| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2025/0962/З |
| Дугаар | 221/МА2026/0292 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0292
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: “У ХНН
Гуравдагч этгээд: “СГ” ХХК, “БШ” ХХК
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэ, Г.М
Гуравдагч этгээд “СГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.
Гуравдагч этгээд “БШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чу
Хэргийн индекс: 128/2025/0962/З
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. ““У ХНН-ийн Өвлийн гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102477 дугаартай тендер шалгаруулалтын багц №2, 3-р багцад “БШ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3072 дугаар шийдвэр, багц №1, 3-д “СГ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3073 дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар “... Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Өвлийн гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102477 дугаартай тендер шалгаруулалтын багц №1, 4-д С ХХК-д, багц №2,3-д БШ ХХК-д тус тус гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Гомдол хянасан тухай 02/8440 дугаар албан бичгийн дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
3. Улмаар нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “... гуравдагч этгээдүүдэд нь гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлснээр маргаан бүхий захиргааны акь хэрэгжиж дууссан ...” гээд нэхэмжлэлийн шаардлагаа Тодорхойлох нь хэсгийн 1-д бичснээр өөрчилжээ.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0115 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.12, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
5.1. “... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д гэж заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр дагавар бий болгож чадахгүй, захирамжилсан шийдвэрт хамаарахгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.
Учир нь “У ХНН-ийн үнэлгээний хорооны гаргасан зөвлөмж нь дангаараа нэхэмжлэгчид эрх зүйн сөрөг үр дагавар буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Харин уг зөвлөмжийг үндэслэн гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр юм.
5.2. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаан бүхий захиргааны акт болох шийдвэрүүд нь нэгэнт хэрэгжсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох агуулгаар өөрчилсөн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл нэхэмжлэгч “Б” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хариуцагч талын зарласан сонгон шалгаруулалтад тогтмол оролцдог бөгөөд цаашид ч мөн оролцох ашиг сонирхолтой. Хариуцагч талын төлөөлөгч нь шүүх хуралдаанд энэхүү үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Харин үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь байгуулагдсан зорилго буюу “У ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102477 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулаад дуусгавар болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу түүний гаргасан шийдвэр, үйл ажиллагаанаас бий болох эрх зүйн үр дагаврыг томилсон этгээд болох “У ХНН хариуцах ёстой.
5.3. Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай албан бичигт заасны дагуу гуравдагч этгээд болох “СГ” ХХК нь шинжилгээ ирүүлээгүй, мөн лабораторийн дүгнэлтийн хугацаа нь тендерийн баримт бичгийг зөрчсөн буюу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хийгдээгүй, мөн гуравдагч этгээд “Б” ХХК нь итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгээгүй, техникийн тодорхойлолтыг зөрчсөн буюу гадуур улыг наалтан уллагаар бэхэлсэн байх шаардлагыг хангахгүй байхад нийцсэн гэж дүгнэсэн болох нь нотлох баримтыг шинжлэн судлах явцад бүрэн тогтоогдсон.
Ийм байхад сонгон шалгаруулалтын захиалагч тал буюу хариуцагч “У ХНН нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу татгалзах шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй. Хэргийн материалын 1 дүгээр хавтасны 208 дугаар хуудсанд Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд үнэлгээний хорооны гишүүд нь үнэлгээг дахих хийхдээ хэлбэрийн төдий явуулсан болох нь тодорхой харагдана. Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичигт заасан асуудлуудыг огт нягтлаагүй талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд тус тэмдэглэлийг судлуулж, мөн нотлох баримтыг шинжлэн судалсантай холбоотой асуулт хариултын шатанд энэ талаар тодруулахад хариуцагч нь энэхүү үйл баримттай маргаагүй.
5.4. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 бны 01 Дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0115 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч болон гуравдагч этгээд нараас давж заалдах журмаар гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
2.1. Нэхэмжлэгч нь дээрх компаниудын тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдолд Сангийн яам нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/8440 дүгээр албан бичгээр хариу өгөхдөө “Гомдолд захиалагчийн 2025 оны 16/2793 тоот шийдвэрт тусгагдсан ... үндэслэлийг эс зөвшөөрөх тухай дурдаагүй байна. ... “Б” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэртэй холбоотой асуудлыг хянан авч үзэх боломжгүй байна.” ... харин захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/2792, 16/2794 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
2.2. Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102477 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин хуралдаж,
......... багц №1, 4-д “СГ” ХХК, Багц№2, 3-д “БШ” ХХК нарын ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсний дагуу хариуцагч “У ХНН-ийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3074 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Б” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг дахин хүргүүлсэн байна.
2.3. Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр анх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “... маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн боловч захиалагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хохирсон, мөн дараа дараагийн жилүүдэд тус “УБТЗ” ХНН-ээс тендер сонгон шалгаруулалтад энэ мэт хууль бус сонгон шалгаруулалт явагдах бодит нөхцөл байдал хэвээр байх тул хуульд заасны дагуу үүнийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх нь нэхэмжлэгчийн ашиг сонирхол юм” гээд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн байна.
3. Уг өөрчилсөн нэхэмжлэлдээ ““У ХНН-ийн Өвлийн гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102477 дугаартай тендер шалгаруулалтын багц №2, 3-р багцад “БШ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3072 дугаар шийдвэр, багц №1, 3-д “СГ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/3073 дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэжээ.
4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс гуравдагч этгээд нарыг шалгаруулсан, тендер шалгаруулалттай холбоотой анхдагч шийдвэр гаргасан тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжтэй маргалгүйгээр тус зөвлөмж хүчин төгөлдөр байхад шууд захиалагчийн шийдвэртэй маргаж байгаа нь үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “... Үнэлгээний хорооны шийдвэр бол Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй,захирамжилсан үр дагавар бий болгож чадахгүй, харин Захиалагчийн шийдвэр нь мөн хуулийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захирамжилсан шийдвэр байхад шүүх буруу дүгнэсэн, ... хойшид хариуцагч болох “У ХНН-ийн зүгээс худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалт явуулахдаа Сангийн яамнаас гаргасан гомдол хянасан тухай албан бичигт заасан арга хэмжээг хуулийн дагуу авч ажиллах, гомдол гаргагчийн эрхийг хангах, сонгон шалгаруулалтыг үнэн зөв явуулах ашиг сонирхлын үүднээс тус маргаан бүхий сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус байсан болохыг тогтоолгох байсныг анхан шатны шүүх анхаарч, түүнд дүгнэлт хийгээгүй ...” гэснийг хүлээн авч хангах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгч нь дээрх компаниудын тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, анх гомдол гаргахдаа Тендерийг хянан үзэх шатнаас өөрийнх нь тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзэж татгалзсан захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/2793 тоот албан бичигтэй холбоотой маргаагүй, энэ талаар нэхэмжлэгчид Сангийн яам нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/8440 дүгээр албан бичгээр хариу өгөхдөө дурдаж, зөвхөн гуравдагч этгээд нарын тендерийн талаар маргасныг хянаж, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ч энэ талаар маргаагүй байна.
Мөн тухайн тендер сонгон шалгаруулалтын үр дүнд “БШ” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, “СГ” ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус тус “Худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан бараагаа нийлүүлсэн (1-р хавтас-92, 94, 2-р хавтас-103)-ээр уг гэрээ хэрэгжиж дууссан байна.
Эдгээрээс үзвэл маргаан бүхий албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол буюу сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэгэнт хэрэгжсэн маргаан бүхий актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “... хойшид “У ХНН нь Сангийн яамны албан бичигт дурдсан арга хэмжээг заавал биелүүлдэг болгох ...” гэсэн асуудлыг шийдвэрлэх үүрэггүй, өөрөөр хэлбэл цаашид болох тендер сонгон шалгаруулалт нь энэхүү хэргийн үйл баримтаас тусдаа бөгөөд ирээдүйд үүсэх нөхцөл байдалтай холбоотой, хуулийг биелүүлдэг болгох гэсэн хийсвэр нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны 106.3.3-д заасны дагуу “... албан чигүүдийг хууль бус байсан болохыг тогтоох” үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ