| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00308/И |
| Дугаар | 00342 |
| Огноо | 2020-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00342
| 2020 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2020/00342 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, Бошигт овогт Сын П //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 153/2020/00308/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч С.П нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:...Би 1960 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн сургуулийн 4 дүгээр ангийг 1973 онд төгссөн. Хөдөлмөрийн насанд хүрээд эцэг, эхийнхээ хамт Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байгаад 1978-1981 онуудад цэрэгт явсан. Цэргээс ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийг тартал мал малласан. Би 1985 онд Т.Батхишигтэй гэр бүл болсон.
Одоо тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.П нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1036 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн “Ажилладаг байгууллага гэх хэсэгт Давшилт нэгдэлд, ажилд орсон он гэх хэсэгт 1978 он, эрхэлдэг ажил гэх хэсэгт үхэрчин, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.6.19” гэх бичвэртэй ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Г.Нямсүрэнгийн “...С.П нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн гишүүн болж, тус нэгдлийн Баянбулаг бригадад хоньчноор ажиллаж эхэлсэн. С.П нь 1978 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад эцэг эхийнхээ хамт хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Ингээд С.П нь цэргээс халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ 1992 онд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. 1992 онд нэгдэл тараад Давшилт ХК болоход мөн л компанийн малчнаар ажилласан....” гэх мэдүүлэг, гэрч Н.Хөхийн “....С.П нь Ховд аймгийн Мянгад сумын малчин Сын ууган хүүхэд нь юм. С.П нь Сын ээж Цогтжаргал, эгч Памжав нар дээр өссөн боловч өрхийн бүртгэл нь С дээрээ байсан. С.П нь бага боловсролтой. С.П нь хөдөлмөрийн насанд хүрээд Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн гишүүн болж, нэгдлийн мал маллаж байсан. С.Пийг хэдэн онд цэргийн алба хаасныг мэдэхгүй байна. Ямарч байсан С.П нь цэргээс халагдаж ирээд өөрийнхөө гэрт эцэг эхийнхээ хамт мал маллаж байгаад 2 жилийн дараа Чимэд-Очирын Хишигбаяртай гэр бүл болсон юм. Тус нэгдэлд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. С.П нь нэгдэл тарсны дараа Баянбулаг компанид хоньчин байсан юм. Би ер нь он, сарыг нь санахгүй байна. Гэхдээ би С.Пийг бага хүүхэд байх үеэс нь эхлэн мэддэг бөгөөд нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сайн мэдэж байна....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6-15, 36-38, 40-42, 43 дугаар тал/
Харин нэхэмжлэгч С.П нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд С.П нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.П нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оноос 2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1611000754 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19 дүгээр тал/
Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудсанд авагдсан Г.Нямсүрэн, Н.Хөх нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч С.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бошигт овогт Сын П //-ийн Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1978 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарыг хүртэл малчнаар, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч С.П нь Ховд аймгийн Мянгад сумын Сүхбаатарын зам нэгдлийн Баянбулаг бригадад 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ