Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,      

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт Боржигон овогт Батхүүгийн Анхбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010017 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Батхүүгийн Анхбаяр, 1989 оны 04 дүгээр сарын 09-ний едөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, халх, бүрэн дунд боловсролтой. тогооч мэргэжилтэй, Блу пин ХХК-д ахлах тогооч ажил хийдэг, ам бүл 6, эцэг эх, дүү, охины Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо 66-897 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй. бие эрүүл. хэрэг хариуцах чадвартай гэх,

Урьд 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн ял шийтгэж, 18 насанд хүрээгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн өршөөн хэлтрүүлсэн, УН 89040912 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд иргэн Н.Галбадрахтай үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүнийг зодож баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Н.Галбадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө найз нартайгаа хамт Баянцээлд байрлах Парис нэртэй бааранд  архи уусан. Тэнд манай  найз Төгөл, Алтай, Дөлгөөнөө, Бат-Ирээдүй, Тулгаа нартай хамт явж байсан. Бааранд 00 цагийн үед орсон бид нар хоёр шил архи нэг пиво ууцгаагаад 01 цагийн үед гарах гэж байхад Тулгаа нэг залуутай муудалцсан гэж байсан, би хараагүй тэгээд хамгаалагч салгаад авч гарсан би араас нь явж байхад нэг залуу эргэж хараад намайг ямар нэг үгийн зөрүүгүй шууд цохьсон. Намайг нэг л удаа нүүрэнд цохьсон өөрөөр гар хүрээгүй. Хамар хавдаж их хэмжээний цус гарсан, хамар нүдний гоо хэсэгт цохьсон юм шиг байсан, нүд бас хөхөрсөн байсан. Намайг нэг л удаа гараараа цохьсон. Баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлийг намайг цохьсон залуу нэг цохилтоор учруулсан. Миний хамарны дээд хэсэг хоёр нүдний голд цохьсон. Эмчилгээний зардал гэх нэг их зүйп гараагүй шүүх эмнэлэгт 3.000 төгрөгөөр үзүүлсэн. Миний хамар нүдний хавдар арилтал 15 хоног ажилдаа яваагүй тус хугацааны ажлаа хийж чадаагүй учир цалингаа нэхэмжилж байна...” /хх17-18/,

Хохирогч Н.Галбадрах шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.Анхбаяраас 400.000 төгрөг хүлээн авсан, Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

Гэрч Б.Гомбодорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тэр орой хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр өдөр цагийг нь сайн санахгүй байна 01 цагийн үед гэж бодож байна бүжгийн талбай дээр хэсэг залуус хоорондоо муудалцаж эхэлсэн. Нэг талаас 4-5 залуус нөгөө талаас 3 залуу байх шиг байсан. Бүжгийн талбай дээр нэг их сүртэй шалтгаан бол байгаагүй хоорондоо түлхэлцсэн юм шиг байсан. Хоорондоо маргалдаад эхэлхээр хамгаалагч нар очоод салгасан. Салгаад бүгдийг нь аваад коридор руу явж байхад намхан залуу нөгөөгөө цохьсон. Цохиход би яг хажууд нь зогсож байсан. Тэгтэл цохиулсан залуугийн найз нь над руу дайраад цохиод байхаар нь би тэр залууг аваад доош буусан. Тэгээд эргээд ирэхэд үүдэнд нөгөө залуу нь ирчихсэн хамар цохьчихлоо цагдаа дуудна нөгөө залуучуудыг гаргахгүй гээд байж байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан, цохьсон. залуу нь сүүлд надад миний шүд рүү цохьсон, намайг түрүүлж бүжгийн талбай дээр шүд рүү цохьсон гэж хэлж байсан. Маргалдааныг салгаад хоёр хэсэг болгон хувааж авч гарч байхад ямар нэг байдлаар тэр цохьсон залууд хүн гар хүрээгүй. Би тэдгээр хүмүүсийг мэдэхгүй танихгүй болхоор цохьсон, цохиулсан залуу гэж ярьлаа. Нүүрэнд нь нэг л удаа цохьсон нуруугаараа адил өндөртэй намхан хоёр залуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

Гэрч Э.Алтантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Он сар өдрийг нь санахгүй байна. 2016 оны 12 дугаар сард Сансарын Парис гэдэг бааранд Жагаа, Төгөл. Бат-Ирээдүй, Галбадрах, Дөлгөөн нарын хамтаар цагийг нь санахгүй байна нилээн орой орсон. Бааранд ороод нэг шил архи хэдэн пивотой авсан дөнгөж уугаад эхлэж байсан. ДЖ дээр нэг дуу захиалаад бүжиглэх гэж байхад намайг араас нэг залуу чангааж татсан. Тэр залуутай барьцалдаж аваад байж байхад хамгаалагч нар ирээд салгасан. Хамгаалагч нар бид нартай муудалцсан залуусыг үлдээгээд бид нарыг гаргаж байхад нэг залуу Галбадрахын хамар руу цохьсон. Тэгээд цагдаа дуудсан. Тэнд өөр ямар нэгэн зодоон болоогүй. Дөлгөөн Бат-Ирээдүй хоёр цохьсон залуугийн царайг харсан байсан буцаад ороход бааранд ширээндээ цамцаа сольчихсон сууж байсан. Тэгээд цагдаа нар аваад явсан. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна, анх удаа харж байгаа залуу байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-23/,

Гэрч Т.Мөнхтөгөл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 10-ны үед гэж санаж байна яг тодорхой санахгүй байна. Тэр өдөр найз Галбадрах. Бат-Ирээдүй, Алтантулга, Дөлгөөн нарын хамт Сансарын Парис бааранд орсон Бааранд ороод нэг шил архи хүний нэг нэг шил архи аваад орсон. Хэсэг сууж байгаад дотор эвгүй болоод байхаар нь 0 ороод ирэхэд манай найзууд ширээнд байхгүй байсан. Би хайгаад очиход үүдэнд зогсож байсан хүмүүстэй муудалцаад маргалдаад байх шиг байсан. Тэгээд би дундуур нь ороод муудалцаад яах юм бэ гээд салгах гэж байтал миний урдуур нэг залуугийн гар орж ирээд Галбадрахын нүүрэнд цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-25/,

Шинжээчийн №302 дугаартай дүгнэлт:

  1. Н.Галбадрахын биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлдлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх9-11/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-37, 53/, шинжээчийн дүгнэлт /хх-10/, хохирол төлсөн баримтууд болон шинээр шүүгдэгчийн ажлын газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис бааранд иргэн Н.Галбадрахтай үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүнийг зодож баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Анхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Анхбаяр урьд шүүхээр ял шийтгүүлж байсан боловч 2015.08.11-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Анхбаярт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Хохирогч Н.Галбадрах нь шүүгдэгч Б.Анхбаяраас хохирол төлбөрт 400.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Батхүүгийн Анхбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаярыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаярт оногдуулсан  3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Анхбаярт  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР