Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1150

 

 

 

 

 

 

 

2023           11          16                                 2023/ШЦТ/1150

 

                         

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн, 

Улсын яллагч Ц.Буянхишиг,

Хохирогч Б.Б, Г.Ц,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишигээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Н.Бд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Цаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг, хохирогч Б.Бэс 2019 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Соотэн Планнинг” ХХК-ийн Хас банкны 5002478957 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Ц.Буянхишигээс: Яллах дүгнэгт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Оюунбилэгээс: “Хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн,

Хохирогч Б.Бэс: “...2019 онд миний хүү Япон явахад зуучилдаг газар байна гэж надад хэлсэн. Тэр үед анх Бтай танилцсан. Тухайн үед гэрээ хийж байсан. Тэр гэрээ нь одоо олдохгүй байгаа. Гэрээ хийгээд мөнгө шилжүүлсэн. Одоо манай хүү Япон улсад байгаа. Тухайн үед миний дансыг авсан боловч одоо хүртэл мөнгөө буцааж өгөөгүй байна. Гэрчилгээ гэж үзүүлсэн. Тэрийг нь хараад итгэсэн. Нийт 4,500,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ мөнгөө аваагүй байгаа. 2019 оноос хойш удсан байна. Ойрын хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлгийг,

Хохирогч Г.Цаас: “...2019 онд Бтай уулзаад гэрээ байгуулсан. Тэгээд хүлээх зав байхгүй гээд бид нарыг шахаад байсан. Гэрээ байгуулаад мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш энэ хүн Япон явж байна. Гадаадаас хариу ирсэн гэх мэт зүйл ярьдаг байсан. 10 сард байх, шар хуудас гарлаа гэсэн. Би өөрөө хэвлэлийн хүн. Олон хэвлэлийн газарт ажиллаж байсан. Тэр шар хуудас нь хуурамч хуудас байсан. Би өөрөө судалж яваад жинхэнэ шар хуудсыг нь харж байсан. Тэгээд чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гээд шар хуудсын талаар ярих үед маргаан үүссэн. 2019 оноос хойш надад маш их хохирол учруулж байна. Хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Нийт 2,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө аваагүй...” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Цаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг, хохирогч Б.Бэс 2019 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Соотэн Планнинг” ХХК-ийн Хас банкны 5002478957 тоот дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Г.Цын “Би анх 2019 онд фэйсбүүкээс “Япон улс руу хөдөлмөрийн гэрээгээр зуучилна” гэх зарын дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ди Эйч Эл байранд очиж, Н Б гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед Б надад “манай байгууллага Япон улс руу иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр зуучилдаг” гэж хэлсэн бөгөөд Соотэн Планнинг ХХК-ийн ерөнхий захирал гэж танилцуулж улмаар бид хоёр 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ди Эйч Эл-тэй байранд дахин уулзаж ажлын байр зуучлалын гэрээг байгуулж, Япон улс руу ажиллахад зуучлуулахаар болсон. Зуучлалын төлбөр гэх 2,000,000 төгрөгийг Н.Бын Соотэн Планнинг ХХК-ийн 5002478957 дугаартай данс руу шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулахдаа намайг 2019 оны 11 дүгээр сар гэхэд шар хуудас гарч, Япон улс руу явах болно гэж хэлж байсан боловч тухайн хугацаанд Япон улс руу яваагүй бөгөөд одоог хүртэлх хугацаанд залилуулж байна... Япон улсад барилгын ажил хийлгэнэ гэж хэлж байсан. Би өөрийн шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),

-Хохирогч Б.Бийн “Миний хүү М Д нь 2019 оны 5, 6 дугаар сарын үед гэж санаж байна Япон улс руу хөдөлмөрийн зууч хийдэг Соотэн Планнинг ХХК-ийн талаар судалж мэдсэн талаараа надад хэлсэн. Би тухайн үедээ өөрийн хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ди Эйч Эл шуудантай байранд Соотэн Планнинг нэртэй компанийн оффис дээр очиж захирал Н.Б нэртэй хүнтэй уулзахад “...манай компани Япон улс руу найдвартай явуулдаг бөгөөд Япон улсын компанитай хамтарч ажилладаг” гэж гэрчилгээ үзүүлж итгэл үзүүлсэн. Үүний дараа манай хүү шар хуудас буюу зөвшөөрлийн бичиг ирсэн учир визэндээ орж болохоор болсон тухай надад хэлсэн учир би хүүдээ 4,500,000 төгрөгийг өгч, хүү маань Н.Бд зуучлалын мөнгө гэж нийт 4,500,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. ...Манай хүү Д өөр компаниар зуучлуулж Япон руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-Иргэн Г.Цын 2,000,000 төгрөг “Соотэн Планнинг” ХХК-ийн Хас банкны 5002478957 тоот дансанд шилжүүлсэн талаарх баримт (хавтаст хэргийн 26 дугаар тал) зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Н.Б нь үргэлжилсэн үйлдлээр “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Цаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг, хохирогч Б.Бэс 2019 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Соотэн Планнинг” ХХК-ийн Хас банкны 5*******57 тоот дансаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цад 2,000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Бд 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цад 2,000,000 төгрөгийг, хохирогч Б Б.Бд 4,500,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 3 жил өнгөрсөн. Хорих ялын доод хэмжээ 6 сар, дээд хэмжээ нь 3 жил байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ тогтоолоор хохирлын тооцоог шийдэж болно...” гэх саналыг тус тус гаргасан болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Буянхишиг нь шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 22090****111 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Тодруулбал, шүүгдэгч Н.Б үргэлжилсэн үйлдлээр “Япон улс руу ажлын байранд зуучилна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Г.Цаас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөгийг, хохирогч Б.Бэс 2019 оны 5 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс “Соотэн Планнинг” ХХК-ийн Хас банкны 5******8957 тоот дансаар шилжүүлэн авч залилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэж дууссан үе буюу 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 3 жил 10 сарын дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд “...450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, ...эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд шүүгдэгч Н.Бын залилсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар /3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн/ дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 44 хоног цагдан хоригдсоныг дурдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2382 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 03 хоногийн хорих ял дээр 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 75 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 01 сар 18 хоногоор тооцож, одоогоор уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр Говьсүмбэр аймгийн Хорих 425 дугаар анги руу буцаан шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч А ургийн овогт Н.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт нийт 44 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2382 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 03 хоногийн хорих ял дээр 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1 хоногоор тооцож 75 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 01 сар 18 хоногоор тооцож, одоогоор уг хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр Говьсүмбэр аймгийн Хорих 425 дугаар анги руу буцаан шилжүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Цад 2,000,000 төгрөгийг, хохирогч Б.Бд 4,500,000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН