| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0181/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/205 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,
улсын яллагч В.Батдэлгэр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү,
хохирогч Б.Жавхлангэрэл,
шүүгдэгч У.М*******, нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт У******* М*******д холбогдох эрүүгийн 2031002430175 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Б******* овогт У******* М*******, Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Е*******” суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар багийн 1-17 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар, 1 жил, 8 сарын хугацаагаар ялыг тэнсэн харгалзсан, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.М******* нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* сумын 2 дугаар баг Техникчидийн гудамж 1-17 тоотод өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан Б.Ж******* хоолойг нь багалзуурдаж, толгойн тус газар нь цохисны улмаас биед тархи доргилт, духанд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.М******* нь Б.Ж******* хоолойг багалзуурдаж, толгойн тус газар нь цохисны улмаас “хөнгөн” хохирол санаатай учруулах, гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.М******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М*******гийн өгсөн: “...Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг байнга хардаж сэрддэг учраас маргалддаг...” гэх мэдүүлэг,
2.Хохирогч Б.Ж******* 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр архи уугаад шөнөжин унтахгүй хутга шөвөг барьж агсам согтуу тавиад хоносон юм. Тэгээд маргааш нь өглөө үхлээ толгой өвдөөд гэхээр нь би хоол хийж өгсөн юм, тэгээд М******* миний хугацаа дууссан жолооны үнэмлэх хаана байна гэхээр нь сейфинд чинь байгаа гэсэн чинь уурлаад “чи муу, юу гээд байгаа юм бэ?. Яагаад ярзаганаад байгаа юм гэсэн. Тэгэхээр нь чи одоо юу гээд байгаа юм шөнөжин архи уучихаад хүн тайван байлгахгүй, ингэж байхаар явлаа гээд би гэрээс нь гараад хашааны үүдэнд очиж явтал араас гарч ирээд хоолой багалзуурдаад газарт хэвтүүлж байгаад толгой тархи руу цохиод байсан. Тэгж байхад манай охин над руу залгаж таараад охиндоо хэлж цагдаа дуудуулсан юм. ...Гараа зангидаж байгаад толгой руу цохиод байсан, тэгээд газарт чирээд нуруу, хөл, гар луу цохиод байсан... Бугантад 2019 оны 11 дүгээр сард биед халдан зодож, цохиж тэрийг манай бага охин харж байсан. Е*******д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ахынх нь эхнэр Ганчимэгтэй хамт явж байхад архи авч өгсөнгүй гээд намайг зодож байсан..” гэх мэдүүлэг,
3. Насанд хүрээгүй гэрч Г.Г******* 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зодож цохиж байсан. 2019 оны 10 дугаар сард байх архи уусан үедээ ээжтэй хэрүүл маргаан хийж ээжийн гар хэсэгт цохисон. Тэгээд ээжийн нүд хөхөрч хавдсан байсан, 11 дүгээр сард нь мөн архи уучихаад гэрийн арын ө*******нд ээжтэй хэрүүл маргаан үүсгээд ээжийг түлхэж унагаад л гэрийн ө*******нүүдээр орилж хашхираад яваад байсан, Ер нь эрүүл байсан ч орилж хашхираад ална тална гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг,
4. Гэрч Л.Б 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М******* нь ажилсаг, хүнтэй яриа хөө******* багатай, үг дуу цөөн хүн юм...” гэх мэдүүлэг,
5. Гэрч Г.Х 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэрийг цохиж зодсон талаар мэдэхгүй, амбаараас гараад ирэхэд М*******, Жавхлангэрэл нар ороод ирчихсэн маргаж байсан. Тэгээд удалгүй Мягмар орж ирээд М*******г салгаж аваад цааш болоход Жавхаа гараад явж харагдсан...” гэх мэдүүлэг,
6. Гэрч Г.Б 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр зодож цохисон талаар би сайн мэдэхгүй юм, сүүлд 2020 оны 08 дугаар сард хэрүүл маргаан болсон сураг байсан. Архи уусан үедээ ер нь бол орилно, зүрх, толгой тархи нь өвддөг. Эрүүлдээ уурлахаараа муужраад уначихдаг, тийм зүрх муутай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,
7. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 238 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Б.Ж******* биед тархи доргилт, духанд цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол,
9. Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,
10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,
11.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
12.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч У.М*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Хохирогч Б.Ж******* шүүхэд гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын хүрээнд нийт 443,600 төгрөг хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэж үзэв. Цаашид гарах хохирлын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч У.М*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч У.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт У******* М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/-н мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 500.000 /таван зуу/-н мянган төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг У.М*******д анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар 443.600 мянган төгрөгийг шүүгдэгч У.М*******гээс гаргуулан хохирогч Б.Жавхлангэрэлд олгохыг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч У.М******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ