Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0014

 

К б-ны Б с-ын нэхэмжлэлтэй

                                                           иргэний хэргийн тухай                                                                                  

Хэргийн индекс 132/2017/00156/И

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаартай шийдвэртэй,

 

К б-ы Б салбарын нэхэмжлэлтэй Д.Х-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 8285718.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Д.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө

Хариуцагч Д.Х

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гочоо

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

Нэхэмжлэгч Капитал банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К” ХХК нь иргэн Д.Х-тай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №Цалин 358/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8000000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох боловч иргэн Д.Х нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 2541136.02 төгрөг, зээлийн хүүнээс 1354554.35 төгрөг, нийт 3895690.37 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч Д.Х-аас үндсэн зээл 5458863.98 төгрөг, зээлийн хүү 2355711.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 471142.38 төгрөг, нийт 8285718.28 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.   

 

Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос хойш Х банкны зээлтэй ядарч яваа хүн, нөхөр ажил хийх чадваргүй бөгөөд 1997 оноос хойш тахир дутуугийн групптэй үргэлж эм тариа хэрэглэдэг. Миний бие К банкнаас 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Т банкны зээлээ хааж, зээл авсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний ажлаасаа тэтгэвэрийн нас болсон гээд халагдаж 12 дугаар сард тэтгэврээ тогтоолгосон. Би банкны зээл ихтэй хэсэг ажиллуулж өгөхийг хүссэн өргөдлөө өгөөд болно гэж бодож байтал захирал маань хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрийн гэсэн хашаа байшин, өмч хөрөнгө, мал ахуй байхгүй өвгөн бид хоёр хоёулаа тэтгэврийн зээлтэй тусалж дэмжих ах дүү, хамаатан садан байхгүй. Одоо би ажил хийж төлөх гэхээр асаргааны хүнтэй хэцүү байна. Манай нөхрийн группийн зээл 2019 оны 01 дүгээр сард дуусч дахин зээл авах боломжтой байна гэхэд банк тэр болтол хүлээхгүй гэсэн. Нөхөрт маань эм тарианы мөнгө байнга хэрэгтэй болдог. Бид хоёр Булганд 4, 5 айлын хашаа, байшин дамжиж амьдарч байна. Би ганц хүүхэдтэй тэр маань боломж байхгүй надад маш хүнд байна. Нөхөр маань насан туршийн асаргаатай болсон тул нөхрийнхөө группийг сунгуулаад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндсэн зээлээс төлөх боломжтой. Надад одоо ямарч төлбөрийн чадвар байхгүй. Иймд үндсэн зээл 5458863 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2826853 төгрөгийг хасч тооцож өгнө үү...” гэжээ.

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Х-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8285718.28 /найман сая хоёр зуун наян таван мянга долоон зуун арван найман төгрөг, хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Булган аймаг дахь салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147521.49 /нэг зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас 147521.49 /нэг зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

             Хариуцагч Д.Х давж заалдах гомдолдоо:

“... би К банкинд 2015 оны 02 дугаар сарын 14-нөөс эхэлж цалингийн зээл авч түүнээсээ зээл, зээлийн хүүнд нийт 3895690 төгрөгийг төлж, үлдэх зээл, зээлийн хүүд 8285568 төгрөгийг банкинд хариуцаж төлөх нь үнэн боловч банкны зээлийн хугацаанд миний ахуй амьдралд, миний нөхөр хүнд өвчинд нэрвэгдэж одоо хүртэл тахир дутуу эмч, эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байгаагаас гадна байнгын хүний асрамжинд байнгын хэвтэрт хоног өдрийг өнгөрөөж сэтгэл санаа, ахуй амьдрал хүнд байдалд байна. Энэ нь эмч магадлагааны баримт бичиг болон миний ахуй амьдралыг туйлын хүнд гэдгийг орон нутгийн засаг захиргаа, холбогдох албан тушаалтны баримт бичгүүдээр нотлогдож байгаа. Нөгөө талаар би ам бүл 2, 58 настай, тэтгэвэрт орсон, тэтгэвэр 280.000 төгрөг авдаг. Өөрийн гэсэн гэр орон, байшин, газар байхгүй, сумаас тусламж өгсөн 4 ханатай гэрээс өөр хөрөнгө байхгүй үнэхээр амьдрал хүнд байна. Хамгийн гол нь гэр бүлийн хүн өвчинд нэрвэгдэж хүний гарт орсноос эмчилгээний зардал үнэхээр их гарч ядарч, зовж байна.

Манай нөхөр Ц нь 4 мөч саажилттай, ажиллагаагүй болсон. Цаашид эрүүл мэндээ эмчлүүлэх олон нөхцлөөр хөөцөлдөх шаардлагатай боловч хөрөнгө мөнгө байхгүй, ёстой ядрахын дээд зэргээр ядарч байна. Ийм учраас миний ахуй амьдралыг банкны санаачлагаар биш хуулийн дагуу надад ахуй амьдрал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж миний төлбөл зохих 8285769 төгрөгийг 60 хувиар хөнгөлж хуулийн энэрэнгүй үзлийг хүртээж ахуй амьдралд туслалцаа үзүүлэхийг давж заалдах шатны шүүхэд хүсэлт болгож байна...” гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч К банкны Булган салбар нь иргэн Д.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.285.718.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Х нь “...зээл авсан нь үнэн, харин амьдралын боломжгүй байдлаас болж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй, үндсэн зээлийг төлнө...” гэсэн тайлбар гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд К банкны Булган салбар нь 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Х-тай 157 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.50 хувийн хүүтэй зээлдүүлжээ.

Мөн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 358 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1.000.000 төгрөгөөр, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 358/1 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1.500.000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, үндсэн зээлийн хэмжээг 8.000.000 төгрөг болгосон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, харилцан ашиг сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Дээрхи зээлийн гэрээнд зээлдэгч авсан зээл, хүүгийн төлбөрийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэлх хугацаанд үндсэн хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр /хх 118/ тохиролцжээ.

Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасанчлан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба зээлдэгч Д.Х нь зээлийн гэрээгээр тохиролцсон үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч Д.Х-гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.285.718.28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К банкны Булган салбарт олгохоор шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан “зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх боломжгүй, үндсэн зээлийг төлнө...” гэх давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1.Хариуцагч Д.Х-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ё.БЯМБАЦЭРЭН

 

                               ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ                                                                                                                                                        

                                                                                                                М.ХҮРЭЛБААТАР