Ц.Б-ын эзгүйд хэргийг шийдвэрлэхийг хүссэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-, Б.С- нараас зээлийн гэрээний үүрэгт 1002300 төгрөгийг гаргуулж “___” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28605 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1395 төгрөг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 28605 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА