Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/155

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Т.Нансалмаа,

 шүүгдэгч Д.Г******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тугчин овогт Д******* Г*******од холбогдох эрүүгийн 203100180137 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б******* овогт Д******* Г*******, Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, 1 дүгээр байр, 6 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Г******* нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Шонхор” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна өөрийн найз Г******* өмөөрч, иргэн Н.А******* нүүр болон толгойны дагзны хэсэгт гараараа цохиж, биед нь чамархайн хуйханд няцарсан шарх, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, дух хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Г******* нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар” сумын 5 дугаар баг, 2 дугаар хэсэгт байрлах “Шонхор” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна өөрийн найз Г******* өмөөрч, иргэн Н.А******* нүүр болон толгойны дагзны хэсэгт гараараа цохиж, биед нь чамархайн хуйханд няцарсан шарх, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, дух хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г*******ын өгсөн: “...Хохирогч намайг зодож, цохисон. Хөгшин настай хүнийг цохилоо гэж салгасан. Би 2 удаа цохисон. Очиртой мөнгөн бөгжтэй байсан. Бөгжөөрөө цохисон. Томографийн зурагны үнэ 150,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Н.А******* 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар сумаас гарах гэж яваад “Шонхор” дэлгүүрийн гадаа зогссон. Тэгсэн чинь машин дотор арын суудалд сууж явсан 4 залуугийн арай залуухан нь намайг “нэг шил архи аваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “яахаараа би та нарт архи авч өгдөг юм бэ? авч өгч чадахгүй” гэсэн. Тэгсэн чинь араас татахаар нь би эргэж харж байгаад машины хаалга онгойлгож буусан. Тэгсэн чинь ард суугаад явж байсан 4 хүн бас буугаад ирсэн. Тэгээд тэд хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд бүгд над руу дайраад ирэхээр нь би зугтаасан. Тэгээд тэнд зогсож байсан машинд шахагдаад баригдсан. Тэгсэн чинь 4 залуу нийлж байгаад олон тал руу татаж байгаад 1 залуу нь хатуу зүйлээр толгойны ар хэсэг рүү цохиод унагаасан...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Б.Ж 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд тэр үл таних залуу машинаас буухаасаа өмнө дэлгүүр орж пиво авч ууна гэж ярихаар нь Ганжаргал тэр залууд “пиво авч яах юм бэ? ганц хатуу юм авчих” гэж хэлэхэд нөгөө залуу Ганжаргалд “би чиний архийг бэлдэх ёстой юм уу?” гэж хэлээд машин дотор маргалдаж байгаад тэд машинаас бууцгааж хоорондоо барьцалдаж аваад ноцолдож эхэлсэн. Тухайн үед Г******* машинаас бууж биеэ засчихаад ирж байгаа харагдсан. Ганжаргал тэр хоёрыг салгах гээд очиж зуурах үед нөгөө залуу Г*******ыг цохиод унагааж байсан харагдахаар нь Ж бид 2 машинаас бууж нөгөө залууг Ганжаргалаас салгах гэж нилээн оролдсон. Тэр залуу бөх барилддаг бололтой, булчинлаг биетэй залуу байсан болохоор бидэнд огт дийлдэхгүй байсан. Тэгээд зууралдаж байх хооронд Г******* нөгөө залуугийн толгой руу гараараа цохиод авах шиг болсон. Тэгсэн тэр залуугийн дух, толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Х.Жын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шонхор хүнсний дэлгүүрийн гадна Жаргалсайхан, Г*******, Ганжаргал нарын нарын хамт сууж байснаа санаж байна. Тэрнээс хойш үйл явдлыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг[4],

5. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Н.А******* биед чамархайн хуйханд няцарсан шарх, хамар ясны хугарал, зүүн доод зовхинд цус хуралт, дух, хамрын хянга нуруунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл  тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[5],

6. Яллагдагч Д.Г*******ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би тухайн залуугийн нүүр, толгойн орой, дагзны хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь тэр залуугийн толгойноос цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг[6],

7. Яаралтай тусламжийн хуудас[7], 8. Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13], 14.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол[14], 15.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын санал[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Г*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Алтанхундага  мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Г*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******од торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Д******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г*******ын цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.Г*******од анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 48-49  дүгээр тал

[7] Хавтаст хэсгийн 30-32 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 52 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 54 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 72 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 76 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 82 дүгээр тал