Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/243

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч Ж.******  нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ж н Ч ад холбогдох эрүүгийн 2339000000382 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.******  нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар баг, Жаргалант гэх газар Б.****** тэй “Хүний мал авч бэлчээрийн даац хэтрүүллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж хавсарч унагаан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.******  нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Н овогт Ж н Ч  нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ****** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Жаргалант” гэх газарт Б.****** тэй “Хүний мал авч бэлчээрийн даац хэтрүүллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг хавсарч унаган эрүүл мэндэд нь “баруун шилбэний шаант ясны цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.******  шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би Б.****** ийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны орой согтуу байхдаа хавирч унагааж баруун хөлийн шилбэ хэсгийг гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Мөн хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51),

Хохирогч Б.****** ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн ****** сум 3 дугаар баг “Жаргалант” гэх газар эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед намайг гэртээ байж байтал манай эхнэр ***** ийн хамаатан ******  манай гэрт ирсэн. ******  ах манайд ирэхдээ бага зэрэг уучихсан байсан ба надтай ууна гээд 0.75 литрийн савлагаатай нэрийг нь мэдэхгүй архи гаргаж ирсэн. Бид хоёр амьдрал ахуй ойр зуурын юм ярьж байгаад архиа ууж дуусгасан. Би 2023 оны хавраас эхлэн хүний мал түрээсээр харж байгаа юм. Гэтэл ******  ах “хүний мал авч бэлчээрийн даац хэтрүүллээ” гэхээр нь “миний хүний мал харах үгүй нь танд хамаагүй” гээд маргалдаж эхэлсэн. Бид хоёр гэр дотор зууралдаж байгаад ******  ахыг зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Гэтэл манай эхнэр бид хоёрыг хөөгөөд гэрээс гаргасан. ******  ах бид хоёр гадаа гараад муудалцаад зууралдаад байж байтал ******  ах миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү хавсарсан. Тухайн үед шууд хөл янгинаад өвдөөд байхаар нь газар сууж байтал манай том хүү ирээд салгасан. Тэр өдөртөө 00 цагийн үед ****** сумын төв рүү ирээд эрүүл мэндийн төвд үзүүлж, баруун хөлөө шохойдуулаад маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлээд хэвтэн эмчлүүлсэн. Миний баруун хөл нь 2021 оны 09 дүгээр сард мотоциклоос унаад хугалж байсан ба тэр үедээ хагалгаанд орж хадаас тавиулж байсан. Хөлийнхөө хадаасыг 2022 оны 04 дүгээр сарын үед авхуулаад миний хөл бороолж эдгэсэн байсан. Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гараад шууд ****** суманд байх гэр лүүгээ явсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт (хх-ийн 16-17), гэмт хэрэг хүлээн авсан талаарх гомдол  хүлээн авсан тухай (хх-ийн 4), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 20), хохирогч Б.****** ийн өвчний түүхийн хуулбар (хх-ийн 24-40), хохирогч Б.****** ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Бэрхийн цагдаагийн тасагт гаргасан хүсэлт (хх-ийн 80), Ж.****** ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 81) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ж.****** ын үйлдлийн улмаас хохирогч Б.****** ийн эрүүл мэндэд хөнөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Ж.******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ж.******  нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.****** ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.****** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.******  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.******  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Н овогт Ж н Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** ад 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.****** ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР