Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0586

 

 

2017 оны 08 сарын 03 өдөр          Дугаар 128/ШШ2017/0586           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох

Гуравдагч этгээд: Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Т

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн мэргэжилтэн Д.Д, шүүхийн иргэдийн төлөөлөгч И.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 102 дугаар захирамжаар С.О намайг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 6 жилийн хугацаатайгаар томилон ажиллуулсан юм. Энэ ажлыг хийх хугацаандаа би эрчим хүчний талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулан алдаа дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 6 жилийн хугацаа дуусаагүй байхад шинээр томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар захирамж гарган намайг гэнэт ажлаас чөлөөлсөн.

Гэвч дахин 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 131 дүгээр “С.О ыг ажлаас чөлөөлөх тухай”, 132 дугаар “А.Т*******ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилох тухай” захирамжуудыг гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар А.Т*******ыг томилохын тулд намайг хууль зөрчин байж ажлаас чөлөөлсөн 88 дугаар захирамжийнхаа алдааг засч шинээр захирамж гаргасан гэх боловч надад энэ талаар мэдэгдээгүй, хуулинд заасан сонсгох ажиллагаа хийгдээгүй, мөн өнөөдрийг хүртэл тэр захирамжийг гардуулж, тайлбарлаж өгөх үүргээ биелүүлэлгүй Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчлөө

Бид 131 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт үндэслэж байгаа үндэслэлтэй маргана. Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан чөлөөлж болно гэдэг бүрэн эрхийнхээ дагуу чөлөөлсөн юм уу, ажиллах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлсөн юм уу гэдэг нь тодорхойгүй.  Ер нь сүүлийн үед бүрэн эрх гэдэг зүйл яригдаад байгаа. Хуульд заасан бүрэн эрх гэдэг бол хязгааргүй эрх мэдэл биш. Энэ бол зөвхөн хуульд заасан тодорхой эрхүүд байгаа тэр нь хуульд заасан үндэслэлээр хязгаарлагддаг. Ялангуяа захиргааны байгууллагын албан тушаалтан нь нийтийн эрх зүйн буюу төрийн байгууллагын албан тушаалтан учраас зөвшөөрөөгүй бол хориглодог зарчимтай. Гарын үсэг зурсан албан тушаалтан хэн байхаас үл хамаараад Төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж нь хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн бол мөн өдрийн 132 дугаар захирамж нь миний хуулиар хамгаалагдсан эрх ашгийг илтэд хохироож, миний ажлын байранд өөр хүн томилон Үндсэн хуулийн арван зургадугаар дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар С.О ын субъектив эрх буюу хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтуудыг тус тус  хүчингүй болгож, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрчим хүчний яамны Хуулийн хэлтсийн дарга Н.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.О ыг 6 жилийн хугацаагаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилсон байсан болно.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг ... Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж зааснаас гадна Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 132 дугаар тоггоолоор баталсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийн 3.6-д “Хорооны дарга, гишүүнийг энэ дүрмийн 3.5.2-3.5.5-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлсөн тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж тус тус тогтоожээ.

Эдгээр хуулийн заалтаас үзвэл Зохицуулах хорооны дарга нь 3 жилийн хугацаатай томилогдох, хэрэв уг дарга хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бол шинээр томилогдсон дарга нь өмнөх даргын бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр зохицуулагдсан байна. Нэхэмжлэгч С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш байсан тул түүнийг Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу 3 жилийн хугацаагаар томилох ёстой байхад 6 жилийн хугацаагаар томилсон нь хууль зөрчсөн байсан.

Нөгөө талаас С.О ын өмнөх дарга нь тус албанд томилогдон 6 сар болсны дараа чөлөөлөгдсөн байсан, түүний томилолтын хугацааг сунгах нь зүйтэй гэж үзвэл Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэх ёстой байсан боловч ийм захирамж гарч байгаагүй зэргээс үзвэл түүний томилолтын хугацаа нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болсон байсан юм. Энэ нь түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх 1 дэх үндэслэл нь болсон.

Нэхэмжлэгч С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон мэргэжлийн, санхүүгийн ноцтой гэж үзэж болох алдаануудыг давтамжтайгаар гаргаж байсан байгаа бөгөөд үүнийг нь илрүүлэх, арилгах арга хэмжээг тухайн үед ажиллаж байсан эрхэлсэн сайд аваагүй байсан. Тухайлбал С.О нь тус хорооны даргаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа эрх мэдлээ хэтрүүлэн эдгээр тусгай зөвшөөрлийг олгохдоо Эрчим хүчний зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлээгүй, С.О дураараа шийдвэрлэсэн байснаас гадна уг шийдвэр нь төрийн бодлоготой уялдаагүйн улмаас өнөөдрийн суурилагдсан хүчин чадлаас 9,2 дахин илүү хүчин чадал бүхий эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 35 аж ахуйн нэгжид олгож, эдийн засгийн сөрөг үр дагавар үүсгэж байгаа тул Эрчим хүчний зохицуулах хорооноос уг тусгай зөвшөөрлүүдийг эргэн хянах, цуцлах шаардлагатай байгаа боловч тусгай зөвшөөрлийг цуцалсны улмаас аж ахуйн нэгжүүдэд учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай болсон зэрэг үр дагавар үүсгээд байна. Мөн Хорооны шийдвэргүйгээр С.О өөрөө шийдвэр гаргаж өөрийн томилсон хүмүүст бэлэн мөнгө өгсөн, орон сууцаар шагнасан нь нотлох баримтаар гарч байна.

Эдгээр зөрчлийг 2016 онд шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны явцад илэрсэн бөгөөд С.О нь санхүүгийн болон мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан байгаа нь түүнийг Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу албан тушаалд дахин томилох шаардлагагүй гэж үзсэн тул чөлөөлсөн болно.

Мөн С.О нь Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн байдаг. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нь ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөн өрсөлдөхөөр заасан хуулийн үзэл санаа нь албан тушаалын давуу байдлаа ашиглаж сонгуульд өрсөлдөгчдөөс давуу байдал олохыг хязгаарлах зорилгоор тогтоосон хуулийн зохицуулалт юм.

С.О нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн өдрөөсөө чөлөөлөгдөх ёстой байхад ажил, албан тушаалаа эрхлэхийн хамтаар сонгуульд өрсөлдөж, Сонгуулийн тухай хуулийг зөрчиж ёс зүйн ноцтой алдаа гаргасан байсан. Ийнхүү нэгэнт Сонгуулийн хуулийн дагуу чөлөөлөгдөх үүрэг бүхий С.О ын хөдөлмөрийн харилцаа уг хуулийн дагуу дуусгавар болсон байх ёстой тул түүнийг уг ажил, албан тушаалыг эрхлэх эрх бүхий этгээд гэж үзэхгүй бөгөөд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ сонсох ажиллагаа хийгээгүй гэжээ. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд нь эрхэлсэн асуудлын хүрээн дэх байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, үр дүнг танилцуулах болоход С.О нь ирж уулзахгүй байсан тул түүний ажлыг хэлэлцэх, дүгнэх боломжгүй байсан бөгөөд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа, үүний дотор улс орны стратегийн гол салбарын ажлыг С.О ирээгүй гэдэг шалтгаанаар удаашруулах, хойшлуулах боломжгүй байсан болно.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу явуулах сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоогүй болно. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч С.О нь захиргааны актыг гарах гэж байгаа талаар мэдэж байсан гэдэг нь тэрээр тухайн үед ажилд огт ирээгүй байснаар нотлогдож байгаа болно.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 88 дугаар захирамжаараа С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлж, мэргэжлийн шаардлага хангасан А.Т*******ыг томилох шийдвэрийг гаргасан боловч уг захирамжийг гаргахдаа холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй техникийн шинжтэй алдаа гаргасан байсан тул актыг зөвтгөн 2016 оны 131,132 дугаар захирамжийг гаргасан нь Эрчим хүчний тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн заалтад нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 131, 132 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд А.Т*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “А.Т******* нь Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байна. Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь  эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

Эрчим хүчний зохицуулах хороо нь орон тооны гурав, орон тооны бус хоёр, нийт таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зохицуулах хорооны даргыг Ерөнхий сайд эрх хэмжээнийхээ хүрээнд томилж чөлөөлдөг болно.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Ерөнхий сайдын бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 23.1.8-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж заасан. Дээрхээс үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг Эрчим хүчний сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийнхээ дагуу А.Т*******ыг томилсон болно.

Түүнчлэн одоо томилогдон ажиллаж байгаа А.Т******* нь Эрчим хүчний салбарт 32 жил ажилласан, энэ салбарыг удирдах дадлага туршлагатай, чадвартай, эрчим хүчний зөвлөх инженер, эрдмийн зэрэг цолтой (Доктор)-н зэрэгцээ хууль тогтоох байгууллагад удаа дараа сонгогдож байсан, эрчим хүчний салбарын хууль тогтоомжийг санаачлах, түүнийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулахад бодитой хувь нэмэр оруулсан болно.

Монгол Улсын Ерөнхий сайд А.Т*******ыг томилохын тулд С.О ыг чөлөөлөөгүй бөгөөд мэргэшсэн, чадварлаг хүнээр удирдуулах, нөгөө талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131, мөн өдрийн 132 дугаар захирамжийг гаргаж Эрчим хүчний зохицуулах хорооны даргыг томилж чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул дээрх захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч И.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.О ын нэхэмжилсэнээр ажлаас халсан өдрөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгох, ажилтай болгох талаар шийдвэрлэж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө байх гэж дүгнэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны ирцийн тухайд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******“2017 оны ээлжийн амралттай байгаа бөгөөд рашаан сувилалд эмчлүүлэх шаардлагатай тул 2017 оны 8 дугаар сарын 01-15-ны өдрүүдэд товлон зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд “Хууль зүйн туслалцаа авах үүднээс өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байгаа ба өмгөөлөгч авахаар хайж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг тус тус гаргасан.

Нэхэмжлэгчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд “Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломж хангалттай байсан, мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******ийн гаргасан хүсэлтэд дурьдсан шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийх саналтай байна” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна.

Учир нь 2017 оны 6 дугаар сарын 02-нд шүүх хуралдааныг товлосноос хойш өнөөдрийг хүртэл нотлох баримт цуглуулах болон хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 4 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан. Захиргааны хэрэг үүсгэснээс хойш 5 сар 14 хоногийн хугацаанд хариуцагчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаа хангалттай байжээ.

Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******ийн ээлжийн амралттай байгаа нь “хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан” бий болсон гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т ”Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******нарын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж шүүх хуралдаааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий актуудын тухайд:

Нэхэмжлэгч С.О аас “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий актууд болох Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 131 дүгээр захирамжаар С*******ийн О*******ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс чөлөөлж, мөн 132 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Аийн Т*******ыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар томилсон” байна.

Нэхэмжлэгч С.О нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар[1] захирамжаар Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар томилогдон ажиллаж байжээ.

Эрчим хүчний сайдаас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн а/2733 дугаар[2] албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсний дагуу хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 88 дугаар[3] захирамж гарган С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, А.Т*******ыг тус хорооны даргаар томилсон бөгөөд уг захирамжийг гаргахдаа холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй техникийн шинжтэй алдаа тул актыг зөвтгөн 2016 оны 132 дугаар[4] захирамжийг гаргасан гэж байна.

Маргаж буй Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 131 дүгээр[5] захирамжаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан, 6 жилийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна” гэж маргаж байгаа.  

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д Ерөнхий сайд “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, орон тооны бус хоёр зохицуулагчийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно. Томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно” гэж тус тус хуульчилжээ.

2001 онд батлагдсан[6] Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “цаашид 6 жилийн хугацаагаар” гэснийг “цаашид 3 жилийн” гэж 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна.

Хууль тогтоогчийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан “...Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг ... Ерөнхий сайд анхны томилгоог 2, 4, 6 жилээр, цаашид 3 жилийн хугацаагаар томилно....” гэсэн нь Ерөнхий сайд Зохицуулах хорооны дарга, хоёр зохицуулагчийн анхны томилгоог хийхдээ 2, 4, 6 жилийн хугацаагаар томилж, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа нь 2 жилийн зөрүүтэйгээр дуусгавар болох[7], цаашид дараачийн томилогдох Хорооны дарга, гишүүдийг 3 жилийн хугацаагаар тус тус томилж байх агуулгатай зохицуулалт байна.

Тиймээс Ерөнхий сайдын 2001 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 83 дугаар[8] захирамжаар Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн анхны дарга Р.Г*******ыг  6 жил, зохицуулагч Г.Дг 2 жил, Б.Мг 4 жил жилийн хугацагаар тус тус томилж байжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар захирамжаар С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар томилсон нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “...Зохицуулах хорооны дарга, орон тооны хоёр зохицуулагчийг ... саналыг тус тус үндэслэн Ерөнхий сайд ... цаашид 3 жилийн хугацаагаар томилно” гэж заасантай нийцээгүй байна.

Учир нь С.О ын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны анхны дарга биш байсан тул мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу Хорооны даргаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 3 жилийн хугацаатай томилогдох ёстой байсан ба улмаар түүний ажиллах хугацаа дуусгавар болж, томилолтын хугацааг сунгасан шийдвэрийг тухайн үед нь Ерөнхий сайдаас гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч С.О ын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс томилогдсон3 жилийн” ажиллах хугацаа дуусгавар болсон, тухайн үед хуулийн дагуу түүний томилолтын хугацааг сунгасан шийдвэрийг гаргаагүй байсан тул Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрийн эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн “6 жилийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж маргаж буй үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна”, 129 дүгээр зүйлийн 129.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр ..., эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Ардчилсан намаас 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт С.О ын нэрийг нөхөн дэвшүүлж, Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурлын  2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоол[9], нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл[10], холбогдох баримт бичгүүдийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсний дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар[11] тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт С.О ыг нэр дэвшигчээр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд намаас өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлэх боломжтой бөгөөд нэр дэвшиж буй төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлснээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх хуулийн шаардлага тавигджээ.

Хууль тогтоогчийн Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн гол үзэл санаа нь[12]  эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх, сонгуульд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах зорилготой байх бөгөөд Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх, сонгуульд өрсөлдөх үедээ ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх агуулгаар тогтоосон зохицуулалттай ажээ. 

Нийтэд илэрхий үйл баримтаар нэхэмжлэгч С.О нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд уг тойрогт хамгийн олон санал авсан Ч.Х Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна.  

Эрчим хүчний зохицуулах хороо нь төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төрийн өмчийн хөрөнгөөр байгууллагдсан хуулийн этгээд буюу аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох нь тус хорооны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[13], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/5487 дугаар[14] албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. 

Энэ тохиолдолд С.О нь Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөхдөө Эрчим хүчний зохицуулах хорооны даргын ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажил, албан үүргээ гүйцэтгэсээр байсан болох нь тогтоогдож байна.

Иймд С.О нь Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн Эрчим хүчний сайдаас санал хүргүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд С.О ыг Эрчим хүчний зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж маргаж буй нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...С.О нь Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа ёс зүйн болон мэргэжлийн, санхүүгийн ноцтой гэж үзэж болох алдаануудыг давтамжтайгаар гаргаж байсан бөгөөд үүнийг нь илрүүлэх, арилгах арга хэмжээг тухайн үед ажиллаж байсан эрхэлсэн сайд аваагүй байсан” гэж шүүхэд тайлбарлан маргаж байгаа бөгөөд маргаан бүхий актад уг үндэслэлийн талаар дурдаагүй байх тул шүүх захиргааны актыг гаргах болсон шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.О ын гаргасан “Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 131 дүгээр захирамж, 132 дугаар захирамжийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.О аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ЦЭЦЭГМАА

            ШҮҮГЧ                                                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                           С.ТӨМӨРБАТ