| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/1097/3 |
| Дугаар | 221/МА2026/0253 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0253
“Э х ТБСС” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Гомдол гаргагч: “Э х ТБСС” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Ө
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 дугаартай шийтгэлийн хуудас, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х
Хариуцагч Б.Ө /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/1097/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э х ТБСС” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 дугаартай шийтгэлийн хуудас, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар шийдвэрээр: “... Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 4, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 дугаартай шийтгэлийн хуудас, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын 1 дэх хэсгийг тус тус улсын байцаагч хэргийн нөхцөл байдлыг тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж ...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Зөрчлийн 2502000549 дугаартай хэрэгт Зөрчлийн тухай хуульд заасан 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 1 дэх хэсэгт заасны дагуу “Э х ТБСС” ХХК-ийн үйлдсэн зөрчлийг оролцогчдын мэдүүлэг, холбогдох баримт бичиг зэрэг нотлох баримтаар тогтоож шийдвэрлэсэн ажиллагаа бөгөөд анх хаалга гаргасан үйлдэлд бус хаалгыг томруулж эвдэлсэн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл ногдуулсан ажиллагаа ба “Э х ТБСС” ХХК нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны зоорийн, 1, 2 давхар тоот хаягт байршилтай 732 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайг 2024 оны 10 дугаар сарын 31-нд худалдаж авсан, хаалга байсан талаар мэдүүлдэг, шүүхэд удаа дараа энэ талаар бататгаж тайлбар өгсөн. Тухайлбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас 9 сарын өмнө дээрх хаалга байсан, өмнө хаалга гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэг заалтуудад нийцэхгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байсан.
3.2. Холбогдогч “Э х ТБСС” ХХК нь Барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсан нь гомдол гаргагч М**** хотхон сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын өгсөн хохирогчийн мэдүүлэг болон гаргаж өгсөн гэрэл зургаар баталгаажуулсан. 2 давхрын байгуулалтын зургаар Б тэнхлэгийн дагуу 3-5 дугаар тэнхлэгийн хоорондох хана нь төмөр бетон ханаар тэмдэглэгдсэн байдаг. “Э х ТБСС” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 08/8-4 дугаартай албан бичгээр дээрх дурдсан эвдрэл гэмтэл учруулсан талбайд хүчитгэл хийсэн талаар дурдаж ирүүлсэн зэргээр нотлогддог бөгөөд төлөвлөлт, зориулалт өөрчилсөн нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд анхны зураг төслөөс өрөөний зохион байгуулалтыг өөрчилсөн нэмэлтээр өрөө гаргаж хуваалт хийснийг баталгаажуулсан, батлагдсан ажлын зурагт нэмэлт өөрчлөлт байгаа эсэхийг Архивын ерөнхий газарт холбогдох бичиг баримтад үзлэг хийж төлөвлөлт зориулалтыг өөрчилсөн өөрчлөлтийн зураг байхгүй болохыг баталгаажуулсан зэргээр бүрэн нотлогддог болно.
3.3. “Э х ТБСС” ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66e байрны зоорийн, 1, 2 давхар тоот хаягт байршилтай 732 м.кв, үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-220409**** дугаарт бүртгэж нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь дээрх талбайн хууль ёсны өмчлөгч ба Барилгын тухай хуулийн 46.4 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулсан байдаг. Бусад байгууллагын албан бичигт дурдагдсан буюу Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзэлхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх", 15.3-д "...Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөх боломжгүй" гэх заалтууд нь тус зөрчилд шууд хамааралгүй заалт болно. Харин Орон сууцны тухай хуулийн 15.1-д "Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно" гэх заалт болон түүнтэй хамаарах Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэх заалтууд нь шийтгэлд оногдуулсан хуулийн үндэслэх хэсэгтэй төсөөтэй боловч “Э х ТБСС” нь барилгын үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан, мөн зураг төсөл болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд дурдсанаар тухайн барилга байгууламж нь үйлчилгээний зориулалттай байхад оюутны амьдрах зориулалттай буюу Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д "орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг" гэж заасанчлан орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарч байгаа болно. Түүнчлэн зураг төсөлд өөрчлөлт оруулахаар бол Барилгын тухай хуулийн 38.1-д заасан зураг төсөл зохиогчийн чиг үүрэг, 38.1.6-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд өөрчлөлт оруулах захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч, баталгаажуулах" гэж заасны дагуу зохиогчоос зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалттай.
3.4. Зөрчилд шийтгэл оногдуулсан Шийтгэлийн 0108074 дугаартай хуудаст Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтад заасны дагуу шийтгэлийн хуудаст "Мо**** хотхон сууц Өмчлөгчдийн холбооноос “Э х ТБСС” ХХК нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 16 дугаар хорооллын *** байрны 2 давхрын хаалга гаргаж хана эвдэлсэн, төлөвлөлт зориулалт өөрчилж оюутны байр болгосон гэх асуудлыг шалгаад олсон нь" гэж гомдлын утгыг бичиж, зөрчил үйлдсэн үндэслэлийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.9-д заасныг зөрсөн гэж тодорхойлсон. Харин эрх бүхий албан тушаалтны даалгавар нь тухайн зөрчлийн үр дагаврыг арилгахад чиглэгдэж буй тул зохих мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн гэж тэмдэглэсэн болно. Зөрчлийн 2502000549 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0108074 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар нь хууль зөрчөөгүй эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.12-т "хэрэгт авагдсан баримтуудаас үлэхэд барилгын үндсэн хийц, бүтээцийг өөрчилсөн үйл баримт тогтоогдсон..." гэж дүгнэсэн атлаа бусад үндэслэлүүдээрээ эрх бүхий албан тушаалтныг нотлох баримтыг цуглуулаагүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй..." гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хоёрдмол утгатай бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ямар алдаа гаргасан талаар мөн дурдаагүй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар "хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол таргасан, эсхүл мэдээлсэн" гэсэн үндэслэлээр шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д "Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэж заасанчлан гомдол, мэдээллийн хүрээллээр хязгаарлагдаж, шийтгэл оногдуулах эрхтэй болно. Шүүхийн шийдвэрт дурдсанаар анх тухайн барилга байгууламжийг худалдаж авахад барилгын зураг төслийг өөрчилсөн байсан эсэх, өмнө нь үйлдэгдсэн байсан зөрчлийн шинж байдлыг шалган тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй бөгөөд эдгээр баримтыг цуглуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахгүй болно. Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх заалтыг зөрчсөн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1.9 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь заалт, 42 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Гомдол гаргагчаас хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч “Э х ТБСС” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 дугаартай шийтгэлийн хуудас, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2.1. Маргаан бүхий Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 тоот шийтгэлийн хуудсаар “Э х ТБСС” ХХК-ийг “Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 16 дугаар хорооллын **** байрны 2 давхрын хаалга гаргаж хана эвдэлсэн, төлөвлөсөн зориулалтыг өөрчилж оюутны байр болгосон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. Улмаар гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан “... тухайн хаалгыг барилгын анхдагч хийцийн нэг хэсэг хэмээн итгэж худалдан авсан бөгөөд санаатай бус бодит төөрөгдлийн улмаас засварын ажлыг хийсэн ... барилгын төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй ... багахан хэмжээний ханын нураалт хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч энэхүү засварын ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуульд заасан барилгын үндсэн хийц, бүтцэд хамаарах хэсгийг өөрчлөх, давхарлах, өргөтгөх зэрэг үйл ажиллагаанд хамаарахгүй ...” гэж тайлбарлан маргасан.
2.3. Анхан шатны шүүх “... зөрчлийн хэрэг нээж, зөрчлийг тогтоохтой холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй буюу гомдол гаргагч компанийн өмчлөх, эзэмших эрх хэзээ, ямар байдлаар үүссэн, зөрчлийг хэзээ гаргасан эсэхийг тодруулаагүй ... эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа шийтгэл ногдуулсан шийдвэрийн хувьд гомдол гаргагч компанийн гаргасан зөрчлийг эргэлзээгүй шалган тогтоосон, зөрчилд тохирсон буюу хуульд нийцсэн шийдвэр гэж шууд дүгнэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “М***** хотхон” СӨХ-оос 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25/31 тоот албан бичгээр Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт хандан “...**** байрны Б1, 1, 2 дугаар давхарт засварын ажил хийж байсан өмчлөгч байгууллага нь зураг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр төлөвлөлтийг өөрчилсөн байгаа нь Орон сууцны тухай хууль болон Барилгын тухай хуулийг тус тус зөрчлөө ... зураг төсөл, зориулалтыг өөрчилсөн байгааг шалгаж хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасны дагуу хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2502000549 дугаар зөрчлийн хэргийг нээж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0108074 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, 66е байрны 2 давхрын Б тэнхлэг дагуух 3-4 дүгээр тэнхлэгийн хоорондох диафрагма ханыг эвдэлж гаргасан хаалгыг зураг төсөл зохиогч “А г” ХХК-ийн шифртэй зураг төслийн дагуу болгож, анхны төлөв байдалд оруулж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар бичсэн байна.
2.5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж,
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.5-д “барилга байгууламжийг засварлах, тоноглох" гэж ашиглалтын хэвийн нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор барилга байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн засварлаж, нэмэлт болон тусгай тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй байх бөгөөд ингэхдээ зөрчлийг тухайн хүн, хуулийн этгээд үйлдсэн болохыг эрх бүхий албан тушаалтан зайлшгүй тогтоосон байх зарчмыг тодорхойлсон байна.
2.7. Хариуцагч Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга стандарт, аюулгүй байдлын хяналтын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч нь зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй буюу “хаалга гаргаж хана эвдэлсэн, төлөвлөсөн зориулалтыг өөрчилж оюутны байр болгосон” гэх үйлдлийг гомдол гаргагч “Э х ТБСС” ХХК үйлдсэн эсэх, эсхүл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч үйлдсэн эсэх, эсхүл өмнөх хаалгыг тодорхой хэмжээгээр томруулсан нь уг барилгын ашиглалтын хэвийн нөхцөлд нөлөөлөх зөрчил болсон эсэхийг бүрэн тогтоогоогүй атлаа гомдол гаргагчийг зөрчил үйлдсэн гэж шууд үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь учир дутагдалтай.
2.8. Учир нь гомдол гаргагчаас “... уг барилга нь 2016 онд ашиглалтад орсон, манай компани 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкнаас тус хаягт байрлалтай 732 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан бөгөөд уг хөрөнгийг худалдан авах үеэс өмнө тухайн барилгын даацын хананд хаалга гаргасан, барилгын үндсэн хийцэд өөрчлөлт оруулсан байсныг тухайн үед бид мэдээгүй ... анх хэн хэрхэн эвдэж хаалга гаргаж барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан талаар тогтоогоогүй, буруутай этгээдийг олж тогтоон тайлбар, мэдүүлэг аваагүй ...” гэж тайлбарлан маргаж байгааг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул эрх бүхий албан тушаалтны даалгавар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шийтгэл оногдуулсан шийдвэр нь “Э х ТБСС” ХХК-ийн гаргасан зөрчлийг бүрэн шалган тогтоосон, зөрчилд тохирсон бөгөөд хуульд нийцсэн шийдвэр гэж шууд үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.9. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэгт авагдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зураг болон бусад баримтуудаас үзэхэд барилгын үндсэн төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн болох нь тогтоогдож байх хэдий ч гомдол гаргагч “Э х ТБСС” ХХК-ийг тус барилгын анхны төлөвлөгдсөн бүтээц, төлөвлөлт, зориулалтаас нь өөрчилсөн гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар эргэлзээгүй тогтоосон баримт байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ямар алдаа гаргасан талаар дурдаагүй, ойлгомжгүй…” гэх гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
2.10. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... өмнө нь энэ газарт, энэ асуудлаар хяналт шалгалт хийж байгаагүй ...” гэж дурддаг бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос авсан мэдүүлэгт “зориулалт, төлөвлөлт өөрчлөөгүй, зөвхөн засварын ажил гүйцэтгэж байгаа” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагч нь тус зөрчлийг анх хэн гаргасан талаар бүрэн шалгаж тогтоогоогүй төдийгүй цаашлаад зөрчлийн хэрэгт холбогдогчийг зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна.
2.11. Түүнчлэн, гомдол гаргагчийн маргаж буй 2025 оны 0108074 дугаар шийтгэлийн хуудаст “хаалга гаргаж хана эвдэлсэн, төлөвлөсөн зориулалтыг өөрчилж оюутны байр болгосон” гэсэн атлаа эрх бүхий албан тушаалтны даалгаварт “мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн” гэх үндэслэлийг дурдсан нь өөр хоорондоо зөрүүтэй байх төдийгүй Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/115 дугаар албан бичигт “ ... Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д зааснаар орон сууцны зориулалтыг өөрчлөх боломжгүй. Иймд бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах шаардлагагүй” гэж дурдсан байх тул энэ талаар дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан эсэхийг зайлшгүй тодруулж, энэхүү зөрүүтэй нөхцөл байдлуудад нэг мөр дүгнэлт өгч хариуцлага тооцох нь Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ерөнхий ШҮҮГЧ э.лхагвасүрэн
ШҮҮГЧ Д.ОЮУМАА