Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 111/ШШ2018/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Ж.*******дорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарыг оролцуулан, Д.*******ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Д.******* миний өмчийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би ******* сумын 5 дугаар багт оршин суудаг ба тус суманд байрлах 8 айлын сууцны нэг айлд оногдох  хоёр өрөө сууцыг анх Жаргалын зам нэгдлийн өмч хувьчлалаар худалдан авч байсан юм.

Энэхүү сууц нь 1988 онд баригдаж байсан бөгөөд миний бие анх амьдарч эхэлсэнээс одоог хүртэл уг байрандаа амьдарч байгаа нь үнэн болно. Энэ сууцны өмчлөлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй нь үнэн болно.

Миний бие өөрийн өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, хууль ёсоор баталгаажуулах зорилгоор аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүх баримт материалаа бүрдүүлэн өгөхөд өмчийг маань бүртгэхээс татгалзаж, шүүхэд хандахыг зөвлөсөн юм.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны 131/Ш32018/02133 захирамжаар шударга өмчлөгч болох нь тодорхой байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж буцаасан байсан. Иймд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар баг Ембүү 3 дугаар гудамжны 2 тоот хашаанд 2 өрөө  бүхий хувийн сууцыг овогт ийн *******ын өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн ийн *******ын Баянхонгор аймаг дахь Сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны 131/ШЗ2018/02133 захирамжаар шударга өмчлөгч болох нь тодорхой байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж буцаасан учир овогт ийн *******ын өмчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийнбайгууллагад даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хийж байна. Үүнд иргэн Д.******* нэхэмжлэлдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүх баримт материалаа бүрдүүлэн өгсөн гэж бичсэн байна. Түүний гаргаж өгсөн мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримттай танилцаад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхий бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан үзээд тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт байхгүй гэж үзсэн, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан, татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, хэрэв хувьчилж авсан, худалдаж авсан гэх эрх зүйн баримт байхгүй бол, өөрөөр хэлбэл таны өмчлөх эрх үүссэн гэдгийг нотолсон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг байхгүй бол шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгож болох юм гэсэн. зөвлөгөөг өгсөн байна. Тодруулбал иргэн Д.******* нэхэмжлэлдээ Жаргалын зам нэгдлээс өмч хувьчлалаар худалдаж авч өмчлөх эрх үүссэн гэх боловч түүнийг нотлох өмч хувьчлалын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, өмч хувьчлалаар худалдаж авсныг нотлох ямар нэгэн гэрээ, хэлцэл, эрхийн гэрчилгээ зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг байхгүй байгаа нь түүнийг өмчлөгч гэдгийг нотлох баримт байхгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Өөр хэлбэл төрийн өмчийн эд хөрөнгийг хуульд зааснаар хувьд шилжүүлснээр иргэн Д.*******ын өмчлөх эрх үүссэн гэж ойлгогдож байна. Тэрнээс биш ямар нэгэн эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авснаас түүний өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэдэгт эрх олгосон шийдвэр, гэрээ, хэлцэл зэргийг хамааруулан ойлгоно. Аливаа өмчлөх эрх үүсэх үндэслэл анхдагч, үүсмэл гэсэн хэлбэрээр үүсдэг. Бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчийн гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргагдсан нотлох баримт нь тухайн этгээдийг аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг хангалттай нотлож байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийн өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн гэрчилгээ олгон баталгаажуулдаг, харин өмчлөгчийг тогтоодог эрх бүхий субъект биш учраас шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох хэрэгтэй гэж зөвлөсөн болно. Ийнхүү зөвлөсөн нь улсын бүртгэл үнэн байх зарчмыг хэрэгжүүлэх замаар хүний эрхийг хангах, өмчлөх эрхээ хамгаалуулах хууль зүйн боломжийг ашиглах нөхцлөөр хангах, нөгөөтэйгүүр бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хууль, дүрэм, журам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас өгсөн мэргэжлийн аргачлал, чиглэлийг хэрэгжүүлэх, өмчлөх эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн хэрэг юм. Харин иргэн Д.******* нь манай байгууллагад дахин өргөдлөөр хандан бүртгүүлэхийг хүссэн ба өргөдлийн хариуг хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1/560 тоот албан бичгээр өгсөн байна.

Иргэн Д.******* нь тус орон сууцыг өмч хувьчлалаар худалдаж авч өмчлөх эрх үүссэн гэдгээ нэхэмжлэлд тодорхой дурьдсан хэдий ч өмч хувьчлалын асуудал хариуцсан байгууллагаас эрх олгосон шийдвэр, гэрээ, хэлцэл байгаа талаар дурьдаагүй төдийгүй нэхэмжлэлд хавсаргаагүй нь өмчлөх эрх үүсгэсэн эрх зүйн баримт бичиг байхгүй гэдгээ давхар илэрхийлж тайлбарлаж байгаа хэрэг буюу энэ нь улсын бүртгэлийн байгууллага мэдүүлэг хүлээн авах боломжгүй байсныг илтгэх нотолгоо юм. Харин нэхэмжлэлд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШЗ2018/02133 захирамжаар шударга өмчлөгч болох нь тодорхой байх тул Улсын бүртгэлийн хэлтэст хандаж шийдвэлүүлэх боломжтой гэж буцаасан тухай дурьдсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөнд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай хуульд заасан эрхийг шүүхийн байгууллага хангах ёстой бөгөөд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг хангаж ажиллаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгч болохыг Улсын бүртгэлийн байгууллага тогтоох чиг үүрэггүй бөгөөд шүүхийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгсөн тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллага нь Д.*******ын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох боломжтой. Д.*******ын Иргэний хэргийн шүүхэд гаргаж байсан өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй утга ижил нэхэмжлэлийг урьд нь манай шүүхийн байгууллага шийдвэрлэж байсан жишээ бий. Жишээлбэл иргэн ******* овогт *******ийн ******* /*******/-ийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүх Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг тус тус баримтлан өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гаргасны дараа улсын бүртгэлд бүртгэн өмчлөх эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгосон байна. Өөрөөр хэлбэл иргэн Д.*******ын гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргаж өгсөн гэрчилж тодорхойлсон бичмэл баримт дээр тулгуурлан холбогдох гэрчийн тайлбарыг авах, гэрчилж болох бусад бичмэл баримт бичгийг холбогдох эрх бүхий байгууллагаас гаргуулах зэрэг процессын ажиллагааг хийх эрх хэмжээ, чиг үүргийг хуулиар шүүхийн байгууллагад олгосон. Үүнтэй маргах зүйл үгүй юм. Иймээс энэ хэргийг харъяаллын дагуу Улсын бүртгэлийн байгууллага биш Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйд нийцэх юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Д.******* миний өмчийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их хурал 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Бүртгэхийг даалгахаар маргаж буй үйл баримт нь дээрх хууль батлагдахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийг буцаан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус тул бүртгэл хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан болохоо шүүх хуралдааны явцад тодруулсан. Захиргааны байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх бөгөөд хуульд заасан бүрдүүлбэрийг шаардсан нь буруу биш юм.

Нэхэмжлэгч Д.******* Баянхонгор аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болохоо тогтоолгохоор хоёр удаа хандсан байх боловч тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 131/ШЗ2018/01813, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 131/ШЗ2018/02133 дугаар захирамжуудаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, захирамжууд хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч энэ нь Захиргааны хэргийн шүүхээр даалгах шийдвэр гаргах үндэслэл биш, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана., 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.2-т газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт, 13.5.3-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, 13.5.4-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар, 13.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг 13.5.6-д улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт, 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,13.5.8-д энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.******* Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан ******* сумын 5 дугаар баг, 3-2 тоотод байрлах 52 кв.м үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, гэрчилгээ авахаар холбогдох баримтуудыг хавсарган хандсаныг хянан үзээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө., 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1296 дугаар ******* сумын Жаргалын зам нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын баримтаас 8 айлын орон сууцны хувьчлалын баримтыг шүүхэд тухайн байгууллага баримтаа тус архивт шилжүүлэн ирүүлээгүй гэх лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл ******* сумын 5 дугаар баг, 3-2 тоотод байрлах 52 кв.м үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг Д.*******ыг гэх баттай баримттай гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгч Д.******* Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэгтээ хавсарган өгсөн ******* сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/113, ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 111, ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр албан бичгүүдийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт гэж үзэх боломжгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ын Д.******* миний өмчийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН