| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 122/2025/0034/3 |
| Дугаар | 221/МА2026/0315 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0315
“М з г” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч Ү.Б
Гомдол гаргагч: “М з г” ХХК
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.З
Гомдлын шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0103108, 0103109 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б
Хариуцагч Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 122/2025/0034/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М з г” ХХК-иас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0103108, 0103109 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7.12 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан “М з г” ХХК-иас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0103108, 0103109 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Гомдол гаргагчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. "М з г" ХХК нь Зам тээврийн яамтай 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ҮТ 2502808719/157 дугаартай ХҮІ.1.1.4 Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто зам /зүүн бүс/-ын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зам тээврийн яамны ажил эхлүүлэх зөвшөөрөл авч гэрээгээр хүлээсэн ажлаа эхэлсэн билээ. Манай компанийн зүгээс зам ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл гаргуулах талаар хуулийн хүрээнд эрх бүхий байгууллагад удаа дараа хандсан боловч зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын эс үйлдэхгүйгээс шалтгаалан зөвшөөрөл гарахгүй байсан билээ. Зам тээврийн яам болон замын хяналтыг хэрэгжүүлэх "А З" ХХК-аас замын ажлаа гэрээнд заасан хугацаанд эхлүүлэхийг шаардсан. "М з г" ХХК нь арга буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ашиглах эрх олгосон зөвшөөрөлтэй талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмал болох дайрга, хайрга ашигласан. Аймгийн Геологи уул уурхайн газар нь манай зөвшөөрөлтэй газрын зөвшөөрөлтэй хугацаа дуусахад хүлээж аваагүй талбайгаас ашигласан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Улсын байцаагч Б.З нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн явуулсан гэж үзэж байна. Цаашилбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12-т “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно”, 1.13.1 “Оролцогч зөрчил шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтан болно” гэснийг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. "М з г" ХХК-ийг хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдээгүй нэг ч удаа уулзаагүй тайлбар аваагүй. Утсаар холбогдсон гэх баримтыг хавсаргасан баримтуудыг хуульд нийцсэн нотлох баримт гэж үзэхгүй байна.
3.2. Зөрчил шалгагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи уул уурхай, газрын тос хийн хяналтын байцаагч Б.З нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “ямар зөрчилд холбогдсоныг шалгагдаж байгааг мэдэх 2.2 өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах”, 2.4 “хохирогчийн гомдолтой танилцах тайлбар гаргах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.6 “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан прокурорын үйл ажиллагаа шийдвэрт.. гомдол гаргах”, 2.7 “өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах” гэж заасан. Зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг хязгаарласан ажиллагааг үйлдэл үйл ажиллагаа болсон билээ. Хяналтын байцаагч Б.З нь "Н А" ХХК-ийн шинжээч А.Ц шинжээчээр томилсон тогтоолыг "М з г" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй бөгөөд мөн шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэснийг зөрчсөн ажиллагаа болсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчил шалгагч хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "М з г" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Батмөнх надад шийтгэл оногдуулах шийтгэврийн хуудас гардуулахдаа анх удаа тайлбар авч шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцсан баримтуудад гарын үсэг зуруулсан болохоос нэг бүрчлэн танилцуулсан зүйл байхгүй билээ. Зөрчил шалгагч хяналтын байцаагч нь "М з г" ХХК ийн гүйцэтгэх захирал Ү.Б надад шинжээчийн дүгнэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт, гомдол гаргах ямар ч боломж олгоогүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд гомдол гаргагч миний зүгээс улсын байцаагч нь зөрчлийн хэрэг шалгах явцад хэдэн мэргэжлийн компанид шинжилгээ хийлгэх дүгнэлт гаргуулахаар санал тавьж хандсан нэг ч нотлох баримт хэргийн материалд байхгүй. Миний зүгээс шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрсөн “Н-А" ХХК-ийн шинжээч А.Ц шинжээчийг хэрхэн сонгосон болон шинжээч томилогдохоосоо эхлэн хууль зөрчсөн, эргэлзээтэй хэт нэг талын эрх ашигт нийцүүлсэн дүгнэлт гэж үзэж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шатанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.1 зааснаар Шинжээчийн дүгнэлт гаргуулах шинжээч томилуулах хүсэлтийг хуулийн хүрээнд гаргасан. Гэтэл шүүх үндэслэлгүй шалтгаан зааж хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замын бүсийн ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан Зам тээврийн яамны газрын дарга Л.Б гэрч Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл авах хүсэлтийг Зам тээврийн яаманд "М з г" ХХК-аас удаа дараа ирүүлсэн талаар болон эрх бүхий газарт уламжилсан боловч зөвшөөрөл одоо хүртэл гарахгүй байгаа талаар, Зам тээврийн яамыг төлөөлөх хяналт тавих "А з” ХХК -ийн захирал Г.Ч гэрч нар "М з г" ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг хуулийн хүрээнд гаргаж өгөхгүй эс үйлдлийн талаар тодорхой тайлбарлаж гэрчилсэн.
3.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүсэлтийг зохих журмын дагуу удаа дараа гаргаж байсан боловч шийдвэрлээгүй, эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй, шийдвэрлэхгүй эс үйлдэхүйн улмаас "М з г" ХХК-д шийтгэвэр оногдуулах шалтгаан нөхцөл болсон байгааг шүүгч анхаарч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүйд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг бодитойгоор тогтоогоогүй болох нь нотлогдсон. Мөн түүнчлэн улсын байцаагч Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12.1.13 1, 2, 3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6,2,7 2.,8 заалтуудыг ноцтой зөрчсөн ажиллагаа болох нь тогтоогдсон байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, гэж 34.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны дугаар 122/ШШ2026/0011 тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж "М з г" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Батмөнх миний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчаас гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
2.1. Гомдол гаргагч “М з г” ХХК-иас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0103108, 0103109 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... холбогдох байгууллагаас түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл гарсны дараа тухайн хуулийн этгээдэд ашигт малтмал ашиглах эрх үүсэх бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, зөвшөөрөгдсөн солбицлоос хэтрүүлж түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, эсхүл зөвшөөрөл олгогдоогүй байхад түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйлдэл нь зөрчилд тооцогдсон хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно ... “М з г” ХХК-ийн захирал Ү.Б шинжээчийн дүгнэлтийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаагүй, эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргасан, энэ нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна ...” гэж тус тус дүгнэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.3. Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0103108 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М з г” ХХК-ийг “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 69,745,578 төгрөг, шинжээчийн зардалд 5,000,000 төгрөгийг,
Мөн өдрийн 0103109 дүгээр шийтгэлийн хуудсаар “Засгийн газрын тогтоол гаргуулаагүй, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тогтоолын хүрээнд ашигласан талбайгаа хэтрүүлэн ашигласан, шинэ суурин бүсэд давхцал үүсгэсэн, Засгийн газрын тогтоолын зориулалтын бусаар ашигласан, тусгай зөвшөөрөлгүй, хайрга, дайрга ашигласан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 2,000,000 төгрөгөөр торгож, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 111,602,802 төгрөг, шинжээчийн зардалд 5,000,000 төгрөгийг тус тус төлүүлэх шийтгэл оногдуулжээ.
2.4. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагчаас “... Зам тээврийн яамтай байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 2.2-т “Захиалагч хууль тогтоомж болон гэрээнд заасан баримт бичиг, зөвшөөрлийг гүйцэтгэгчид зохих гаргаж өгнө” гэж заасан байдаг. Зам барих ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл гаргуулах талаар захиалагч буюу Зам тээврийн яаманд 2025 онд 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд удаа дараа хүсэлт явуулсан боловч Зам тээврийн яамнаас өнөөдрийг хүртэл зөвшөөрөл олгоогүй ... захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас энэ нөхцөл байдалд хүрсэн учраас бид үүнийг 100 хувь хариуцах ёсгүй ...” гэж,
Хариуцагчаас “... Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн авто зам барих ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлохдоо Засгийн газрын 65 дугаар тогтоолоор зөвшөөрсөн талбайг хэтрүүлэн ашигласан ... тогтоолд тусгагдаагүй буюу Баруун-Урт-Бичигт хүртэлх замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг тухайн талбайгаас ашигласан ... зөвшөөрөл олгосны дараа ажлыг эхлүүлэх ёстой ...” гэж тус тус тайлбарлан маргадаг.
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй”, 3.1 дүгээр зүйлд “Холбогдогч” гээд 2.6 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр ... гомдол гаргах”, 2.9 дэх хэсэгт “зөрчлийн хэрэгтэй танилцах”, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэх”, 7.1 дүгээр зүйлийн 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”; гэж тус тус заасан.
3.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эрх бүхий этгээдээс гомдол гаргагчийг “зөрчил үйлдсэн” гэж үзэн хариуцлага ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хуулиар зөрчилд тооцсон тохиолдолд тохирох хариуцлага оногдуулахаар байх бөгөөд холбогдогч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байна.
3.2. Маргаан бүхий энэ тохиолдолд гомдол гаргагч “М з г” ХХК-ийн зүгээс зөрчлийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мэдүүлэг өгсөн цаг хугацаанаас эхлэн “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн төдийгүй 1 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр талд авагдсан баримтаар мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байтал түүнийг гомдол гаргах эрхээр хангаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зорилгод нийцэхгүй.
3.2. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тусгайлан заасан.
3.3. Гомдол гаргагчийн төлөөлөгч Ү.Б 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “... биднийг 2024 онд зөвшөөрөл авахад ч өмнө ухчихсан маш том карьер байсан, хохирлыг зөвшөөрөхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэж бичгээр гомдол гаргаж байсан ба тухайн карьерийг зөвхөн “М з г” ХХК бүхэлд нь ухсан, эсхүл өмнө нь ухсан карьер байсан эсэх, мөн гомдол гаргагчид дахин шинжээч томилуулах хүсэлт байгаа талаар, шинжээчийн дүгнэлтээр хохирол тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий бичгээр өгсөн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой баримт авагдаагүй байх тул гомдол гаргагчийн “... Шүүхэд гомдол гаргагч миний зүгээс улсын байцаагч нь зөрчлийн хэрэг шалгах явцад хэдэн мэргэжлийн компанид шинжилгээ хийлгэх дүгнэлт гаргуулахаар санал тавьж хандсан нэг ч нотлох баримт хэргийн материалд байхгүй ...” гэх гомдол үндэслэлтэй байна.
3.4. Зам тээврийн яам болон “М з г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний Ерөнхий нөхцөлийн 2.2-т “Захиалагч хууль тогтоомж болон гэрээнд заасан баримт бичиг, зөвшөөрлийг Гүйцэтгэгчид зохих ёсоор гаргаж өгнө” гэж зохицуулсан байгаагаас үзэхэд тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үйлдэл нь дан ганц гомдол гаргагчаас шалтгаалсан зөрчил биш байх тул тусгай зөвшөөрлийг ямар захиргааны байгууллагаас олгодог талаар, тус захиргааны байгууллагаас гомдол гаргагчид тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар тус тус тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь зүйд нийцнэ.
3.5. Мөн гэрч Г.Ч мэдүүлэгт “... “М з г” ХХК төлөвлөгөөний дагуу ажлаа хийхгүй бол улсын ажил зогсох, цаашлаад гэрээний алдангид орох, гэрээгээ цуцлуулах хэмжээнд хүрнэ ... бусад аймаг, орон нутгуудад мөн л улсын төсвөөр хийгдэж байгаа зам, барилгын ажлуудын зөвшөөрөл нь гараагүй жишээ олон байгаа ... энэ асуудал яригдаж байгаа ... ” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд захиалагчаас “ажлаа эхлүүл, тусгай зөвшөөрөл удахгүй гарна” гэх мэтээр гомдол гаргагчид итгэл төрүүлэн, гэрээний дагуу ажлаа хийх шаардлага тавьж, улмаар гомдол гаргагчаас удаа дараа албан бичиг, хүсэлт хүргүүлж идэвхтэй үйлдэл гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад гомдол гаргагчийг шууд зөрчил үйлдсэн хэмээн буруутгаж шийтгэлийн хуудас оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна.
3.6. Түүнчлэн, хариуцагч улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон “айлын газар болон суурьшлын бүстэй давхцалтай” гэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл гэрч Э.Э мэдүүлэгт “... одоогоор суурьшил үүсээгүй ... хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг 2025 онд батлагдахаар байна, бүх агентлаг яамнуудаар саналаа авч дуусгаад боловсруулалтын эцсийн шатандаа явж байгаа ...” гэж мэдүүлсэн буюу тусгай зөвшөөрлийг авахын тулд аймаг, орон нутгийн удирдах байгууллагатай тохиролцон санал авч хүсэлт гаргасан газрын солбицлоос зөрүүлж олборлосон эсэх, маргаан бүхий карьер ухсан гэх газар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд ямар байдлаар тусгагдсан, иргэдийн газартай хэрхэн яаж давхцаж байгаа болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бодитоор давхацсан байдлаар батлагдсан эсэхийг тодруулаагүй, энэ талаар баримт авагдаагүй байх тул эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шийтгэл ногдуулсан шийдвэрийн хувьд гомдол гаргагч компанийн гаргасан зөрчлийг эргэлзээгүй шалган тогтоосон, зөрчилд тохирсон буюу хуульд нийцсэн шийдвэр гэж шууд дүгнэх үндэслэлгүй байна.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан нь хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байх боломжийг үгүйсгэхгүй бөгөөд нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх агуулгатай зохицуулалт болно.
3.8. Иймд хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр уг зөрчил нь холбогдох хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн зөрчсөн талаар хууль эрх зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №0103108, №0103109 дугаар шийтгэлийн хуудаснуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэхүү 58 хоногийн хугацаа нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тоологдохыг дурдах нь зүйтэй.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №0103108, №0103109 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болох хууль зүйн үр дагавартай болно.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “... Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1.3, 1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн Геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №0103108, №0103109 дугаар шийтгэлийн хуудаснуудыг 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болохыг тайлбарласугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА