Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1099

 

 

 

 

 

 

  2023      11         03                            2023/ШЦТ/1099              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б ,

Шүүгдэгч: Д.Н  түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, С.Номиндалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Д.Н-д холбогдох эрүүгийн 2309000001*** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***аймагт 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, дүү нарын хамтаар, *** дүүргийн ** дугаар хороо *** 9 дүгээр гудамж, *** тоотод оршин суудаг,

урьд ял шийтгэлтэй, *** дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Б овгийн Д.Н /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 9 дүгээр гудамж, 486 тоотод О.Э, П.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар П.Э-ийн цээжин тус газарт хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Д.Н нь “...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны *** дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө *** дүүргийн 13 дугаар хороо **** дүгээр гудамж, *** тоотод О.Э, П.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар ***-ийн цээжин тус газарт хутгалж, хүнийг санаатай алах...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан /*** овогтой **, нас **, нас барсан, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 30 минут, /зүүн эгэмний доод хэсэгт 5 см орчим зүсэгдсэн шархтай/ гэсэн бүртгэл, /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн "...богино хар үстэй, нүдний зовхи нээлттэй, ам ангайсан цээжний зүүн дээд хэсэгт шархтай.., уг өрөөний зүүн урд талд төмөр хар өнгийн хөлтэй тавцан хэсэгт нь бор хар өнгийн бүтээлэгтэй 1х хэмжээтэй ширээ байх ба уг ширээний доор шар өнгийн бариултай ажлын хэсэг нь хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон нийт 21.3 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см урттай, 11.8 см урттай шар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан..," тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

Хохирогч О.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..маш их гомдолтой байна. Хууль ёсны дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна..,” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд Н нь 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи барьж гэрт орж ирээд бид хоёр тэр архийг хувааж уусан. Тэгээд архи хувааж уугаад сууж байтал манай эгч, ах хоёр 2 орчим цагийн зайтай эхлээдэгч ирээд дараа нь ах гэрт орж ирсэн. Тэгээд бид 4 тэр архийг хувааж ууж сууж байгаад би хойморын орон дээр тасраад унаад өгсөн. Намайг манай ах Б сэрээхэд байшингийн гарах хаалганы хажууд хүн нас барчихсан, хажууд нь талийгаачийн эхнэр нь гэх эмэгтэй уйлчихсан байдалтай байсан бөгөөд цагдаа нар ирчихсэн байсан. Би 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрийн хажуу талын худгаас ус авч байхдаа худгийн хажуу талд танилцаж байсан. Тухайн үед талийгаач архи ууж байсан бөгөөд надад ууж байсан архинаасаа хийж өгөөд миний авч байсан уснаас 1 аяга уугаад явж байсан. ...Манай ах надад хэлэхдээ Н нь талийгаачийг цээжин тус газарт нь цохих шиг болсон тэгээд талийгаач унасан, гэтэл хутгалчихсан юм байна лээ гэж хэлж байсан..,” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Л.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...06 дугаар сарын 07-ны өдөр өглөө 07 цаг орчимд Н манай гэрт ганцаараа орж ирсэн бөгөөд би энэ байрны эзэн юм энэ хавиар явж байгаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо танилцаад Нын авчирсан Хараа нэртэй 0.75 литрийн архийг манай нөхөр Б, талийгаач, талийгаачийн эхнэрм манай нөхрийн дүү Б, Н бид нар хувааж уусан. Тэр архийг хувааж ууж байхдаа талийгаач болон Н нар хоорондоо маргалдах өнгө аястай, 2-3 жилийн өмнө цаг самранд явж байсан тухайгаа ярьж байсан. ...Тэгээд архийг хувааж ууж дуусчихаад байж байхад талийгаач нь эхнэртээ хандаж “явья” гэж хэлээд гэрээс гарах гээд цаашаа алхаж байсан. Харин энэ үед талийгаачийн эхнэр нь "миний гутал салчихсан байна" гэж хэлэхээр нь би талийгаачийн эхнэрт өөрийн цагаан өнгийн пүүзээ өгсөн бөгөөд эхнэр нь гутлаа өмсөөд явах гэтэл талийгаач болон Н хоёр байшингийн гарах хаалганы дотор талд хоорондоо зөрөх шиг болсон энэ үед талийгаач хүнд цохиулсан юм шиг байшингийн хаалга руу толгойгоо харуулаад уначихсан. Тэгээд унасных нь дөнгөж дараа талийгаачийн зүүн хавиас цус маш их хэмжээгээр олгойдож гарсан.., Манай нөхөр түргэн, цагдаа дуудсан. Энэ үед Н юу ч хийлгүй байшингийн хойморт байсан орон дээр суугаад байсан. Талийгаач болон Н нар өмнө бие биенээ мэддэг, 17 дугаар сургуулийн орчимд хамт архи уудаг байсан. Талийгаачийн 1 нүд хөхөрсөн байсан..,” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлын зүүн талд байрлах гэртээ очиход манай эхнэр П, Б нар унтаж байсан. ...2023 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 10 цагт гинжээ авах гээд ломбард явчихаад очиж гинжээ авчихаад буцаад гэртээ иртэл манай эхнэр П, дүү Б, Н, талийгаач, талийгаачийн эхнэр зэрэг 5 хүн байсан. Тэр 5 нэг шил архи уучихсан, энэ 2 дахь шил архи нь гэж хэлж байсан. Тэгээд би тэд нартай үлдсэн нэг шил архийг хувааж уусан, ууж байхад хоорондоо ямар нэгэн байдлаар маргалдаагүй. Тэр архийг хувааж ууж дуусгачихаад талийгаач нь эхнэртэйгээ хамт явлаа гээд гэрээс гарсан бөгөөд тэр үед би худаг руу усанд явсан. Надтай хамт Н гараад дэлгүүр ороод 1 шил архи, 1 ширхэг тамхитай барьчихсан гарч ирээд талийгаачийг эхнэртэй нь хамт явах гэж байхад нь гудамжны үзүүрээс дуудаад буцаад манай гэр рүү бид 4 орсон. ...архи талдаа орж байхад Н талийгаачийн эхнэрийг "гилжгий минь" гэх зэргээр хэл амаар доромжилтол талийгаач "чи миний эхнэргийг яахаараа дандаа доромжилдог юм” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд талийгаачийг орон дээр сууж байхад Н толгойны ар дагз хэсэг рүү баруун гараараа 2 удаа түлхэж доош дартал талийгаач босож ирээд Н-ыг заамдахад Н зөрүүлж талийгаачийг заамдаад гал тогооны хэсэгт байшингийн гарах хаалганы хажууд тэр хоёр үргэлжлүүлж зууралдсан. Тэгээд би ширээний хажууд байж байхад тэр хоёрыг салгах гээд очоод Ныг араас нь тэврэхэл Н миний 2 гарыг тавиулаад тэгээд манай гэрийн ногоо арилгадаг шар өнгийн иштэй 20-25 см урттай хутгыг баруун гартаа барьж байгаад талийгаачийн цээжний зүүн хэсэг зүрхэн тус газарт 1 удаа хутгалаад хутгаа сугалаад авсан. Талийгаач хутгалуулчихаад байшингийн гарах үүд хэсэг рүү 2 алхаад тэгээд шууд газарт унаад өгсөн бөгөөд би талийгаачийг унахаар нь талийгаач дээр очтол цээжин тус газраас нь маш их хэмжээний цус олгойдож байхаар нь футболкийг нь сөхөөд харахад зүүн хөх, цээжин тус газарт шарх үүссэн, их цус гараад байхаар нь босоод гэрийн үүдэнд байдаг алчуур тохдог уяанаас цэнхэр өнгийн алчуур аваад талийгаачийн шархан дээр цусыг нь тогтоох гээд дарсан. Н надад хэлэхдээ талийгаач өглөө ... архи ууж байхдаа над руу хутга авч дайрах гээд байхаар нь хутгийг нь аваад орны тийшээ шидсэн гэх утгатай зүйл архи уугаад сууж байхад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /54-55 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1613 дугаартай "... Талийгаач П.Э-ийн цогцост цээжний зүүн талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтэл нь ямар байрлалд учирсан болохыг тогтоох боломжгүй. Дээрх цээжний зүүн талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар хүнд зэрэгт, бусадгэмтэл нь гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цээжний зүүн талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шарх гэмтэл нь шинэ байна, уг гэмтлийг авсны дараа идэвхтэй үйлдэл хийх боломж багатайХарин баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтэл нь нас барахаас 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийнэ. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийн голомтлог зөөлрөл өөрчлөлттэй байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цусанд 4.8, ходоодны шингэнд 7.1 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Ходоодонд 50.0 мл бор шаргал өнгийн зуурамтгай агууламжтай байна. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай, 180 см урттай, 81.0 кг жинтэй байна. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23 цаг 40 минутын цогцост үзлэг хийх үед нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. Талийгаач нь дээрх цээжний зүүн дээд талд эгэмний гадна доод хэсгээр эгэмний доорх тараагуур судсыг бүрэн бус тасалж гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдалтын шоконд орж нас баржээ." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 191-195 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 519 дугаартай "...Д.Н  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Н-ын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл байхгүй. Д.Н  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Н нь бэлгийн гаж донтой гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Д.Н  нь хэрэг хариуцах чадвартай байна." гэсэн дүгнэлт /209-210 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Хэрүүл маргаан болоод талийгаач урдаа нэг хутга барьчихсан байсныг нь би булааж аваад орны толгой дээр тавьчихсан байсныг булааж аваад миний гэдэсний тийшээ бага зэрэг зүсэгдсэн байсан. Тэгээд л нэг мэдэхэд талийгаачийн нүүр толгой маш их цус болчихсон байсан. Би ямартай ч гартаа хутга барьж байсан гэдгээ л санаж байгаа. Түүнээс юу болсон гэдгийг мэдэхгүй байгаа. Би Эрдэнэбат байцаагчид би юу болсон гэдгээ үнэхээр санахгүй байна өөр хүн хутга авахад нь болиулах гээд булааж авсан байж магадгүй сайн шалгаад өгөөрэйгэхэд, намайг чи хутга булааж авсан юм чинь хутгалсан байна даа гэсэн. Өнөөдөр хүний амь эрсдээд ийм нөхцөл байдал үүссэн юм чинь би хутгалсан л байх..гэх мэдүүлэг,

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Д.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 9 дүгээр гудамж, 486 тоотод О.ЭП.Э нартай хэрүүл маргаан үүсгэж, улмаар П.Э-ийн цээжин тус газарт хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Амь хохирогч болон эхнэр Энхтуулын зүгээс Н руу түрүүлж халдаж довтолсон, хэрүүл маргаан үүсгэсэн үйл баримт тогтоогддогүй. Харин ч Н нь амь хохирогч болон эхнэр Энхтуул руу удаа дараа хэл амаар доромжилж өдөөн хатгасан байдаг. Хохирогчийн зүгээс ямар нэгэн тодорхой үйлдэл гаргасны улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах сэтгэцийн хэвийн байдал нь хоромхон зуур алдагдаад өөрийн үйлдлээ хянан боломжгүй нөхцөлд байдалд хүргэхийг хэлдэг. Үүнээс үзэхэд энэ үйлдэл нь энгийн хүнээс хэвийн бус нөхцөлд аваачихаар хүчтэй үйлдэл байхыг шаардаад байдаг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тийм учраас шүүгдэгч Н нь өөрийн хууль бус үйлдлийг ухарсарлаж түүнийг хүсэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б аас: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед сэтгэл санааны их хямралд орж, сэтгэл санаа нь тогтворгүй хямарч байсан тул шүүх хуралдаанд сэтгэл санаагаа удирдаж чадахгүй үйлдэл гаргах байх гэж ярилцаад миний бие өмнөөс нь эрх ашиг сонирхлыг нь хамгаалан оролцохоор болсон. Хууль ёсны төлөөлөгч нь хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгчийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгч буй тайлбар, шинжлэн судалсан баримтуудаар талийгаач нь архи уудаг гэсэн мэдүүлгийг уншиж байна. Хэдийгээр архи уудаг ч гэсэн хүний амьд явах эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Шүүгдэгч нь хутгалсан үйл явдлаа л санахгүй байгаа ч өмнөх болон дараагийн үйл явдлаа санаад байгаа, үүнийгээ сэтгэл санаа цочрон давчдах гэсэн байдлаар илэрхийлж байна. Сэтгэл санаа цочрон давчдсан байдлыг улсын яллагч хангалттай тайлбарласан. Тиймээс хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлмийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналтай байна. Хохирлын хувьд оршуулгын зардал 3.000.000 гаруй төгрөгийг шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлсэн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлээгүй ч, шүүх боломжтой бол хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяраас: “...Улсын яллагчийн дүгнэлттэй танилцлаа. Улсын яллагчийн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгт үндэслэсэн байна. Анх сэжигтнээр  мэдүүлгийг авахад нь хутга чиний гарт байсан юм чинь чи л хутгалсан байж таараа гэх мэтчилэн мэдүүлгийг тулгаж авсан байдаг. Энэ сэжигтнээр өгсөн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шөнийн 00 цаг 30 минутад авсан байдаг. Мөн өмгөөлөгчтэй өгнө гэхэд нь эрхийг нь зөрчиж өмгөөлөгчгүй авсан. Гэрч Энхтуулаас тухайн өдөр нь мэдүүлэг авахдаа мөн хойшлуулашгүйгээс бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж мэдүүлэг авсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь сэжигтнээр өгсөн мэдүүлгийг ямархуу байдлаар авсан талаар хангалттай мэдүүлсэн. Тиймээс сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч О.Энхтуулаас согтуу байхад нь мэдүүлэг авсан байдаг. 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчүүдээс мэдүүлгээ дахин авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах хүмүүсийг нь тусад нь байлгаж, нэг хэрэгт мэдүүлэх хүмүүсийг хооронд нь харилцахгүй байлгахаар авна гэсэн энэ заалтыг зөрчиж, цагдаагийн хэлтсийн 215 тоотод 12 цаг 38 минутад 2 зэрэг мэдүүлэг авсан байдаг. Зөвхөн гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримтыг тогтоосон байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Д.Н ын биед хөнгөн гэмтэл гарсан буюу талийгаач тархийг нь архины шилээр цохиж хагалсан, хутга бариад дайрахдаа хэвлий хэсэгт нь зүссэн, мөн бусад тооны гэмтлүүдийг учруулсан үйл баримт харагддаг. Энэ талаар гэрчүүдээс тодруулсан эсэх талаар хэргээс харагддаггүй.  Мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж  хэт нэг талыг баримталсан буюу хэргийг гэрч нарын мэдүүлгээр тогтоож чадаагүй байна. Д.Н ын биед учирсан гэмтэл нь хэдийгээр хөнгөн гэмтэл гарсан боловч хүний амь нас эрсдэж болзошгүй үүссэн байдаг. Үүний давтамж нь 2-3 удаа түүнээс олон удаагийн үйлдлээр үүссэн учраас Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг буюу би юу болсныг санахгүй байна мөн нэг мэдэхэд хутга миний гарт байх шиг байсангэсэн мэдүүлгийг үндэслээд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хохирогчийн удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас бусдыг цочрон давчдасны улмаас хүний амь насыг хохироосон гэсэн зүйлчлэллээр зүйлчилж өгнө үү. Мөн аргагүй хамгаалалт байгаа эсэх талаар хавтаст хэргийн материалд авагдсанаар судалж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалайгаас: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн энэ нотлох баримтад нь гэрчийн мэдүүлэг орж байгаа. Гэтэл гэрчээр мэдүүлэг өгсөн Б, Б, П, Энхтуул гэх энэ гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, энэ мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй. Тухайн хэрэг нь Б.Б-н гэрт болсон үйл явдал энэ үед хэн байсан, хэдүүлээ архи хувааж уусан зэрэг нөхцөл байдлыг гэрч болгон өөр өөр мэдүүлдэг. Үүнээс үзэхэд хангалттай тогтоосон нотлох баримт байхгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тиймээс Д.Н нь хутга барьж очоод санаатай хүн алах үйл баримт тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь согтуугаар тус гэмт хэргийг үйлдсэн байх ба түүнийг гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг гаргаж оролцсоныг дурдах нь зүйтэй байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.Н  болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар “...Д.Н  нь хүнийг санаатай алах үйл баримт хангалттай тогтоогдохгүй байгаа ба хохирогчийн удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж  хүний амь насыг хохироосон гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн аргагүй хамгаалалт байгаа эсэх талаар хавтаст хэргийн материалд авагдсанаар судалж өгнө үү ” гэх үндэслэлээр маргаж байна.

 Шүүхээс дараах нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:

            Шүүгдэгч Д.Н аас сэжигтнээр авсан мэдүүлэг /1-р ХХ-ийн 74-77-р хуудас/, гэрч О.Э-н мэдүүлэг /1-р ХХ-ийн 57-58-р хуудас/ зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12-т заасан “...Энэ хууль заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэснийг зөрчиж дээрх мэдүүлгүүдийг авчээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэрч Л.П, Б.Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж нэг цаг хугацаанд нэг өрөөнд байлцуулж мэдүүлэг авсан байна гэж маргаж оролцсон.

            Гэрч Л.П, Б.Б нарын дээрх мэдүүлгүүдийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 38 минутад эхэлсэн боловч мэдүүлэг авч дууссан цаг хугацаа нь өөр, өөр цаг хугацаанд дууссан байгаа тул техникийн шинжтэй алдаа гарсан байна гэж үзэв.

            Иймд дээрх гэрчийн мэдүүлгүүдийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзсэн тул нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгч нь хохирогчийн удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас бусдыг цочрон давчдасны улмаас хүний амь насыг хохироосон гэсэн зүйлчлэлээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Мөн аргагүй хамгаалалт байгаа эсэх талаар хавтаст хэргийн материалд авагдсанаар өгнө үү гэх тайлбарыг гаргаж оролцож байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Б.Б, Л.П нарын мэдүүлэгт “...Д.Н  талийгаачийн эхнэрийг "гилжгий минь" гэх зэргээр хэл амаар доромжилтол талийгаач "чи миний эхнэргийг яахаараа дандаа доромжилдог юм” гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг зэргээс харахад амь хохирогчийн зүгээс шүүгдэгч Д.Н  болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хориглох, дураараа аашлах, гүтгэх зэргээр хууль бус үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Аргагүй хамгаалалт нь амь хохирогчийн зүгээс шүүгдэгчийн болон бусдын амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг хийсэн зайлшгүй үйлдэл байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл аргагүй хамгаалалтын үйлдэл зайлшгүй чухал байна гэдэг нь довтолгооны эсрэг хийж байгаа үйлдэл нь довтолгоонд тохирсон, довтолгооныг боломжит хамгийн бага аргаар зогсоохуйц байхыг хэлнэ. Тодруулбал шүүгдэгчийн өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл нь довтолгооныг зогсоож, дуусгах эсвэл довтолгооныг зайлуулах хэмжээтэй байх учиртай.

Дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байна.

Иймд шүүгдэгч Д.Н ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.979.350 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Д.Н  нь шүүхийн шатанд 3.980.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Д.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. Тиймээс шүүгдэгч Д.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь нийт 117 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, гэмт хэргийн улмаас П.Э-ийн амь нас хохирсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн 3.980.000 төгрөгийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан. Тиймээс шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Б  эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Гэм буруугийн шүүх хуралдаан эцсийн үг хэлэхдээ талийгаачийн ар гэрийхэнд уучлалт гуйж, гэмшиж байгаагаа илэрхийлэх болов уу гэхээр хэлэх зүйлгүй гэж байна. Тийм учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас хуульд заасан ялын дээд хэмжээгээр хорих ял оноож өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналд хохирол төлбөр нөхөн төлөгдсөн гэдгийг тайлбарласан. Мөн шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгаан болсон. Мөн өмгөөлөгч нарын зүгээс хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн эгчийнх нь мэдүүлгийг шинжлэн судлуулсан болохоос хохирогчтой холбоотой ямар нэгэн дүгнэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Энэ нь шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшээгүй гэсэн байдлыг илэрхийлсэн зүйл биш. Тиймээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамгийн бага буюу 8 жилээр хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Номиндалай эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Амь хохирогч нь архинд орчихсон, очоод амьдрах оорон гэргүй, тухайн цаг үед архи уудаг хүнтэй хамтын амьдрал үүсгээд явж байсан юм байна. Мөн 8 ах, эгч нартай байхад эдгээр хүмүүс нь тодорхой хэмжээнд дүүгээ харж хандаад явах боломжууд байсан. Түүнээс эдгээр ах эгч нар нь энэ хүнийг орхисон байна гэдэг нь өөрийнх нь мэдүүлгээс харагдаж байна. Тиймээс хуульд заасан хамгийн бага хэмжээг оноож өгнө үү...” гэх дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Н ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н ыг иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 24 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Д.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Н ын цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар иштэй 1 ширхэг хутга, хараа архины шил 1 ширхэг, Кока кола гэх бичиглэлтэй сав 1 ширхэг, Вояж гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн подволка 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн жийнсэн өмд 1 ширхэг, биеийн тамирын цамц ширхэг, цэнхэр өнгийн подволка 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д.Н-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ыг 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Н-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон сэтгэцэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй 1 ширхэг хутга, хараа архины шил 1 ширхэг, Кока кола гэх бичиглэлтэй сав 1 ширхэг, Вояж гэх бичиглэлтэй хуванцар сав 1 ширхэг, амь хохирогчийн өмсөж явсан хөх өнгийн подволка 1 ширхэг, ногоон эрээн өнгийн хүрэм 1 ширхэг, хөх өнгийн жийнсэн өмд 1 ширхэг, биеийн тамирын цамц ширхэг, цэнхэр өнгийн подволка 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичигсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС

 

                ШҮҮГЧИД                          Д.ДАРЬСҮРЭН

 

                                                            Э.ЧАНЦАЛНЯМ