Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/550

 

Ц.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гэрэлмаа,

шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Ц.Анхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1037 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 21 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Пд холбогдох 2006005390404 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Цийн П, 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станц Төрийн өмчит хувьцаат компанид Цахилгаан цехийн Реле хамгаалалт, автоматикийн албанд монтёр ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 4 дүгээр гудамж, 1644б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-392-7 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

            Ц.П нь 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоот гэртээ иргэн З.Бтай маргалдсаны улмаас үснээс нь зулгааж, газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Яллагдагч Ц.Пын сонгон авсан өмгөөлөгч Ц.Анхцэцэгийн шүүхэд ирүүлсэн болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь, энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.6-д заасан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдоогүй байна. Үүнд:

1. Гэмт хэргийг хэн үйлдсэн /яллагдагч Ц.Пын эрх, эрх чөлөө, эрүүл мэндэд З.Баттогтох халдсан тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...”би чамайг өөрийн төрсөн дүү шигээ бодоод хэлж байгаад алгадна” гэж хэлээд зүүн гараараа Пын баруун хацарт нь нэг удаа алгадсан. П гэж эмэгтэйгээс дүү Бг салгаж авах гэж Цагдаагийн байгууллагад хандаж явна.” гэж өөрөө хүлээн мэдүүлсэн байдаг. Иймд яллагдагч Ц.Пын биед ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан эсэх, хэрэг учрал гарах үед тэрээр 7 сартай жирэмсэн байсан бөгөөд эхийн хэвлийд бойжих ургийн хэвийн бойжилтод сөрөг нөлөө үзүүлсэн эсэх/, хэн, хэний буруутай үйлдэл байсныг нарийвчлан тогтоогоогүй;

2. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр /хэн эхлүүлсэн, хохирогчоор тогтоогдсон этгээдийн гэм буруугийн хэлбэр/;

3. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй;

4. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;” гэж зааснаар хэрэг бүртгэлтийн шатанд иргэн Ц.Пын 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад тус тус заасан ажиллагаа явуулсан эсэх/;

5. Хэрэг учрал болох үед хэргийн газарт байсан хөндлөнгийн гэрчүүдийг олж тогтоож, гэрчийн мэдүүлэг авах, мөн З.Б, З.Батмягмар нараас гэрчийн мэдүүлэг авах;

6. Яллагдагч Ц.П, түүний хамтран амьдрагч З.Б, түүний төрсөн эгч хохирогч З.Б нарын ахуй амьдралын нөхцөл байдал ба хувь хүний хүмүүжил, хувийн байдалтай холбоотой мэдээлэл цуглуулах, бэхжүүлэх /Захиргааны болон зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан эсэх лавлагаа/;

7. Гэрч З.Баттогтохын Ц.П болон түүний хэвлийд бойжих ургийн эрүүл мэндэд халдсан үйлдлийг шалгаж тогтоох;

8. Яллагдагч Ц.Пын биед болон урагт эх, хүүхэд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулах /2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнөх болон дараах жирэмсний хяналтын эмчийн хяналтын карт, үзлэгийн дүгнэлтэд үндэслэвэл зохино. Хэрэг учрал гарах үед тэрээр 7 сартай жирэмсэн байсан бөгөөд эхийн хэвлийд бойжих ургийн хэвийн бойжилтод сөрөг нөлөө үзүүлсэн эсэх/ зэрэг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байна.

Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй, яллагдагчийн хуулиар эдлэх эрхийг эдлүүлэх, үүргийг хүлээлгэж явуулахыг анхааруулж байна. Шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Ц.Пд холбогдох хэргийг прокурорт буцааж, дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгэсний эцэст яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлэх нь зүйтэй. ...” гээд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх шүүлэнгэ овогт Цэрэндоржийн Пд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, уг хүсэлтийн “... дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ...” гэсэн хэсгийг хангахаас татгалзаж, шүүгдэгч Ц.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Прокурорын зүгээс Ц.П гэх хүн хохирогч З.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тухай асуудалд 2006005390404 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж тодорхой заасан байхад шүүхээс Ц.Пын эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж зааснаас өөрөөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг нэгтгэн шалгах талаар хуульд заагаагүй, хэрэв иргэн Ц.Пын хувьд өөрийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд хуульд заасан эрхийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргах эрх нь одоо ч нээлттэй байгаа. Эрүүгийн 2006005390404 дугаартай хэрэгт яллагдагч Ц.Пын хувийн байдлыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, цагдаагийн байгууллагын АСАП сангаар гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар шүүсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх талаар лавлагаа, мэдээллийг авсан зэрэг холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан, яллагдагчийн хамтран амьдрагч З.Б, хохирогч З.Б нарын ахуй амьдралын нөхцөл байдал ба хувь хүний хүмүүжил, хувийн байдалтай холбоотой мэдээлэл цуглуулах, бэхжүүлж авах нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл яллагдагч Ц.Паас мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” талаар удаа дараа мэдүүлсэн, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Анхцэцэгийн зүгээс шүүхэд гаргасан хүсэлтэд Ц.Пын эрүүл мэндэд хохирол учирсан талаар огт дурдаагүй байхад мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, яллагдагчийн хуулиар эдлэх эрхийг эдлүүлэх, үүргийг хүлээлгэж явуулахыг анхааруулж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч З.Б нь мэдүүлгийн эх сурвалжаа шууд, тодорхой зааж өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг яллагдагч Ц.П учруулсан талаар мэдүүлдэг, уг мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн гэрч З.Баттогтох, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1419 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай гэж өөрийн дотоод итгэлээр үнэлсэн бөгөөд хэрэг учрал болох үед хэргийн газарт байсан иргэн З.Батмягмараас гэрчийн мэдүүлэг авснаар хэргийн бодит байдал өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон ба шүүх хуралдааны явцад дээрх нөхцөл байдлыг мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтыг шинжлэн судлах замаар дахин нотлохоор зохицуулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хянаж, шийдвэрлэхээр зохицуулаагүйг дурдах нь зүйтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1037 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Ц.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн болон огт хийгдээгүй ажиллагаанууд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаардаг. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэл, зорилго, хохирогчоор тогтоогдсон З.Бгийн гэм буруугийн хэлбэр зэрэг нь эргэлзээгүй байдлаар нотлогдоогүй. Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ба уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтдээ 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ц.П нь өөрийн 85707474 дугаарын гар утаснаас Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Хохирогч З.Бгийн утсаар өгсөн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй учраас хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хуралдаанд яллагдагч Ц.П хэрэг гарсан өдөр 102 дугаарт дуудлага өгсөн талаар тайлбар хэлдэг. Мөн мөрдөгчид З.Бд холбогдуулж бичгээр гаргасан өргөдөл хэргийн материал дотроос алга болсон. Түүнчлэн хэрэг гарсан өдрөөс хойш Ц.П нь эмнэлэгт үзүүлэхэд хэвлийд тээж байсан урагт өөрчлөлт орж, буруу байрлалтай болсон талаар тайлбар, гомдлыг гаргасан учраас анхан шатны шүүхээс Ц.Пын урагт болон биед гэмтэл байгаа эсэхийг тодруулахаар шинжээч томилуулсан. Яллагдагч Ц.П нь өөрийн биед болон урагт гэмтэл учирсан эсэхийг шалгуулах үүднээс Цагдаагийн байгууллагад хандсан боловч түүний гомдлын дагуу ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Зөвхөн З.Бгийн утсаар өгсөн гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж яллагдагчаар ганцхан Ц.Пыг татсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зөвхөн З.Бг тогтоосон нь оролцогчийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл тул гомдолтой байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг шүүх хянан хэлэлцэж, шийдвэр гаргахаар зохицуулсан. Шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн яллагдагчийн хуулиар эдлэх эрхийг эдлүүлэх эрх, үүргийг хүлээлгэж явуулахыг анхааруулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөн Ц.Пын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан ажиллагааг хийгээгүй ба эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Хэрэг учрал гарсан өдөр хохирогч З.Б болон хохирогчийн садан төрөл Б, Баттогтох, Батмягмар нар Ц.Пын биед халдсан байсан. Мөн З.Б, З.Б нар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ба үүндээ хариуцлага хүлээж байсан болохыг Ц.П шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд З.Б, Б нарт захиргааны болон зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан эсэхийг шалгах нь хэргийн нотолбол зохих байдалд ач холбогдолтой тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох, түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна.

Хэргийн материалыг судлахад, яллагдагч Ц.П нь хохирогч З.Бгийн биед учруулсан гэмтлийн талаар хохирогч З.Б /хх 6-10/, гэрч З.Баттогтох /хх 13-14/ нарын мэдүүлгүүд болон Ц.Пын яллагдагчаар өгсөн /хх 27-29/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1419 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 16-17/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүх, яллагдагч Ц.Пын биед ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан эсэх, хэн, хэний буруутай үйлдэл байсныг нарийвчлан тогтоогоогүй гэх боловч хавтас хэргийн материалтай танилцуулсан тухай “...Хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх тэмдэглэл /хх 44/, Ц.Пын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би үсдэх гэж байгаад Б эгчийн духны хэсгийг хумсаараа халцалсан ба тэр хэсгээс нилээн цус гарч байсан. ...Б эгчтэй үсдэлцээд бид 2 газар унаж, босож ирээд хана зэргийг мөргөж үсдэлцсэн. ...Тухайн үед надад учирсан гэмтэл, шарх байгаагүй. Харин З.Б эгчийн духны хэсгээс цус гойжиж байсан. ..Би З.Б эгчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 28-29/,

гэрч З.Баттогтохын “...Ц.П, З.Б нар нь хэрэлдэж, ...Ц.П нь З.Бгийн үснээс зулгаагаад, үсдэж газар унагаасан. ...” /хх 13-14/ гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэн, хэний буруутай үйлдэл байсныг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэдийгээр яллагдагч Ц.Пыг жирэмсэн болохыг нотолсон баримт хавтас хэрэгт авагдаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч Ц.Пын өмгөөлөгч Ц.Анхцэцэгийн “...Ураг хэвийн бойжилттой. Гэхдээ төрөхдөө жаахан хүндрэлтэй төрсөн. ...” гэх тайлбараар яллагдагч Ц.Пыг хүүхдээ төрүүлсэн, хүүхэд нь эрүүл саруул өсөж байгаа гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...Яллагдагч Ц.Пын биед болон урагт эх, хүүхэд эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн шинжээч эмч нарын хамтарсан дүгнэлт гаргуулах ...” ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй бөгөөд хэрэгт чухал ач холбогдолгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж хуучин хуулийн зохицуулалтаар шийдвэрлэжээ.

Гэтэл 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасныг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхийг зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй.

Иймд прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Пд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1037 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Пд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцтэл яллагдагч Ц.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ