| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0151/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/197 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/197
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Т.Нансалмаа
шүүгдэгч Б.Ү*******, Х.Б*******,
тэдгээрийн өмгөөлөгч Г.Амартүвшин,
шүүгдэгч Ж.У*******,
түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х******* овогт Б******* Ү*******, Б******* овогт Х******* Б*******, Б******* овогт Ж******* У******* нарт холбогдох эрүүгийн 2031000770133 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Х******* овогт Б******* Ү*******, Монгол улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн “Хишиг-Өндөр” суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан 2 дугаар баг, Бэлчир 9 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, урьд:
-2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 16 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан;
-2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж ялаа эдэлсэн;
-2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж ялаа эдлээгүй, РД:/*******/,
2.Б******* овогт Х******* Б*******, Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн “Баян-Овоо” суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Тарвагатай 1 дүгээр баг, Найрамдал 2 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД://
3.Б******* овогт Ж******* У*******, Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тарс” ХХК-ны уулын бригадын дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг “Хүдэр” сумын Баянцагаан 2 дугаар баг, Хайрхан 2-р гудамжны 2 тоотод оршин суух хаягтай,
урьд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгний торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлсэн,
2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгний торгох ялаар шийтгүүлж ялаа эдэлсэн, РД:/МП86070971/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Шүүгдэгч Б.Ү*******, Х.Б******* нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж Кубота маркийн трактороор тээвэрлэж, байгаль экологид 1,008,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг;
2.Шүүгдэгч Ж.У******* нь Б.Ү*******, Х.Б******* нарт “надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа модонд яваад ир” гэж ятгаж хөлсөлсний улмаас Б.Ү*******, Х.Б******* нар нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж, “Кубота” маркийн трактороор тээвэрлэж, байгаль экологид 1,008,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Ү*******, Х.Б******* нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж “Кубота” маркийн трактороор тээвэрлэж “байгаль экологид 1,008,000 төгрөгний хохирол учруулсан” гэмт хэргийг, шүүгдэгч Ж.У******* нь Б.Ү*******, Х.Б******* нарт “надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаа модонд яваад ир” гэж ятгаж хөлсөлсний улмаас Б.Ү*******, Х.Б******* нар нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн нутаг “Бүдүүний эх” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, 6 метр куб нойтон нарс модыг бэлтгэж “Кубота” маркийн трактороор тээвэрлэж, байгаль экологид 1,008,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ж.У*******, Б.Ү*******, Х.Б******* нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү*******гийн өгсөн: “...Тухайн өдөр модонд явахдаа Ж.У*******аас мод бэлтгэх зөвшөөрөл байгаа эсэх талаар асуухад “байгаа” гэж хэлсэн. Ж.У******* нь өмнө нь зөвшөөрлийн бичигтэйгээр бригад ахлаад олон удаа модонд явж байсан. Би ч гэсэн Ж.У*******тай хамтраад модонд явж байсан. Тийм болохоор би Ж.У*******ыг зөвшөөрлийн бичиг нь байгаа юм байна гэж итгэсэн. Ж.У*******т итгээд явсан нь миний буруу боллоо...” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б*******ийн өгсөн: “...Модонд явахын өмнөх орой намайг гэртээ байж байтал Б.Ү******* утсаар залгаад “Хоёулаа маргааш модонд яваад ирье. Ж.У******* модонд яваад ирээч гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за тэгье” гээд зөвшөөрсөн. Б.Ү******* өмнө нь Ж.У*******ын бригадад ажиллаж байсан юм болохоор Ж.У*******т зөвшөөрлийн бичиг байгаа болоод л намайг дагуулж явж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У*******ын өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[3],
4.Иргэний нэхэмжлэгч Ч.Оюунсүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэм буруутай хүмүүсээс байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар энэ хэрэгт 3,888,000төгрөгний экологийн хохирол учруулсан байна. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Т.М 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Ү*******, Х.Б******* нар нь манай ойн ангиас ямар нэгэн мод бэлтгэх талаар зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж, хандаж байгаагүй. “Бүдүүн” нэртэй газарт ганцхан “Хүдэр бумбатын овоо” ХХК-ны ойн сан байгаа юм...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Л.Б 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай компанид Х.Б*******, Б.Ү******* нар ажилладаггүй. Ж.У******* надтай уулзаж X Б*******, Б.Ү******* нарыг манай компаний газраас модонд явуулах талаар огт ярьж байгаагүй. Х.Б*******, Б.Ү*******, Ж.У******* нарыг би сайн танина. Манай компани 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны үед “Бүдүүн” нэртэй газарт ойн ангийн дарга Тайванбаатараар талбай тусгаарлалт хийлгүүлж ажлаа эхэлсэн юм...” гэх мэдүүлэг[6],
7. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Т гаргасан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: ...1.”Хүдэр бумбатын овоо” ХХК-н ойд үйлдвэрлэлийн болон арчилгаа цэвэрлэгээ хийх, ойн дагалт баялаг ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. 2. “Хүдэр Бумбатын овоо” ХХК-нь Содном дэнж, Мухар хөндийн даваа, Бүдүүний ам нэртэй газруудын ойн санг гэрээгээр эзэмшдэг. 3. “Хүдэр Бумбатын овоо” ХХК-нь 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 4. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан цэг нь “Хүдэр Бумбатын овоо” ХХК-ны гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангийн газар бөгөөд, 148-р хэсэглэлийн “Бүдүүний гол” нэртэй газар байна. 5. Кубота маркийн трактор тээвэрлэсэн 12 метрийн урттай нарсан гуалин 6 м3 болж байна. 6. Дээрх модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3,888,000 төгрөг болж байна. 7. Иргэн Б.Ү*******, Х.Б******* кубота маркийн трактор тээвэрлэж явсан 5 ширхэг мод нь “Хүдэр Бумбатын овоо” ХХК-ны мод бэлтгэсэн талбайд бэлтгэгдээгүй, “Хүдэр Бумбатын овоо” ХХК-ны гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангийн талбайн 150, 151-р хэсэглэлийн зааг дээр бэлтгэгдсэн байна. 8.Хэргийн газрын үзлэгээр хэмжсэн 3 ширхэг нарс модны хожуулын диаметртэй таарч байна...” гэх дүгнэлт[7],
8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №ТХҮ/518-059 тоот дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1. 1995 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн Кубота М100 маркийн трактор өнгө, үзэмж, техникийн байдлаас хамааран 2020 оны 02 дугаар сарын байдлаар 500,000 /таван зуун мянга/ төгрөгний үнэтэй болно...” гэх дүгнэлт[8],
9. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Ойн ангийн дарга Г.Т гаргасан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: ...GPS ашиглан авсан цэгүүд нь Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүдэр Бумбатын овоо” ХХК-ны “Бүдүүн” нэртэй газрын эзэмшлийн ойн санд хамаарч байна. 2. Дээрх цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 1-5 хүртэлх дугаарласан мод нь, хэргийн газрын үзлэгээр унагасан модны хожуултай таарч байна. 3. Цагдаагийн журмын хашаанд хураагдсан 12 метрийн урттай 5 ширхэг мод нь нарсан, долом нь тасраагүй амьд, нойтон мод байна. 4. Дээрх нойтон нарс модыг хэмжээд 2012 онд хэвлэгдсэн Монгол орны Ойн таксацын лавлах номны 142, 143 дугаартай хуудасны хүснэгтийн дагуу модны үнэлгээг тооцож, БОАЖСайдын 2009 оны 394 дүгээр тушаалаар батлагдсан Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ, “Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт бөөрөнхий мод модон материалын эзэлхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээгээр ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарах бөгөөд 12 метрийн урттай 5 ширхэг мод нь туушийн мод бөгөөд 120,000 төгрөгөөр үржүүлж тооцож гаргасан болно. 5. Дээрх мод нь нийт 6м3 нарсан нойтон мод болж байгаа бөгөөд Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээний гуравдугаар мужид хамаарч байгаа бөгөөд 6м3-ыг туушийн модны 1,4-өөр үржүүлээд 120,000 төгрөгөөр дахин үржүүлээд 1,008,000 төгрөг болж байна. 6. Хүдэр сумын иргэн Б.Ү*******, Ж.У*******, нар нь 2020 онд ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно...” гэх дүгнэлт[9],
10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №ТХҮ/518-104 тоот дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1. Цахилгаан гар хөрөө 1 ширхэг 50,000 төгрөг /хуучин/...” гэх дүгнэлт[10], 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13], 14. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Монгол улсын Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн акт[16], 17.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[17], 18.Шүүгдэгч Б.Ү*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Шүүгдэгч Б.Ү*******гийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас[19], 20.Шүүгдэгч Х.Б*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Шүүгдэгч Х.Б*******ийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас[21], 22 Шүүгдэгч Ж.У*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Шүүгдэгч Ж.У*******ын захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас[23], 24.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нарын гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан бодит хохирол болох 1,008,000 /нэг сая найман мянга/-н төгрөгийг шүүгдэгч нар нь нөхөн төлж барагдуулаагүй байх тул хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Шүүгдэгч Б.Ү*******, Х.Б******* нарын бэлтгэж, тээвэрлэсэн модны товарлаг байдал, чанарлаг шинжид анхаарал хандуулах нь чухал юм.
Зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа:
Аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, ойг бохирдуулж, улмаар ойн төлөв байдлыг доройтуулсан сөрөг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь аливаа үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд учруулж болох аюулын хэр хэмжээ нь түүнийг гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур байх эрүүгийн эрх зүйн тулгуур зарчимд нийцнэ.
Тэдний зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 6 метр куб нойтон нарс модны 2 модыг нь тайрч унагаагүй, унанги мод байсныг тооцохгүй орхиж, 3 мод буюу 3 метр куб модыг тайрч бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, түүнд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр 1, 2, 3 гэж улаан өнгийн будагаар тэмдэглэсэн тайрдас нь 3 модтой тохирч байх тул 3 модны 3м3 х 1,4итгэлцүүр = 4,2 x 120,000 = 504,000 төгрөг болж байна.
Харин байгаль-экологид учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х******* овогт Б******* Ү*******, Б******* овогт Х******* Б*******, Б******* овогт Ж******* У******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулан шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн 5 ширхэг нойтон нарс модыг хурааж, улсын орлогод оруулвал зохино.
Харин хэрэгт битүүмжлэгдсэн Ж.У*******ын өмчлөлийн “Кубота М-100” маркийн трактор, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ж.У*******т олгож, тракторын үнэлгээ болох 500 /таван зуун мянга/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэлгээ 50,000 /тавин мянга/-н төгрөг, нийт 550,000 төгрөгийг шүүгдэгч Ж.У*******аас гаргуулан, улсын орлогод оруулахаар тогтов.
Учир нь: Хэрэгт битүүмжлэгдсэн 1 трактор болон цахилгаан хөрөө нь шүүгдэгч Ж.У*******ын хувьд ноогдох хөрөнгө мөн боловч түүнд амьдрах эх үүсвэр болсон зайлшгүй шаардагдах эд зүйлс, эд хөрөнгийг шүүх хураан авахаар шийдвэрлэх нь хуульд үл нийцнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 87.1.5 дахь заалтад зааснаар “төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмсыг” төлбөрт хураан авч болохгүй гэж хуульчилж өгсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х******* овогт Б******* Ү*******, Б******* овогт Х******* Б******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч Б******* овогт Ж******* У*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х******* овогт Б******* Ү*******, Б******* овогт Х******* Б*******, Б******* овогт Ж******* У******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тэдэнд анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар энэ гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 504,000 /таван зуун дөрвөн мянга/-н төгрөгийг Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нараас тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулан нөхөн төлснийг дурьдсугай.
5. Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нарын гэмт үйлдлийн улмаас байгаль-экологид учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дахь хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн Хүдэр сумын экологийн асуудал хариуцсан Б.Мөнхбатад хүлээлгэн өгсөн 5 ширхэг нойтон нарс модыг хурааж, улсын орлогод оруулсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн Ж.У*******ын өмчлөлийн “Кубота М-100” маркийн трактор, цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч Ж.У*******т олгож, тракторын үнэлгээ болох 500 /таван зуун мянга/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэлгээ 50,000 /тавин мянга/-н төгрөг, нийт 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгийг шүүгдэгч Ж.У*******аас гаргуулан, улсын орлогод оруулсугай.
8. Шүүгдэгч Б.Ү*******, Х.Б*******, Ж.У******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 24 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 60-61 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 80-82 дугаар тал
[11] Хавтаст хэсгийн 01 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 02 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 04-11 дүгээр тал
[14] Хавтаст хэргийн 13 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 36-39, 54-55, 62-65, 84 дүгээр тал
[16] Хавтаст хэргийн 66 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 76-77 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 98 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 99 дүгээр тал
[20] Хавтаст хэргийн 128 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 129 дүгээр тал
[22] Хавтаст хэргийн 152 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 153 дугаар тал
[24] Хавтаст хэргийн 199-202 дугаар тал