Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огниуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярт холбогдох эрүүгийн 201610010201 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1973 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, Соёмбын 150-06 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, бие эрүүл Огниуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярт  /РД:ЕЮ73120619/ холбогдох эрүүгийн 201620010201 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:  /Прокурорын яллах дүгнэлтээр/ 

Шүүгдэгч О.Батбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын дундуур Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ToЗа” ХХК-ны эзэмшлийн суурин блокноос 8 ширхэгийг машин механизм хэрэглэж хулгайлан авч иргэн Д.Тунгалагт 500000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2015 оны 9 сарын дунд үед То За ХХК-ний хашааны гадна талаас 8 ширхэг суурин блок авсан юм.  Тэнд гаалийн срет байсан болохоор гаалийн мэдлийнх байж магадгүй гэж бодоод гаалийн нэг инженерээс асуухад манайх хариуцдагүй гэж байсан. Тэгээд л  манайх хашаагүй учраас хүний өөрийн нийлсэн хүүхдүүд тоглоод байдаг болохоор машины зам хаах гэж  суурин блокуудыг авсан юм. Тухайн үед 8 ширхэг суурин блокийг  карго дээрээс хот руу явах гэж байсан цагаан саарал өнгийн краныг гуйгаад 60,000 төгрөг өгч гэр рүүгээ хүргүүлсэн. 2015 онд болсон асуудал болохоор хэд дугаартай  кран байсныг санахгүй байгаа юм. Би Дорноговь аймгаас хааяа ирж байгууллагынхаа юмыг авчдаг байсан ногоон краны жолоочтой хааяа хамт ажилладаг байсан, гэрч Санданням түүнийг л харсан байх, тэгээд намайг ногоон грантай гэж хэлсэн байх. Миний хувьд кран байхгүй. Хохирогчид яагаад илүү суурин блок өгсөн гэхээр тунгалаг эгч ирээд  миний блокийн өгчих тэгвэл би өргөдлөө татаад авчихаж болох юм шиг байна лээ гэхээр нь би өөрт байсан блокийг нэмж өгсөн юм. Тухайн блокийн би 2007 онд Зүүнбаянгийн тосны газарт ачаа аваачиж өгчихөөд буцаад ирэхдээ ачиж ирсэн байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, сардаа 700 гаруй мянган төгрөгийн зээл төлдөг юм. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Д.Тунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн “ Манай компаний эзэмшлийн төмөр агуулах байсныг шинээр дахин барих болоод түүнийг буулгаж доор сууринд байсан блокноос ашиглах боломжтой байсныг ялган авч 28 ширхэгийг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 12 дугаар хэсэг гэсэн хаягтай хашаанд хураасан байсан. Энэ хашаанаас суурин блок алдагдсан. Тэгтэл манай манаач Самданням энэ хавьд блок авах хүн ногоон крантай Гүндэг гэх авсан байх гэж хэлсэн. Угаасаа тэр блокыг хүний хүчээр өргөж авч явах боломжгүй. Тэгээд Гүндэгийг хайгаад гэрт нь очтол манай хашаанд байсан блокыг хашаандаа хураасан байсан. Гүндэгтэй уулзаад чи яагаад хашаанд байсан блок авсан бэ гэхэд чинийх биш ээ гаалийн албаны дарга ав гэж хэлсэн хамаагүй гэж хэлсэн. Гүндэгийн хашаанд хураалттай байсан блок нь манайх блок мөн байсан учраас гомдол гаргахдаа гэрэл зургийг авч хавсаргаж өгсөн. Уг блокыг техникийн хүчээр ухаж авсан учраас шинж тэмдэгээр нь сайн мэдэж байна. Урт нь 230 см, өргөн нь 40 см өндөр нь 58 см хэмжээтэй орос блок байгаа. Би өөрийн алдсан блокыг тус бүрийг нь 100000 төгрөгөөр үнэлнэ. Энэ блокыг цаашид ашиглах боломжтой. С.Самданням нь анх манайд 2015 оны 5 сард сахиулаар ажилд орсон. С.Самданнямтай уулзахад агуулахын зүүн талд байсан 25 ширхэг суурин блок хулгайд алдагдсан гэж хэлэхээр нь хэзээ алдагдсан талаар асуухад энэ талаар хэлээгүй. ...Анх би цагдаагийн байгууллагад 28 ширхэг суурин блок алдагдсан гэж өргөдөл өгөхдөө 2015 онд алдагдсан 3 ширхэг суурин блокоо хасаж хэлэхээ мартаад 28 ширхэг гэж хэлсэн байсан. Яг хэзээ хулгайд алдагдсан талаар манай сахиул сайн мэдэж байгаа. Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан тул.Батбаярт гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/

Гэрч Ц.Баатаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн” Би 2000 онд тээвэрт явж байгаад О.Батбаяртай танилцсан бөгөөд найз нөхдийн холбоотой байдаг. Батбаяр нь айлын хашааны гаднаас зөвшөөрөлгүйгээр суурин блок авсан гэж хэлж байсан.../хх-ийн 19 /

Гэрч Г.Ганболорын мөрдөн байцаалтад өгсөн “ Би анх 2014 оны 12 сад Замын-Үүд сумын цахилгаан  түгээх хэсэгт  ажилд орсон.  Би сар бүрийн 1-2-ны хооронд хариуцсан хэсгийн айл, өрх,  аж ахуйн нэгж байгууллагуудын  цахилгааны тоолуур бичилт хийдэг. Тэгэхэд Төмөр замын 1-5 тоотод  суурин блокууд байдаг байсан, тоо ширхэгийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 29/

Гэрч Ш.Баяржавхлангийн мөрдөн байцаалтад өсгөн “ жил бүрийн хавар намрын улиралд  гэр хорооллын гудамж талбайн элсийг ачдаг юм. 2014 оны намар Төмөр замын 1-5 тоот  хашаагаар дамжиж хойдхойд талын гудамж руу харах гэтэл уг хашаа нь байшингийнхаа зүүн тал  суурин блок зэрэгцүүлэн тавьсан байхаар нь  уг блокуудыг холдуулчих гэхэд  машин тээрг явдаг болохоор  хүүхдүүд дайрч осол гаргах гээд байдаг тул  ходуулах боломжгүй гэж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 30-31/

Гэрч С.Самданнямын мөрдөн байцаалтанд өгсөн “ Би 2015 оны 5 сард “To-За” ХХК-нд сахиулаар ажилласан намайг анх ажилд ороход тус компаний агуулахын зүүн талд 28 ширхэг суурин блок байсан бөгөөд тухайн үед Тунгалаг захирал надаар тоолуулж хүлээлгэж өгсөн. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр Соёлын төвд хандивийн тоглолт үзчихээд очиход 25 ширхэг суурин блок алга болсон байсан. ...Би 2016 оны 08 дугаар сарын 14-ны өдөр захиралд блок хулгайд алдсан гэдгийг хэлсэн. Суурин блокыг хүн өргөх боломжгүй тээврийн хэрэгсэл буюу кранаар өргөх боломжтой. Уг блокыг ашиглах боломжтой гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/

Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн  шүүгдэгчийн өмчлөлийн Дөл төслийн  зуухыг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл  /хх-ийн 34-35/

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Дөл төслийн зуух 385,000 төгрөгөөр үнэлсэн 169 тоот  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 39-42/

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч Д.Тунгалаг нь шүүгдэгч О.Батбаяраас эд зүйл хүлээн авсан тухай баримт /хх-ийн 45/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн суурин блок үнэлсэн тухай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-57/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 72/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар 17 өдрийн 66 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-83/

Хохирогч Д.Тунгалагийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд гаргасан "Д.Тунгалаг миний бие нь Л.Батбаярт холбогдох хэргийн хохирогч, бөгөөд түүнд ямар нэг гомдол санал байхгүй"  гэсэн хүсэлт /хх-ийн 121/ 

Замын-Үүд сумын хэмжээнд авто кран маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг иргэдийн судалгаа /хх-ийн 140-147/

Зам тээврийн хөгжлийн төвийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/100 дугаартай албан тоот /хх-ийн 150/

Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн “ Миний нэр дээр өөрийн эзэмшлийн цагаан өнгийн авто кран 2 ширхэг,  ногоон өнгийн авто кран,  шар өнгийн авто кран гээд нийт 4 ширхэг байдаг. Би цагаан өнгийн  21-40 ДГО улсын дугаартай авто кранаа 2015 оны 07 сард худалдан авсан. Худалдан авснаас хойш  суурин блок ачиж байгаагүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Батбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын дундуур Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “To За” ХХК-ны эзэмшлийн суурин блокноос 8 ширхэгийг машин механизм хэрэглэж хулгайлан авч То За ХХК-нд  500000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Батбаяр дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Тунгалаг, С.Самданням нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч Д.Тунгалаг нь шүүгдэгч О.Батбаяраас эд зүйл хүлээн авсан тухай баримт, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн суурин блок үнэлсэн тухай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хулгайлсан 8 ширхэг суурин блок нь машин, мехинизмаар зөөвөрлөхөөс өөр боломжгүй, тэрээр кранаар зөөвөрлөсөн болох нь хэрэгт тогтоогдож байх ба түүний хулгайн эд зүйлийг үйлдэхдээ хэрэглэсэн краныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан боловч цаг хугацааны хувьд  уг хэрэг 2015 оны 09 сарын дунд үед үйлдэгдсэн, Замын-Үүд сумаас явж байгаа тээврийн хэрэгслүүдээс төлбөр авах цэгийн дэргэд ажиллах камерийн бичлэг нь 7 хоногийн хугацаанд хадгалагддагаас хамаарч 2015 оны 09 сарын 01-нээс 10 сарын 01-нийг хүртэл лавлагааг гаргах боломжгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдож байна.

 Шүүгдэгч О.Батбаяр нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолын хуулбараас үзэхэд шүүгдэгч О.Батбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдож, шүүх түүнийг гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Дээрх байдал нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдалд хамаарахгүй  байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Батбаяр энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөх төлөх үүрэг бүхий этгээд бөгөөд тэрээр То За ХХК-д учруулсан 500,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг суурин блокны хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болох хохирогч Тунгалагийн хохирлоо хүлээн авсан баримт зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн О.Батбаярын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх дээрх хуульд заасан нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Нэгэнт шүүхээс эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр шийдэврлэж байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 01-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 385,000 төгрөгийн үнэ бүхий Дөл төслийн зуухыг шүүгдэгч О.Батбаярт буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Батбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус  дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Огниуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярыг машин мехнизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Очирхуягийн Батбаярыг   эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч О.Батбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч О.Батбаяр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус  дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 11 сарын 01-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 385,000 төгрөгийн үнэ бүхий Дөл төслийн зуухыг шүүгдэгч О.Батбаярт буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч О.Батбаярт оногдуулсан 2 жилийн хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба О.Батбярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД