Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/239

 

     2023          10           31                                            2023/ШЦТ/239

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Хохирогч О. ******  (онлайн)

Шүүгдэгч М. ******  нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт М ын Г  өд холбогдох эрүүгийн 2339000000350 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М. ******  нь Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Сайхан Таван-Эрдэнэ” дэлгүүр дотор 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О. ****** тай “архи зээлээр өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар О. ****** гийн нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд дээд уруулын дотор салстад шарх, дээд баруун 1, 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М. ******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч О. ******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ****** д архи зээлээр өгөхгүй гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би дэвтрээрээ цохисон. Тэгээд над руу салаавч гаргаад, ...элдэв бусаар доромжлоод байсан. Маргааш нь дэлгүүрт орж ирэхэд нь би манай дэлгүүр чамд үйлчлэхгүй гэсэн чинь ...намайг заналхийлээд байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан. ...2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хотод 3 шүдээ эмчлүүлэхэд 2 шүд нь мэдрэлийн судас нь гэмтсэн, 1 шүд нь эмчлэгдэхээр байна гэсэн. Энэ хоёр шүд нь 2 жил л тэсэх юм байна даа гэсэн. Тэгээд саяхан хотод очиж сувгийн эмчилгээ хийлгэхэд шүдэнд маань үнэр орчихсон, суларчихсан байсан. ...хүчтэй лазер эмчилгээ хийлгэж байгаа болохоор толгой маань их өвддөг болсон...” гэв.

 

Хохирогч О. ******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 23-ны оройн 20 цаг 30 минутын орчим Батноров сумын төвд миний өөрийн ажиллуулдаг “Төгс Сайхан Таван-Эрдэнэ” нэртэй дэлгүүрт худалдагч хийгээд сууж байхад гаднаас манай дэлгүүрт ******  гэх манай сумын ах, Зоригоо, Гүрээ гэх хүмүүстэй орж ирээд ******  нь надаас “архи зээлье” гэхээр нь би “согтуу хүнд өгөхгүй” гэж хэлэхэд хэл амаар доромжилсон. Би архи зээлээр өгөхгүй гэж удаа дараа хэлсэн боловч ******  гэх хүн “үйлчлүүлэгч хаан, чи надад үйлчлэх ёстой” гээд над руу дайраад байхаар нь би өрийн дэвтрээр 1 удаа ****** гийн нүүрэн тус газарт нь цохитол миний өөдөөс салаавч гаргаж янз бүрээр доромжилж эхэлсэн. Тэгээд би дахин тухайн дэвтрээр цохих гэтэл миний нүүрэн тус газар ******  1 удаа цохиж танхайрсан. Тэгээд би ******  болон хамт явсан хүмүүсийг дэлгүүрээс гаргах гэж лангуунаас гарч очиж 1 удаа өшиглөж дийлдэхгүй байхаар нь манай дэлгүүрт үйлчлүүлж байсан 2 хүүхэд тэднийг дэлгүүрээс гаргаж тусалсан. Тухайн оройн ******  гэх хүн архи зээлээр авах гэж хэл амаар доромжилж байгаад миний нүүрэн тус газарт 1 удаа цохиж танхайрсан. Тэрнээс болж миний үүдэн 2 шүд хөдөлгөөн орж толгой өвддөг болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулахаар шийдсэн. Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод очиж 5 хоногийн эмчилгээ хийлгээд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө ирсэн. Одоо дахин шүдний эмчилгээг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийлгэхээр болсон. Миний урд 2 шүд цохиулснаас болж хөдөлгөөн орж тэрнээс болж толгой өвдөөд байгаа. Миний урд 2 шүдний мэдрэлийн судас нь гэмтээд хавагнаад шүд хөдөлгөөн орсон гэж эмч нь хэлсэн. Цохиулсан үед бол уруул, болон буйл хавдаж эхэлсэн, хавдар нь буухад шүд хөдөлгөөн орж эхэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний мөнгөө ******  гэх хүнээс гаргуулж авмаар байна...” гэжээ. (хх-ийн 9-10),

 

Гэрч Ц. ******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ****** , ******  нартай 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвийн баг буюу 6 дугаар багт ****** ын хашаанд машины мотор янзалж байхдаа архи хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн орчимд Батноров сумын хойд эгнээгээр байдаг “Төгс сайхан таван эрдэнэ” гэх дэлгүүрээс архи худалдаж авахаар орсон. Тэгээд ******  дэлгүүрээс архи зээлээр авах гэж тухайн дэлгүүрийн худалдагч Энхнарантай маргаан болж “архи зээлээр өгөхгүй” гэхэд нь би хажууд нь хамт байсан болохоор ****** ийг боль гэж хэлсэн боловч маргалдаж байсан. Тэгсэн чинь дэлгүүрийн худалдагч эмэгтэй “та гуравт архи өгөхгүй” гээд маргалдаж байснаа ****** ийг дэвтрээр цохисон чинь ******  зөрүүлээд салаавч өгсөн. Тэгсэн чинь худалдагч хүүхэн дахин дэвтрээр цохих гэсэн чинь ******  худалдагч хүүхний нүүр хэсэгт нь гараа атгалгүйгээр гарын хажуу хэсгээрээ 1 удаа цохисон. Тэгэхээр нь би ****** ийг “боль, чи яаж байгаа юм” гээд гараас нь чирээд гарсан. ******  нь биерхүү том гартай хүн болохоор гараараа ******** ийн нүүрэн хэсэгт 1 удаа цохиж байгааг нь харсан. Яг нүүрний аль хэсэгт гэдгийг нь сайн мэдэхгүй хэрүүл болоод тухайн дэлгүүрээс гараад явсан...” гэжээ. (хх-ийн 17-18),

 

Шүүгдэгч М. ******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Батноров сумын 6 дугаар баг “Төгс сайхан таван эрдэнэ” гэх дэлгүүрт архи авах гээд орох үедээ худалдагч Энхнарантай маргалдсан чинь Энхнаран дэвтрээр миний нүүр лүү цохисон. Дараа нь дахин цохих гэхээр нь би ******** ийн уруул хэсэгт нь цохисон. Би тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчдоо хохирлыг нь нөхөн төлнө...” гэжээ. (хх-ийн 34-35)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 433 дугаартай “...1.О. ****** гийн биед дээд уруулын дотор салстад шарх, дээд баруун 1, 2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 23-24),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3)

М. ****** ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 39)

Хэнтий аймгийн Батноров сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 39)

Гэрч *****-ийн мэдүүлэг (хх-ийн 46-47)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44), шүүгдэгч М. ****** өөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М. ****** өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч Т овогт М ын Г   нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс Сайхан Таван-Эрдэнэ” дэлгүүр дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О. ****** тай “архи зээлээр өгсөнгүй” гэх  шалтгаанаар маргалдаж, улмаар О. ****** гийн нүүрэн тус газар 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад шарх, дээд баруун 1, 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч М. ****** ийн“...Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Батноров сумын 6 дугаар баг “Төгс сайхан таван эрдэнэ” гэх дэлгүүрт архи авах гээд орох үедээ худалдагч Энхнарантай маргалдсан чинь Энхнаран дэвтрээр миний нүүр лүү цохисон. Дараа нь дахин цохих гэхээр нь би ******** ийн уруул хэсэгт нь цохисон. Би тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогчдоо хохирлыг нь нөхөн төлнө...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О. ****** гийн “...2023 оны 08 дугаар сарын 23-ны оройн 20 цаг 30 минутын орчим Батноров сумын төвд миний өөрийн ажиллуулдаг “Төгс Сайхан Таван-Эрдэнэ” нэртэй дэлгүүрт худалдагч хийгээд сууж байхад гаднаас манай дэлгүүрт ******  гэх манай сумын ах, Зоригоо, Гүрээ гэх хүмүүстэй орж ирээд ******  нь надаас “архи зээлье” гэхээр нь би “согтуу хүнд өгөхгүй” гэж хэлэхэд хэл амаар доромжилсон. Би архи зээлээр өгөхгүй гэж удаа дараа хэлсэн боловч ******  гэх хүн “үйлчлүүлэгч хаан, чи надад үйлчлэх ёстой” гээд над руу дайраад байхаар нь би өрийн дэвтрээр 1 удаа ****** гийн нүүрэн тус газарт нь цохитол миний өөдөөс салаавч гаргаж янз бүрээр доромжилж эхэлсэн. Тэгээд би дахин тухайн дэвтрээр цохих гэтэл миний нүүрэн тус газар ******  1 удаа цохиж танхайрсан. Тэгээд би ******  болон хамт явсан хүмүүсийг дэлгүүрээс гаргах гэж лангуунаас гарч очиж 1 удаа өшиглөж дийлдэхгүй байхаар нь манай дэлгүүрт үйлчлүүлж байсан 2 хүүхэд тэднийг дэлгүүрээс гаргаж тусалсан. Тухайн оройн ******  гэх хүн архи зээлээр авах гэж хэл амаар доромжилж байгаад миний нүүрэн тус газарт 1 удаа цохиж танхайрсан. Тэрнээс болж миний үүдэн 2 шүд хөдөлгөөн орж толгой өвддөг болсон...” гэх, гэрч Ц. ****** ын “...дэлгүүрийн худалгагч эмэгтэй “та гуравт архи өгөхгүй” гээд маргалдаж байснаа ****** ийг дэвтрээр цохисон чинь ******  зөрүүлээд салаавч өгсөн. Тэгсэн чинь худалдагч хүүхэн дахин дэвтрээр цохих гэсэн чинь ******  худалдагч хүүхний нүүр хэсэгт нь гараа атгалгүйгээр гарын хажуу хэсгээрээ 1 удаа цохисон. Тэгэхээр нь би ****** ийг “боль, чи яаж байгаа юм” гээд гараас нь чирээд гарсан. ******  нь биерхүү том гартай хүн болохоор гараараа ******** ийн нүүрэн хэсэгт 1 удаа цохиж байгааг нь харсан. Яг нүүрний аль хэсэгт гэдгийг нь сайн мэдэхгүй хэрүүл болоод тухайн дэлгүүрээс гараад явсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 433 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М. ******  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч М. ******  нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч М. ****** ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 433 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч М. ****** өд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М. ****** ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М. ******  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М. ****** өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. ****** өд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М. ****** ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О. ****** гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О. ******  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгч М. ****** ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин шүүгдэгч М. ******  нь хохирогч О. ****** д эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О. ******  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М. ******  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М. ******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт М ын Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ****** өд 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Магсаржавын ******  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О. ******  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд М. ****** өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М. ******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О. ****** д 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М. ****** өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР