Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00341

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00341

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Нарангийн 18-13 тоотод оршин суух, Гэлэг овогт Тгийн Б /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00351/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б нь шүүхэд хандан 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын Алтайн Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Л.Эрдэнэцэцэг миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өнөөдрийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож байна.

Нэхэмжлэгч Т.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа. Т.Б нь 1968 онд Ховд аймгийн Үенч суманд төрсөн. Т.Б нь 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Хэрэгт Ховд аймгийн засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн 70 дугаар дансны хуулбарыг ирүүлсэн. Мөн 1990-2000 оныг нөхөн тооцуулсан. Гэрчээр Г.Ганцог, Р.Наадгай нар мэдүүлэг өгсөн. Т.Б нь 1986 онд Ш.Сүхтэй гэр бүл болсон бөгөөд одоог хүртэл хонь буюу бог мал маллаж байсан. Т.Бийг 1984 оноос хөдөлмөр эрхэлсэн талаар баримт авагдсан.

Иймд Т.Бийг Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.    

   

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг Т.Бийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 269 дүгээр албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын 1984-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Р.Наадгайн “....Т.Б нь манай 2 дүүтэй хамт Ховд аймгийн Үенч сумын сургуульд суралцаж байсан юм. Т.Б нь 1984 оны 6 дугаар сард Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд хөдөө Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Т.Б нь 1986 онд Ш.Сүхтэй гэр бүл болж, үүнээс хойш 1991 онд нэгдэл тарах хүртэл нөхрийнхөө хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэл тарж, компани болоход Т.Б нь нөхрийнхөө хамт түрээсийн мал маллаж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Г.Ганцогын “...Т.Б нь 1984 онд Ховд аймгийн Үенч сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд хөдөө Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж байсан. Ингээд Т.Б нь 1986 онд Ш.Сүхтэй гэр бүл болж, үүнээс хойш 1992 онд нэгдэл тарах хүртэл нөхрийнхөө хамт Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Ховд аймгийн Үенч сумын Алтайн Оргил нэгдэл тарж, компани болоход Т.Б нь нөхрийнхөө хамт түрээсийн мал маллаж байсан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Т.Бийн “Ажилладаг гэх хэсэгт Үенч сум Алтайн оргил нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1984, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.19” гэх бичвэртэй ХААТР-1/Б/ маягтын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 36-37, 38-39, 40 дүгээр тал/

Т.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1612000966 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар тус хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14 дүгээр тал/

Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Үенч сумын 2 дугаар бригадын 1991-1992 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.Ганцог, Р.Наадгай нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гэлэг овогт Тгийн Б /../-ийн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ