Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 50

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар,дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга: А.Болор,

Улсын яллагч: Э.Халиун,

Иргэдийн төлөөлөгч: А.Ариунаа

Хохирогч: Т.Золжаргал,

            Шүүгдэгч: Д.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашгүнсэнгийн Даваад холбогдох эрүүгийн 201625022478 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийнбайцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хэмт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуур 60 дугаар байрны 49 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧМ62062514, Боржигон овогт Дашгүнсэнгийн Даваа.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Даваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 онь 10 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 49 тоот гэртээ өөрийн дагавар охин Т.Золжаргалыг "...шоронгийн хоригдол нөхөртэй, эрчүүлтэй алцагнадаг..." гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хэвлийн хөндий болон хэвлийн зүүн хажуу хэсэг тус газар 2 удаа хутгалан биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Даваа мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн. 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цагт эхнэр болон хадам ахтайгаа хамт Улаанбаатар нэртэй 0.75 литрийн 3 шил архи, 4 ширхэг 0.5 литрийн пиво уусан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш нь цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очоод охиноо хутгалсан гэдгээ мэдсэн. Би урьд нь олон удаа мэдээ алдуулалттай хагалгаанд орж байсан. Би охиноосоо уучлалт гуйсан гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Т.Золжаргал мэдүүлэхдээ: Хохирогч: Би 5-6 настайгаасаа эхэлж хойд аавтайгаа хамт амьдарч эхэлсэн. Хэцүү байх үед тусалж, түшиг тулгуур минь болдог байсан. Намайг яагаад хутгалсан гэдгийг би мэдэхгүй байна. Бид хоёрын харилцаа сайн байдаг. Миний хүүхдийг аав маань харж ханддаг, хүүхэд маань ч өвөөдөө сайн байдаг. Би тухайн үед хутгалуулсан уурандаа өргөдөл бичиж өгсөн. Хохирол төлбөрийг минь барагдуулсан. Аавыгаа шоронд оруулахыг хүсэхгүй байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Золжаргал /хх-ийн 21-22/, гэрч Г.Ганбаяр /хх-ийн 25/, гэрч К.Туяа /хх-ийн 27/, насанд хүрээгүй гэрч Т.Есүлэн /хх-ийн 28/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №13788 дүгнэлт /хх-ийн 35/, №13788 /хх-ийн 37-41/, №8884 /хх-ийн 47/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №106 дугаартай дүгнэлт, Д.Даваагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Даваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 онь 10 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 60 дугаар байрны 49 тоот гэртээ өөрийн дагавар охин Т.Золжаргалыг “...шоронгийн хоригдол нөхөртэй, эрчүүлтэй алцагнадаг...” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хэвлийн хөндий болон хэвлийн зүүн хажуу хэсэг тус газар хоёр удаа хутгалан биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Т.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.Даваа гэдэг хүн нь миний хойд эцэг байгаа юм. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөө манай ээж Туяа 50 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн учир би өглөөнөөс эхлээд хоол цай хийгээд ирсэн хүмүүст үйлчилсэн. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад би саяхан төрсөн хамаатны найз Золзаяагийн гэрт очоод тэндээ хоносон. Тэгээд маргааш үдээс хойш 15 цагийн үед манай дүү Есүлэн над руу залгаад аниа та ирэх болж байгаа юм уу гээд нэг сонин ярьсан. Тэгэхээр нь би яасан гэтэл аниа та хурдан ирээ гээд утсаа салгасан. Гэртээ орсон чинь манай ээж орон дээрээ нэлээн согтуу хэвтэж байсан. Харин манай хойд эцэг Даваа хувцасаа өмсчихсөн нэлээн согтуу хэвтэж байсан. Бас манай хамаатны ах Энхзоригт согтуу байж байсан. Бас манай эмэгтэй дүү Есүлэн дүүгийнхээ хамт байсан. Тэгээд би уурлаад та нар яагаад өсвөр насны хүүхэд загнаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл манай хойд эцэг Даваа босч ирээд гал тогооны өрөө ороод аяга аваад ус авч уусан. Тэгэхээр нь би дүү Есүлэнг дагуулаад жижиг ерөөнд ороод юу болсон талаар асуухад ээж аав 2 намайг дарамтлаад орилж чарлаад хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байна та битгий яваагэсэн. Тэгэхээр нь би шүүгээнд байсан мөнгийг авч дүү Есүлэнд өгөөд далд хийлгэсэн. Тэгээд аав ээж хоёрыг асуувал намайг аваад явсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би өрөөнөөс гарч явах гэж байтал манай хойд эцэг Даваа намайг шоронгийн хоригдол нөхөртэй, эрчүүлтэй алцагнадаг, эрэгтэй найзыгаа дагуулж орж ирээд хажууд нь намайг загналаа гэсэн. Тэгэхээр нь би миний найзын хажууд миний нөхөрийг муу хэлэхээр нь уурлаад хэвтэж байсан орон дээр нь очоод хөнжлийг нь татаад хэвтэж байсан Давааг цамцнаас нь татаад бос та надтай хэрэлдэн барин энд байх шаардлага байхгүй ээж, хамаатан садан руугаа яв гэж хэлсэн. Тэгтэл хойд эцэг Даваа босч ирээд миний зүүн суга орчим 1 удаа, зүүнталын хэвлийхэсэг рүү нэг удаа хутгалсан. Тэгээд намайг хутгалж байх үед нь би мэдээгүй ба 2 дахь удаа хутгалах үед нь би мэдсэн. Тэгээд би хойд эцэг Даваагийн гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан ба манай найз Ганбаярыг дуудаж бид 2 хамт ноцолдож байж гарнаас нь хутгыг нь салгасан. Тэр үед хойд эцэг Даваа намайг ална гээд дайраад байсан. Хэрвээ манай найз байгаагүй бол бид нарыг бүгдийг нь алах байсан гэж бодож байна. Тэгээд манай найз Ганбаяр дараад хэвтэж байхад надад хандаж чамайг алмаар байна, үхчихээсэй, миний амьдралд гай болж байна. Чамайг алчихаад шорондоо орно гэж байсан…”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Гэрч Г.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Золжаргал бид 2 тэдний найзынд байж байтал дүү Есүлэн нь утсаар залгаад аав мөнгө төгрөг нэхээд амраахгүй байна гэж хэлэхээр нь бид 2 очсон. Золжаргал гэртээ ороод аавдаа хандаж архи дарсаа болилдоо гэж хэлсэн чинь аав нь өөдөөс нь чамд ямар хамаатай юм бэ гичий минь гэж хэлсэн. Тэгээд хэсэг сууж байтал Золоо найзыг нь дүрчихлээ гэж хэлэхээр нь би гүйж очоод ааваас нь хутгыг нь булааж авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч К.Туяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “…2016 оны 10 дугаар сарын 01-нд би 50 насны ойгоо тэмдэглэсэн. Тэр өдөр манай охин Золжаргал бидэнд хоол унд хийж баярлаж өнгөрсөн. Маргааш өглөө нь босоод манай нөхөр манай ах бид 3 Улаанбаатар 0.7литрийн 1 шил архи хувааж авч уусан. Дахиад 14 цагийн үед бага охиноосоо 2000 төгрөг авч Улаанбаатар 0.75 литрийн 1 шил архи хувааж эвч уусан. Тэгээд би унтчихсан байсан. Нэг сэрэхэд манайд 5-6 цагдаа ирчихсэн манай охиныг хутгалчихсан байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

Насанд хүрээгүй гэрч Т.Есүлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай аав, ээж, ээжийн ах 3 архи уусан. Эхний удаа нэхэхээр нь би ээжийн төрсөнөдрийн бэлэгний мөнгө 20000 төгрөг гаргаж өгсөн. Дараа нь дахиад нэхээд байхаар нь дахиад 20000 төгрөг өгсөн. Тэгээд 3 дахь удаагаа нэхэхээр нь би өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд аниа руу залгаад энэ 2 архи уух гээд байна гэж хэлсэн. Тэгээд аниа 1 цаг орчмын дараа ирсэн. Аниа гэрт орж ирээд манай дүү буюу Аниагийн хүүхэд бид хоёрыг хувцасаа өмс гэж хэлсэн. Дүүгээ хувцаслачихаад нөгөө өрөөнөөс гараад иртэл аниа цус болчихсон байсан. Тэгээд аниа намайг дүүгээ аваад гарч бай гэсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмч нар ирсэн. Аав нэг юмны мөнгө өгчих гэхээр нь өгөхгүй гэсэн чинь нэг юмны мөнгө өгчихгүй гэж уурласан. Тэгээд би айгаад аниа руу залгасан. Тухайн үед аав согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 106
дугаартай дүгнэлтэд:

  1. Д.Даваа нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэх баримт үгүй байна.
  2. Д.Даваа нь хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  3. Д.Даваа нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. /хх-ийн 50-51/,

 

Сэжигтэн Д.Даваа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэр, хадам ах К.Энхцогт бид гурав 3 шил Улаанбаатар архи 0,75 мл архи уусан. ...би хохирогчийг хоол хийдэг 20 см орчим хутгаар 2 удаа хавирга руу нь хутгалж гэмтээсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/, болон

 

Шүүгдэгч Д.Даваагийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Золжаргалын биед: “…хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн зүүн хажуу дээд хэсгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч, хөндлөн гэдэсний чацархайн артер судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд цус хуралдалт 1000 мл, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэж дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13788 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 35/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7/,болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Давааг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Даваад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалдтооцов.

 

Хохирогч Т.Золжаргал нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдвал зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

           

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Д.Даваад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжтойгоос гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХнь:

 

1.    Шүүгдэгч Боржигон овогт Дашгүнсэнгийн Давааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.Давааг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид элүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Даваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хуванцар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Даваад урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыгэс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Даваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            М.АЛДАР

 

             ШҮҮГЧИД                                                    Х.ИДЭР

 

                                                            Б.ДУЛАМСҮРЭН