Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00348

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00348

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, Хар бургууд овогт Бын  //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00347/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Б. нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1963 онд малчин ард Бын 6 дугаар хүү болж мэндэлсэн. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид 1971 онд элсэн орж суралцсан....1981 оны 6 дугаар сард цэрэгт явсан. 1984 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Түүнээс хойш  Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тариачин, ногоочин, малчин гэх мэт ажил хийж байсан. 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуульд 55 насанд хүрсэн малчин тэтгэвэртээ гарна гэж заасны дагуу материалаа бүрдүүлж өгөхөд нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан ажилласан жил дутуу байна гэж хэлсний дагуу ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан.

....Одоо шүүхээс намайг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна....Хичээл таслаад 1 удаа улирч байсан. Би 1980 оны 6 дугаар сарын 17, 18-ны үеэр 8 дугаар анги төгсөж байсан....гэв.

           

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 290 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 1981 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч Т.Доржнамжилын “....Б. нь ...Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Б.ын аав нь Чимэддоржийн Б гэдэг байсан бөгөөд манай Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн 3 дугаар бригадын малчин хүн байсан юм. Б. нь 1981 оны 5 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Б. нь цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад мөн Социализм нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар ажилласан. Би хэдэн оноос эхэлж тус туслах үйлдвэрт ажилчнаар ажиллаж байсныг санахгүй байна. Б. нь Хүрэлцогтын Сайнсүүлтэй гэр бүл болж, дахиад нэгдлийн малчин болж нэгдэл тарах хүртэл нэгдлийн мал малласан....” гэх мэдүүлэг, гэрч Ж.Даваасүрэнгийн “....Б. нь манай нутгийн Чимэддоржийн Бын 4 хүүхэд нь юм. Б. нь ....Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн Хотгор хаг бригадад эцэг, эх, дүү нарынхаа хамт мал маллаж эхэлсэн. Б.ын аав Ч.Б нь эхнэр Д.Нөмөн, Б. нарын хамтаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн Хотгор хаг бригадын Халзны үзүүл гэх газарт хаваржиж, нэгдлийн төллөх мал малладаг байсан. Б. нь 1981, 1982 оны үед цэргийн албанд татагдаж, 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Б. нь цэргээс халагдаж ирэхэд ээж нь өндөр настай, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын төвд амьдарч байсан хүн бөгөөд ээжийнх нь бие ядруу мал маллах боломжгүй байсан учраас Б. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социалзм нэгдлийн туслах үйлдвэр буюу хадлан тэжээлийн байнгын бригадад туслах ажилчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Б. нь Хүрэлцогтын Сайнсүүлтэй гэр бүл болсон....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-6, 38-40, 41-43, 44 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч нь 1980 оны 6 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн болох нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, Б.ын ХААТР-1 маягтын хуулбар, нэхэмжлэгч Б.ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 35, 44 дүгээр тал/

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1984 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5393 дугаартай лавлагааны хуулбар хавтаст хэрэгт авагдсан болно. /хх-ийн 36 дугаар тал/

Хавтаст хэргийн 7-13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 1984-1990 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 1978 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 16-18 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн 1979-1981 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан Сонингийн хэсэг гэх баримтын эх сурвалж нь тодорхойгүй буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан иргэн Т.Доржнамжил, Ж.Даваасүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хар бургууд овогт Бын  //-ын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 3 дугаар бригадад 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЮУНЖАРГАЛ