| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0237/Э/ |
| Дугаар | 231 |
| Огноо | 2012-11-29 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0237/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Т.Ч.О-жаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Ч.Э- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000625 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.Э- /РД:**********/, 1970 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, тусгай дунд боловсролтой, замын техникч мэргэжилтэй, ********************* ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ***************** тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Ч.Ч.Э- нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Ч.О-ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж улмаар түүний зүүн гар тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Ч.Э- нь 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Ч.О-ттай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж улмаар түүний зүүн гар тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
хохирогч Ч.Ч.О-тын:...”2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4 цаг өнгөрч байхад Ч.Э-тай би байрны буланд тааралдаад архи асуусан юм....Тэгтэл Ч.Э- газар байсан мод аваад миний толгой руу цохисон. Дахиад цохих гэхээр нь би зүүн гараараа толгойгоо хаасан чинь миний гар руу модоороо цохисон. Тэгээд би толгойгоо дараад газар унасан.
Тухайн үед миний гар эвгүй болчихсон байсан. Тухайн үед надтай хамт явж байсан Ш- гэх залуу Ч.Э-ыг надаас салгасан ба би төмөр замын цагдаад зодуулсан талаараа мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-8 дахь тал/,
гэрч Ж.Ж.Ш-ын:...”Тэр өдөр 1 дүгээр байрны буланд Ч.Э- ахтай юм яриад зогсож байтал Ч.О-т ах ирээд Ч.Э- ахаас нэг шил архи нэхсэн юм. Тэгээд тэр хоёр хоорондоо ноцолдоод 2 дугаар байрны зүг рүү явсан. Тухайн үед би тэр хоёрын араас нь дагаад явж байтал Ч.О-т ахын толгой нь хагарчихсан Ч.Э- ах гартаа нэг мод бариад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
гэрч Н.Н.О-ын:...”Би вокзалын тэндээс Ч.Э-, Ж.Ш-, Ч.О-т нарыг харчхаад 2 дугаар байрны ард очсон чинь Ч.О-т Ч.Э- хоёр зодолдсон гээд Ч.О-тын толгойноос цус гарчихсан хэрэлдээд байж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 929 тоот актын
1. “Ч.Ч.О-тын биед зүүн гарын богтос ясны хугарал, нүүр, чих, гарын зөөлөн эдийн зулгаралт, шарх, цус хурлын гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Иймд Ч.Э-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ч.О-т нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Ч.Ч.Э-аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Э- урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ /хэргийн 29 дахь тал/.
Шүүгдэгч Ч.Ч.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.Э-ыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Чагнаагийн Ч.Э-т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ч.Ч.Э-т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн ногоон өнгийн хугархай модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Ч.Ч.Э-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Ч.Э-т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ч.Ч.Э-т мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ч.Э-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ч.Э-т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ё.РИНЗААН