Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00754

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 530 дугаар магадлалтай,

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй,

С.А, С.М, С.О, С.Н нарт холбогдох,

6,506,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадасын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч С.М, С.А, С.О, С.Н нарт холбогдуулан С.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6,506,060 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргасан байна.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Агээс 3,253,030 төгрөг, хариуцагч С.Мгөөс 3,253,030 төгрөг, нийт 6,506,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас С.Н, С.О нарт холбогдох шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч С.Агээс 59,523 төгрөг, хариуцагч С.Мгөөс 59,523 төгрөг, нийт 119,047 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2020.05.25-ны өдрийн 10434 дугаар захирамжаар хариуцагч С.А, С.М нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 6,292,310 төгрөгийн битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 530 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.А, С.М, С.О, С.Н нарт холбогдох гэм хорын хохиролд 6,506,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 120,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ш.Бийн өмгөөлөгч Ө.Алтангадас миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 530 дугаартай магадлалыг 2022.04.08-ны өдөр хүлээн авч танилцсан. Дээр дурдагдсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022.01.05-ны өдрийн шүүх хуралдаанаараа Ш.Бийн нэхэмжлэлтэй С.М, С.А, С.Н, С.О нарт холбогдох “6,506,060 /зургаан сая таван зуун зургаан мянга жаран/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 101/ШШ2022/000182 дугаартай “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Агээс 3,253,030 төгрөг, хариуцагч С.Мгөөс 3,253,030 төгрөг, нийт 6,506,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас С.Н, С.О нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн шийдвэрийг гаргасан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2022.03.21-ний өдрийн 530 дугаартай магадлалаараа “1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00182 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.А, С.М, С.О, С.Н нарт холбогдох гэм хорын хохиролд 6,506,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэрийг гаргасан болно.

4.2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаартай тогтоолоор “1..., Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хойд овогт Сандуйжавын Оод холбогдох эрүүгийн 2014260006191 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн шийдвэрийг гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь дээр дурдагдсан шүүхийн тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгосон байдаг. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 890 дугаартай магадлалаар “1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Болор, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг, Улсын дээд шүүхийн шүүгчийн 2018.03.14-ний өдрийн 25 дугаартай Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх тухай захирамжаар “1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаар шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 890 дүгээр магадлалтай С.Оод холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй” гэсэн шийдвэрийг тус тус гаргасан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол/-ийн 1 дэх хэсэг /Дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй/-ийн 1.3-т “яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/”, 34.19 дүгээр зүйл /Хэргийг хэрэгсэхгүй болгох/-ийн 1 дэх хэсэг /Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно/-ийн 1.3-т “шүүгдэгч нас барсан”, 15.8 дугаар зүйл /Шүүхийн шийдвэрт гомдол гаргах/-ийн 2 дахь хэсэгт “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй”, 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, 1.4-т “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа”, 1.5-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаартай тогтоолд тусгагдсан эрүүгийн 2014260006191 дугаартай хэрэгт явагдсан мөрдөн байцаалтаар шүүгдэгч Хойт овогт Сандуйжавын Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг “хөдөлбөргүй” тогтоосон. Хэрэв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэл тогтоогдвол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017.10.16-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Хойт овогт Сандуйжавын Оыг цагаатгасан шийдвэрийг гаргах ёстой. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017.10.16-ны өдөр хийгдсэн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Сандуйжавын Оын өмгөөлөгч Г.Пүрэвлхам болон шүүх хуралдаанд оролцоогүй шүүгдэгчийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүмүүс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаартай тогтоолыг эс зөвшөөрсөн гомдлыг шүүхэд гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүгдэгч С.Оод холбогдох эрүүгийн 2014260006191 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болохоор шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгч буюу талийгаач С.Оын өвлөгч Хойд овогт Сандуйжавын М, Боржигон овогт Сандуйжавын А нар нь өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцан төлөх үүрэгтэй болно.

4.3. Улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 1-ийн 1.2-т “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн заалт энэ зүйлийн 115.2-т зааснаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээс гадна хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэлд мөн хамаарна. Гэхдээ шүүхийн цагаатгах тогтоолоор иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон, эсхүл эрүүгийн хэргийг прокурор, шүүх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэхгүй бөгөөд улмаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Харин эрүүгийн хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-24.1.6.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар 2017.07.01-ний өдрөөс хүчингүй болсон Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйл /Эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд/-ийн 24.1 дэх хэсэг /Дор дурдсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхгүй бөгөөд хэрэв үүсгэсэн бол прокурор, шүүгч хэргийг энэ хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгоно/-ийн 24.1.1-д “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй”, 24.1.2-т “хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, 24.1.3-т “гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүмүүст холбогдох нөхцөл байдал шинээр илэрснээс уг хэргийг сэргээн хэлэлцэх явдал үүнд хамаарахгүй/”, 24.1.4-т “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа”, 24.1.5-д “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдэж, хэргээ сайн дураараа илчлэн ирсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан”, 24.1.6-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай шинж чанараа алдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нийгэмд аюулгүй болсон нь тогтоогдвол”, 24.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 24.1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх шүүн таслах ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана”, 24.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч, энэ хуулийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.3, мөн зүйлийн 24.2 дахь хэсэг, 24.3 дахь хэсгийн зохицуулалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт тус тус бараг нэгэн адилаар тусгагдсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлал гаргахдаа Улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын холбогдох зохицуулалтуудыг анхаарч, хэрэглэх үүрэгтэй болно.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 530 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 101/ШШ2022/000182 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2022/00501 дүгээр тогтоол гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч С.М, С.А, С.О, С.Н нарт холбогдуулан С.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6,506,060 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэлийг ...С.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас 3,500 ам.доллар буюу 6,213,550 төгрөгөөр хохирсон. ...шүүгдэгч С.О эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2019.09.23-ны өдөр нас барсан. ...иймд түүний эд хөрөнгийг өвлөн авсан С.М, С.А, С.Н, С.О нараас 6,213,550 төгрөг, бусад зардлын хамт нийт 6,506,060 төгрөгийг гаргуулна гэжээ.

8. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг гэм хорын хохирол гэж тодорхойлсноос үзэхэд талийгаач С.Оод залилан мэхлүүлсний улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна. ...гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон хохирлын хооронд зайлшгүй шалтгаант холбоо байх ёстой. ...талийгаач С.Оын бусдыг залилсан гэх гэм буруу шүүхээр тогтоогдоогүй учир зөвхөн талийгаачийн ах, эгч, дүү гэдгээр нь гэм бурууг хариуцуулах, хохирол нэхэмжлэх үндэслэлгүй... гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Агээс 3,253,030 төгрөг, хариуцагч С.Мгөөс 3,253,030 төгрөг, нийт 6,506,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч С.Н, С.О нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

10. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” 15 дугаар тогтоолын холбогдох зохицуулалтыг анхаарч, хэрэглэх үүрэгтэй. ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13-р хороолол, 10-р байрны 192 тоотын 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр С.О бүртгэлтэй бөгөөд тэрээр 2017.09.22-ны өдөр нас барсан.

13. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу С.Оын төрсөн охин О.Баясгалан нь түүний хууль ёсны өвлөгч мөн байх боловч тэрээр хуульд зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй тул түүнийг мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөх эрхээс татгалзсан гэж үзнэ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.10-ны өдрийн 862 дугаар шийдвэрээр, О.Баясгалан нь дээрх орон сууцны С.Оод ногдох хэсгээс болон түүний бусад эд хөрөнгийг өвлөн аваагүй нь тогтоогдсон үндэслэлээр О.Баясгалан, П.Дэлгэрмаа нараас гэм хорын хохиролд 6,213,550 төгрөг нэхэмжилсэн Ш.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

14. Мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т “Энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч болно” гэж зааснаар тухайн орон сууцанд С.Отой хамт амьдарч байсан төрсөн ах, дүүс болох С.М, С.А, С.Н, С.О нар өв хүлээж авахаас татгалзаагүй тул өвийг хүлээж авсан, түүний хууль ёсны өвлөгч болно.

Тэдгээр өвлөгч нараар өвлүүлэгчийн үүргийг хариуцуулахын тулд тухайн өвлүүлэгчид иргэний эрх зүйн үүрэг үүссэн байх, нас барагч С.Оын бусдад гэм хор учруулснаас үүрэг үүссэн гэх байдал тогтоогдсон байх шаардлагатай юм. Хэргийн баримтаас үзвэл, С.О нь нийт 13 удаагийн давтан үйлдлээр, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, 196,773,550 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан байх ба энэ үйлдлүүд дунд, 2014.03.12-ны өдөр иргэн Ш.Бээс 3,500 ам.доллар буюу 6,213,550 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авсан хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байсан. 

Энэ эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.О 2017.09.22-ны өдөр өвчний улмаас нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.16-ны өдрийн 165 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.14-ний өдрийн 890 дугаар магадлал гарсан, эдгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн эдгээр шийдвэрээр С.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоогоогүй, нэхэмжлэгч Ш.Бт хохирол учруулсан гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй байна.

15. Иймд, давж заалдах шатны шүүхийн ...нас барагч С.Оын гэм бурууг тогтоосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй, үүрэг үүссэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй тул өвлөгч болох С.А, С.М, С.О, С.Н нарт С.Оын үйлдсэн гэх гэмт хэргийн хохирол гэх 6,213,550 төгрөг, уг хохиролтой холбогдон гарсан зардлыг хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 515 дугаар зүйлийн 515.2-т заасантай нийцжээ.

16. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 530 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                    Б.МӨНХТУЯА