Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01322

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00684 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч БОАЖЯ-д холбогдох,

Хохиролд 35 244 274 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК Богдхан уулын дархан цаазат улсын тусгай хамгаалалттай газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрчилгээг авсан. Гэтэл уг газартай холбогдуулан “Азийн ирээдүй” ХХК манай компанийн ашиглаж байсан зөвшөөрөлтэй газар хэмээн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Манай компанид олгогдсон газар эзэмших эрх хүчингүй болсон учраас тэмдэгтийн хураамжид төлсөн 12 000 000 төгрөг, гэрчилгээний үнэ 22 500 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1 000 000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 22 056 774 төгрөг, газрын хатуужилт тогтоолгосны төлбөр 165 000 төгрөг, нийт 35 244 274 төгрөгийн хохирол учирсан тул БОАЖЯнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид газар олгосон тушаалыг биш, “Азийн ирээдүй” ХХК-д газар эзэмших эрх олгосон өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид газар олгосон сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 тоот тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан байсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг авсны дараагаар тушаал гаргах ёстой байтал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал гарсны дараа буюу 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал гарсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал дээр тус газрын дарга гарын үсэг зурах ёстой байхад мэргэжилтэн нь гарын үсэг зурсан байсан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/266 дугаар тушаал нь анхнаасаа хууль зөрчиж гарсан, илт хууль бус акт байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар БОАЖЯнаас 28 862 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 381 774 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖЯ-аас 302 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулсан тохиолдолд төр эргүүлэн газар авах эрхтэй ба Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт заасны дагуу газрыг ашигласан хугацаагаар төлбөрийг газар ашиглагч нь төлөх үүрэгтэй ба газрын төлбөр болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийг эргүүлэн гаргаж өгөх зохицуулалт хуульд тусгагдаагүй. Тиймээс улсын төсөвт орсон мөнгийг төр хариуцан гаргаж өгөх үүрэггүй юм.

            Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.4.5, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 22 дугаар зүйлийн 22.1.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК үүрэг хүлээх тул яамнаас дээрх төлбөрийг гаргах эрх зүйн үндэслэлгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч БОАЖЯ-д холбогдуулан төрийн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 35 244 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газрын төлбөрийг газрын албанд төлдөг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК-д 2.4 га газар эзэмших эрх олгосон Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А-266 дугаар тушаал илт хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр тогтоосон, уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0170 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор хянаж, хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

            Улмаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, “М” ХХК-д газар олгосон 2015 оны А/266 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон А/253 дугаар тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

            “М” ХХК нь эрх бүхий этгээдийн шийдвэр, шийдвэрийг үндэслэсэн газар эзэмших гэрчилгээ, гэрээний дагуу улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ, нөхөн сэргээх зардал, газрын төлбөрт нийт 28 862 500 төгрөгийг захиргааны байгууллагын заасан дансанд төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч газар эзэмшигчийн үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Дээрхээс үзвэл газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахдаа хариуцагч байгууллага хуульд заасан журмыг мөрдөөгүй, алдаа гаргасны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь гэм буруутай захиргааны байгууллагаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааг шүүх тогтоож, шийдвэрийг хүчингүй болгосны улмаас газрын төлбөр бусад зардалд төлсөн 28 862 500 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгч хохирсон гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг уг хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасанд болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 6 216 774 төгрөг нь “Глобал Бридж” компаниас төлөгдсөн, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 165 000 төгрөгийн төлбөр нь аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан гэрээний дагуу “Ди Жи Пи” ХХК-д төлөгдсөн байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

 

                                                                                                 А.ОТГОНЦЭЦЭГ