| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/171 |
| Огноо | 2023-07-17 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч Ж.Бат-эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000137 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Тугтан ургийн овогт Жаргалын Бат-Эрдэнэ, 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын 01 дүгээр (Агваш) багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пп79121110.
Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоож “шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн байранд хууль сахиулагч буюу Дөргөн сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзааныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа нэг удаа толгойн хэсэгт цохисон, мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 50 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын албадан саатуулах байранд Дөргөн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазизыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа нэг удаа нүүрэн хэсэгт цохисон нь тус тус нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Хохирогч Ж.Абдулазизын “...Би Ховд аймгийн Дөргөн суманд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хэсгийн мөрдөгчөөр томилогдон ажиллаж байна. Манай хэсгийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзаан нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хэсгийн цагдаагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутын үед цагдаагийн байран дээрээ хэсгийн цагдаа Э.Эрдэнэзааны хамт байж байтал Дөргөн сумын Агваш багийн иргэн Ж.Бат-Эрдэнэ нь Приус-11 маркийн ...улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож ирсэн. Ж.Бат-Эрдэнэ нь намайг цонхоор хараад зогсож байхад машинаасаа буугаад ирсэн. Бууж ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал ажиглагдсан ба манай цагдаагийн байранд /гэрт/ орж ирсэн. Тухайн үед гэрт орж ирэхэд нь би тухайн хүнд хандаж “амрыг эрье, ямар ажлаар явж байгаа вэ?” гэж асуухад нөгөө хүн надад хандаж “өөртэй чинь уулзах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “энэ гэр дотор би тантай уулзаж болохгүй, хоёулаа ажлын өрөөнд оръё” хэлээд хэсгийн цагдаа Э.Эрдэнэзааныг нөгөө талын өрөөнөөс дуудаж тухайн хүнийг дагуулан хэсгийн мөрдөгчийн албан өрөөнд дагуулан орсон. Ороод тухайн хүнийг согтолт тодорхойлох багажаар шалгасан ба согтолт нь 2.1 хувийн согтолттой гарсан. Тэгэхээр нь би тухайн хүнд хандаж “та ингэж явж болохгүй, харьж амраарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн хүн надад хандаж “та нар намайг үлээлгээд рапортод оруулах гэж байгаа юм уу, би өөрөө ирсэн биз дээ та нар ингэдэг байхгүй юу” гэх мэт хараалын үг хэлж над руу салаавч гаргасан. Тэгэхээр нь та согтуу байна харьж амар согтолтын хүнд зэрэгтэй байна харь гэж хэлсэн. Тэгээд гаръя автомашиныг чинь үзнэ, автомашиныг өгөх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд ажлын байрнаас гараад Ж.Бат-Эрдэнээс автомашиныхаа түлхүүрийг өгөө гэхэд “чадахгүй, чаддаг юм бол аваарай” гэж хэлсэн. Тухайн үед миний бие Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу иргэнд зохих хууль ёсны шаардлагыг тавьсан. Улмаар түлхүүр өг гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй цааш явах гээд түлхүүрээ сайн дураараа гаргаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн хүнд хандаж хуульд заасан журмын дагуу биеийн хүч хэрэглэх албадлагын арга хэмжээ хэрэглэнэ шүү гэж анхааруулсан. Тухайн хүний хоёр гараас нь миний бие болон цагдаагийн хамт барьж аваад кабоны байр луу дагуулаад явж байсан. Тэгээд байрны үүдэн дээр ирээд оруулах гэсэн боловч орохгүй “юу яриад байгаа юм, орж чадахгүй, та нар юу юм пиздаа нар минь” гэх мэтээр хараалын үг хэлж шаардлага биелүүлээгүй. Тухайн үйл явцад Ж.Бат-Эрдэнэ нь хэсгийн цагдаа Э.Эрдэнэзааны нүүр тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би болон хэсгийн цагдаагийн хамт биеийн хүч хэрэглэж зүүн гарт нь бугуйн гавыг зүүж үйлдлийг нь хязгаарласан. Тухайн хүн нь гар биеийн хүч нь нэлээн хүчтэй хүн байсан болохоор үйл явц нь нэлээн удаан ноцолдох байдлаар үргэлжилсэн. Тэрний дараа тайвшруулж миний бие Мянгад сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Мөнх-Эрдэнэд нөхцөл байдлаа танилцуулсан ба даргаас аймгийн төв рүү хүргэх, аюулгүй байдлаа хангах талаар үүрэг өгсний дагуу аймгийн төвд цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хэсгийн цагдаагийн хамт авч ирсэн. Би цагдаагийн газарт ирээд тухайн хүнд гаргасан зөрчлийн талаар тайлбарлаж хүлээх хариуцлагыг нь хэлж өгсөн. Тэгсэн чинь тухайн хүн “гаргасан зөрчлөө мэдэж байна” гээд эрүүлжүүлэх саатуулах байранд орсон. Тэгээд жижүүр эмчийн өрөөнд ороод жижүүр эмч хошууч М.Мөнхтөгс нь Ж.Бат-Эрдэнээс овог нэрийг нь асуугаад тэмдэглэл үйлдэж байтал гэнэт Ж.Бат-Эрдэнэ нь миний нүүр тус газарт нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд хажууд байсан цагдаа Б.Бат-өрнөх, Э.Эрдэнэзаан хоёр аваад гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);
- Хохирогч Э.Эрдэнэзааны “...2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 35 минутын үед байх өөрийнхөө өрөөнд хэвтэж байтал манай хэсгийн мөрдөгч Ж.Абдулазиз намайг дуудаад гараад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад ирсэн чинь нэг хүн архи уусан байдалтай байсан. Тухайн хүнийг дагуулаад цагдаагийн хэсгийн мөрдөгчийн албан өрөөнд орж согтолтыг нь тодорхойлсон. ...үлээгээд согтолтыг нь тодорхойлоход 2.21 хувийн согтолттой гарсан. Тэгэхээр нь цагдаагийн байрнаас гараад автомашиныхаа түлхүүрээ өг гэж шаардлага тавьсан боловч нөгөө хүн өгөхгүй бид хоёрын өмнөөс “та нар түлхүүр хурааж авдаг хэн юм, та нарт түлхүүр, автомашинаа өгөхгүй” гээд цаашаа эргээд явахаар нь хэсгийн мөрдөгч Ж.Абдулазиз зогсоож хууль тайлбарлаж хэлсэн чинь нөгөө хүн шаардлага биелүүлэхгүй “та нарын хууль гэж юу байдаг” гэх мэт хараалын үг хэлж шаардлага биелүүлэхгүй байсан. Хэсгийн мөрдөгч Ж.Абдулазиз бид хоёр нөгөө хүнийг дагуулаад дахиад ажлын өрөө рүү дагуулаад явж байтал ажлын байрны хаалга өшиглөөд бид хоёрыг эсэргүүцээд улмаар миний толгой руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхээр нь хэсгийн мөрдөгч бид хоёр хуулийг нь танилцуулаад биеийн хүч хэрэглэж гарт нь гав хэрэглэсэн. Нэлээн хугацааны дараа тайвшруулсны дараа хэсгийн мөрдөгч Ж.Абдулазиз нь тасгийн дарга хошууч Б.Мөнх-Эрдэнэд танилцуулж аймгийн төв рүү авч явсан ба аймгийн төвд ирэх замдаа байнга заналхийлж “сумын төвд байхад нь ална, та нарыг харна” гэх зэргээр байнга согтуурхаж заналхийлж ирсэн. Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирээд гаргасан зөрчлийг нь тайлбарлан жижүүр эмчид үзүүлж байхад хажууд нь зогсож байсан хэсгийн мөрдөгч Ж.Абдулазизыг гэнэт гараараа нүүр тус газарт нэг удаа хүчтэй цохиод авсан. Тэгэхээр нь эрүүлжүүлэхийн жижүүр цагдаа Б.Бат-өрнөх бариад авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас);
- Гэрч М.Мөнхтөгсийн “...Би томилгооны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр буюу 19 цагийн үед Дөргөн сумаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж эрх чөлөөнд халдсан гэх зөрчилтэй иргэн Ж.Бат-Эрдэнийг Дөргөн сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазиз, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзаан нар дагуулж авч ирсэн. Тэгээд жижүүр эмчийн өрөөнд оруулан хэсгийн мөрдөгч Ж.Абдулазиз нь надад ийм хүн авч ирлээ гээд манай өрөөнд ороод зогсож байсан. Зөрчил гаргагч Ж.Бат-Эрдэнэ нь хэсгийн мөрдөгч, Ж.Абдулазизийн нүүр тус газарт гараараа нэг удаа цохиод авсан. Хажууд нь зогсож байсан цагдаа Э.Эрдэнэзаан, эрүүлжүүлэхийн цагдаа дэд ахлагч Б.Бат-Өрнөх нар Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг зогсоож эрүүлжүүлэх байранд оруулсан. Тухайн өрөөнд Ж.Абдулазиз, Б.Бат-Өрнөх, Э.Эрдэнэзаан нар байсан өөр хүн байгаагүй, тухайн хүний согтолт 2.23 хувийн дунд зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас);
- Гэрч Б.Бат-Өрнөхийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүр цагдаагийн үүргийг гүйцэтгэж байсан. Орой 20 цагийн үед байх Дөргөн сумын хэсгийн төлөөлөгч Ж.Абдулазиз, цагдаа Э.Эрдэнэзаан нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн зөрчилтэй Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг авч ирсэн. Авч ирээд нөгөө хүнийг баривчлах байрны эмчийн өрөөнд дагуулж орсон ба өрөөнд ороод жижүүр эмч М.Мөнхтөгс юм асууж байсан. Хажууд нь хэсгийн төлөөлөгч Ж.Абдулазиз, цагдаа Э.Эрдэнэзаан нар зогсож байтал гэнэт Ж.Бат-Эрдэнэ нь хажууд зогсож байсан хэсгийн төлөөлөгч Ж.Абдулазизын нүүр тус газар гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгаад нөгөө өрөөнд оруулаад согтолтыг нь тодорхойлоод саатуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас);
Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Миний хувьд надад хүч хэрэглэж намайг гавлан гээд байхаар нь өөрийнхөө биеийг хамгаалах гээд уур хүрээд хэсгийн цагдааг гараараа нүүр тус газар нь нэг удаа цохисон. Дараа нь аймгийн төвд ирээд эрүүлжүүлэх байранд ирээд намайг ингээд эрүүлжүүлэхэд хийчхэж байгаа юм байх даа, надад жаахан хүн чанар гаргахгүй яасан юм болоо гэж бодоод давчдаад биеэ барьж чадахгүй Ж.Абдулазизыг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд эрүүлжүүлэх байранд орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн байранд хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзааныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж гараараа нэг удаа толгойн хэсэгт цохисон нь, мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 50 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн газрын албадан саатуулах байранд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазизыг гараараа нэг удаа нүүрэн тус хэсэгт цохисон нь тус тус нотлогджээ.
1.2. Хэсгийн төлөөлөгч, баг хороо хариуцсан цагдаагийн албан тушаалтны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 44-53 дугаар хуудас);
- Хохирогч Э.Эрдэнэзаан, Ж.Абдулазиз нарын ажлын үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн 15, 40-43 дугаар хуудас) зэргээр гэмт хэрэг өртөгдөх үедээ хохирогч Ж.Абдулазиз нь Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч цолтойгоор, хохирогч Э.Эрдэнэзаан нь Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтойгоор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “хууль сахиулагч” гэдэгт цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагч хамаардаг. Тухайлбал хохирогч Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазиз, Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзаан нарыг хууль сахиулагч гэж үзнэ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 2 дугаар бүлэгт зааснаар цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, захиргааны хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд мөн тус хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих эрхтэй. Энэ хүрээнд хохирогч буюу Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазиз, Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзаан нар нь шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн гаргасан зөрчлийг таслан зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн байна. Тодруулбал шүүгдэгчийн Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ж.Абдулазиз, Ховд аймгийн Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Эрдэнэзаан нарын биед халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.
2.2. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно.
Нөгөөтэйгөөр шүүгдэгчийн хууль сахиулагч Э.Эрдэнэзааныг болон хууль сахиулагч Ж.Абдулазизыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангажээ. Тодруулбал хохирогч Э.Эрдэнэзааны биед Ховд аймгийн Дөргөн сумын нутагт, хохирогч Ж.Абдулазизийн биед Ховд аймгийн Жаргалант сумын нутагт буюу өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тус халдаж хоёр удаагийн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг хоёр удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигддөг буюу нийгмийн дэг журам зөрчигддөг. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдалд хохирол учирдаг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Нөгөөтэйгөөр хууль сахиулагчийг эсэргүүцсэний улмаас нийгмийн дэг журам, иргэний аюулгүй амьдрах баталгаа алдагдаж, хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болдог учраас энэхүү гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ их юм. Иймээс энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй тул хохирол нөхөн төлөх, нөхөн төлөхөө илэрхийлэх гэх ойлголт үүсдэггүй, уг гэмт хэргийг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалдаг болно.
Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь хоёр удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр хуудас), Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь эхийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Дөргөн сумын хилийн дээсээр тогтоолгох” гэх санал;
- шүүгдэгчийн өмгөөлөгч “...8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 8 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэх ялын төрлийг хуульчилсан байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, уг гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4’000 (дөрвөн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтуудын агуулгыг харьцуулан дүгнэвэл шүүх торгох ялыг төлөх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоох, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тогтоох гэсэн хоёр ухагдахуунаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олгосон 4 сарын хугацаанд хэсэгчлэн, эсхүл хэсэгчлэхгүйгээр уг хугацааны дотор төлөх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж, мөн хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх заалтуудыг шийтгэх тогтоолоор шүүгдэгчид торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон тохиолдолд тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэх 4 сар 01 хоногоос 3 жил хүртэл хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх хэмжээг тодорхой бичих гэсэн агуулгаар ойлгоно. Харин шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг заавал дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процессыг тайлбарласан, шүүгдэгчийг сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл бичих хууль зүйн шаардлагагүй болно. Мөн нөгөөтэйгөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заавал тусгах болон шийдвэрлэсэн асуудал биш тул бичих шаардлагагүй болно.
Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бие даасан процесс бөгөөд шүүхээс гүйцэтгэх хуудас бичсэний дараа торгох ялыг шүүхээс тогтоосонд хугацаанд, эсхүл хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлөхийг шийдвэр гүйцэтгэгч ялтанд мэдэгдэж тэмдэглэл үйлддэг. Иймд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд торгох ял биелүүлэх хугацаа болон биелүүлээгүй бол хорих ялаар солих тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдах хууль зүйн шаардлагагүй болно.
3.3. Мөрдөгч 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 86 дугаар хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сиди дискт агуулагдаж байгаа бичлэг нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Энэхүү хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тугтан ургийн овогт Жаргалын Бат-Эрдэнийг хоёр удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Бат-эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4’000 (дөрвөн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4’000’000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Бат-эрдэнэ нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА