Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Г. ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г ын А д холбогдох эрүүгийн 2339000000367 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Г. ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7 цагийн үед *****  аймгийн *****  сумын 2 дугаар баг Өргөөгийн 6А-9 тоотод байрлах гэртээ хохирогч Д. ****** гийн 8,000 төгрөгийн үнэ бүхий ХААН банкны виза картыг хулгайлж, улмаар бусдаар буюу Х. ******* аар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд *****  аймгийн *****  сумын 5 дугаар багт байрлах “Тулга” төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 870,000 төгрөгийг авхуулж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан нийт 878,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г. ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б овогт Г ын А нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 7 цагийн орчим *****  аймгийн *****  сумын 2 дугаар баг ****** тоотод байрлах гэртээ хохирогч Д. ****** гийн 8,000 төгрөгийн үнэ бүхий ХААН банкны виза картыг хулгайлж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд *****  аймгийн *****  сумын 5 дугаар багт байрлах “Тулга” төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 870,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 878,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г. ****** ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би *****  аймгийн *****  сумын 2 дугаар баг **** тоотод эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би *****  аймгийн Байгаль орчны аялал жуулчлалын газар жолоочоор ажилд ороод 1 сар болж байна. 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай хадам ээж ****** миний өөрийн хот явна 06 цагийн үед ирсэн. Тэгээд тэр үед би дөнгөж сэрж байсан. Хадам ээж том өрөөний буйдан дээр хар өнгөтэй үүрдэг цүнхээ тавьчихсан байсан. Тэгэхээр нь би урд талын жижиг карманы хэсгийг онгойлгож үзтэл ээжийн карт байсан. Тэгээд би картыг нь аваад өмднийхөө карманд хийсэн. Ээж 07 цагийн үед манайхаас өөрийн эзэмшлийн машинтайгаа Улаанбаатар хот руу явсан. Би урьд нь Орон нутгийн өмчийн газарт ажилладаг байж байгаад 2023 оны 06 дугаар сард ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн үед цалингийн зээл хийчихсэн байсан, тэгээд 2, 3 сар ажилгүй цалингийн зээлээ дарж чадахгүй байж байгаад ээжийн картыг авах өдрийн өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкны 2 ажилчин гэрт ирээд зээлээ төл хугацаа хэтэрсэн байна гэхээр нь ээжийн картыг нууцаар авч АТМ дээр очоод нууц үгийг нь өөрийнх нь төрсөн өдрөөр байдаг гэдгийг мэдэж байсан. Эхлээд тухайн өдөр шалгачхаад дараа өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *****  аймгийн *****  сумын 5 дугаар багт байрлах Хаан банкны АТМ-аас 870,000 төгрөг бэлнээр авсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас мөнгөө өөртөө хадгалаад байж байсан. Тэгээд тухайн өдөр хадам ээж ****** нь эхнэр ******д хэлээд ****** цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд тухайн өдөр мөнгө авчхаад айгаад хэлж чадаагүй юм аа. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-78),

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д. ****** гийн “...Би Улаанбаатар хот ****** дүүрэг 20 дугаар хороо мишээл ***** тоотод охины хамт амьдардаг. Би 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр *****  аймагт Иргэдийн хурлын сургалтад хамрагдах гэж ирээд *****  сумын 2 дугаар багийн **** тоотод охин ******ын гэрт ирж байсан. Би 09 дүгээр сарын 29-ний өглөө явах гээд виза картаа хайж үзэхэд миний карт олдоогүй. Хамгийн сүүлд хаана хийснээ санахгүй байна. Намайг Улаанбаатар хотод ирсэн байхад 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 цаг 56 минутад миний картаас *****  аймгийн АТМ1192-ээс 870,000 төгрөг гарсан гэж миний гар утсанд мэдээлэл ирсэн. Тэгээд би охин ******д цагдаагийн байгууллагад очиж мэдэгдээрэй гэж хэлсэн. ...Миний виза картыг надаас өөр хүн миний зөвшөөрөлгүй миний мөнгийг авч ашиглах эрхгүй. ...Би өөрийн алдсан мөнгөө олж авахыг хүсэж байна. ... хэд хоногийн өмнө Австрали улсад ажилладаг бага хүү ****** фэйсбүүкийн видео чатаар надад хүргэн Г. ****** ийг миний виза картыг хулгайлан авч гүйлгээ хийж мөнгө авсныг хэлсэн. ...Би хоёр хүргэнтэй, надад болсон асуудлаа хэлэх юм бол би боломжоороо тусална. Харин хүргэн Г. ******* надад хэлээгүй миний картыг ашиглаж мөнгө авсанд гайхаж байна. ... Хэлэхгүйгээр миний эд хөрөнгө бэлэн мөнгө виза картыг ашиглах зарцуулах эрх байхгүй. ...Би мөнгөө авсан болохоор гомдол гээд байх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28, 32-33), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6), гэрч Б.******ын мэдүүлэг (хх-ийн 36-37), насанд хүрээгүй гэрч ******ийн мэдүүлэг (хх-ийн 42-44), насанд хүрээгүй гэрч ******ын мэдүүлэг (хх-ийн 45-47), насанд хүрээгүй гэрч Х. ******* ын мэдүүлэг (хх-ийн 48-50), гэрч Х. *****ын мэдүүлэг (хх-ийн 52-53), хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШД-233 дугаартай дүгнэлт (хх-ийн 58-60), эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-13, 20-21), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 22), хохирогч Д. ****** гийн *****  аймгийн Цагдаагийн газарт гаргасан нотариатаар баталгаажуулсан хүсэлт (хх-ийн 87), Г. ****** ийн *****  аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 91) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г. ****** ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д. ****** д 878,000 (найман зуун далан найман мянга) төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

   Шүүгдэгч Г. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч Г. ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д. ****** д 878,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 878,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г. ****** ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал гаргажээ.

 

Шүүгдэгч Г. ******* нь гэмт хэрэгт үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, гэмт хэрэг үйлдсэн нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй шалтгаант холбоогүй байх тул шүүгдэгч Г. ****** өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г. ****** өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г. ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г. *******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *****  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г ын А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г. ****** өд тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г. ****** өд мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г. ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д. ******  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г. ****** өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ХОСБАЯР