Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/261

 

 

 

 

 

 

 

 

 

2023       11           20                                          2023/ШЦТ/261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2023/0246/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *********,

Улсын яллагч **********,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *********,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч **********,

Өсвөр насны шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** ******* холбогдох эрүүгийн 2339000000374 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Найман овогт ********* ********, 2008 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Политехник коллежийн ойжуулалтын ангийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 18-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн ********* дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч ******** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” зоогийн газарт үйлчлүүлж байхдаа 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч ********** эзэмшлийн iphone12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч ************  нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” зоогийн газарт үйлчлүүлж байхдаа хохирогч ************* эзэмшлийн iphone 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000374 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч ********** (хх-ийн 7-8, 11-12-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 31-33-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээ “Бодит үнэлгээ” ХХК-ны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШД-216 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 24-26-р хуудас),

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон төрсний гэрчилгээний хуулбар лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 30, 33-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2339000000374 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч *********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч ********** үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаан байхгүй хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... ” гэв

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч ********* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шонхор” зоогийн газарт үйлчлүүлж байхдаа 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч *********** эзэмшлийн iphone12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж түүнд 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Өсвөр насны шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Шонхор зоогийн газарт хохирогч ********* эзэмшлийн iphone-12 маркын гар утсыг хулгайлж хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Дахиж ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг,           

Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шонхор зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байгаад ширээн дээр өөрийн iphone-12 маркийн гар утсаа үлдээж аяга таваг авч нөгөө өрөө рүү өгөөд буцаад ирхэд миний ширээн дээр үлдээсэн гар утас алга болсон байсан юм. Тэгээд би цагдаад дуудлага...Манай зоогийн газарт байсан нэг хүүхэд хоол авч байсан тэр хүүхдийг сэжиглэж байна...Би өөрийн алдсан гэх утсаар байршил тогтоогчоор хайж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 18-03 тоот хашаанд очиж нэг эрэгтэй хүүхдээс гар утсаа олж авчсан миний гар утсаны сем картыг хаяаагүй харин утсан дээр байсан зургуудийг бүгдийг нь устгасан байсан юм. Одоо миний гар утас зүгээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. ...надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8, 11-12-р хуудас),

Бодит үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ************* 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШД-216 дугаартай “...********** хулгайд алдсан iphone-12 гар утас, сим, кейс зэргийн үнэлгээг 1,370,000 төгрөг” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 33-35-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан өсвөр насны шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч ********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч ********* өмчлөлийн гар утсыг хууль бусаар хулгайлан авч 1,370,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч *********** гар утасыг буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...өсвөр насны шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна....” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч ********* эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч ********** нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 30-р хуудас)-аар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч ********** нь 17 настай, ам бүл 8 эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Хэнтий аймгийн Политехник коллежийн 1 курст сурдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах боломжтой гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй байна.

Улсын яллагчийн шүүгдэгч ********** зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь өсвөр насны шүүгдэгч ********** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 17 настай, ам бүл 8 эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, Хэнтий аймгийн Политехник коллежийн 1 курст сурдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзсэн болно.

Өсвөр насны шүүгдэгч *********** авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх **********, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгалаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2339000000374 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******** овогт ******** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэргэлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ********* оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч                С.Нурбект хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ********** авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх ********** нарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн 2339000000374 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР