Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам 

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч М.******  нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М н Д д холбогдох эрүүгийн 2339002750363 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.******  нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэнтий аймгийн Цахилгаан түгээх сүлжээ байрны зүүн талын цахилгааны шонгийн хажууд хохирогч Б.****** ийн эзэмшлийн “G-Mobile” гэсэн бичиглэл бүхий гар утас, мөнгөн бөгж, даавуун цүнх, биет 5,000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.******  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Ц овогт М н Д  нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цахилгаан түгээх сүлжээ”-ний байрны зүүн талын цахилгааны шонгийн хажууд хохирогч Б.****** ийн эзэмшлийн “G-Mobile” гэсэн бичиглэл бүхий гар утас, мөнгөн бөгж, даавуун цүнх, бэлэн 5,000 төгрөг зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад 145,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.****** ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. ... 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нийтийн тээврийн автобусанд суугаад явж байтал уудаг байрын нэг хөгшин ах явж байсан. Тэгээд тухайн үед би нэг хэсэг байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд 2, 3 удаа шоконд орчихсон байсан үе ч таараад тэр ахад үнэнээ хэлээд ганц шил архи авч ууя гэхэд тэр ах өөрөө толгой дохиод байсан юм. Тэгээд “шар тайлаад өгөөч” гэхэд тэр жижигхэн биетэй хөгшин ах надад өөрөө 5000 төгрөг өгөөд Эрчмийн уулзварын тэнд зогсоод нөгөө ах эхэлж буугаад хойшоо эмнэлэг чиглэл рүү алхахаар нь би дагаж алхаж байгаад эрчмийн баруун хойд талд тэр ахын үүрч явсан даавуун цүнхийг булааж аваад үзтэл мөнгө байхгүй болохоор нь би цүнхийг нь буцааж өгөөд гарт нь байсан “жи-мобайл”-ын гар утсыг аваад явтал тэр ах хойноос ядаж ахынхаа сим картыг өгчих гэхээр нь би сим картыг нь авч өгөөд гарт нь байсан бөгж болон гар утсыг нь аваад цаашаа явчихсан юм. Би тухайн гар утсыг нэг хүнд 10,000 төгрөгөөр зараад нэмж нөгөө ахын өгсөн 5,000 төгрөгтэй нийлүүлээд архи авч уусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.****** ийн “...2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед би аймгийн нэгдсэн эмнэлэг орж группээ сунгуулах гээд Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Давхар” нэртэй дэлгүүрийн урд талаас нийтийн тээврийн ногоон автобусанд суусан юм. Тэгээд би нэгдсэн эмнэлэг орох гээд автобусанд суугаад явж байтал “Монгол банк”-ны зогсоолын тэндээс 1 танихгүй залуу автобусанд орж ирээд урд талын суудал дээр суусан юм. Тэгтэл бид хэдийн сууж явсан автобус буцаж эргээд Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэх рүү яваад тэндээс буцаж эргээд бид хэдийг эрчмийн наад талын уулзварын тэнд буулгаад автобус яваад өгсөн юм. Тэгээд би зам хөндлөн гараад нэгдсэн эмнэлэг рүү явж байхад араас автобусанд явж байсан танихгүй залуу ирээд намайг шууд Эрчмийн байрны баруун хойд талын автобусны буудлын баруун хойд талд байх хайсанд чирж оруулаад миний зүүн гарт байсан гуулин бөгж, “жи-мобайл”-ын товчлууртай гар утас, хар улаан цүнх, хөх тортой бичиг баримтыг булааж аваад зугтаасан юм. Тэгээд би араас нь хөөгөөд явж байтал миний хөх тортой бичиг баримт, үүрч явдаг цүнхийг минь зам дээр хаяад гар утас гуулин бөгж, 5,000 төгрөгийг аваад зугтаасан. Тэгээд би араас нь Нэгдсэн эмнэлгийн урд байдаг ногоон эмнэлгийн урд талд тэр залууг гүйцэж очоод “ахынхаа гар утсыг өгчихөө” гэхэд миний сим картыг авч чулуудаад цаашаа гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд би нэгдсэн эмнэлэг ороод танихгүй хүний утас гуйгаад эгч рүүгээ “би гар утсаа дээрэмдүүлчихлээ” гээд ярьсан юм. ...Танихгүй би өмнө харж байгаагүй залуу байсан. Тэр залуу хар малгайтай, улаан шорттой, дээгүүрээ цэнхэр цамцтай, уруул дээрээ урагдсан сорвитой, насаар 25-26 насны залуу байсан. Би харвал тэр залууг танина. ...Би гар утсаа 160,000 төгрөгөөр 2, 3 жилийн өмнө худалдаж авч байсан, бөгжийг бол бас л 2, 3 жилийн өмнө 2,500 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би тэр хэрэг болдог өдрийн маргааш нь алдсан эд зүйлсээ бүгдийг нь эргүүлээд бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 17-19), Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 6), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5) гэрч Д.******* ийн мэдүүлэг (хх-ийн 22-23), Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШД-229 дугаартай: Жи мобайлын товчлууртай гар утас 100,000 төгрөг, мөнгөн бөгж, 30,000 төгрөг, даавуун цүнх 10,000 төгрөг гэх                                                                дүгнэлт (хх-ийн 26-28), эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 46), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 47-48), таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 49-51), хохирогч Б.****** ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан нотариатаар баталгаажуулсан хүсэлт (хх-ийн 64), М.****** ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 68) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч М.****** ын бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч Б.****** ид 145,000  төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч М.******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч М.******  нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.****** ид 145,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг бүрэн бүтэн буцаан өгсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.****** ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.****** д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.******  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  Ц овогт М н Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар М.****** д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М.****** д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч М.******  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.****** д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР