Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.От холбогдох 2330002580185 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.....” зоогийн газарт зөөгч ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Ур сумын .... баг .... тоотод оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЗ/213 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргүүдийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан өршөөн хэрэгсэхгүй болгосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Х овогт М-ын О

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.О нь 2023 оны 08 дугаар сарын 11-ны шөнө 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.М, тус аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.А нарын “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хутга ашиглан “ална” гэж заналхийлсэн, мөн Г.М-ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хутгаар биед баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл, мөн өмсөж явсан цагдаагийн албаны хар өнгийн фудволконд 9 см, 6 см, 6 см, хэмжээтэй ханзралт гэмтэл, харин О.А-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хутга ашиглан зүүн гуя болон дал хэсэгт хатгасан мөн цагдаагийн албаны хар өнгийн хээрийн хүрмийн баруун суганы залгаас оёдол дагуу 22 см хэмжээтэй ханзралт гэмтэл тус тус үүсгэж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг ашиглан, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон зүйлийн талаар санахгүй байгаа учраас мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 2330000000115 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч М.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Би согтуудаа гаргасан үйлдлээ санахгүй байгаа боловч өөрийнхөө согтуудаа хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иймд О.А-ын хувцасны мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Маргааш Г.М-ийн хувцасны мөнгийг төлж барагдуулна.” гэх /хх 120-122 дугаар хуудас/

- Хохирогч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “О.А бид хоёр тухайн 2 хүнд өөрсдийгөө танилцуулж, иргэнээс ирсэн дуудлагын дагуу ирсэн талаараа танилцуулахад тухайн согтуу эрэгтэй хүн намайг "М-ын О гэдэг, та нар Э дуудлага өгсөн байж таараа, та нар гэр бүлийн амьдралд оролцлоо бид нарын амьдрал та нар хамаарал байхгүй, манайхаас зайлцгаа, та нар манай эхнэрийг нуусан байна, намайг одоо л уулзуул гээд гал тогооны шүүгээнээс хутга аваад жолооч цагдаа О.А бид хоёр дайрахад тухайн хүнтэй хамт байсан эмэгтэйг О.А нь аваад гэрээс нь гаргасан, харин би Одбаяр гэх хүнтэй дуудлага өгсөн хүний гэрт хоёулхнаа үлдсэн бөгөөд тухайн хүн над руу хутга бариад далайхаар нь би гэрээс нь гараад М.О-ыг гэрээс нь гаргахгүй гээд хаалганы гадна талаас нь биеэрээ дараад зогсож байгаад хаалганы завсраар харахад М.О нь хутга нэг гартаа бариад цонхоор гарахдаа ална муу гөлөгнүүдийг гээд гарсан О.А-тай хамт байгаа эмэгтэй хүнийг айлгаж юм уу хутгалж магадгүй гэж бодоод тухайн байрнаас гарах гэж байхад хутгатай залуу орцны үүдэнд тааралдаж "Алнаа, чамайг алаад гараад ирэхэд нас байна" гэж хэлээд над руу дайрахаар нь хутгатай гараараа далайхаар нь гараараа хаагаад баруун гарын дунд хуруугаа зүсүүлсэн, тэгэхээр нь би миний гарыг хутгаараа зүсчихлээ, та тайвшир ингэж болохгүй О.А цагдаа бид хоёр танд хууль ёсны шаардлага тавьсан, та хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэхэд тухайн хүн дахин чамайг алаад шоронд суугаад гарч ирэх нас байна гэж хэлээд хутгатай гараараа над руу далайгаад манай эхнэр хаана байна ална гээд орцноосоо гараад явахаар нь тухайн хүний хамт гараад явсан. Тэгэхэд орцны гадаа О.А-тай тухайн хутгатай залуу таарсан бөгөөд О.А нь миний дүү ингэж болохгүй гээд тухайн хүнийг тайвшруулж хутгыг нь авах гэхэд хутга тавихгүй цагдаа бол цагдаа л байдаг гэхээр нь тухайн хүний гаргаж байгаа үйлдлийг баримтжуулах гээд би өөрийнхөө гар утсаар бичлэг хийсэн. Тэгээд би чиний бичлэгийг хийж байна, наад хутга чинь чамд сүүлд нь асуудал болно шүү гэхэд гэнэт тухайн хүн уурлаад чи тэгээд яах гээд байгаа юм, надад нас байна, 5 юм уу 10 жил шоронд суугаад гараад ирнэ би дүрчих юм уу гээд хутгатай гараараа О.А-ын зүүн талын гуя руу 2-3 удаа хатгасан тэр үед О.А нь чи намайг хутгаараа хөл, дал руу хатгаад байна чи миний кителийн баруун сугыг урчихлаа гээд хувцсаа харуулахад М.О гэх залуу Амгаа ахаа уучлаарай гэж хэлээд халааснаасаа тамхи гаргаж ирээд тамхи татаад бага зэргийн тайвшрахаар нь би тухайн хүний гараас нь хутгыг нь булааж авахад тухайн хүн надаас хутгаа авах гэж байгаад миний “Police” нэртэй хар өнгийн фудволкыг урсан, тэгээд О.А бид хоёр тухайн хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч согтолтын хэмжээг үзэхэд 2 хувийн согтолттой байсан.” гэх /хх 33-36 дугаар хуудас/

  • Хохирогч О.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “М.О нь бага зэргийн согтуу шинжтэй харагдаж байсан. Иймд цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Г.Мөнх- Эрдэнэ бид хоёр тухайн хүмүүст өөрс өөрсдийгөө танилцуулж юу болсон талаар асуухад М.О нь Г.М бид хоёрт хэлэхдээ “намайг М-ын О гэдэг. Би гэртээ байна манайхаас зайлцгаа. Та нар ер нь гэр бүлийн амьдралд оролцох ямар ч шаардлага байхгүй” гээд гал тогооны шүүгээнээс хутга аваад Г.М бид хоёрыг “ална шүү” гэхэд М.О-тай хамт байсан эмэгтэйг би гэрээс нь аваад гарсан. Тус байрны гадаа байж байхад Г.М гарч ирээд “М.О хутга аваад гэрийнхээ цонхоор гараад явлаа” гээд ирсэн. Удалгүй М.О нь “ална муу гөлөгнүүдийг” гээд Г.М бид хоёр луу ирээд "Хүн алахад нас байна, 5-10 жил шоронд суугаад гараад ирнэ” гээд Г.М рүү хутгатай гараараа дайрахад Г.М нь гараараа хааж байгаад гараа зүсүүлсэн. Тэгэхээр нь би “ахын дүү согтуу байна, тайвшир ингэж болохгүй” гэхэд М.О дахин “би хүн алаад 5-10 суугаад л гараад ирнэ” гэж хэлээд баруун гартаа барьж байсан хутгаараа 2-3 удаа миний зүүн гуя руу хатгахаар нь би тухайн хүнийг барьж аваад “чи намайг хутгаараа хатгаад байна” гэхэд “уучлаарай ахаа” гэж хэлээд хутгатай гараараа намайг тэврэх гэж байгаад дал хэсэг руу дахин нэг удаа хатгасан. Тэгэхээр би хутгыг авах гэхэд миний өмсөж явсан хар өнгийн хээрийн хувцаснаас татаад баруун суга урахаар нь Г.М бид хоёр нийлж байгаад тухайн хүнийг хутгыг нь булааж аваад цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн.” гэх /хх 40-42 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Э-гийн “Тоглоомын талбай дээр охиныхоо хамт байж байхад М.О нь манай гэрийн цонхоор хутга бариад үсэрч байхаар нь охиныхоо хамт тоглоомын талбайд нуугдсан. Хэсэг хугацааны дараа тухайн цагдаагийн машин хөдлөөд явахаар нь дүүгийнхээ утас руу залгаад “хаана байгаа талаар асуухад “Исгэрээ” дэлгүүрийн гадаа нь байна” гэхээр нь тухайн газарт очоод дүүгээ аваад бид гурав гэртээ хамт орсон. Тэгээд дүүгээсээ юу болсон талаар асуухад дүү минь маш их айж сандарсан байсан. Тэгээд “М.О ах хутга бариад цагдаа нар руу дайраад цагдаагийн алба хаагчдын хэлсэн ярьсан зүйлийг нь биелүүлэхгүй байсан. Нэг цагдаагийн гарыг нь хутгаараа зүссэн, хувцсыг нь урсан гэж байсан.” гэх /хх 44-45 дугаар хуудас/,
  • Гэрч.С-ын “Хэсэг хугацааны дараа Г.М, О.А нарын хүмүүс М.О гэх залууг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирсан. Г.М баруун гарын дунд хуруу нь бага зэргийн зүсэгдсэн, хар өнгийн поло фудволкны арын хэсэг нь урагдсан, харин жолооч О.А-ын хээрийн хувцасны кителийн баруун суга нь урагдсан байхаар нь юу болсон талаар асуухад “ М.О гэх хүн нь албан үүрэг гүйцэтгэж байхад хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж улмаар хутга барьж танхайран ална” гэж хэлээд миний гарыг зүссэн, хувцсыг урсан, харин О.А-ын зүүн гуяыг 2 удаа, дал руу нэг удаа хатгаж, хээрийн хувцаснаас нь шаардаж эсэргүүцэж урсан” талаар мэдэгдсэн.” гэх /хх 47-48 дугаар хуудас/ мэдүүлэг,
  • Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг, жижүүрийн томилгоо” /хх 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Г.М, О.А нарыг “Ажилд томилж, цол олгох тухай” Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаал /хх 5-6 дугаар хуудас/,
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 23-25 дугаар хуудас/,
  • Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл /хх 26-27,
  • Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол /хх 29 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 315 дугаартай “1. Г.М-ийн биед баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 58-59 дүгээр хуудас/,

  • Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 035 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн албаны хар өнгийн хээрийн хүрмийн баруун суганы залгаас оёдол дагуу 22 см хэмжээтэй гэмтэл нь шинэ ханзралт байна.

2. Уг ханзралт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 71-73 дугаар хуудас/,

2. Уг ханзралт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх 78-80 дугаар хуудас/,

  •  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 034 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн бариултай хутганы ажлын хэсэг болон бариул дээрээс гарын мөр илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 86-87 дугаар хуудас/,

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №2302211 дугаартай “цагдаагийн алба хаагчийн өдөр тутмын хувцасны дээд талын китель оёдол засварын ажлын хөлс 30,000 төгрөг, “Police” нэртэй фудволк 40,000 төгрөг, зах зээлийн нийт үнэлгээ 70,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 93-102 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч М.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 124 дүгээр хуудас/,
  • шүүгдэгч М.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, / хх 132-133 дугаар хуудас/.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2023 оны 08 дугаар сарын 11-ны шөнө 03 цаг 50 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... дугаар байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.М, тус аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч О.А нарын “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасны дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хутга ашиглан “ална” гэж заналхийлсэн, мөн Г.М-ийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хутгаар биед баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл, мөн өмсөж явсан цагдаагийн албаны хар өнгийн фудволконд 9 см, 6 см, 6 см, хэмжээтэй ханзралт гэмтэл, харин О.А-ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хутга ашиглан зүүн гуя болон дал хэсэгт хатгасан мөн цагдаагийн албаны хар өнгийн хээрийн хүрмийн баруун суганы залгаас оёдол дагуу 22 см хэмжээтэй ханзралт гэмтэл тус тус үүсгэж хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг ашиглан, хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.М, О.А, гэрч Б.Э, Б.С нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг, жижүүрийн томилгоо”,  хохирогч Г.М, О.А нарыг “Ажилд томилж, цол олгох тухай” Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаал, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол,  Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.2. Эрх зүйн дүгнэлт: Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдлийг,

 Хууль сахиулагч гэдэгт: цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээдийг, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт: гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдсан байхыг,

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт: “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгох бөгөөд зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болох”-ыг тус тус ойлгоно.

1.2.1. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг гэдэгт: Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдэл ба хүч хэрэглэж эсэргүүцсэн үеэс төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал, шүүгдэгч М.О нь албан үүргээ гүйцэтгэж, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, зэвсэг ашиглан хүч хэрэглэснээр хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол, хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагаа хөндөгдсөн нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

1.2.2. Шүүгдэгч М.О нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хууль сахиулах талаар хуулиар тогтоосон журам, хууль сахиулагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч М.О-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч М.О-ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            2.2. Шүүгдэгч М.О-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагчаас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.О-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэг өгч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнийг 3 жилийн хугацаагаар хорих ял  оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг”-ийг Б.Э-д, “цагдаагийн албаны хээрийн хүрэм, “Police” гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволк”-ыг хохирогч О.А тус тус буцаан олгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “М.О нь төрийн албан хаагчийг эсэргүүцсэн, зэвсэг ашигласан байдаг. Гэвч тухайн албан хаагч нарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэр бүлийн маргааны дуудлагаар албан хаагчид хэргийн газар очсон байдаг. Тухайн албан хаагчдын хувцсыг урж хохироосон хохирлоо барагдуулсан. Шүүгдэгч одоогоор аав ээжтэйгээ амьдардаг. Гэм буруугийн маргаан байхгүй. М.О хүргэлтийн ажилтан, зөөгчөөр ажилладаг. Иймд М.О-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө.” гэв.

 2.3. Шүүхээс шүүгдэгч М.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.О-ын үйлдсэн тухайн гэмт хэрэг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Э-той маргалдсанаас үүдэн бий болсон байх бөгөөд цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Б.Э-той уулзаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр байгааг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дуусах хүртэл хугацаанд  Б.Э-той харилцахыг хориглохоор шийдвэрлэлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.О нь хохирогч О.А, Г.М нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч М.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

4.2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цагдаагийн албаны хээрийн хүрэм”-ийг хохирогч О.А-т, ““Police” гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволк”-ыг хохирогч Г.М-д тус тус буцаан олгож, “бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг”-ийг зохих журмын дагуу устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М-ын О-ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.О-ыг  2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд  Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд Б.Э-той харилцахыг хориглож хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч М.О-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч М.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.А, Г.М нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг”-ийг устгаж, “цагдаагийн албаны хээрийн хүрэм”-ийг хохирогч О.А-т, “Police” гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволк”-ыг хохирогч Г.М-д тус тус буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ