| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0589/З |
| Дугаар | 221/МА2026/0246 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2026/0246
“ИГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч: Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн: шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч П.Д, М.А
Нэхэмжлэгч: “ИГ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,371,595,730.96 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0152 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Т.Б хариуцагч П.Д, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0589/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ИГ” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,371,595,730.96 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0152 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.12, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасныг тус тус баримтлан “ИГ” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд 1,371,595,730.96 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “...Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон ашигт малтмал эрх, хайх, ашиглахад тавигдах ерөнхий шаардлага”-ийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.”гэж заасан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувь, хувьцаа өөрчлөгдсөн тохиолдолд татварын харилцааг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулсан байдаг.
3.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох орлого”-ийн 7.4-д “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:”, 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;”, 10 дугаар зүйл “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”-ийн 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”, 10.1.3-т “хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого”, 18 дугаар зүйл “Албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох”-ийн 18.8-д “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална”, мөн хуулийн 30 дугаар зүйл “Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа”-ийн 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус хуульчилсан.
3.3. Дээр дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлд эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоо өөрчлөгдөх замаар эрх борлуулсны, шилжүүлсний татварын харилцааг тодорхой заасан. Үүнд:
30 дугаар зүйл . “Эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцаа”, 30.1-д "Эцсийн эзэмшигч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно” гэж, 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж, 30.3-д “Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно”, 30.3.1-т “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж” , 30.3.2-т “бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр” гэж, 30.4-т “Энэ хуулийн 30.3-т заасны дагуу тодорхойлсон албан татвар ногдуулах орлогын сууриас эцсийн эзэмшигчийн борлуулсан, шилжүүлсэн хувьцаа, хувь оролцоо, саналын эрхээс эрх эзэмшигчийн хувьцаанд хамаарах хэмжээгээр тухайн эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож, албан татвар ногдуулах орлогыг эцэслэн тодорхойлно” гэж тус тус тодорхой заасан. Иймд эцсийн эзэмшигч хоорондоо эсхүл өөр этгээдэд хувьцаа шилжүүлэхэд татвар ногдох, ногдохгүй талаар бус эцсийн эзэмшигчийн эзэмшлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд албан татвар ногдуулахаар зохицуулсан.
3.4. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хүүшийн ам нэртэй MV-015643 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Намсрайжав овогтой Бнь өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг иргэн Мөнх-Эрдэнэ овогтой Энхтайванбаатарт шилжүүлсэн үйлдэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1.3, 18 дугаар зүйлийн 18.8, 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болох “ИГ” ХХК-д төлбөр ногдуулсан.
3.5. “ИГ” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувь, хувьцааг шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.8, 30.6 дугаар заалтуудыг зөрчсөн нь ил тодорхой байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуулийг үндэслэлгүй тайлбарлаж, үйл баримтыг буруу дүгнэн шийдвэр гаргасан байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч “ИГ” ХХК нь уг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн эцсийн эзэмшигчийн хувьцаа шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж төлөөгүй гэх зөрчилд холбогдох 1,371,595,730.96 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,371,595,730.96 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
5. Анхан шатны шүүхээс “...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “ИГ” ХХК -иас өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигч хуулийн этгээд өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа, тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж, шилжүүлэх харилцаа үүсээгүй тул хувьцаа шилжүүлснээр тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн гэж үзэхгүй, “хувьцаа шилжүүлэх” болон “тусгай зөвшөөрлийг шилжүүлэх” хуулийн урьдчилсан нөхцөл аль аль нь хангагдсан тохиолдолд хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцох юм...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
6. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.48-д эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлүүлэн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашгийг хүлээн авах эрхтэй этгээдийг ойлгохоор заасан.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” гээд 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна” гээд 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Эцсийн эзэмшигч гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно”, 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж тус тус хуульчилсан.
7. Хэрэгт авагдсан баримтуудаар “ИГ” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд тус компанийн эцсийн өмчлөгч, 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Бнь 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Хувьцааны эрх шилжүүлэх тухай гэрээ”-ний дагуу өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч М.Энхтайванбаатарт шилжүүлж, үүнтэй холбоотойгоор 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, мөн компанийн эцсийн өмчлөгч М.Энхтайванбаатар болж өөрчлөгдсөн нь тогтоогджээ.
8. Уг үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай холбон тайлбарлавал хуулийн этгээдийн 30 ба түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоо шилжсэн тохиолдолд уг хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөнд тооцох эрх зүйн үндэслэл бүрдэх бөгөөд нэхэмжлэгч “ИГ” ХХК-ийн эцсийн эзэмшигч буюу 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Бнь өөрийн хувьцааг бусдад шилжүүлж, үүний улмаас компанийн хувьцааны бүтэц болон эцсийн эзэмшигч өөрчлөгдөн бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон нөхцөл байдал нь мөн зохицуулалтад тусгагдсан эцсийн эзэмшигч-ийн өөрчлөлтөд хамаарахаар байна.
9. Тодруулбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа, хувь оролцоог шилжүүлэх замаар эцсийн эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбогдон олсон орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого-д тооцохоор зохицуулсан тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого-д албан татвар ногдуулж төлөх үүрэгтэй.
10. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 онд компанийн хувьцаа шилжүүлэх замаар эцсийн өмчлөгч өөрчлөгдсөн буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх шилжсэнтэй холбоотой орлогод албан татвар ногдуулж төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.2-т нийцээгүй учир хариуцагч татварын улсын байцаагч нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актаар ... эцсийн эзэмшигчийн хувьцаа шилжүүлэх замаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулж төлөөгүй 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд 791,147,000.00 төгрөгийн нөхөн татвар, 316,458,800.00 төгрөгийн торгууль, 263,989,930.96 төгрөгийн алданги, нийт 1,371,595,730.96 төгрөгийн төлбөр ногдуулсан нь дээрх хуульд нийцсэн байна.
11. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”, 2 дугаар хавсралтаар “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг тус тус баталсан бөгөөд 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох” гээд 4.1-т “Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр тооцно”, гэж, журмын 7-д “Тусгай зөвшөөрлийн үнэлгээг орлогод суурилсан аргаар тооцох” гээд 7.1-д “Энэ аргаар тооцсон тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь эрсдэл болон цаг хугацааны үнэ цэнийг харгалзан тооцсон мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэ байна”, 7.2-т “Мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлагдсан ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл /цаашид “ТЭЗҮ” гэх/ болон хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн техник эдийн засгийн урьдчилсан тооцоо /цаашид “ТЭЗУТ” гэх/-г ашиглах ба ашигт малтмалын үнэ болон ашиглалтын зардлыг үнэлгээ тогтоож буй оны түвшинд шилжүүлэн тооцно” гэж тус тус зааж, журмын 3 дугаар хавсралтаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өнөөгийн үнэ цэнээр тооцох маягт” ТЗ-03 маягтыг баталсан байна.
12. Хариуцагч улсын байцаагч нараас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн татварын хэлтсээс дээрх ТЗ-03 дугаар маягтын дагуу баталгаажуулж ирүүлсэн тооцооллыг үндэслэж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь дээрх хууль, журмын зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий байна.
13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...татварын хяналт шалгалтын ажиллагаанд компанийг төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүй этгээдийг оролцуулсан, татварын нөхөн ногдуулалтын актад ТЗ-О3 маягтыг хавсаргаагүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй...” гэж тайлбарлан маргах боловч захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан уг зөрчил нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0152 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИГ” ХХК-ийн “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч П.Д, М.А нарын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн НА-21240000047 дугаартай нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 7,911,470,000.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,371,595,730.96 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН