Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/913

 

 

 

 

 

 

   2023           11           29                                    2023/ШЦТ/913

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон

Шүүгдэгч: М.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б******* овогт М******* Д*******д холбогдох 2305034891946 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Соос медика Монголиа” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Баянхошууны ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Б******* овогт М******* Д******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Д******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтай гэх нэртэй караоке дотор хохирогч Г.У*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Д******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтай гэх нэртэй караоке дотор хохирогч Г.У*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д*******ын “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305034891946 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.У*******гийн хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр би караокегоо ажиллуулаад ажил дээрээ байж байхад зүс таних Д******* нь Мөнхдулам гэдэг хүнтэй хамт ирээд караокены гадна надаас өөрийнхөө машины бичиг баримтыг асуугаад байсан. Мөн тэр эгч нь надаас чи Д*******ын машины бичиг баримтыг авсан юм уу гээд асуугаад байгаад явсан. Тухайн үед Д******* согтуу байсан. Дараа нь Мөнхдулам гэдэг эгч нь ажил руугаа явсан харин Д******* манай караоке дотор ороод надаас уучлалт гуйгаад гарахдаа гадна шатны хажууд шээсэн. Тэгээд бид хоёр шээсэн асуудлаас болоод гадаа хэрэлдсэн. Тэгээд би Д*******ыг ямар дэвтэй юм уусан юм бэ, харьж амар гээд явуулсан. Хэсэг хугацааны дараа Д******* нь 3 найзтайгаа орж ирээд текэн дээр зогсоод надаас хэрүүл гуйгаад байхаар нь би одоо явчих аа гээд Д*******ын биед хальт зөөлөн хүрсэн. Тэгээд Д******* ариун цэврийн өрөө ороод гарч ирээд үүдэнд зогсож залууг над руу түлхсэн. Тэгээд би эргэж хараад чи яагаад байгаа юм бэ гэж асуутал Д******* нь намайг яадаг юм гичий минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д*******ыг нэг удаа зүүн хацар рүү нь алгадсан. Гэтэл намайг зөрүүлээд толгойн зүүн хэсэгт 2 удаа, зүүн чих рүү 1 удаа цохисон ба мөн эрүү рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд дээлтэй хоёр найз нь Д*******ыг салгаад авч гарсан. Надад учирсан гэмтлүүдийг Д******* нь учруулсан Түүний хоёр дээлтэй найз нь намайг цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй Т.Б******* гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Алтай караокед ажиллаж байхад 02 цагийн үед гаднаас 3 эрэгтэй хүн орж ирээд хар куртиктэй залуу нь У*******тай маргалдаад байсан. Тухайн эрэгтэй хүнтэй хамт явж бйасан дээлтэй залууг Аялгуу руу түлхсэн ба Аялгуу эргэж хараад тухайн хар куртиктэй эрэгтэйг нэг удаа алгадсан. Тэгээд хар куртиктэй залуу Аялгууг буцаагаад толгой хэсэг болон зүүн чих рүү нь цохисон. Дараа нь Аялгууг чирээд газарт унагаад өшиглөсөн эсвэл өвдөглөсөн. Дараа нь хоёр дээлтэй залуу нь тухайн залууг салгаад аваад гарсан. Тухайн үед Аялгууг хар куртиктэй залуу ганцаараа цохиж зодсон. 2 дээлтэй залуу нь Аялгууг цохиж зодоогүй, маргаанд оролцоогүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12125 дугаартай “...Г.У*******гийн биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Д*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч М.Д******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтай гэх нэртэй караоке дотор хохирогч Г.У*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” болох нь хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Батнасангийн мэдүүлэг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12125  дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч М.Д******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Д*******ын “2023 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтай гэх нэртэй караоке дотор хохирогч Г.У*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч М.Д*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч М.Д******* нь хохирогч Г.У*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн болох нь хохирогчийн хүсэлт /хх-80 тал/-ээр тогтоогдож байх тул М.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Д******* нь “...2023 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Алтай гэх нэртэй караоке дотор хохирогч Г.У*******г гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний биед зүүн чихэнд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод 6 дугаар шүдний эмтрэл, хоёр шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч М.Д*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 81 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч М.Д*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд М.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч М.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч М.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт М******* Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д*******ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхийн шийдвэрийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ