Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2022/00707

 

Б.Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэр,   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1289 дүгээр магадлалтай,

Б.Ц ын нэхэмжлэлтэй,

А.Б д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч А.Б д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу автомашины үнэ 4,000,000 төгрөг, алданги 1,920,000 төгрөг, нийт 5,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...алдангийг төлөхгүй гэж маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Б эс гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,920,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,670 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Б эс улсын тэмдэгтийн хураамжид 109,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1289 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8” дахь заалтыг нэмж, “5,920,000” гэснийг “4,500,000” гэж, 2 дахь заалтын “109,670” гэснийг “86,950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1289 дугаартай магадлалын дүгнэлтийг дараах үндэслэлээр няцааж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

4.1. Гэрээний зүйлийн шинж байдлын хувьд: Тухайн автомашин нь осолд орсон машин байсан бөгөөд хариуцагч түүнийг өөрөө үзэж, мэдсэнийхээ дараа авсан бөгөөд задалж, сэлбэг болгон зарах зорилготой байсан. Задаргаанд ороход кузовоос бусад эд анги нь бүрэн ажиллагаатай, тийм ч учраас түүнийг эвдэрхий бус ажилладаг эд зүйлс гэж зарсан.

4.2. Автомашиныг худалдан авсан зорилго нь хариуцагч анхнаасаа уг автомашиныг задалж зарах зорилготой худалдаж авсан бөгөөд түүнийгээ хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг.

4.3. Хөл хорионы нөхцөл байдлын хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалд “Талуудын гэрээний 3.5-д заасан “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөх” тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр алданги төлүүлэх боломжгүй. Учир нь худалдаа үйлчилгээний газрууд Короно вируст халдвар гарч дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор Монгол улсад хөл хорио тогтоосны улмаас ажиллахгүй байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв” гэсэн байна. Тэгвэл хөл хорионы нөхцөл байдлын улмаас гэрээгээр тохиролцсон алдангийг төлөхгүй байх, багасгах тухай заалт Иргэний хуульд байхгүй. Тэгээд ч нэхэмжлэлийг 2020.03.02-ны өдөр анх шүүхэд гаргасан. 2020.01.27-ны өдрөөс эхлэн Монгол улс онцгой нөхцөл байдлын дэглэмд шилжсэн боловч зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 2020.03.10-наас 2020.03.16-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарласан. Энэ хүртэлх хугацаанд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад болох ямар ч нөхцөл үүсээгүй. Мөн хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй байна.

Ийм учраас Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1289 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч А.Б д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу автомашины үнэ 4,000,000 төгрөг, алданги 1,920,000 төгрөг, нийт 5,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...алдангийг төлөхгүй гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 5,920,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “хариуцагчаас 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулсан байна.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хөл хорионы нөхцөл байдлын улмаас гэрээгээр тохиролцсон алдангийг төлөхгүй байх, багасгах тухай заалт Иргэний хуульд байхгүй. Нэхэмжлэлийг 2020.03.02-ны өдөр анх шүүхэд гаргасан, ...2020.01.27-ны өдрөөс эхлэн Монгол улс онцгой нөхцөл байдлын дэглэмд шилжсэн боловч зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг 2020.03.10-наас 2020.03.16-ны өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарласан. Энэ хугацаанд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад болох ямар ч нөхцөл байдал үүсээгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй.

9. Б.Ц , А.Б  нар нь 2019.06.17-ны өдөр 1579 дугаартай “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу худалдагч Б.Ц  нь өөрийн өмчлөлийн 15-39 ДУА улсын дугаартай, Мицубиши Пажеро /Мitsubishi Pajero/ маркийн тээврийн хэрэгслийг худалдан авагч А.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 төгрөгийг 2019.07.01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

10. Хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.  

11. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн болон тээврийн хэрэгслийн үнэд 4,000,000 төгрөг төлөх үндэслэлийн талаар маргаагүй, харин хариуцагч ...нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

12. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2019.07.01-ний өдрийн дотор..., 3.5-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө гэж тус тус зааж тохиролцсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар автомашины үнийг, гэрээнд заасан алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй байна.

13. Анхан шатны шүүх хариуцагч А.Б  нь гэрээнд заасан хугацааг 2019.07.01-ний өдрөөс 2020.03.02-ны өдөр хүртэл, 240 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4,000,000 төгрөгийг, уг үнийн 0.2 хувиар буюу 1,920,000 төгрөгийн алданги тооцож, гэрээний үүрэгт нийт 5,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

14. Харин, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэж, алдангийн хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасанд нийцээгүй, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно. 

15. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1289 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.17-ны өдөр төлсөн 37,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Х.ЭРДЭНЭСУВД