| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Манлайбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/0194/Э/ |
| Дугаар | 227 |
| Огноо | 2012-12-07 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/0194/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Л.Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Ц- түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
хохирогч Б.Б.Б-,
насанд хүрээгүй хохирогч Б.Б.О-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г.Э,
насанд хүрээгүй хохирогч Б.Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Х.З-,
шүүгдэгч Э.Э.Л- түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Э.Л-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000395 дугаартай хэргийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шїїгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Эрдэнэсамбуугийн Э.Л- /РД: / 1974 оны 11 дүгээр сарын 13-нд ******* төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Э.Э.Л- нь 2012 оны 6 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Дархан-Сэлэнгэ чиглэлийн асфальтан хучилттай зам дээр Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн чиглэлд ***** УНО улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний орчин, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн бүлгийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Б.Б.Б-, Б.Б.Н-ийн биед хүндэвтэр гэмтэл, иргэн Л.Л.А-э, Э.Б.О-ийн биед хүнд гэмтэл тус тус болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э.Л- хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 6 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотоос Сэлэнгэ руу аймаг руу өөрийн унаагаар гарсан. Замдаа
Э.Э.Л- 215.2 шийтгэх тогтоол №227
Дарханаас газаа авчихаад гаран Дарханы хаалга өнгөрч байхад өөдөөс гэрлээс асаасан цуваа ирж байсан. Цувааны хажуугаар ороход хоёр дах машины гэрэлд цохиулаад замын хажуу руу орсон. Машины дугуй мөн хагарч жолоодож боломжгүй болж осолдсон. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү“ гэв.
хохирогч Л.Л.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт “Манай хүү Л.А-э осолд орж хүнд гэмтэл авсан. Одоо Солонгос улсад эмчлүүлж байгаа. Осолд орохын өмнө Солонгос улсад гэрээгээр ажиллаж байсан. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Эмчилгээнд зарцуулсан хохирлын мөнгөө авсан. Харин өмгөөлөгчийг 400.000 төгрөгөөр авсан байгаа. гомдолтой байгаа“ гэв.
хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “2012 оны 6 дугаар сарын 19-нд охиноо хагалгаанд оруулчихаад Улаанбаатараас 17 цаг 30 минутын үед Сэлэнгэ рүү явуулахаар болсон. Жолооч Э.Л- ах 22 товчооны тэнд 1 хүн авна гээд 30-аад минут хүлээсэн. Дарханд ирээд машиндаа гаазаа аваад Дарханаас гарсан. Өөдөөс цуваа ирж явсан ба нэг бага оврын жижиг жийп гэрлээ тусгасан. Тэгээд машин замаас гарсан энэ үед би охиноо аваад доошоо суусан. Урьд нь хийлгэсэн эмчилгээний зардлаа авсан. Ээлжийн амралтаа авчихсан байгаа болохоор охиноо аваад эмчилгээнд явна. Гарсан эмчилгээний зардлаа нэмж нэхэмжилнэ“ гэв.
насанд хүрээгүй хохирогч Б.Б.О-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Охиноо Сэлэнгэ рүү суулгах гэхэд автобус дүүрчихсэн байсан. Тэгэхэд Лхагвжав надтай явуулчих гэсэн. Тэгээд хойд талын суудалд нь суулгаад би өөрөө ажилтай байсан болохоор явсан. Манай охин Б.О-ьд хүнд гэмтэл учирсан. Осол орсон өдрөө Дарханы эмнэлэгт ирээд маргааш нь Улаанбаатар хот руу явсан. Охины биеийн байдал сайнгүй. Ослын дараа 3 зүйл болдог гэсэн. Нэг бол эрүүл болдог, амьд гарна, ургамал гэдэг зүйл болдог. Манай охины хувьд ургамал гэдэг зүйл болж байна гэсэн. Сүүлд 14 хоног хэвтлээ. Сайн үр дүн өгсөнгүй. 2012 оны 6 дугаар сарын 19-нөөс 7 дугаар сарын 16-нд хооронд 16 хоног өдрийн 30,000 төгрөгийн орлогыг компанидаа төлөх ёстой. Эхнэр тухайн үед хувийн эмнэлэгт тогоочоор ажиллаад гар дээрээ 339.000 төгрөг авч байсан. Хөдөлмөрийн гэрээгээр 400,000 төгрөгийн цалинтай байсан юм. Цаашид охины маань биеийн байдал ямар байхыг мэдэхгүй байна. Маш их гомдолтой байна. Өөр хэлэх зүйл алга“ гэв.
насанд хүрээгүй хохирогч Б.Б.Н-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Х.З- шүүхийн хэлэлцүүлэгт“Манай охин ослын улмаас хүндэвтэр гэмтэл авсан. Эмчилгээ хийлгэсэн. Сүүлд охиндоо 82,000 төгрөгийн эмчилгээг нэмж хийлгэсэн. Өөрийн цалин болох 640,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ“ гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 4-10 дугаар тал/,
Хохирогч Л.Л.А-э, Б.Б.Б-, Г.Г.Э, Х.Х.З- нарын мэдүүлгүүд /хэргийн 14-16, 20-21, 26-27, 32-33 дугаар талууд/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7641, 7643, 7644 тоот эмнэлгийн үзлэг хийсэн акт /хэргийн 40, 44, 51 дүгээр талууд/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 765 тоот дүгнэлт /хэргийн 217-218 дугаар тал/,
Э.Э.Л- нь Нийслэлийн Баянгол дүүрэг 22 дугаар хороонд оршин суудаг гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 82 дугаар тал/,
шүүгдэгчийн иргэний бүртгэл мэдээллийн баримт /хэргийн 70 дугаар тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 69 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
***** УНО улсын дугаар бүхий Соната-6 маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2-дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Э.Б.О-ь, Л.Л.А-э нарт хүнд гэмтэл, иргэн, Б.Б.Б-, Б.Б.Н- нарт хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 4-10 дугаар тал/,
Хохирогч Л.Л.А-ийн “2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Дарханаас гарах агшинд би бага зэрэг зүүрмэглэсэн замд явж байхад хажууд суусан нэг залуу та аяархан яваач гэж хэлсэн. Мөн Б.Б- та удаан яв гэж хэлж байсан. Би хурдны хэмжүүрийг харахад 150-160 км/цаг хурдтай явж байсан. Тэгээд цагаан хаалганы цаана машинуудтай зөрөх агшинд дундаас нэг машин өмнөх машинаа гүйцэт түрүүлэх гээд гараад ирсэн. Тэгэнгүүт манай жолооч замын хажуу руу гараад замын хажуугаар хэсэг явж байгаад эргэж замдаа орох гэж байгаад замын ховилд цохиулан өнхөрсөн. Тэгээд л би нэг мэдэхэд гадаа гарчихсан хэвтэж байсан ба 1 цаг гарангийн дараа эмнэлэг ирсэн. Манай жолооч зам тавиад замын хажууд гарсан. Тэгээд их хурдтай явж байсан учир зогсоох боломж байгаагүй. Би аарцаг, яс хугарсан, 2 далны нэг нь бяцраад нэг нь хугарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн14-16 дугаар тал/,
Хохирогч Б.Б.Б-гийн “...Дархан хаалга өнгөрөөд хэсэг явж байтал өмнөөс цуваа маягийн машинууд ирж байсан. Гэнэт манай машин гуйваад явахад нь би урд талаа харахад тэр цуварсан явсан машины дундаас нэг цагаан өнгийн дунд юм уу бага оврын машин манай урсгалд ороод ирэх шиг харагдсан. Жолооч дуут дохиогоо дараад гэрлээ шилжүүлээд байсан. Ингээд л нөгөө машин тулаад ирэх агшинд манай жолооч замын хажуу руу ороод гуйвалзаад явчихсан. Би охиноо тэврээд л доошоо хэвтчихсэн нэг мэдэхэд гадаа газарт хэвтэж байсан, охин бас гадаа ухаангүй хэвтэж байсан. Манай машин 4 дугуй нь дээшээ харчихсан цуг явсан хүмүүс энд тэнд л байсан. Ингээд нэг машинд сууж эмнэлэгт ирсэн. Миний зүүн гарын эгэм хугарсан, баруун дал гэмтсэн, мөн баруун хөлний нэг хуруу хугарсан, тархи доргисон гэмтэл тогтоогдсон. Мөн нурууны сэртэн яс хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр тал/,
Хохирогч Г.Г.Эын “...шөнө 02-03 цагийн орчим Дарханд ирэхэд охин маань нэгдсэн эмнэлгийн сэхээнд байсан ба эмчийн хэлснээр тархины цус харвалттай, дунд чөмөг хугарсан, дотор эрхтэн гэмтсэн, элэгний эсүүд гэмтсэн, баруун уушиг задарсан гэж байсан. Охин өөрөө ухаангүй, намайг харахад нэг удаа тариа хийсэн, түүнээс өмнө юу хийснийг мэдэхгүй. Би хүүхдээ уг нь арын суудал дээр суулгаж өгөөд явуулсан юм. Гэтэл манай хүүхдийг урд суудал дээр суулгасан байсан. Ард сууж явсан бол арай гэмтэх нь гайгүй байх байсан гэж бодож байна. Мөн тэр жолооч нэг ч удаа бид нартай уулзаж хүүхдийн биеийг асуугаагүй, түүнд нь гомдолтой байна” гэсэн /хэргийн 26-27 дугаар тал/,
Хохирогч Х.Х.З-гийн “...Тэр ослын улмаас манай нөхөр Б.Б-, охин Б.Н- нар гэмтэл авч эмнэлэгт хэвтсэн бөгөөд Б.Н-ийн зүүн эгэм нь хугарсан, тархиндаа харвалт, доргилттой гэсэн. Мөн манай нөхрийн эгэм нь баруун хөлний эрхий хуруу, нурууны сэртэн яснууд хугарсан байгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7641 тоот эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлтэд: Б.Б-гийн биед зүүн эгэм яс, баруун хөлийн 1 дүгээр шивнүүрийн далд хугарал, зүүн дал ясны цууралт, тархи доргилт, 2 тохойн үе, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 40 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7643 тоот эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлтэд: Б.Н-ийн биед зүүн эгэм ясны хугарал, тархи доргилт, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хэргийн 44 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 765 тоот дүгнэлтэд: 7642 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хохирогч Л.Л.А-ий умдаг ясны 2 талын дээд доод салааны хугарал, аарцаг ясны баруун талын Мальгений хугарал, 2 талын сүүжний дэлбээ ясны бяцарсан хугарал, 2 талын дал ясны хугарал, хэвлийн арын зайн цусан хураа, нурууны шалбарал зэргийг хүндэвтэр зэргийн гэмтэл гэж үзсэн нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжийн 3.1.15-тай зөрчилдөж байна. Л.Л.А-ийн биед учирсан умдаг ясны 2 талын дээд, доод салааны хугарал, аарцаг ясны баруун талын Мальгений хугарал, 2 талын сүүжний дэлбээ ясны бяцарсан хугарал, 2 талын дал ясны хугарал, хэвлийн арын зайн цусан хурааа, нурууны шалбарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд цаашид эрүүл мэндэд нөлөөлөх эсэх нь эмчилгээ нь эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ. /хэргийн 217-218 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 7644 тоот эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлтэд: Б.О-ийн биед тархины ховдол дахь цус хуралт, зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, ухаангүй байдал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, нүүр, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна гэжээ. /хэргийн 51 дүгээр тал/ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт холбогдохын өмнө “Дооно-Уул” компаниас зээлээр автомашин авч /хэргийн 84 дүгээр тал/ энэ машинаараа амьдралаа залгуулдаг байсан боловч зам тээврийн осолд орсоноор уг машин цаашид ашиглах боломжгүй болж компани гэрээгээ цуцалснаар орлогын ямар нэгэн эх үүсвэргүй болсон хэдий ч үйлдсэн хэрэгтээ чин санаанаанаас гэмшиж хохирогч нарт учруулсан хохирлыг өөрийн боломж бололцоог бүрэн ашиглан төлж барагдуулсан ба цаашид гаргасан зардал төлбөрийг ч төлнө гэдгээ хэлж мэдүүлж байгаа байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг холбогдсон, хохирогч нараас цаашид гаргах эмчилгээний зардал төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ удаа биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Хохирогч нар нь цаашид гарсан эмчилгээний зардал төлбөрийн талаархи нотлох баримтуудаа эрүүгийн болон иргэний хуульд заасан үндэслэл журмыг дагуу бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх эрхтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Л-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зїйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Э.Л-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Эрдэнэсамбуугийн Э.Л-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Э.Л- нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Эрдэнэсамбуугийн Э.Л-т оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд Цагдаагийн байгууллага хяналт тавихыг даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч Эрдэнэсамбуугийн Э.Л-т анхааруулсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1.3-д зааснаар хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн рентгэн зураг 1 ширхгийг хохирогч Б.Б.Б-д, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э.Э.Л-т тус тус буцаан олгож, жолоочийн ************* дугаартай үнэмлэхийг Замын цагдаагийн газар хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Э.Л-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР