| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/1130/3 |
| Дугаар | 221/МА2026/0291 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0291
О.Тийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.Т
Нэхэмжлэгч: О.Т
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 13 дугаар байрны хойно, 39 дүгээр цэцэрлэгчийн урд талд байрлах 12 гараашийн 7 тоот гараашд холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү хууль бус заалттай холбоотой үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 20,256,888 төгрөгийн нөхөн олговор гаргуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Т
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/1130/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Т нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 13 дугаар байрны хойно, 39 дүгээр цэцэрлэгчийн урд талд байрлах 12 гараашийн 7 тоот гараашд холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү хууль бус заалттай холбоотой үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 20,256,888 төгрөгийн нөхөн олговор гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Таас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 13 дугаар байрны хойно, 39 дүгээр цэцэрлэгчийн урд талд байрлах 12 гараашийн 7 тоот гараашд холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү хууль бус заалттай холбоотой үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 20,256,888 төгрөгийн нөхөн олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг баталгаатай эдлэх талаар заасан. Хариуцагч нь газар чөлөөлөх нэрийдлээр Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн олон заалтыг зөрчсөн захирамж гаргаж миний хууль ёсоор эзэмшиж байсан газар дээр байсан эд хөрөнгийг нураан устгасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч миний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар дэлгэрэнгүй тодруулан тайлбарласан ба шүүх хуралдаан даргалагчийн асуултын дагуу Монгол Улсын Иргэний хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрөөгүй байгааг тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж газар эзэмших гэрээгээ сунгуулаагүй гэсэн ганц үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Гэрээ сунгуулаагүй гэдэг нь зөвхөн нэхэмжлэгчээс шалтгаалсан асуудал биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Би 2009 онд гэрээг сунгуулах хүсэлт гаргахад Чингэлтэй дүүргийн газрын алба төлбөрөө төлж байгаа нөхцөлд гэрээ сунгуулах шаардлагагүй хэмээн төлбөрийг төлүүлж байсан. Иймд ч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 3-д хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргаагүй байна гэж зөв дүгнэжээ гэж үзэж байна. Би газрын албаны газрын төлбөр тодорхойлох актаар тогтоосон төлбөрийг 2020 оныг дуустал тасралтгүй төлсөн. Хэрэгт авагдаагүй онуудын төлбөрийн баримтуудыг би Чингэлтэй дүүргийн газрын албанд өгсөн атал газрын хувийн хэргийн хамт үрэгдсэн бололтой. Учир нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба шүүхэд ирүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08-18/34 тоот албан бичигтээ “О.Тийн нэр дээр газар ашиглаж, эзэмшдэг болохыг нотолсон нэгж талбарын хувийн хэрэг бүртгэлгүй байна” гэсэн байна. Гэтэл надтай газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан, гэрчилгээ олгосон, газрын төлбөрийг төлүүлж байсан тул зохих баримтууд уг хувийн хэрэгт байх ёстой билээ. Харин 2021, 2022 онуудад ковидын улмаас Монгол улсад татвар, төлбөрүүдээс чөлөөлж байсан болно.
3.2. Хариуцагч А/388 дугаар захирамж гаргахынхаа өмнө Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажиллагаа явуулаагүйд шүүх буруу дүгнэлт хийжээ. Мөн хариуцагч талаас тус шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/778, 01/777 тоот албан бичгүүдийн дагуу нотлох баримтууд ирүүлэхдээ нэхэмжлэгчийн гараашийн биш буюу өөр газар байршилтай гараашуудын зургуудыг ирүүлсэн зэрэгт ч шүүх анхаарсангүй. Шүүх нэхэмжлэлийн хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Монгол Улсын Газрын тухай хуулийн 44, 47, 49 дүгээр зүйлүүдийн заалтыг үндэслэсэн нь буруу байна. Би нэхэмжлэлд заасан газрыг гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж байсан. Гэрээний хугацаа дууссан гэх хугацаанаас хойш ч хариуцагч тал газрын төлбөрийг төлүүлж байсанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байв. Ийнхүү би газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй байсан нь энэхүү шийдвэрт дурдагдсан тус шүүхийн 2024 оны 429 дүгээр шийдвэрээр хохирлоо нөхөн төлүүлсэн иргэдээс ч давуутай байсан гэж үзэж байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангана уу.” гэжээ.
5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.Таас “2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 13 дугаар байрны хойно, 39 дүгээр цэцэрлэгчийн урд талд байрлах 12 гараашийн 7 тоот гараашд холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү хууль бус заалттай холбоотой үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 20,256,888 төгрөгийн нөхөн олговор гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.1. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гараагүй байгаа тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа гэж үзэх ба уг үндэслэлээр газрын зөрчлийг арилгуулахаар А/388 тоот захирамжийг гаргасан тул хариуцагчийг хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, тус хавсралтын 100 дугаарт нэхэмжлэгч О.Тийн гарааш багтжээ.
2.3. Нэхэмжлэгч дээрх 7 тоот гараашийг иргэн Ц.Г худалдан авсан бөгөөд Ц.Г газар эзэмшүүлэх эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захрамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн газрын алба 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч О.Ттай газар эзэмших гэрээ байгуулж, 2004 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 482 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна.
2.4. Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийслэлийн чиг үүрэгт дараах асуудал хамаарна”, “24.1.19-д нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж, төлөвлөлт, хяналт”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж,
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зохицуулсан.
2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тухайн газрыг гэрээнд заасан хугацаа, нөхцөл болзолтойгоор зөвхөн гэрчилгээний үндсэн дээр эзэмших бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд газар эзэмших эрхтэй гэж үзэхгүй буюу нэхэмжлэгч О.Тт анх газар эзэмших гэрчилгээ олгохдоо 5 жилийн хугацаатай олгосон байх ба тус газар эзэмших эрх нь 2009 онд дуусгавар болж түүнээс хойш газар эзэмших эрх сунгуулах хүсэлт гаргаагүй, хариуцагч захиргааны байгууллагаас түүний газар эзэмших эрхийг сунгасан шийдвэр гараагүй байна. Маргаан бүхий энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж заасантай нийцэхгүй байх тул нөхөн олговор олгож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, газар эзэмших эрхийг сунгасан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж байгаа гэж үзэх ба уг үндэслэлээр газрын зөрчлийг арилгуулахаар А/388 тоот захирамжийг гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн 7 тоот гараашийг зөвшөөрөлгүй гэсэн үндэслэлээр доорх газрыг нь чөлөөлөх байршлаар баталсан ...” гэх тайлбар үндэслэлтэй.
2.7. Нөгөөтээгүүр, сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд тухайн гараашийн хаалга дээр холбогдох мэдэгдлийг байрлуулсан байх төдийгүй нэхэмжлэгч хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тухайн тохиолдолд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмнө нь шийдэгдэж байсан өөр нэхэмжлэлтэй буюу н.Д нэхэмжлэлтэй хэргийн гараашуудын зургийг энэ хэрэгт хавсаргаж өгсөн байсан, шаардах хуудсыг нэхэмжлэгчийн гарааш дээр наагаагүй, энэ хэрэгт хамааралгүй баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байсан ...” гэж маргадаг боловч тус захиргааны хэрэг болон энэ захиргааны хэрэг нь нэг маргаан бүхий акттай маргасан, мөн нэхэмжлэгчийн 7 тоот гарааштай холбогдох газрын байршлыг харуулсан зураг давхар авагдсан байх тул нотлох баримтаар шүүх үнэлэх боломжтой.
3.1. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан бөгөөд нэгэнт захиргааны байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг гаргуулах боломжгүй.
3.2. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" А/388 дугаар захирамжтай холбоотой нэг бус маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хариуцагчийн маргаан бүхий тус захирамжийг хууль бус захиргааны акт гэж дүгнээгүй байна.
3.3. Эдгээр нөхцөл байдалтай холбогдуулан маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчимд нийцсэн бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт гэж дүгнэн, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Тийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА