Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0289

 

 

 

 

 

 

 

“С к” ХХК, “Ц к” ХХК-иудын

түншлэлийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б,

Нэхэмжлэгч: “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэл

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “Ч к ф и б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлаар нэхэмжлэгчийн тендерийг хянан үзсэн, гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоох, дээрх хурлын шийдвэрийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэх тухай 1 дэх заалтыг бүхэлд нь, шалгараагүй оролцогч нарт тендерээс татгалзсан шалтгаан үндэслэлийн хамт нэгэн зэрэг албан мэдэгдэл хүргүүлж, цахим системд үр дүнг нийтлэх тухай заалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, хурлаас гаргасан “Үнэлгээний хорооны зөвлөмж”-ийг бүхэлд нь тус тус хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох, “С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, харьцангуй үнэлгээгээр “хамгийн сайн” үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчдийн түншлэлийн тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэж, нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг даалгах,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Х б и т т” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр хууль бус захиргааны актад үндэслэн, нэхэмжлэгчдийн тендерт шударгаар өрсөлдөх, гэрээ байгуулах эрхийг зөрчиж байгуулсан захиргааны гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, Б.Б,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Б, Б.Х,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0858/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлаар нэхэмжлэгчийн тендерийг хянан үзсэн, гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоох, дээрх хурлын шийдвэрийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэх тухай 1 дэх заалтыг бүхэлд нь, шалгараагүй оролцогч нарт тендерээс татгалзсан шалтгаан үндэслэлийн хамт нэгэн зэрэг албан мэдэгдэл хүргүүлж, цахим системд үр дүнг нийтлэх тухай заалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, хурлаас гаргасан “Үнэлгээний хорооны зөвлөмж”-ийг бүхэлд нь тус тус хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох, “С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, харьцангуй үнэлгээгээр “хамгийн сайн” үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчдийн түншлэлийн тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэж, нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг даалгах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хятадын барилгын инженерийн тавдугаар товчоо ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр хууль бус захиргааны актад үндэслэн, нэхэмжлэгчдийн тендерт шударгаар өрсөлдөх, гэрээ байгуулах эрхийг зөрчиж байгуулсан захиргааны гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, түүний үнэлгээний хорооны НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлын шийдвэр, нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2360 дугаар мэдэгдэл, гуравдагч этгээдэд олгосон 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2356 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, “Үнэлгээний хорооны зөвлөмж”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон гуравдагч этгээд нарын хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрийг тус тус хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 59 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж ...” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааныг зөв тогтоосон боловч хууль зөрчсөн үйл ажиллагааны үр дагаврыг бүрэн арилгахгүй орхисон нь шийдвэрийг дутуу, эрх сэргээхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.-д "...гэх 1 хуудас баримтыг илүү хүргүүлсэн нь тооцооллын хувьд эргэлзээтэй байдалд хүргэсэн гэж үзэхээр байх ба энэ тохиолдолд Үнэлгээний хороо тухайн асуудлаар "тодруулга авах үүрэгтэй" байхад үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу гэж шүүх дүгнэв", мөн хуудасны 9-д тухайн тодруулга нь хуулийн 25.4-д хориглосон зохицуулалтад хамаарахгүй байна" гэх, 10.-д "...тодруулах шаардлагатай байхад тодруулга авалгүйгээр үнэлгээг үргэлжлүүлэн хийж нэхэмжлэгчийг ... гэж татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ" гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17, 20-д гуравдагч этгээдийн тендерт хавсарган ирүүлсэн баримт бичгүүд болох "Бүрэн эрхийн итгэмжлэл", "татварын тодорхойлолт" баталгаат орчуулгын тамга тэмдэггүй, хүний нөөцийн мэдээлэлд байгаа Ц Х иргэний үнэмлэхийг эх хувьтайгаа тохирч байгаа гэх агуулгатай тэмдэглэлийг баталгаат орчуулга гэж үзэхээргүй, Г Ю, Л Л нарын дээд сургуулийн төгсөлтийн гэрчилгээний мэргэжлийн гэрчилгээг орчуулсан нь зөрүүтэй, ойлгомжгүй, гэрчилгээ олгогдсон гэж үзэх боломжгүй. 20-д баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын төвөөр орчуулж баталгаажуулж тендерт бэлтгэн ирүүлнэ" гэж заасныг хангаагүй байна гэж дүгнэсэн атлаа 21-д "...гадаад хэл дээрх, албан ёсны оруулгагүй баримтыг үнэн зөв эсхүл буруу гэж шууд дүгнэх боломжгүй байна" гэж дүгнэсэн нь зөрүүтэй дүгнэлт гэж үзэхээр байна. Эцэст нь 22-т "түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ" гээд 22.1-22.3-д заасан үнэлгээний хороонд нөхцөл байдлыг тогтоохоор өгсөн чиглэл нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар барилгын үйл ажиллагааны зардал 72,3 хувийг тооцож ирүүлсэн нь, гуравдагч этгээдийн тендерт байгаа баримтууд баталгаат орчуулгагүй, татвар төлсөн баримт нь тендер зарласнаас хойших хугацаанд татварын өргүй тухай тодорхойлолт ирүүлэх шаардлагыг хангаагүй зэрэг нь нэгэнт тодорхой байхад хариуцагчийг дахин шийдвэр гарга гэж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй тул нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тендерт өгсөн төсөвт байгаа 72,3 хувь тооцоолол, нэгтгэсэн хуудас бүхий баримт дээр байгаа 61 хувь тэмдэглэлийн ард байгаа тооцоолол норм дүрмийн дагуу хэдэн хувиар тооцогдсон бэ гэдэгт шинжээч томилуулах, мөн хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан маргаан бүхий гэрээний хэлэлцээрийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8622 дугаартай захирамжаар хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан үйл явцыг 3 сарын дараа шүүх хэлэлцээд яг энэ агуулгаар актыг түдгэлзүүлж байгаа нь зарчмын хувьд хугацаа сунжирсан маргааныг эцэслээгүй шийдвэр болж байна. Хууль бус байдлыг тогтоосон атлаа эрх сэргээгээгүй, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгчийн тендерийг татгалзсан үндэслэл бодит байдалд нийцээгүй, Үнэлгээний хороо тодруулга авах боломжоо ашиглаагүй, шууд татгалзсан нь хууль бус гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэргийн 1 дэх заалтаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл хариуцагч, гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээн хэлэлцээрийг түдгэлзүүлсэн нь хууль бус үйл ажиллагааны үр дагаврыг бүрэн арилгахгүйгээр зөвхөн “шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх" байдлаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээгээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцээгүй байна.

3.2. Маргааны эцсийн үр дүнг шийдээгүй. Нэхэмжлэгчийг хууль бусаар татгалзсан эсэх үүний улмаас "хамгийн сайн" тендер болох боломж алдсан эсэх байсан. Шүүх эхний асуудлыг зөв тогтоосон боловч “хамгийн сайн тендер болох байсан эсэх"-ийг огт шийдээгүй орхисон байна. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн үнийн санал гуравдагч этгээдийн үнийн саналаас 6,180,594,761 төгрөгөөр бага бусад 8 оролцогч хянан үзэх шатнаас хасагдаж, үнэлгээний шатанд өрсөлдөх бодит нөхцөл үлдээгүй, гуравдагч этгээдийн тендерт ноцтой зөрчилтэй байгаа нь нэхэмжлэгчийг ялалтын бодит боломжтой байсныг нотолж байна. Дахин акт гаргуулах нь хууль зүйн хамгаалалт биш, шүүх "дахин акт гаргах" боломж олгосон нь захиргааны байгууллагад өмнөхтэй адил зөрчил давтах шинэ шалтгаанаар дахин татгалзах боломж олгож байна. Тогтоосон нөхцөл байдлаас логик дүгнэлт хийсэнгүй. Шүүх татгалзал хууль бус, тодруулга аваагүй, баримт байсан гэж тогтоосон атлаа "тэгэхээр нэхэмжлэгч ялах ёстой байсан" гэсэн шаардлагатай логик дүгнэлтийг хийгээгүй. Анхан шатны шүүх маргааны фактыг бүрэн тогтоосон тул дахин үнэлэх шаардлага бодитойгоор үүсээгүй бөгөөд хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд эцсийн шийдвэр гаргах боломж бүрэн байсан. Хууль бус татгалзал тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийн эрхийг бүрэн сэргээх цорын ганц арга нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах явдал юм. Анхан шатны шүүхийн тогтоосон нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод бүрэн нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

4.1.1. Нэгдүгээрт, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан тодруулга авах зохицуулалт нь захиалагчид олгосон эрх болохоос заавал хэрэгжүүлэх үүрэг биш бөгөөд тодруулга авах эсэхийг тухайн нөхцөл байдлаас хамааран шийдвэрлэх боломжийг олгосон зохицуулалт юм. Хоёрдугаарт, уг заалт нь зөвхөн тендерийн баримт бичигт "тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй" нөхцөл үүссэн тохиолдолд хамаарах бөгөөд энэ хэрэгт нэхэмжлэгчийн тендер нь тодорхой, материаллаг зөрчилтэй байсан. Тухайлбал, тендерийн баримт бичгийн ТШЗ 19.2-т заасан техникийн чадавх болон туршлагын шаардлагын хүрээнд төсвийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журам, зааврын дагуу бүрэн, зөв тооцож ирүүлэх үүрэгтэй байхад нэхэмжлэгч барилгын ажлын төсөвт Барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлыг 72.3 хувиар тооцох ёстой байхад 61 хувиар тооцсон, мөн ажлын тоо хэмжээ дутуу ирүүлсэн зөрүүгээс шалтгаалан 300 м² ажлыг дутуу тооцсон нь тогтоогдсон байна. Ийм нөхцөлд тендерийн санал нь техникийн болон санхүүгийн үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчил нь тодруулгаар арилгах боломжтой "тодорхойгүй байдал" бус, харин тендерийн үндсэн шаардлагыг хангаагүй бодит, материаллаг зөрчил юм. Гуравдугаарт, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т тендерийг шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг шаардахыг хориглосон тул нэхэмжлэгчийн дутуу ирүүлсэн төсөв, тооцоог тодруулгаар нөхөх нь хууль зөрчих нөхцөлд хүргэнэ. Дөрөвдүгээрт, хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, 26.10-д зааснаар тендер нь бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тохиолдолд шаардлагад нийцсэнд тооцогдох бөгөөд шаардлага хангаагүй тендерээс татгалзах үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн. "Арифметик алдаа" гэдгийг энэ маргаанд тооцооны энгийн үйлдэл дээр гарсан алдаа гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийг буруу хийснээс нийлбэр, дүн, тоон илэрхийлэл зөрсөн тохиолдлыг хэлэх бөгөөд ийм алдааг хуулийн 27.3-т зааснаар захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу залруулах боломжтой байдаг. Харин төсвийн суурь аргачлалыг буруу сонгосон, заавал тусгах зардлыг огт тооцоогүй, ажлын тоо хэмжээг дутуу эсхүл буруу тодорхойлсон зэрэг нь арифметик алдаа бус, харин тендерийн агуулга, үнийн санал, төсвийн үндэслэлд нөлөөлсөн материаллаг зөрчилд хамаарах тодорхой алдааг шүүх үнэлгээний хороог хууль зөрчин тодруулга авах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байгааг харгалзан үзэхийг хүсч байна.

4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

4.2.1. Шүүхийн шийдвэрт төсвийн тоо хэмжээ дутуу ирүүлсэн талаар огт дурдаагүй бөгөөд нотлох баримт шинжлэх судалсан боловч шийдвэрлээгүй орхигдуулсан. Захиргааны хэргийн шүүх нь хэрэг маргааныг шийдвэрлэх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилготой. Гэтэл хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэн, хэрэгжих боломжгүй шийдвэр гаргаж, улмаар тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлах боломжгүй нөхцөл байдал үүсч, худалдан авах ажиллагааг дуусгах нөхцөл боломжийг хааж төсөл, арга хэмжээний санхүүжилтийг татагдах нөхцөл байдалд хүргэж байна. Шалгарсан оролцогчийн ирүүлсэн апостиль баталгааг Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-т "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах конвенц"-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн батлагдсан журмын 1.3-т "Баримт бичгийн баталгаажуулалтад тухайн баримт бичгийн бичвэрийн агуулгыг хамруулж ойлгохгүй" гэж заасан гэж дүгнэсэн атлаа 21- т “үнэн зөв эсхүл буруу гэж дүгнэх боломжгүй байна" гэж дүгнэлтээсээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь дээрх нотлох баримтуудыг буруу үнэлсэн нь нотлогдож байна. Шалгарсан оролцогчийн ирүүлсэн апостиль баталгаатай баримт бичгийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц"-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэн батлагдсан журмын 1.3-т зааснаар апостиль нь тухайн баримт бичгийн бичвэрийн агуулгыг баталгаажуулахгүй гэж зөв дүгнэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д уг баримт бичгийн үнэн зөв эсэхийг дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь дээрх дүгнэлттэй логикийн хувьд зөрчилдөж байна. Учир нь апостиль баталгаажуулалт нь баримт бичгийн агуулгыг батлахгүй боловч уг баримт бичгийг нотлох баримтаар үнэлэх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд шүүх тухайн баримтыг бусад нотлох баримтын хамт үнэлэх үүрэгтэй. Иймд шүүх нотлох баримтыг бүхэлд нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн дүгнэлт хоорондын уялдаа алдагдсан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн улмаас дараах бодит нөхцөл байдал үүсээд байна.

4.3.1. Нэгдүгээрт, тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссан бөгөөд дахин үнэлгээ хийх, шинэ акт гаргах бодит боломж бүрэн алдагдсан. Учир нь тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах бөгөөд уг хуулийн дагуу тендерийн санал нь тодорхой хугацаанд хүчинтэй байх зохицуулалттай. Энэ хэрэгт хамаарах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа өнгөрсөн хугацаанд дууссан тул уг хугацаа дууссаны дараа үнэлгээний хороо дахин хуралдаж, тендерийн саналыг дахин үнэлэх нь хуулийн зохицуулалтад нийцэхгүй нөхцөл байдал үүснэ. Хоёрдугаарт, гуравдагч этгээдэд их хэмжээний бодит хохирол учирсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоотой төсөлд сөргөөр нөлөөлсөн байна. Гуравдугаарт, уг гэрээ нь олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны (FIDIC)-ийн жишиг нөхцөлөөр байгуулагдсан тул гадаадын этгээдэд учирсан хохирлын улмаас гэрээний дагуу маргааныг дахин шүүхээр шийдвэрлүүлэх эрсдэл бий болсон. Дөрөвдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар худалдан авах ажиллагааг тухайн оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах үүрэгтэй бөгөөд энэ хугацаанд багтаан хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд төсөл, арга хэмжээний санхүүжилт төсвийн хэмнэлтэд тооцогдох нөхцөл байдал үүсээд байна. Иймд энэхүү тендер шалгаруулалт нь улсын болон нийслэлийн бодлогын түвшинд онцгой ач холбогдолтой, цаг хугацааны хязгаарлалттайгаар хэрэгжих шаардлагатай төсөлд хамаарч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр дахин үнэлгээ хийлгэх, шинэ акт гаргуулах байдлаар удаашруулах нь дээрх бодлого шийдвэрийн хэрэгжилтэд ноцтой саад учруулах нөхцөл байдал үүсгэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй төдийгүй нийтийн ашиг сонирхол, төсвийн үр ашигт сөргөөр нөлөөлөх үр дагаврыг бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.

5. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийг буруу хэрэглэсэн, Үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг буруу үнэлсэн тухайд:

5.1.1. Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол, Багц 3.1 (цаашид "Тендер") Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тэмдэглэлд 1 зааснаар нэхэмжлэгч "Содон номин констракшн” ХХК, “Цамхаг констракшн" ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерийг үнэлэхэд төсөв дээр дараах 2 алдаатай байдаг нь нэмэгдэл зардлын хувь 72.3% байхыг 61% гэж ирүүлсэн, ажлын тоо хэмжээ дээр плитаны чигжээс тоо хэмжээг 1945.48 м2 байхыг 1645.58 м2 гэж ирүүлсэн буюу 300 м2-аар дутуу ирүүлсэн. Гэтэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн 1 дэх асуудлыг авч үзсэн буюу 72.3% байхыг 61% гэсэн нь арифметик алдаа мөн, биш гэх хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 28.1-д тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэхдээ тендерийн иж бүрдэл, техникийн тодорхойлолтод нийцсэн байдлыг харгалзан үзнэ гэж заасан бөгөөд техникийн тодорхойлолтод тусгагдсан ажлыг бүрэн тусгаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэх боломжгүй. Шүүх нэхэмжлэгчийн тендерт 72.3% байх ёстойг 61% гэсэн асуудлаар дүгнэлт хийхдээ Үнэлгээний хороо нь тодруулга авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн. Эндээс үзэхэд, шүүх 72.3% байх ёстойг 61% гэсэн нь арифметик алдаа гэж үзсэн байна. Сэлбэ дэд төв, Багц 3.1 Ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулах баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 30.1 болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 27.3-д зааснаар тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана. Түүнээс биш тодруулга авах үүрэг хүлээхгүй. Харин дээр дурдсанчлан Үнэлгээний хороо тендерийг цааш шалгахад нэхэмжлэгч тендертээ ажлын тоо хэмжээг 300 м2-аар дутуу ирүүлсэн байдаг тул эхний алдаа буюу 61% гэснийг 72.3% байх эсэхийг залруулах шаардлага ч үүсээгүй байна.

5.2. Нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах үндэслэлтэй байх бөгөөд шүүх тухайн асуудлаар дүгнэлт хийгээгүй тухайд:

5.2.1.  Нэхэмжлэгч шаардлагаа өөрчлөх, ихэсгэх замаар багадаа 5 шаардлага гаргасан байна. Шүүхээс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2026/0483 тоот "Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааны хойшлуулах тухай" захирамж гарч, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон байна. Гэвч 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ТМ2026/0445 тэмдэглэл, 128/ШЗ2026/1108 захирамжид "нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулах" гэснээс үзэхэд шүүхээс олгосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байсан байна. Харин хэргийн материалаас үзэхэд, шүүх дээрх 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй, захирамж гаргаагүй, энэ талаар 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан зүйлгүй байна. Дээрх 5 нэхэмжлэлийн шаардлагад харгалзах улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа ихэсгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг хавсаргах ёстой. Гэтэл энэ тохиолдолд, баримт хавсаргасан зүйлгүй бөгөөд тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй гэж харагдаж байна.

5.3. Шүүх гуравдагч этгээдийн тендерийн материалаас зарим баримт бичгийг авч үзэхдээ хамааралгүй, хэрэглэх ёсгүй журам хэрэглэсэн, гадаадын хуулийн этгээдийн буюу хувийн эрх зүйн баримт бичигт Захиргааны хэргийн шүүх үнэлэлт, дүгнэлт өгсөн нь зөрчилтэй байна.

5.3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 19-т "Баримт бичиг баталгаажуулж, апостиль гэрчилгээ олгох журам"-ын 1.3, 1.4 дэх хэсгийг дурдаад, 20-д "үүнээс үзвэл гуравдагч этгээдээс ирүүлсэн тендер ...зааварчилгааны 12.1-д заасан ...-ыг ханаагүй" гэжээ. Гэтэл тус журмыг Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/86 дугаар тушаалын баталсан байх бөгөөд журмын 1.1-т "Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц" (цаашид "Конвенц" гэх)-ийн гишүүн улсуудад хэрэглэгдэх, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн албан ёсны баримт бичгийг баталгаажуулж, "Апостиль" гэрчилгээ олгоход энэхүү журмыг мөрдөнө" гэсэн. Харин шүүхээс авч үзэж буй гуравдагч этгээдээс тендерт ирүүлсэн, шүүхийн шийдвэрт дурдсан материалууд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад, тус улсын Апостиль гэрчилгээ олгох баримт бичиг болон холбогдох хууль, журмын дагуу үйлдэгдсэн байдаг. Хэрэв шүүх, тухайн материал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Апостиль гэрчилгээ олгох журам болон тус улсын хууль тогтоомжийн дагуу үйлдэгдээгүй гэж үзэх бол тухайн улсын холбогдох журам, баримт бичгийг агуулгыг тодруулж авч үзэн, дүгнэх ёстой. Гэхдээ, энэ тохиолдолд, тухайн баримт бичгүүд нь хувийн эрх зүйн баримт бичгүүд тул Монгол Улсын Захиргааны хэргийн шүүх тухайн баримт бичиг БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Эндээс дүгнэвэл, шүүх гуравдагч этгээдийн тендерийн материалаас зарим баримт бичгийг авч үзэхдээ хамааралгүй, хэрэглэх ёсгүй журам хэрэглэж үнэлэлт, дүгнэлт өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс дурдсан зарим баримт бичиг "албан ёсны орчуулгагүй" гэж дүгнэсэн нь ч холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй. Монгол Улсын хууль тогтоомжид хувийн эрх зүйн баримт бичгийн хувьд "албан ёсны орчуулга" гэсэн ойлголтыг тодорхойлсон зохицуулалт байхгүй бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад орчуулга, нотариат, апостиль хийгдсэн харилцаанд тухайн улсын эрх зүйн зохицуулалт үйлчлэхээр байна. Иймд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль тогтоомжийн дагуу, зохих ёсоор баталгаажин үйлдэгдсэн, хувийн эрх зүйн баримт бичгийг Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхээс тухайн үйлдлийг хийсэн буюу тухайн улсын эрх зүйн зохицуулалтыг авч үзэхгүйгээр үнэлэлт, дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна.

5.4. Гуравдагч этгээдийг төлөөлөх итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй байхад ажиллагаанд оролцсон, оролцуулсан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан тухайд:

5.4.1. Гуравдагч этгээдийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн төлөөлөх эрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иргэний хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2-т зааснаар хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө. Гэтэл тухайн хэрэгт гуравдагч этгээдийг төлөөлнө гэж олгогдсон эхний итгэмжлэл нь Төлөөний газрын төлөөлөгчөөс олгогдсон байна. Монгол Улсад Төлөөлөгчийн газар, Төлөөний газар гэсэн 2 тусдаа статус байдаг бөгөөд Төлөөний газар нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу үүсэх татвар төлөгчийн бүртгэл тул бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцох, шүүхийн ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгох эрхгүй. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэл зохих ёсоор олгогдох гэсэн асуудал шүүхийн ажиллагааны явцад яригдсан байх боловч 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дахь талаас үзэхэд, шүүх хуралдаан болох үед "итгэмжлэлийн эх хувь ирээгүй байсан" байна. Хэргийн материалын 2 дугаар хавтаст авагдсан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой итгэмжлэл нь эх хувь биш байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоох, дээрх хурлын шийдвэрийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэх тухай 1 дэх заалтыг бүхэлд нь,

шалгараагүй оролцогч нарт тендерээс татгалзсан шалтгаан үндэслэлийн хамт нэгэн зэрэг албан мэдэгдэл хүргүүлж, цахим системд үр дүнг нийтлэх тухай заалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг,

хурлаас гаргасан “Үнэлгээний хорооны зөвлөмж”-ийг бүхэлд нь тус тус хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох,

“С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, харьцангуй үнэлгээгээр “хамгийн сайн” үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоох,

нэхэмжлэгчдийн түншлэлийн тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэж, нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг даалгах,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Х б и т т ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр хууль бус захиргааны актад үндэслэн, нэхэмжлэгчдийн тендерт шударгаар өрсөлдөх, гэрээ байгуулах эрхийг зөрчиж байгуулсан захиргааны гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх “... гуравдагч этгээдээс ирүүлсэн тендер нь бүхэлдээ тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1-д заасан “тендер шалгаруулалтын хэл: монгол хэл байна ... тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын төвөөр орчуулж /тамга, тэмдэг, дардас/ баталгаажуулж тендерт бэлтгэн ирүүлнэ” гэж заасныг хангаагүй байна ... тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичигт албан ёсны баталгаат орчуулга хийгдээгүй, хоорондоо зөрүүтэй баримт авагдсан, тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох нь тодорхойгүй, энэ нөхцөлд шүүхээс гуравдагч этгээд “Ч к ф и б” ХХК-ийн ирүүлсэн гадаад хэл дээрх, албан ёсны орчуулгагүй баримтыг үнэн зөв эсхүл буруу гэж шууд дүгнэх боломжгүй ...”

Нэхэмжлэгч компанийн “тендерийн баримт бичиг ТШЗ 19.2-т заасны дагуу "04 Төсөв, хугацааны график" гэх файлд төсөвчин С.А Барилгын төсвийн "Estimator pro" 4.0 программын дагуу хийж гүйцэтгэсэн тооцооллын тухайд үнэлгээ хийж шийдвэр гаргах” гэж тус тус дүгнэн дахин шинэ акт гаргах хүртэл 59 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/917 дугаар захирамжаар “С х м х к” ХХК-иас ирүүлсэн хүсэлт, Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны зөвлөмжийг харгалзан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төслийн Багц 3, 4-ийн хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасан.

3.2. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/101 дүгээр тушаалаар Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төслийн Багц 3, 4-ийн хүрээнд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний Багц 3.1-3.3 дахь ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог нэгдүгээр хавсралтаар, Багц 4.1-4.2 дахь ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар байгуулжээ. Мөн тус газраас Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1, НХААГ/20250101686 дугаар тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зарлаж, тендерийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 11 цаг 40 минутад нээхээр тогтоосон байна.

3.3. Энэхүү тендер сонгон шалгаруулалтад нийт 10 аж ахуйн нэгж болох “Б э б к” ХХК болон “Т-У” ХХК, “И С С” ХХК болон “У у” ХХК, “Р к” ХХК болон “Х б” ХХК, “С н к” ХХК болон “Ц к” ХХК, “Ч к ф и б” ХХК, “Э С С Х-Т и” ХХК, “Д к” ХХК, “И” ХХК, “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК, мөн “Ц к” ХХК нар оролцсоноос “Ч к ф и б” ХХК-ийн тендер “хамгийн сайн” тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгогджээ.

3.4. Үүнд: “Б э б к” ХХК болон “Т-У” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 20 хувиас багагүй байх шаардлагыг түншлэлийн гишүүн “Т-У” ХХК 25 ба түүнээс дээш хувийг хангах шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй, барилгын техникчээр санал болгосон Д.Н дипломын мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу цахим системээр санал болгоогүй” гэж,

“И С С” ХХК болон “У у” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “түншлэл “У у” ХХК-ийн сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын борлуулалтын орлогын нийлбэр хэмжээ нь түншлэлийн гишүүний 25 хувийг хангахгүй байна, мөн түншлэлийн компанийн сүүлийн 2022, 2023, 2024 онуудын санхүүгийн тайланг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан шалгахад тайлан баталгаажаагүй, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь түншлэлийн гишүүний 25 хувийг хангахгүй байна” гэж,

“Р к” ХХК болон “Х б” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Хүний нөөцийн мэдээллийн маягт 2-т санал болгосон Ерөнхий инженер, барилгын инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, холбоо дохиолол, мэдээллийн инженер, барилгын техникч нарын ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу ирүүлээгүй, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь батлагдсан төсөвт өртгийн 20 хувь байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй ажилд санал болгосон гэрээний мэдээлэлд Иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэсэн туршлага ирүүлээгүй, түншлэлийн “Х б” ХХК-ийн тендер зарласан өдрөөс хойших арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, зээлийн мэдээллийн лавлагаа ирүүлээгүй” гэж,

“Э С С Х-Т и” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн тодорхойлох баримт бичгийг консулын баталгаа эсхүл апостиль гаргуулан баталгаат орчуулгын хамт өөрийн тендерт хавсарган ирүүлээгүй, албан ёсны төлөөлөгч буюу Жау Пенг тодорхойлох баримт бичгийг тендерт ирүүлээгүй, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт эсхүл актыг ирүүлээгүй” гэж,

“Д к” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “тендерт оролцогчийн санал болгосон хүний нөөцийн маягт 2-т заасан ажилтнуудын диплом болон мэргэшлийн талаарх мэдээллийг ирүүлээгүй” гэж,

“И” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “БА-6.1 тусгай зөвшөөрлийн мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр ирүүлээгүй, туслан гүйцэтгэгч “Баганат оргил констракшн” ХХК-ийн БА-6.2 тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан байна” гэж,

“СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй компанийн хууль ёсны төлөөлөгч Х Г этгээдийг тодорхойлох баримт бичгийг ирүүлээгүй, барилгын инженерээр санал болгосон Л Х Б барилгын төсвөөр мэргэшсэн нь барилгын инженерээр мэргэшсэн байх шаардлагыг хангахгүй” гэж,

“Ц к” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “тендер нээсэн өдрийн байдлаар цахим системээр дамжуулан шалгахад 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй байна” гэж,

Харин нэхэмжлэгч “С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерээс “барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг тооцож ирүүлэхдээ барилгын удирдлага зохион байгуулалтын зардлыг 72,3 хувиар тооцон ирүүлээгүй, Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсвийг тооцож ирүүлээгүй” гэж тус тус татгалзжээ.

3.5. Иймд нэхэмжлэгч “С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлээс 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/8343 дугаар албан бичгээр “... Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.6-д “Тендер шалгаруулалтын санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгснөөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3.6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ “... манайхаас Барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг тооцож, Барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлыг /72,3%/-иар тооцон Тендерийн бичиг баримтын ТШЗ-ын дагуу хүргүүлсэн, давхар Word программ дээр хийсэн хүснэгтийг хүргүүлэхдээ 61% гэж бичсэн илүү материал хүргүүлснийг буруу тооцсон гэж татгалзсан, хэрэв Үнэлгээний хороо эргэлзээтэй гэж үзсэн нөхцөлд оролцогчоос тодруулга авах хуульд заасан боломжийг ашиглаагүй, энэ нь тэгш өрсөлдөөний болон шударга үнэлгээний зарчмыг зөрчсөн ... нэхэмжлэгчийн үнийн санал гуравдагч этгээдээс 6,18 тэрбум төгрөгөөр бага байсан бөгөөд хууль ёсоор үнэлсэн бол ялах бодит боломж бүрэн байсан ... гуравдагч этгээдийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн заавал биелүүлэх шаардлагыг хангаагүй байхад “шаардлагад нийцсэн” гэж үнэлсэн, тендерийг эрхгүй этгээд илгээсэн, мөн баталгаат орчуулгагүй, хугацаа хэтэрсэн зэрэг олон баримтыг үнэлгээний хороо хууль бусаар зөвшөөрсөн ...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... ажлын тоо хэмжээ нь плитаны чигжээс тоо хэмжээг 1945.48 м2 байхыг 1645.58 м2 гэж төсөвчний алдаа тийм болохоор хүлээн зөвшөөрөх алдаа биш, 300 м2 дутуу ажлыг гүйцэтгэнэ гэсэнтэй адилхан ...” гэж,

Гуравдагч этгээдийн зүгээс “... Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03/2360 дугаартай мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй ... захиргааны байгууллагын сонгох боломжийг үгүйсгэж шүүхээс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана”, 25.4-д “Захиалагч энэ хуулийн 27.3-т заасан арифметик алдааг залруулснаас бусад тохиолдолд тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтийн талаар тодруулга авах хүсэлт гаргахгүй” гэж тус тус заасан.

4.2. Нэхэмжлэгч түншлэлийн хувьд тендерийн баримт бичгийн Төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх хуудсанд Барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал 1,393,554,532 гээд/72,3%/ гэж, Зардлын нэр гэх өөр хүснэгтэд Нэмэгдэл зардал 1,393,554,532 гээд /61%/ гэж үнийн дүн ижил боловч хувь зөрүүтэй 2 өөр хуудас хавсаргасан байх хэдий ч хариуцагч захиргааны байгууллагаас уг зөрүүтэй мэдээллийг тодруулах хүсэлтийг хугацаа заан хүргүүлэх боломжийг хэрэгжүүлээгүйгээр “Барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг тооцож ирүүлэхдээ Барилгын удирдлага, зохион байгуулалтын зардлыг /72,3%/-иар тооцон ирүүлээгүй. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсвийг тооцож ирүүлээгүй” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “шаардлагад нийцээгүй” гэж татгалзсан үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, “04 Төсөв, хугацааны график” нэртэй файлыг бүхэлд нь судлан тооцоолоход тус файлын 2, 3 дугаар талд 72,3% 61% гэсэн хувь тус бүрийн ард 1,393,554,532 төгрөг үнийн санал байх бөгөөд, 35 дугаар талд авагдсан “бүгд цалин” гээд 1,927,461,317 төгрөгөөс 72,3%-ийг тооцон үзэхэд дээрх 1,393,554,532 төгрөг үнийн саналтай таарч байна. Харин хариуцагчийн татгалзаж буй 61%-иар тооцон үзэхэд 1,175,751,403 төгрөг гарч байхад үүнийг зөрүүтэй, буруу тооцсон гэж үзэх үндэслэлгүй юм.

4.3. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа “...Үндэслэх хэсгийн 22.1.1-д “Нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичиг ТШЗ 19.2-т заасны дагуу "04 Төсөв, хугацааны график" гэх файлд төсөвчин С.А Барилгын төсвийн "Estimator pro" 4.0 программын дагуу хийж гүйцэтгэсэн тооцооллын тухайд үнэлгээ хийж шийдвэр гаргах” гэж маргаан бүхий актыг түдгэлзүүлэх үндэслэл болгосон нь буруу байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тендерт өгсөн төсөвт байгаа 72,3 хувь гэсэн тооцоолол, нэгтгэсэн хуудас бүхий баримт дээр байгаа 61 хувь гэх тэмдэглэлийн ард байгаа тооцоолол норм дүрмийн дагуу хэдэн хувиар тооцогдсон бэ гэдэгт шинжээч томилуулах, ...хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8622 дугаартай захирамжаар хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 3 сарын дараа шүүх хэлэлцээд яг энэ агуулгаар актыг түдгэлзүүлж, шинэ акт гаргахаар шийдвэрлэж байгаа нь зарчмын хувьд хугацаа сунжирсан маргааныг эцэслээгүй шийдвэр болсон” гэх гомдол үндэслэлтэй.

4.4. Түүнчлэн шүүхээс хариуцагчийн тайлбарт дурдсаныг хянан үзэхэд: хэрэгт авагдсан “Дотор заслын ажил гээд 1-0363 дугаарт бичигдсэн “Плитаны чигжээс”-ийг килограмаар тооцон нийт үнэ 6,465,994 төгрөг гэж, харин тухайн Дотор заслын ажилд нийт 334,131,581 төгрөгийг тусгасныг үнэлгээний хорооноос хангалтгүй гэж үзвэл Өртгийн товчоо гэх хуудсанд Дотор заслын ажилд нэмэгдэл зардал гээд 390,065,537 төгрөгөөр тооцсоныг харгалзан үзэж үнэлэх боломжтой байхад шууд татгалзсан нь тендер шалгаруулалт хууль, журамд нийцээгүй гэж дүгнэхээр байна.

4.5. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэлд тус хорооны гишүүдээс нэхэмжлэгч компаниудын ирүүлсэн тендерийн баримт бичигт тооцоолол ойлгомжгүй, зөрүүтэй байдал үүссэнийг илэрхийлсэн, үүнийг тодруулах боломжтой байхад тодруулалгүйгээр тус хуралдааныг үргэлжлүүлэн үнэлгээг явуулж нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн “... тендерийн санал нь техникийн болон санхүүгийн үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг зөрчил нь арилгах боломжтой тодорхойгүй байдал бус харин тендерийн үндсэн шаардлагыг хангаагүй бодит материаллаг зөрчил” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.6. Мөн маргаан бүхий тендерт “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлээс 169,696,969,695 төгрөгийн төсөвт өртөг бүхий үнийн санал ирүүлсэн бол гуравдагч этгээд “Ч к ф и б” ХХК 175,877,564,456 үнийн санал ирүүлсэн буюу нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн үнийн саналаас 6,180,594,7461 төгрөгөөр бага үнийн санал ирүүлсэн байхад хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчмыг хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн тендерээс үл ялиг шалтаг заан татгалзаж, гуравдагч этгээд “Ч к ф и б” ХХК-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.7. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.

4.8. Хэдийгээр 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Х б и т т” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрийг байгуулсан  байх боловч нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг худалдан авч, тодорхой хугацаа, зардал гаргаж, тендерт бэлтгэн шалгаруулалтад гуравдагч этгээдээс бага үнийн саналтайгаар оролцсон этгээдийн хувьд дээрх хууль бус захиргааны актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, сэргэх ашиг сонирхол нь байхгүй гэж дүгнэх боломжгүй юм.

4.9. Мөн дээрх төсөвт өртгийн үнийн саналыг эрх бүхий төсөвчин С.А гэх хүн “Estimator pro” 4.0 программаар үйлдэн зохих журмын дагуу хүргүүлсэн нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын талаар заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаж буйг нотлоход шаардлагатай бусад баримт” 6/ “Төсвийг зураг төсвийн дагуу тооцож эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулж ирүүлнэ, Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй хууль, тогтоомж, журам, зааврын дагуу төсөв зохио программаар гүйцэтгэнэ” гэж заасантай нийцэж байна.

4.10. Гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ерөнхий инженер нэг байх ёстой бөгөөд тухайн хүн 10 жилийн туршлагатай байх шаардлагыг тавьсан боловч нэхэмжлэгчийн саналд ирүүлсэн хүн 9 жилийн туршлагатай байна, мөн тендер нээхийн өмнө нийгмийн даатгал төлж эхэлсэн байдаг, үүнийг үндсэн ажилтан гэж үзэх боломжгүй...” гэж дурддаг бөгөөд хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс “хүний нөөц”-тэй холбоотой үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзэн татгалзаагүй байх тул шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт хийх шаардлагагүй.

4.11. Харин Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 байр, 9 давхар барилга, 11 блок/ багц-3.1 тендер шалгаруулалтыг 2025 оны 07 дугаар сарын 03-ний өдөр зарласан байх бөгөөд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн Компанийн санхүүгийн мэдээлэл фолдерын 118 дугаарт талд авагдсан татварын тодорхойлолт нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн буюу тендер зарлахаас 29 хоногийн өмнөх байдлаар авагдсан байгаа нь тус тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.2.3-т “тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг” гэж заасантай нийцэхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

4.12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 23 дугаар зүйлд “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хэл” гээд 23.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг монгол хэлээр хөтлөн явуулна” гэж,

Тендерийн өгөгдлийн хүснэгтийн 16.1.2-д Ерөнхий шаардлагыг магадлахад шаардагдах бусад баримт бичиг. Шаардана ...Гадаадын этгээд тендер ирүүлэх тохиолдолд үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргасан дээрх баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг консулын баталгаа эсхүл апостиль гаргуулан баталгаат орчуулгын хамт өөрийн тендерт хавсарган ирүүлнэ. Үүнд:-хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох баримт бичиг, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, түүнийг орлох баримт бичиг, тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар тухайн улсын хуулиар татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт бичиг, 18.1-д Санхүүгийн чадавхын шаардлага: "Шаардана", Гадаадын этгээд тендер ирүүлэх тохиолдолд үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргасан 2022, 2023, 2024 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан, түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нотлох баримт бичиг, харилцагч арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээллийн лавлагааг баталгаат орчуулгын хамт консулын баталгаа эсхүл апостиль гаргуулан өөрийн тендерт хавсарган ирүүлнэ,

19.1-д Техникийн чадавх болон туршлагын шаардлага: "Шаардана" Гадаадын этгээд тендер ирүүлэх тохиолдолд түүнтэй адилтгах баримт бичгийг баталгаат орчуулгын хамт ирүүлнэ , 19.2-т Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичгийн 1-д Ажил гүйцэтгэх хүний нөөцийн чадавх болон туршлагын шаардлагыг нотлох баримт бичиг-ийг А-Вд жагсааж, улмаар Гадаадын этгээд тендер ирүүлэх тохиолдолд үүсгэн байгуулагдсан, эсхүл оршин суугаа улсын эрх бүхий байгууллагаас гаргасан дээрх баримт бичиг, эсхүл түүнтэй адилтгах баримт бичгийг консулын баталгаа эсхүл апостиль гаргуулан баталгаат орчуулгын хамт өөрийн тендерт хавсарган ирүүлнэ,

12.1-д Тендер шалгаруулалтын хэл: Монгол хэл байна...тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг баталгаат орчуулгын төвөөр орчуулуулж (тамга, тэмдэг, дардас) баталгаажуулж тендерт бэлтгэн ирүүлнэ. Орчуулсан материалд олон улсын мэргэжлийн хэллэг, техник хэллэг, стандарт норм, нормативын нэршлийг олон улсад зөвшөөрөгдсөн нэр томьёогоор ирүүлж болно. Тендер хянан үзэх, үнэлэхэд захиалагч гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийн орчуулгыг үндэслэх ба оролцогч өөрөө, эсхүл бусад этгээд орчуулсан эсэхээс үл хамааран үнэн зөв, зөрүүгүй болохыг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасан.

4.13. Маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээдийн тендерт ирүүлсэн баримт бичгийн татварын тодорхойлолт орчуулгын тамга тэмдэггүй, хүний нөөцийн мэдээлэлд авагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн мэдээлэл мөн албан ёсны орчуулгагүй, тамга, тэмдэггүй, тухайн иргэдийн мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй, албан ёсны орчуулгагүй буюу зөвхөн эх хувьтайгаа тохирч байгааг гэрчилсэн агуулгатай байхад “Ч к ф и б” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

4.14. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас уг тендерт оролцогч “Э С С Х-Т и” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн тодорхойлох баримт бичгийг консулын баталгаа эсхүл апостиль гаргуулан баталгаат орчуулгын хамт өөрийн тендерт хавсарган ирүүлээгүй, албан ёсны төлөөлөгч буюу Жау Пенг тодорхойлох баримт бичгийг тендерт ирүүлээгүй хэмээн татгалзсан атлаа гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг баталгаат орчуулга, тамга, тэмдгээр баталгаажсан гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

4.15. Мөн хэрэгт авагдсан “С х м х к” ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/442 тоот албан бичигт “...банкны гүйцэтгэлийн баталгаанд байгууллагын нэршил ... зөрүүтэй бичигдсэнийг залруулах, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн засаглалыг хариуцсан этгээдээс албан бичиг авах, холбогдох албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан баримт бичгийг авах, мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулах Төлөөний газар байгуулах, төлбөр хүлээн авах дансны дугаар авах зэрэг гэрээ байгуулахад шаардлагатай мэдээллийг ирүүлэх ... мэдэгдэл хүргүүлж ажилласан...” гэсэн нь Үнэлгээний хорооны шаардлага хангуулаагүй зарим ажиллагааг нөхөж хийсэн гэж үзэхээр байна.

4.16. Түүнчлэн гуравдагч этгээд “Ч к ф и б” ХХК-ийн тус тендерт ирүүлсэн санхүүгийн тайланг үзвэл, Хятад хэл дээрх тайлан болон Монгол хэл рүү орчуулсан тайлан хоорондоо таарч байгааг харьцуулан шалгах боломжгүй буюу уншигдахгүй, бүдэг тусгагдсан байгаагаас гадна тухайн санхүүгийн эх тайлан гаргацгүй, зарим үг, үнийн дүн харагдахгүй, тендерийн баримт бичгийн стандарт, түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хоёр өөр агуулга эсхүл нэг агуулга бүхий тоо, үнийн дүн байгааг тулган шалгах боломжгүй. Энэхүү санхүүгийн тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад “хамгийн сайн” тендер гэж үнэлсэн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр ойлгомжгүй байна.

4.17. Иймд нэгэнт гуравдагч этгээд “Ч к ф и б” ХХК-ийн ирүүлсэн нь тендер нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн холбогдох шаардлагуудын хангаагүй байхад түүнийг шүүхээс хугацаа өгч дахин зөвтгүүлэх үнэлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлд “Шүүхэд гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх” гээд 60.2-т “Энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас хойш гаргасан гомдлыг шүүхэд гаргана” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчээс уг маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа тохиолдолд тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

5.1. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд “Нэхэмжлэгчийн эрх, үүрэг” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус заасан.

5.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд тус хуульд эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг төлөхөөр зохицуулсан төдийгүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх нь түүний хуулиар олгосон эрхийн асуудал байх бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага бүрд 70,200 төгрөгийг төлөхөөр үүрэг болгоогүй байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... 5 нэхэмжлэлийн шаардлагад харгалзах улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй байна. Нэхэмжлэгч шаардлагаа ихэсгэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлж баримтыг хавсаргах ёстой ...” гэх давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

6. Иймд  “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлээс гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлага болох:

НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож,

дээрх хурлын шийдвэрийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан шаардлагад нийцсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлэх тухай 1 дэх заалтыг бүхэлд нь,

шалгараагүй оролцогч нарт тендерээс татгалзсан шалтгаан үндэслэлийн хамт нэгэн зэрэг албан мэдэгдэл хүргүүлж, цахим системд үр дүнг нийтлэх тухай заалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг,

хурлаас гаргасан “Үнэлгээний хорооны зөвлөмж”-ийг бүхэлд нь тус тус хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгох,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Х б и т т” ХХК-ийн хооронд 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр хууль бус захиргааны актад үндэслэн, нэхэмжлэгчдийн тендерт шударгаар өрсөлдөх, гэрээ байгуулах эрхийг зөрчиж байгуулсан захиргааны гэрээ болохыг тогтоож, хүчингүй болгох

“С н к” ХХК болон “Ц к” ХХК-иудын түншлэлийн тендер нь тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаж, харьцангуй үнэлгээгээр “хамгийн сайн” үнэлэгдэх ёстой байсан болохыг тогтоох,” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

6.1. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр ойлгомжтой, уншихад хялбар болгох, заавал биелэгдэх зарчимтай уялдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан шүүхийн шийдвэрийн төрөлд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр тодорхойлогдсон “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ч к ф и б” ХХК-д хүргүүлсэн 03/2360, “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлд хүргүүлсэн 03/2356 тоот мэдэгдлүүд, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2361 тоот “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах тухай зөвлөмж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан  НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлийг “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” тендер сонгон шалгаруулалтаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болохыг тогтоож шийдвэрлэлээ.

6.2. Харин нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх, НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр байгуулахыг тус тус даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлд “Захиалагчийн эрх, үүрэг” гээд 48.2.3-д “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих” 50 дугаар зүйлийн 50.2.3-д Үнэлгээний хороо “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэхгэж зааснаар Үнэлгээний хороо хуралдаанаар хамгийн сайн тендерийг шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагчаас гэрээ байгуулах эрх олгодог. 30 дугаар зүйлийн 30.3.2-т энэ хуульд ... шүүхийн шийдвэрээр ... гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон нөхцөл байдал үүссэн учир захиалагч хуульд зааснаар үүргээ хэрэгжүүлж гэрээ байгуулах ба нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэл нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу гэрээ байгуулах эсхүл гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх үүргээ хэрэгжүүлэх ёстой.

Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлэхээр зохицуулсан байна.

Энэхүү үйл ажиллагаа нь захиргааны байгууллагад хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд зохих журмын дагуу хэрэгждэг тул хариуцагч Үнэлгээний хорооноос захиалагчид зөвлөмж хүргүүлэх, захиалагчтай гэрээ байгуулахыг шууд даалгах боломжгүй байх тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/917 дугаар “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол төслийн багц 3,4-ийн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тавьж ажиллахыг “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д тус тус үүрэг болгосон, мөн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/1270 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар дээрх ажлын тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй хийх гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг боловсруулах, хэлэлцээрийн шатанд санал, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан ба уг бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Д ахлагчтай “С х м х к” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд багтсан байна.

7.1. Маргаан бүхий акт болох НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А, “С х м х к” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга буюу Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Д, гуравдагч этгээд “Х б и т т” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т В Г нарын хооронд байгуулсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхээс томилон ирүүлэхийг мэдэгдэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлсэн ба Уг хариуцагчийн төлөөлөгчтэй холбоотой хэргийн оролцогчид маргаагүй байх тул энэхүү үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин тодруулахаар хэргийг буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.6.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.3.2, 48 дугаар зүйлийн 48.2.3, 50 дугаар зүйлийн 50.2.3, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын тендерийн үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай хурлаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн тендерийг хянан үзэж, үнэлсэн үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Ч к ф и б” ХХК-д хүргүүлсэн 03/2360, “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлд хүргүүлсэн 03/2356 тоот мэдэгдлүүд, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/2361 тоот “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах тухай зөвлөмж, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан  НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “С к” ХХК, “Ц к” ХХК-иудын түншлэлийг “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” тендер сонгон шалгаруулалтаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх, НХААГ/20250101686 дугаартай “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол /71 айлын 9 давхар барилга, 11 блок/ Багц-3.1” ажил гүйцэтгэх гэрээний хэлэлцээр байгуулахыг тус тус даалгах” гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, 3 болон 4  дэх заалтыг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                               Л.ОДБААТАР

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА