Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00349

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2020/00349

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн .. айлын орон сууцны 4 тоотод оршин суух, Олхонууд овогт Пийн Д //-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 153/2020/00327/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч П.Д нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олхонууд овогт Пийн Д миний бие 1960 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Ховд аймгийн Жаргаланат сумын Рашаант багийн 3 дугаар 36 айлын 4 тоотод нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг.  0-9 нас хүртэл эцэг, эхийн хамт амьдарч байсан. 2 дугаар ангиасаа эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын 8-н жилийн сургуульд суралцаж 1976 онд Зэрэг суманд 8 дугаар ангийг төгссөн. 1976 онд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж 1979 оны 7 дугаар сард Агротехникч мэргэжлээр төгссөн.

Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 33 дугаар тушаалаар Ховд аймаг дахь Буянт сум дахь хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний станцад агротехникчээр томилогдон ажилласан. Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах даргын 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд шилжин ирсэн.

Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны товчооны хурлаар 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор Аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд дотоод ажлын зааварлагчаар ажиллаж эхэлсэн. 1990 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тушаалаар хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд дотоод ажлын зааварлагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш пионерын байгууллага, хүүхдийн байгууллагад ажиллаж байгаад 1995 онд аймгийн Засаг даргын туслахаар томилогдон 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилласан. 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Нийт 41 жил улсад ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 33 дугаар тушаалаар Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний станцад агротехникчийн ажилтнаар томилсон. Мөн хөдөлмөрийн дэвтэрт агротехникч мэргэжлээр томилсон гэсэн бичилт хийгдсэн боловч Архивт хадгалагдаж байгаа Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар тушаалаар 12 агротехникчийг томилсон. Уг тушаалын 2 дугаар хавсралтад 12 агротехникчийн нэрсийг бичсэн байгаа. Харин миний нэрийг бичилгүй орхигдуулсан. Мөн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах даргын 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тушаалаар агротехникч албан тушаалаас чөлөөлөгдсөн гэсэн бичилт хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн. Харин архиваас 1982 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тушаалыг хайхад өөр тушаал байсан.

Иймд намайг Ховд аймгийн Буянт сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал агротехникч /эрдэм шинжилгээний туслах ажилтан/-ээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.              

 

Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Буянт сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал агротехникч /эрдэм шинжилгээний туслах ажилтан/-ээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Д нь Ховд аймгийн Буянт сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал агротехникч /эрдэм шинжилгээний туслах ажилтан/-ээр ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1032 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай “Сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, 1980 оны 3 дугаар сарын 08-ны өдөр н.Дт олгосон Баярын бичиг, 1982 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Баярын бичиг, 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нээсэн Пийн Дын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Пийн Дын Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг агротехникч мэргэжлээр 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төгссөн 3985 дугаартай диплом, Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1979 оны 7 дугаар сараас 1980 оныг дуусталх цалингийн цэсний хуулбарууд, гэрч Д.Лхамсүрэнгийн “....Намайг Ховд аймгийн Буянт сум дахь Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд жолоочоор ажиллаж байх хугацаанд 1979 оны 6 дугаар сарын сүүлчээр П.Д, Дулмаахүү, Ням-Очир, Хандаа, Орломсүрэн нарын хүүхдүүд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын агротехникийн ангийг төгсөөд ирж байсан. П.Д нь 1982 оны эхний улирал хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн төвд Ховд аймгийн Хувьсгалт залуучуудн эвлэлийн хороо руу шилжиж явсан. Тухайн үед яг ямар ажил томилогдож очиж байсныг мэдэхгүй байна. Ням-Очир нь харин минйи эхнэр болоод намайг дагаад явсан. Орломсүрэн нь 1983 онд Булган сум руу шилжсэн байдаг...” гэх мэдүүлэг, гэрч П.Дулмаахүүгийн “....Би П.Дтой 1976-1979 оны хооронд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын агротехникчийн ангид хамт суралцаж төгссөн. П.Д нь надтай хамт 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын тушаалаар Ховд аймгийн Буянт сум дахь эрдэм шинжилгээний станцад туслах ажилтнаар томилогдож, хамтдаа Буянт сумын нэг айлд ажиллаж амьдарч байсан. Намайг 1982 оны 01 дүгээр сард жирэмсний амралтаа аваад явахад П.Д нь Ховд аймгийн Буянт сум дахь эрдэм шинжилгээний станцад туслах ажилтнаараа ажиллаад үлдсэн. П.Дыг хэзээ ажлаасаа гарсныг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5-7, 9, 14-15, 26-28,29-31, 39-62, 81-82, 83-104 дүгээр тал/

Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Лхамсүрэн, П.Дулмаахүү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан Талархал нь нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Талархал нь хэдэн онд олгогдсон болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч П.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олхонууд овогт Пийн Д //-ын Ховд аймгийн Буянт сум дахь Хөдөө аж ахуйн Эрдэм шинжилгээний туршлага станцад 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал агротехникч /эрдэм шинжилгээний туслах ажилтан/-ээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ