| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0226/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/240 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Нарангэрэл |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа
Улсын яллагч Б.Нарангэрэл,
Шүүгдэгч А. ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэнгэр Б овогт А ийн Г д холбогдох эрүүгийн 2339003490309 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А. ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвийн доторх эмнэлгийн өрөөний вакум цонх болон хүлээлгийн өрөөний хаалга, хаалганы бариул зэргийг эвдэж, хууль бусаар устгаж гэмтээн тус сумын эрүүл мэндийн төвд 324,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А. ******** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Ц. ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд ахлах сувилагчаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 111 дугаартай албан бичгээр эрүүл мэндийн төвийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд зүс таних хүн эмнэлэгт орж ирж байгууллагын эд зүйлс болох эмнэлгийн өрөөний вакум цонх болон хүлээлгийн өрөөний хаалга, хаалганы бариул зэргийг эвдэж сүйтгэсэн явдалд байгууллагын зүгээс гомдолтой байна...” гэжээ. (хх-ийн 25)
Гэрч Н. ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт Эрүүл мэндийн төв дээр алсын дуудлагаас ирэхэд байгууллагын 1 давхарт ******** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа болон ээлжийн эмнэлгийн ажилчдыг “янхан, гичий” гэх мэт хараалын үгээр доромжлоод хүлээн авахын өрөөний хаалгыг өшиглөсөн. Удалгүй цагдаа аваад явсан. ...Тэр өдөр миний бие 22 цагийн үед эмнэлэг дээр дуудлагаас ирсэн. Намайг ирэхээс өмнө 1 давхрын эмчийн өрөөний цонхыг тоосго шидээд хагалсан мөн хаалганы бариулыг хугалсан гэж ээлжийн сувилагч ******** хэлсэн. Урьд өмнө ******** нь удаа дараа ийм асуудал гаргаж байгаа. Цагдаагийн байгууллагад хандаж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ийм ааш авир гаргаж байгууллагын эд зүйл эвдэж байсан...” гэжээ. (хх-ийн 13-14)
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Тэгтэл манай эмнэлэгт А. ******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн байсан ба надад хандаж “миний даралтыг үзээд өг” гэж хэлсэн. Би А.******** д “даралтны аппарат 2 давхарт байгаа, би аваад ирье” гэж хэлээд 2 давхарт гарч даралтны аппаратаа аваад буцаад 1 давхарт иртэл А. ******** нь анх байсан газраа байгаагүй. А. ******** анх эмнэлгийн 1 давхрын үүдэнд байсан юм. Би ******** г эмнэлэг дотор хайж байтал шил хагарах, юм эвдрэх чимээ сонсогдохоор нь очоод хартал эмнэлгийн 1 давхарт байх эх баригч эмчийн өрөөний гадна цонх хагарсан, хүлээлгийн өрөөний хаалга цөмөрч эвдэрсэн байсан ба хажууд нь А. ******** нь ганцаараа байсан. Тэгээд би Цагдаад хандаж ******** г цагдаагийн алба хаагчид ирээд авч явсан. Тухайн үед би А.******** тай маргалдсан зүйл байхгүй.” гэжээ. (хх-ийн 33)
Шүүгдэгч А. ******** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд ээж, ахынхаа хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын төв Хангалын 9 тоот гэртээ ганцаараа 4 ширхэг 2.5 литрийн савтай пиво, 1 шил 0.5 граммын шилтэй “Хараа” нэртэй архийг уугаад маш их согтсон байсан. Нэг сэргэсэн чинь сумын Эрүүл мэндийн төвийн сандал дээр сууж байхад гаднаас цагдаа нар орж ирж намайг аваад гэрт маань хүргэж өгсөн. Тэр үед эмнэлэгт байх хугацаанд ямар асуудал болсныг би сайн санахгүй байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн нь миний буруу. Би юу ч санахгүй байна. Учир нь би маш их согтсон байсан. Жаахан сэргэсэн чинь л эмнэлэгт сэрсэн...” гэжээ. (хх-ийн 52-53)
Гэрч Л. ******** гийн мэдүүлэг (хх-ийн 35-36)
Гэрч Э. ******** ын мэдүүлэг (хх-ийн 38-39)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШД-187 дугаартай “...вакум цонхны шил, 129,600 төгрөг, хаалганы бариул 15,000 төгрөг, хаалга 180,000 төгрөг, нийт 324,600 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт (хх-ийн 41-43)
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 9)
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тэмдэглэл (хх-ийн 8)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 18-19)
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (хх-ийн 60)
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 62)
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийг тодорхойлолт (хх-ийн 63)
******** н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 66, 67, 68)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.******** д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Б овогт А ийн Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвийн багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн өрөөний вакум цонх болон хүлээлгийн өрөөний хаалга, хаалганы бариул зэргийг эвдэж, хууль бусаар устгаж гэмтээн тус сумын эрүүл мэндийн төвд 324,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ******** н “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд ээж, ахынхаа хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус сумын төв Хангалын 9 тоот гэртээ ганцаараа 4 ширхэг 2.5 литрийн савтай пиво, 1 шил 0.5 граммын шилтэй “Хараа” нэртэй архийг уугаад маш их согтсон байсан. Нэг сэргэсэн чинь сумын Эрүүл мэндийн төвийн сандал дээр сууж байхад гаднаас цагдаа нар орж ирж намайг аваад гэрт маань хүргэж өгсөн. Тэр үед эмнэлэгт байх хугацаанд ямар асуудал болсныг би сайн санахгүй байна. Архи хэтрүүлэн хэрэглэсэн нь миний буруу. Би юу ч санахгүй байна. Учир нь би маш их согтсон байсан. Жаахан сэргэсэн чинь л эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******** гийн “...Миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд ахлах сувилагчаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 111 дугаартай албан бичгээр эрүүл мэндийн төвийг төлөөлөх, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд зүс таних хүн эмнэлэгт орж ирж байгууллагын эд зүйлс болох эмнэлгийн өрөөний вакум цонх болон хүлээлгийн өрөөний хаалга, хаалганы бариул зэргийг эвдэж сүйтгэсэн явдалд байгууллагын зүгээс гомдолтой байна...” гэх, гэрч ******** ын “...2023 оны 08 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Тэгтэл манай эмнэлэгт А. ******** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн байсан ба надад хандаж “миний даралтыг үзээд өг” гэж хэлсэн. Би А.******** д “даралтны аппарат 2 давхарт байгаа, би аваад ирье” гэж хэлээд 2 давхарт гарч даралтны аппаратаа аваад буцаад 1 давхарт иртэл А. ******** нь анх байсан газраа байгаагүй. А. ******** анх эмнэлгийн 1 давхрын үүдэнд байсан юм. Би ******** г эмнэлэг дотор хайж байтал шил хагарах, юм эвдрэх чимээ сонсогдохоор нь очоод хартал эмнэлгийн 1 давхарт байх эх баригч эмчийн өрөөний гадна цонх хагарсан, хүлээлгийн өрөөний хаалга цөмөрч эвдэрсэн байсан ба хажууд нь А. ******** нь ганцаараа байсан. Тэгээд би Цагдаад хандаж ******** г цагдаагийн алба хаагчид ирээд авч явсан. Тухайн үед би А.******** тай маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШД-187 дугаартай дүгнэлт, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А. ******** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч А. ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******** н үйлдлийн улмаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд 324,600 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШД-187 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.******** д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******** г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 324,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.******** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.******** д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******** д 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******** н үйлдсэн гэмт хэргийн улмаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Эрүүл мэндийн төвд 324,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ******** д нь шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч ******** г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А. ******** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А. ******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** д 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******** д оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.******** д мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А. ******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.******** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ХОСБАЯР