Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0266/З |
Дугаар | 128/ШШ2017/0484 |
Огноо | 2017-06-16 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2017/0484
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2017/0484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.******* даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, С.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******гийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагч Г.Э, Б.О, С.Г, хариуцагч Г.Э-ын өмгөөлөгч П.А нарыг оролцуулан О т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г е газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, Б.О, О.Б, С.Га, Б.М нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.
Нэхэмжлэгч: О т ХХК
Хариуцагч: Г е газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, Б.О, О.Б, С.Г, Б.М
Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 25/16 дугаар актыг хүчингүй болгуулах
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэг. Үйл баримтын тухайд: Актад нэхэмжлэгчийн БНХАУ-аас
импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн хэмээн уг зөрчилд нийт 861,551,774.66 /найман зуун жаран нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн гаалийн татвар, торгууль нөхөн төлүүлэхээр заажээ.
Нэхэмжлэгч нь актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гомдлоо Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргад 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Гаалийн ерөнхий газрын дарга гомдлыг хянаж үзээд 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01/565 дугаар шийдвэрээр актыг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч нь Г е газрын даргын шийдвэрийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Акт болон Г е газрын даргын шийдвэрт зааснаар нэхэмжлэгч болон Ө Компани (*******ХК)-ийн хооронд байгуулсан Хуваарилах байгууламж болон цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ (Засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээ)-ний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөр нь импортын цахилгааны үнэд орох ёстой гэжээ. Ингэхдээ гаалийн бараатай холбоотой хилийн чанадад гарсан бүхий л зардлыг гаалийн барааны үнэд оруулж тооцохоор Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 болон Дэлхийн худалдааны байгууллагын 1994 оны Тариф, худалдааны хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр (Хэлэлцээр)-ийн 8.2(а)-д тус тус заасан гэж тайлбарлажээ.
Гэтэл дээр дурдсан хууль болон хэлэлцээрт гаалийн барааны үнэд нэмж тооцогдох зардлыг жагсаалтын зарчмаар буюу ямар ямар зардлуудыг гаалийн үнэд оруулах талаар тоочин нэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн Засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн төлбөр нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т болон хэлэлцээрийн 8.2(а)-д заасан импортын барааны гаалийн үнэд нэмж тооцогдохоор нэрлэсэн зардлуудын аль нэгэнд нь хамаарахгүй байгаа юм.
Ийнхүү хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид нөхөн татвар, торгууль, алданги тооцож акт тавьсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тул актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу гаргаж байна.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 25/16 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны
акт гэж үзэх үндэслэл байна.
Нэхэмжлэгчийн Засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн төлбөр нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан импортын барааны гаалийн үнэд нэмж тооцогдох тоочин нэрлэсэн зардлуудын аль нэгэнд нь хамаарахгүй байгаа юм. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлавал:
Хуулийн заалт |
Нэмэгдэж тооцогдох зардал |
******* ХХК-ийн тайлбар |
10.3.1 | Тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараах зардал: тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр; тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал; даатгалын хураамж. | Цахилгаан нь хилээр биетээр нэвтэрдэггүй онцлог бараа тул тээвэрлэлтийн ямар нэгэн зардал гардаггүй. Иймд ******* ХХК-ийн Засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн төлбөр нь энэхүү заалтад хамаарахгүй. |
10.3.2 | Тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын үнэ; | Худалдан авагч нь өөрт хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүний зах зээлийн мэдээллийг боловсруулж, хамгийн ашигтай үнэ, тохирсон нийлүүлэгч/худалдагч санал болгож чадах зуучлагч болон комисстой гэрээ байгуулсан тохиолдолд энэ заалт үйлчилдэг. Түүнчлэн гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй байгуулсан аж ахуйн гэрээний үндсэн дээр гаалийн байгууллагад мэдүүлэх 'ажлыг төлөөлөн хийх этгээдэд төлөх зардал нь гаалийн зуучлагчийн хөлс болдог билээ. Иймд, ******* ХХК-иас *******ХК-д төлж буй засвар, үйлчилгээний төлбөр нь комиссын болон зуучлагчийн хөлс биш юм. |
10.3.3 | Тухайн барааг үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлохтой холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид, эсхүл үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсхүл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил, үйлчилгээний өртгийн зохих хэсэг; | Энэхүү заалт нь худалдагч буюу нийлүүлэгч бус худалдан авагч нь ямар нэг үйлчилгээ, барааг өөрийнхөө худалдан авч буй барааг үйлдвэрлэхэд зориулж үнэгүйгээр эсвэл хямдралтай үнээр худалдагч/нийлүүлэгчид нийлүүлсэн бол тэр бараа болон үйлчилгээг нийлүүлэхэд гарсан өртгийн зохих хэсэг нь хэлцлийн үнийн нэг хэсэг болж нэмэгдэл зардал болж тооцогдохоор байна. ******* ХХК нь *******ХК буюу нийлүүлэгчид ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй, харин эсрэгээрээ *******ХК-ийн үзүүлсэн засвар, үйлчилгээнд төлбөр төлдөг тул энэхүү заалт үйлчлэхгүй юм. Нөгөө талаас, ******* ХХК нь цахилгаан импортлох тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй тул уг зөвшөөрлийг эзэмшдэг Ц (*******) компаниар дамжуулан авдаг. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь БНХАУ-аас цахилгаан шууд импортолдоггүй, харин ******* компанийн импортолсон цахилгааныг авч үйл ажиллагаандаа хэрэглэдэг. |
10.3.4 | Тухайн барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас худалдагчид шууд болон шууд бус хэлбэрээр төлсөн, эсхүл төлөх оюуны өмч ашигласны төлбөр; | ******* ХХК-иас *******ХК-д төлсөн засвар, үйлчилгээний төлбөр нь оюуны өмч ашигласны төлбөрт хамаарахгүй. |
10.3.5 | Худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг. | Дээр дурдсанчлан, ******* ХХК нь цахилгааныг ******* компаниар дамжуулан авдагаас гадна тухайн авсан цахилгааныг бусдад худалдан борлуулдаггүй, зөвхөн өөрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг. |
Түүнчлэн Хэлэлцээрийн 8.2(а)-д импортолж буй барааг оруулах импортын боомт буюу газар хүртэл тээврийн зардлыг гаалийн барааны үнэд нэмж тооцох тухай заасан ба энэ нь Засвар, үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн төлбөрт хамаарахгүй зардал юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд заагаагүй төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс шаардаж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Иймд Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 25/16 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д-ийн өмгөөлөгч Н.Ц шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс маргаан бүхий 25/16 тоот актыг гаргасан хуулийн үндэслэлээ актдаа огт дурдаагүй ба гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэсэн ерөнхий үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан. Улмаар актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан шүүхийн шатанд ирсний дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хариу тайлбартаа хариуцагч нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10.3.1.1-т заасан тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс гэсэн заалтыг үндэслэж актыг үйлдсэн талаараа тайлбарлажээ. Уг тайлбартай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс О ХХК-ийн 2013-2015 онуудад ӨМӨЗО-ны Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламж болон Гвоау I ба II цахилгаан дамжуулан станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан
тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ (цаашид Засвар үйлчилгээний гэрээ" гэнэ)-ний дагуу төлсөн төлбөр нь хуульд заасан тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс"-д хамаарахгүй талаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна.
Нэг. Тээврийн хэрэгслийн талаар: Гаалийн тухай хуулийн 3.1.5-д тээврийн хэрэгсэл гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл гэж тодорхойлсон байдаг. Уг тодорхойлолтоос үзэхэд цахилгаан дамжуулах шугам нь хуульд заасан тээврийн хэрэгсэл гэсэн ойлголтод хамаарахгүй байна.
Мөн Гаалийн тухай хуулийн 34.1-т импортын барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн төрлийг харгалзан тус хуулийн 35 дугаар зүйлд заасан баримт бичгүүдээс гаалийн байгууллагад гаргаж өгөхөөр зохицуулсан байдаг. Улмаар тус хуулийн 35.1-д авто тээврийн хэрэгсэл, 35.3-д агаарын тээврийн хэрэгсэл, 35.5-д төмөр зам гэсэн тээврийн хэрэгслийн гурван төрлийг хуульчилсан ба цахилгаан дамжуулах шугамыг тээврийн хэрэгслийн төрөлд хамааруулаагүй. Түүнээс гадна импортын барааг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл нь Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн хилээр тодорхой хугацаагаар нэвтэрдэг байх (3.1.5), гаалийн бүрдүүлэлт хийдэг байх (24.1), тодорхой хугацаагаар гаалийн хяналтад байх (234.1, 234.2), хөдөлгөөнтэй байх (2691.1.2, 232.3, 232.5, 38.2.8, 244.1), зорчих боломжтой байх (38.2.8), тээвэрлэгчтэй байх (38.2) зэрэг шинжүүдийг агуулсан байх шаардлагатай. Гэвч цахилгаан дамжуулах шугамын хувьд эдгээр шинжүүдийн алийг нь ч агуулаагүй, тээврийн хэрэгсэл гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл огт байхгүй байна.
Иймд дээрх хуулийн заалтуудаас үзэхэд цахилгаан дамжуулах шугам нь тээврийн хэрэгсэл биш ба тус шугамын засвар үйлчилгээний төлбөрийг тээврийн хэрэгсэл ашигласны хөлс гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нарын хувьд Олон Улсын Гаалийн болон Худалдааны нэр томъёо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас боловсруулсан Олон Улсын Бараа Худалдааны Статистикийн Концепц болон Нэр томъёоны тодорхойлолт гэх баримтуудыг үндэслэн эрчим хүчний дамжуулах шугамыг тээврийн хэрэгсэл гэж тайлбарласан ба уг тайлбар нь мөн л үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн 1.2-т ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Гаалийн тухай хуулийн 2.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасны дагуу Гаалийн байгууллагаас
үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг л мөрдлөг болгох учиртай. Гэтэл дээрх баримт бичгүүд нь хууль эсхүл Олон улсын гэрээний тухай хуулийн 3.1-т заасан олон улсын гэрээ биш байх тул эдгээрийг эрх зүйн эх сурвалж гэж үзэхгүй. Иймд хариуцагч нар сурах бичиг болон нэр томъёоны тодорхойлолтод тулгуурлан акт тогтоосон нь буруу байна.
Агуулга талаас нь авч үзсэн ч тээврийн хэрэгслийн төрлийг тодорхойлсон гэх Олон Улсын Бараа Худалдааны Статистикийн Концепц болон Нэр томъёоны тодорхойлолт нь зөвлөсөн, заавал дагаж мөрдөх шинжгүй баримт бичиг байна. Тодруулбал, тус баримт бичгийн удиртгал хэсэгт 2010 оны 2 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Нью Йорк хотноо хуралдсан 41 дүгээр хурлаас Олон Улсын Бараа Худалдааны Статистикийн Концепц болон Нэр томъёоны тодорхойлолтын төсөл буюу бараа худалдааны статистикт зориулсан олон улсын зөвлөмжийг шинээр баталсан" гэжээ. Мөн хариуцагчийн ишилсэн 7.2 дахь заалтад доорх ангиллыг улс орнуудад зөвлөмж" болгож байна гэдгийг тодорхой бичсэн байдаг. Гэтэл хариуцагч нар ...энэхүү баримт бичгийг НҮБ-ын гишүүн улс орон бүр нэг мөр дагаж мөрдөх ёстой байдаг гэсэн ташаа тайлбарыг шүүхэд гаргажээ.
Олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмжийн шинжтэй баримт бичгийг өөрийн орны хууль тогтоомждоо тусгах эсэх нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 20.1, 25.1 дэх зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал мөн. Өмнө дурдсанчлан Улсын Их Хурлаас Гаалийн тухай хуулийг батлахдаа цахилгаан дамжуулах шугамыг тээврийн хэрэгслийн төрөлд багтаагаагүй юм. Иймд дээрх нэр томъёоны тодорхойлолтыг үндэслэж цахилгаан дамжуулах шугамыг тээврийн хэрэгслийн төрөлд хамаарна гэсэн хариуцагчийн тайлбар бүхэлдээ үндэслэлгүй байна.
Харин хууль тогтоох байгууллагаас цахилгаан дамжуулах шугамыг Эрчим хүчний тухай хуулийн 3.1.9-т эрчим хүчний барилга байгууламж гэж хуульчилсан байдаг. Тиймээс цахилгаан дамжуулах шугам буюу эрчим хүчний барилга байгууламжаар цахилгаан дамжуулах, түгээхтэй холбоотой харилцаа нь зам тээврийн бус эрчим хүчний салбарын хууль тогтоомжоор зохицуулагддаг юм.
Түүнчлэн хариуцагчийн ишилсэн Г е газрын даргын 573 тоот тушаал нь Гаалийн тухай хуулийн 55.5-д заасны дагуу гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг тодорхойлох зорилгоор батлагдсан учраас уг тушаалыг үндэслэж хуульд заасан тээврийн хэрэгсэл гэсэн ойлголт, түүний төрлийг өргөсгөж /хөдөлгөөнт бус гэх мэтээр/ тайлбарлах боломжгүй юм.
Хоёр. Цахилгаан дамжуулах шугамын талаар: Засвар үйлчилгээний гэрээний
дагуу засвар үйлчилгээ хийгдсэн ӨМӨЗО-ны Баяннуур аймаг дахь дэд станц буюу Гуохэ 220 кв-ын хуваарилах байгууламж, түүний гадна дотнох тоног төхөөрөмж, хуваарилах байгууламжаас Монгол Улсын хил хүртэлх цахилгаан дамжуулах шугам, холбооны шилэн кабел, Баяннуур аймаг дахь хяналтын модуль зэргийг О т ХХК өөрийн хөрөнгөөр бариулсан юм. Тиймээс О ХХК уг хөрөнгийг өөрийн санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөөр бүртгэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан журмын дагуу элэгдэл тооцож тайлагнадаг.
Иймд О т ХХК нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах өөрийн хөрөнгөө засварлах, хэвийн ажиллагааг нь хангах зорилгоор гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч Г е газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, Б.О, О.Б, С.Г, Б.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татвар нөхөн төлүүлэх тухай Гаалийн улсын байцаагчийн 25/16 тоот акттай холбогдуулан О ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 751/266 тоот нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 25/16 дугаар актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт гэж тодорхойлоод импортын цахилгаанд төлсөн зардлуудыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-10.3.5-д заасан зардал тус бүртэй харьцуулж, эдгээр зардлуудын алинд ч хамаарахгүй хэмээн тайлбарласан байгаа нь илт хууль бус үндэслэлгүй, улмаар төрийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна гэж үзэж байна. Учир нь:
Нэг. Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Бараа гэдэг ойлголтыг тодорхойлсон байдаг бөгөөд энэхүү тодорхойлолтод бүх төрлийн эрчим хүч хамаарахыг заасан байдаг. Иймд нэхэмжлэгч тал буюу О ХХК-ийн 2013-2016 онд БНХАУ-аас импортолсон цахилгаан эрчим хүч бол импортын бараа юм.
Хоёр. Нэхэмжлэгч тал 2013-2015 онд БНХАУ-аас Монголын Ц ТӨХК, О ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны
Ө (*******ХОУК) ХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /цаашид Гурван талт гэрээ гэх/-ний дагуу эрчим хүч импортолсон байдаг.
Дээрх гурван талт гэрээний 1.1.6 дахь хэсэгт заасны дагуу Хятад Улсын нутаг дахь эрчим хүчний тоолуураас эхлэн Монголын хил хүртэлх эрчим хүч дамжуулах байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний асуудлыг Ашиглалт, засвар, үйлчилгээний гэрээгээр зохицуулна гэж заасан. Энэ заалтын дагуу 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны *******ХОУК ХК-ийн хооронд Цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ (цаашид Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ гэх)-г байгуулсан байдаг.
Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээний 5.2-ын дагуу О ХХК *******ХОУК ХК-д ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус гэрээний 5.3 болон 5.4-т нийт төлөх зардлын дүн болон тухайн зардлыг ямар хугацаанд хэрхэн төлөх асуудлыг зохицуулсан байдаг.
Олон Улсын Гаалийн болон Худалдааны нэр томъёоны тайлбарт тээвэр гэж бараа болон хүмүүсийг нэг газраас нөгөө газарт шилжүүлэх үйл явц юм гэж тайлбарласан байдаг бөгөөд яг энэ утга агуулгаар Олон Улсын хэмжээнд болон Үндэсний хэмжээнд нэг мөр ойлгогддог. Энэ тайлбар, тодорхойлолтын дагуу цахилгаан эрчим хүчийг экспортлогч орноос импортлогч оронд худалдагчаас худалдан авагчид шилжүүлэн дамжуулах үйл явц бол тухайн эрчим хүчний тээвэр юм.
Нөгөө талаас Цахилгаан эрчим хүч бол машинаар, вагоноор, онгоцоор тээвэрлэгддэг жирийн бараа биш бөгөөд нефть, хий, зэрэг онцлог бараатай ижил байдлаар шугам, хоолойгоор дамжигдан тээвэрлэгдэж, Олон Улсын хэмжээнд худалдагддаг онцлог бүхий бараа юм.
Иймээс 2011 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Олон Улсын Барааны Худалдааны Статистикийн Концепц болон Нэр томъёоны тодорхойлолт-ын талаарх бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан байдаг бөгөөд энэхүү баримт бичгийг НҮБ-ын гишүүн улс орон бүр нэг мөр дагаж мөрдөх ёстой байдаг. Энэ баримт бичгийн 7 дугаар хэсгийн 7.2-т Тээврийн төрөл, ангилал-ыг дотор нь агаарын, усан замын, газрын болон бусад тээвэр гэж ангилсан байдаг бөгөөд бусад тээвэрт шугам, хоолойн тээвэр (нефть, хий, эрчим хүч гэх мэт онцлог барааны тээвэр)-ийг оруулсан байдаг.
Түүнчлэн, Гаалийн ерөнхий газрын даргьн 2010 оны 573 дугаар тушаалын Дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар-ын Аравдугаар хавсралтад тээврийн төрлүүдийг ангилж, кодолсон байдаг бөгөөд хөдөлгөөнт бус ангилалд цахилгаан эрчим хүчний шугам орсон байдаг.
Мөн дээрх тушаалын Дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар-ын 2 дахь хэсэгт оруулсан Гаалийн мэдүүлэг нөхөн бичих хүснэгт-ийн 14 дэх хэсэгт гаалийн мэдүүлгийн Барааг илгээх үеийн тээврийн хэрэгсэл хүснэгтийн эхний хэсэгт бараа илгээх үеийн тээврийн хэрэгслийн харьяалагдах улсын код, дунд хэсэгт тээврийн төрлийн код, сүүлийн хэсэгт тээврийн хэрэгслийн дугаарыг тус тус бичнэ гэж заасан. Энэ зааврын дагуу импортын цахилгаан эрчим хүчний гаалийн мэдүүлгийн тээврийн төрөл хэсэгт шугам гэж бичигдэн гаалийн бүрдүүлэлт хийгддэг.
Иймд дээрх зохицуулалтуудын дагуу цахилгаан эрчим хүчийг дамжуулж буй цахилгаан дамжуулах шугам, трансформаторууд нь Олон Улсын хооронд барааг тээвэрлэх тээврийн нэг төрөл" буюу тээврийн хэрэгсэл гэдэг нь маш тодорхой юм.
Өөрөөр хэлбэл, цахилгаан дамжуулах станц, трансформаторыг ашиглахгүйгээр, эдгээр станц, трансформаторуудын хэвийн үйл ажиллагааг хангахгүйгээр тухайн цахилгаан эрчим хүчийг Монгол Улсад импортлох, цаашлаад Олон Улсын хэмжээнд ч худалдаалах боломжгүй юм.
Иймд дээрх Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ-ний дагуу импортын цахилгаан эрчим хүчийг экспортлогч орноос импортлогч оронд худалдагчаас худалдан авагчид нийлүүлэхэд шаардлагатай цахилгаан эрчим хүч дамжуулах байгууламжийг ашигласны төлөө О ХХК-иас *******ХОУК ХК-д төлсөн зардлууд нь Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-ын 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай Хэлэлцээр буюу Үнэлгээний дүрэм (цаашид Үнэлгээний хэлэлцээр гэх)-ийн 8 дугаар зүйлийн 8.2(а)-д болон Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-т заасны дагуу импортын цахилгаан эрчим хүчний тээврийн зардал-д хамаарах бөгөөд 10.3.1.1-т заасан тээврийн хэрэгсэл ашиглалтын хөлс юм.
Гурав. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-10.3.5-т заасан зардлуудыг тухайн барааны хэлцлийн үнэ дээр нэмж, гаалийн болон бусад татварыг ногдуулдаг.
Иймээс О ХХК-ийн 2013-2015 онд БНХАУ-аас импортоор худалдан авсан цахилгаан эрчим хүчний хэлцлийн үнэ дээр тухайн цахилгаан эрчим хүчийг Монгол Улс руу дамжуулан тээвэрлэхэд зориулж худалдан авагчаас худалдагчид төлсөн цахилгаан дамжуулах шугам, трансформаторуудыг ашигласны зардлыг нэмж тооцон, гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулна. Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ-гээр цахилгаан дамжуулах станц, трансформаторуудыг ашиглах, тэдгээрт засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэг хэрэгслийг солих, засварлах үйл ажиллагааг зохицуулсан байдаг бөгөөд эдгээр үйл ажиллагаатай холбогдон гарсан бүхий л зардлыг О ХХК хариуцахаар заасан байдаг хэдий ч дээр дурдсан зардлуудаас зөвхөн цахилгаан дамжуулах шугам, трансформаторуудыг ашиглах зардлыг гаалийн үнэд оруулж тооцон Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг тогтоосон.
Нөгөө талаас Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай Хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлцлийн үнэ гэж ойлгоно. Дэлхийн Худалдааны Байгууллагын Үнэлгээний хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн тайлбарын 1 болон Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 тоот тушаалаар батлагдсан Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар-ын 2 дугаар хавсралтын 1.1.2-т Төлсөн буюу төлбөл зохих бодит үнэ гэдэгт тухайн импортын бараанд зориулж худалдан авагчаас худалдагчид орлого болгон шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлөх ёстой нийт төлбөрийг ойлгоно гэж заасан байдаг.
Иймээс дээр дурдсан Гурван талт гэрээ болон Ашиглалт, засвар үйлчилгээ-ний гэрээний дагуу импортын цахилгаан эрчим хүч худалдан авагч тал болох О ХХК-иас худалдагч тал болох *******ХОУК ХК-д төлсөн нийт төлбөр нь импортын цахилгаан эрчим хүчний төлсөн буюу төлбөл зохих бодит үнэ болж гаалийн болон бусад татвар ногдуулах үндэслэл нь болно.
Мөн Гурван талт гэрээ-ний 1.2-т В тал буюу О ХХК-ийн хүлээх үүргийг заасан байдаг бөгөөд 1.2.1-т Цахилгаан эрчим хүч худалдан авахтай холбоотой бүх үүрэг, хариуцлагыг хүлээнэ гэж тусгасан байдаг. Энэ зохицуулалтын дагуу Олон Улсын Худалдааны Танхимаас гаргасан гадаад худалдааны бараа нийлүүлэх нөхцөл буюу Олон Улсын худалдаанд хэрэглэж буй Инкотермс 2010-аар худалдан авагч тал болох О ХХК тухайн импортын цахилгаан эрчим
хүчийг худалдан авахтай холбоотой гарах бүх үүрэг хариуцлага, эрсдэл, зардал, импортын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд дээрх бүх зардлыг цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмж мэдүүлэх үүргийг хүлээнэ.
Дөрөв. Дээр дурдсан үндэслэлүүдээр одоогийн практикт импортын цахилгаан эрчим хүчний гаалийн мэдүүлгийн тээврийн төрөл хэсэгт хөдөлгөөнт бус тээвэр харин тээврийн хэрэгсэл хэсэгт шугамаар гэж тодорхойлж, О ХХК-тай ижил байдлаар БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж буй бусад компани импортын цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд дээрх зардлуудыг тухай бүр нэмж гаалийн байгууллагад мэдүүлж, холбогдох татвар, хураамжийг төлж байна.
Түүнчлэн Дэлхийн Гаалийн Байгууллагын Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Олон Улсын Киото конвенцын дагуу О ХХК нь импортын барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд импортын цахилгаан эрчим хүчний гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн нь Монгол Улсын Үндэсний хууль тогтоомж төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байна.
Иймд О ХХК-иас Татвар нөхөн төлүүлэх тухай Гаалийн улсын байцаагчийн 25/16 тоот акттай холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 751/266 тоот нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Э, Б.О, О.Б, С.Г, Б.М нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Татвар нөхөн төлүүлэх тухай Гаалийн улсын байцаагчийн 25/16 тоот акттай холбогдуулан О ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 751/266 тоот нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 тоот хамтарсан удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас О ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд шалгалт хийсэн. Шалгалтаар тус компани 2013-2015 онд импортолсон бараа (багаж хэрэгсэл, програм хангамж, цахилгаан эрчим хүч)-ны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил илэрсэн.
Дээрх төрлийн зөрчилд Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/16 /861,551,774.66 төгрөгийн төлбөртэй холбогдох/; 26/16
(299,547,283.87 төгрөгийн төлбөртэй холбогдох); 27/16 (193,321,127.94 төгрөгийн төлбөртэй холбогдох) тоот 3 актаар нийт 1,354,420,187.0 (нэг тэрбум гурван зуун тавин дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга нэг зуун наян долоо) төлбөрийг төлүүлэхээр тогтоосон.
Шалгалтын явцад шалгалтаар илэрсэн зөрчлийг тухайн үед О ХХК-ийг төлөөлөн үйл ажиллагаанд оролцож байсан тус компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Б болон Татварын багийн ахлах М.Б нарт танилцуулсан. Эдгээр хүмүүс шалгалтын үр дүнг цааш нь компанийнхаа удирдлагуудад танилцуулж, холбогдох хурлаар хэлэлцүүлсэн. Үүний дараа Р.Б болон М.Б нар Манай компанийн удирдлагууд актын төлбөрийг төл гэсэн хариу өгсөн гэж шалгалтын бүрэлдэхүүнд хэлсэн бөгөөд тус компанийн хуулийн асуудал хариуцсан албан тушаалтнууд шалгалтын явцад буюу 70 гаран хоногийн хугацаанд ямар нэгэн асуудлаар шалгалтын бүрэлдэхүүнд хандаж, ямар нэг асуудалд тайлбар өгч оролцоогүй, үндсэндээ тус компанийн хуулийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнууд шалгалтын үр дүнгийн талаар дуугүй өнгөрсөн. Мөн тус компанийн санхүүгийн алба болон дээр дурдсан албан тушаалтнуудаас шалгалтын үр дүн болон түүний үр дүнд тавигдсан актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шалгалтын бүрэлдэхүүнд огт илэрхийлээгүй.
Улмаар О ХХК дээрх 3 төрлийн актын нийт төлбөр болох 1,354,420,187.0 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Төрийн сан банкин дахь .......тоот дансанд 100% бүрэн төлж, улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. Үүний дараа дээрх 3 төрлийн актаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/16 тоот акттай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Энэхүү гомдлоо О ХХК-ийн санхүүгийн ажилтнууд манай компани тухайн асуудалд цаашид яах талаар зөвхөн зарчим тодорхойлуулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргад хандаж байгаа юм гэж тайлбарласан.
Гаалийн ерөнхий газрын дарга О ХХК-иас гаргасан гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж үзээд, дээрх 25/16 тоот актыг хэвээр үлдээж, цаашид импортын цахилгаан эрчим хүчийг хэрхэн мэдүүлж байх зарчмыг тодорхойлж, тус компанид анхааруулсан.
Улмаар О ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, төлөгдсөн актын төлбөрийг Монгол Улсын төсвөөс буцаан гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж, хууль тогтоомжийн практик хэрэгжилтийг үл хүндэтгэж байгааг харуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 16/13 тоот хамтарсан удирдамжийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас О ХХК-ийн 2013-2015 оны санхүү, нягтлан бодох бүртгэлд 2016 оны 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 25-ны хооронд хийсэн шалгалтаар тус компани 2013-2015 онд импортлосон барааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчил илэрсэн байна.
Нэхэмжлэгч О ХХК дээрх шалгалтаар тавигдсан 3 төрлийн актын нийт төлбөрт 1,354,420,187.0 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдож байх боловч 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25/16 тоот актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа актын үнийн дүн болон тооцоололтой маргахгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Маргаан бүхий 25/16 тоот Татвар нөхөн төлүүлэх тухай актаар О ХХК-ийн БНХАУ-аас импортолсон цахилгааны гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн зөрчилд нийт 861,551,774.66 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон актын үнийн дүн болон тооцоололтой нэхэмжлэгч маргадаггүй боловч хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ актад заагаагүй, гаалийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэх ерөнхий үндэслэлээр акт тавьсан гэж маргадаг. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хийсэн тайлбартаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар О ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхдээ гаалийн улсын байцаагчид хувийн хэрэг хөтлөөгүй, захиргааны акт гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй гэсэн тухайд.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан. Мөн Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлд гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх харилцааг зохицуулж,
249.4-т Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална гэж зааснаар Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны А/134 дүгээр тушаалын хавсралтаар Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх журам-ыг баталсан байна. Тус журмаар шалгалтын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг, шалгалтын талаар гомдол гаргах, хянан шийдвэрлэх зэрэг болон бусад асуудлуудыг нарийвчлан зохицуулсны дагуу О ХХК-д хийсэн гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үеэр компанийн холбогдох удирдлагуудтай хийсэн уулзалтын тэмдэглэл хөтөлж, илтгэх хуудас, санал зөвлөмжийг гаргасан нь тухайн шалгалт зохих журмын дагуу хийгджээ гэж шүүх дүгнэв.
Мөн хариуцагч 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд ... илэрсэн зөрчлийг тухайн үед О ХХК-ийг төлөөлөн шалгалтын үйл ажиллагаанд оролцож байсан ерөнхий нягтлан бодогч Р.Б, татварын багийн ахлах М.Б нарт танилцуулсан, шалгалтын үр дүнг цааш нь компанийнхаа удирдлагуудад танилцуулж, хурлаар хэлэлцүүлээд манай компанийн удирдлагууд актын төлбөрийг төл гэсэн хариу өгсөн гэж шалгалтын бүрэлдэхүүнд хэлсэн, ... актуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ огт илэрхийлээгүй, ... 70 гаруй хоногийн шалгалтын явцад компанийн хуулийн асуудал хариуцсан албан тушаалтнууд ямар нэгэн асуудалд тайлбар өгч оролцоогүй ... гэснийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэсэн ямар нэгэн хариу тайлбар хийгээгүйг тэмдэглэх нь зүйтэй юм.
Маргаан бүхий Гаалийн улсын байцаагчийн 25/16 тоот акт нь Монгол Улсын Гаалийн тухай хуулийн /актын хамрах хугацаа 2013-2015 он тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалт/ 293 дугаар зүйлийн 2 дахь Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг үндэслэсэн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд татварын хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон захиргааны хариуцлагын асуудлыг зохицуулжээ.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ... бүх төрлийн эрчим хүч ... болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгоно гэдэгтээ талууд нэгдсэн ойлголттой байгаа боловч маргааны гол үйл баримт нь нэхэмжлэгч ... цахилгаан дамжуулах шугам нь тээврийн хэрэгсэлд хамаарахгүй тул цахилгаан дамжуулах шугамын засвар үйлчилгээний төлбөрийг тээврийн хэрэгсэл ашигласны зардалд оруулан тооцохгүй
... гэж маргаж байгаа.
Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх харилцааг зохицуулсан ба 55.5-д Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална, мөн хуулийн 271.1.2-т гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах гэж тус тус заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргьн 2010 оны 573 дугаар Заавар батлах тухай тушаал нь 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хууль зүйн яаманд Засгийн газрын агентлагийн дарга нарын Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн жагсаалтын 32 дугаарт бүртгэгдсэн нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээр байна. Энэхүү 573 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар-ын 14-т барааг илгээх үеийн тээврийн хэрэгслийн харьяалагдах улсын код, тээврийн төрлийн код, тээврийн хэрэгслийн дугаарыг тус тус бичнэ гэж заасан бөгөөд тушаалын 10 дугаар хавсралтаар Тээврийн төрлийн код-ыг баталж хөдөлгөөнт бус тээвэр-ийн кодыг 70 гэж заасан байна.
Гаалийн тухай хуулиар авто тээврийн, агаарын тээврийн, төмөр замын тээврийн гэсэн тээврийн хэрэгслийн гурван төрлийг хуульчилсан боловч Гаалийн ерөнхий газрын дарга хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тээврийн төрлийн кодыг дээрх 573 дугаар тушаалаар нарийвчлан зохицуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар-ын 1.8-д Цахилгаан, дулааны эрчим хүч, хий, уур, ус гэх мэт тусгай хоолой, шугамаар тээвэрлэгдэх барааны тоо хэмжээг нь нарийвчлан хянах баталгаат тоолуурын үндсэн дээр холбогдох бичиг баримтуудыг үндэслэн сард нэгээс доошгүй удаа мэдүүлнэ гэжээ. Энэ зааврын дагуу импортын цахилгаан эрчим хүчний гаалийн мэдүүлгийн тээврийн төрөл хэсэгт шугам гэж бичигдэн гаалийн бүрдүүлэлт хийгддэг байх тул цахилгаан эрчим хүчийг дамжуулж буй шугам, трансформаторууд нь эрчим хүчийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл гэж үзэхээр байна.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 Хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ, 10.2. Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг хэлцлийн үнэ гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 10.3-т зааснаар гаалийн үнийг тодорхойлохдоо
хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоот
үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан зардал, тухайлбал мөн хуулийн 10.3.1-10.3.5 заасан зардлыг нэмж тооцохоор байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны А/30 дугаар тушаалаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8-15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор 1 дүгээр хавсралтаар Импортын барааны үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар, 2 дугаар хавсралтаар Нэр томъёоны тайлбар-ыг баталсан ба Нэр томъёоны тайлбарын 1.1.2-т Төлсөн буюу төлбөл зохих бодит үнэ гэдэгт тухайн импортын бараанд зориулж худалдан авагчаас худалдагчид орлого болгон шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлөх ёстой нийт төлбөрийг ойлгоно гэжээ.
2013-2015 онд БНХАУ-аас М ТӨХК, О ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ө (*******ХОУК) ХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гурван талт Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т В тал буюу О ХХК-ийн хүлээх үүргийг зааж, 1.2.1-т Цахилгаан эрчим хүч худалдан авахтай холбоотой бүх үүрэг, хариуцлагыг хүлээнэ гэж тусгажээ. Мөн тус гэрээний 1.1.6-т зааснаар Хятад Улсын нутаг дахь эрчим хүчний тоолуураас эхлэн Монголын хил хүртэлх эрчим хүч дамжуулах байгууламжийн ашиглалт засвар үйлчилгээний асуудлыг Ашиглалт, засвар, үйлчилгээний гэрээ-гээр зохицуулна гэж заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр О ХХК болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны *******ХОУК ХК-ийн хооронд Цахилгаан дамжуулах станцын дэд бүтэц, трансформаторын дэд станцын цахилгаан тоноглолын ашиглалт, техникийн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулжээ. Энэхүү гэрээний 5.2-т заасны дагуу О ХХК *******ХОУК ХК-д ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус гэрээний 5.3 болон 5.4-т нийт төлөх зардлын дүн болон тухайн зардлыг ямар хугацаанд хэрхэн төлөх асуудлыг зохицуулсан байна.
Иймд Ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ-ний дагуу импортын цахилгаан эрчим хүчийг экспортлогчоос импортлогчид нийлүүлэхэд шаардлагатай цахилгаан
эрчим хүч дамжуулах байгууламжийг ашигласны төлөө О ХХК-иас *******ХОУК ХК-д төлсөн зардлууд нь Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-т заасны дагуу импортын бараа болох цахилгаан эрчим хүчийг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан зардалд мөн хуулийн 10.3.1.1-т заасан тээврийн хэрэгсэл буюу
цахилгаан дамжуулах шугам болон трансформатор зэрэг дэд бүтэц ашиглалтын
хөлс гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан дамжуулах станц, трансформаторыг ашиглахгүйгээр, эдгээр дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг хангахгүйгээр цахилгаан эрчим хүчийг импортлох, худалдах боломжгүй юм.
Эцэст нь маргааны үйл баримтыг дүгнэхэд салбарын буюу Гаалийн тухай хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан дээр дурдсан заавар, дүрэм журам нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд гаалийн салбарын үйл ажиллагаа болон бусад шаардлагатай асуудлуудыг нарийвчлан зохицуулсан нь О ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Иймд Гаалийн улсын байцаагчийн 25/16 тоот актын улмаас нэхэмжлэгч компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 249 дүгээр зүйлийн 249.4, 271 дүгээр зүйлийн 271.1.2, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 10.3.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн Гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 25/16 тоот актыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН