| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/00726/И |
| Дугаар | 102/ШШ2020/01724 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2020/01724
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо үйлдвэрийн гудамжны 5/51 тоот “Б Д” ХХК /РД:5000653/
Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Петровис бензин колонкийн баруун талд байршилтай “Т Т” ХХК /РД:2872013/
235,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, Л.Д
хариуцагчийн төлөөлөгч П.Г
нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “Т Т” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зээлээр арматур худалдан авах гэрээ байгуулж, 235,000,000 төгрөгийн арматурын төмөр зээлээр авсан. Гэвч худалдан авагч “Т Т” ХХК нь арматурын 235,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрлээ. Манай компанийн удирдлага санхүүгийн ажилтнууд удаа дараалан уулзаж төлбөрөө төлөхийг шаардсан боловч тус компани нь санхүүгийн боломж болохгүй байна. Удахгүй төлбөрөө төлж барагдуулна гэсэн үндэслэлээр 2, 3 жил төлбөр төлөөгүй болно. Иймд “Т Т ХХК”-иас 235,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын 07-нд “Т Т” ХХК нь 2 хувааж төлнө гээд “Б Д” ХХК-иас 235,000,000 төгрөгийн арматурын төмөр зээлээр авсан. 1 тонн арматурын төмрийг 1,750,000 төгрөгөөр тооцсон. 7 хоногийн дотор мөнгөө өгнө гэж гарын үсгээ зурсан. Төлнө гэсэн учир хүлээсээр өдийг хүрсэн. Сүүлдээ манай захирлыг дарамталж, амь насанд нь заналхийлсэн учир ийнхүү шүүхэд хандаж байна. Төмөр авсан нь үнэн байж ийнхүү төлбөрөө төлөхгүй, залилан хийж байна. Арматурын төмрийг 2 хувааж аваад явсан. Амаар хэлж авсан. Өмнө нь харилцаж хамтарч ажиллаж байсан учир манай захирал өгөхийг хүлээн зөвшөөрч итгэлцлийн үндсэн дээр өгсөн. Санхүүгийн хувьд манай компани тооцоо сайн. Цагдаа дээр хүртэл очоод авсан гэдэг нь нотлогдож байхад төлөхгүй гэж байна. Авсан өгсөн нь үнэн гэдэг гарын үсэг нь байдаг. Шүүх, цагдаад хэлсэн зүйлийг нь үндэслэж нэхэмжилж байна. “Т Т” ХХК нь “Б Д” ХХК-иас арматур төмөр авч байсан, энэ хүнээс л “Алтан морь трейд” ХХК-ийн талаар сонсож байна. Иймд хариуцагч “Т Т” ХХК-иас 235,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2005 онд байгуулагдсан. Үүнээс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 2006 онд охин компани байгуулсан юм. Манай компани нь зөвхөн арматур оруулж ирдэг. Энэ хугацаанд хариуцагчтай харилцан бараа бүтээгдэхүүн өгч авалцаж байсан. Итгэлцлийн үндсэн дээр 235,000,000 төгрөгийн үнэтэй бараа материалыг өгсөн. Авсны дараа хар дэвтэр дээрээ л тэмдэглэж авсан. Удаа дараа шаардаад байсан чинь сүүлдээ дарамт болсон. Тэгээд хуулийн байгууллагад хандсан. Яг тав болоод ирсэн чинь энэ асуудлыг иргэний журмаар шийдүүлье гээд шүүхэд шилжиж ирсэн юм. Бараа материал зөрсөн, хүний толгой эргүүлсэн баримт сэлт гаргаж өгөөд байна. Мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад эхний шатандаа хариуцагч талд ашигтайгаар хариу гаргаад шүүх рүү шилжүүлчихсэн. Гэрчийг манайд ажилладаггүй байсан хүн гэж хариуцагч талаас хэлж байна. Хүн амын орлогын албан татвараас зайлсхийж бэлнээр орлого өгсөн хүн л байсан гэж манай талаас ойлгож байгаа. Олон удаа шүүх хурал хийж анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хүндрүүлж байна. Тиймээс мөрдөн байцаах газар руу буцааж өгнө үү.
Хариуцагч “Т Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай “Т Т” ХХК нь “Б Д” ХХК-тай 2012 оноос эхлэн харилцаж ирсэн ба барилгын материал, төмөр худалдан авдаг байсан. Ингэж худалдан авалт хийх үедээ авч буй бараа материалын үнийн тодорхой хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг дараагийн худалдан авалтад төлөх зэргээр түншлэн ажилладаг байсан. Энэ бүх худалдан авалт бүрт НӨАТ-ын баримт бичилт хийлгэн авдаг байсан билээ. Гэвч 2019 оноос эхлэн “Б Д” ХХК-ийн зүгээс зээлээр авсан материалын төлбөрийн үлдэгдэл төлөхийг шаардаж эхэлсэн ба энэ нь үндэслэлгүй юм. Учир нь манай компанийн зүгээс бараа материал худалдан авах бүрт тодорхой хэмжээгээр төлбөр төлдөг байсан ба хэсэг хугацааны дараа үлдэгдэл төлбөрийг, бэлэн болон “Б Д” ХХК-ийн дансанд төлж барагдуулдаг байсан. Одоогоор төлбөрийн үлдэгдэлгүй байна. Мөн “Б Д” ХХК-тай зээлийн гэрээ бичгээр байгуулж байгаагүй ба 235,000,000 төгрөгийн гэрээ гэж огт байхгүй зүйл юм. Энэ нь тус компанийн өөрийн санхүүгийн дотоод асуудалтай шууд холбоотой зүйл байна гэж манай зүгээс харж байгаа тул “Б Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2017 оны үйл ажиллагааг ярьж байх шиг байна. Энэ асуудал дээр 2 талаас очиж байцаалт өгсөн байдаг. 235,000,000 төгрөг өгнө гэж мэдүүлэг өгсөн хүн манай компанийн хуулийн зөвлөх гэж байцаалт өгсөн байсан. Энэ хүн манайд 2017 онд 2 сарын хугацаанд хуулийн зөвлөхөөр туршилтын хугацаагаар ажиллаж байсан. Ийм хүнээс цагдаагийн байгууллага тайлбар авсан байдаг юм. “Т Т” ХХК-ийн захирал Ч.Нэргүй өр төлбөртэй гэж бодож явсан бөгөөд энэ 2 компани тооцоо нийлж байгаагүй юм билээ. Ингээд цагдаагийн байгууллагаас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд санхүүгийн баримтуудаа үзэхэд 2012-2014 онд нийтдээ 355,439,740 төгрөг төлсөн байсан. Энэ баримтуудаа гаргаж өгсөн байгаа. “Т Т” ХХК нь “Б Д” ХХК-тай 2012 оноос хойш барилгын материал, арматурын төмөр худалдах, худалдан авах чиглэлээр хамтран ажилласан. Гэхдээ бараа материал авахдаа мөнгийг нь бүрэн төлдөгггүй байсан. Жишээлбэл 30,000,000 төгрөгийн материал авлаа гэхэд тал мөнгийг нь өгөөд дараа нь дахин материал авахдаа үлдсэн мөнгийг өгөх байдлаар явж байсан. “Алтан морь трейд” ХХК, “Б Д” ХХК-ийн захирал н.Б буюу БНХАУ-ын иргэн F бөгөөд бараа материал орж ирэхдээ “А М Т” ХХК-ийн нэрээр манайд баримт олгоод, харин төлбөрийг нь шилжүүлэхэд өөрсдөө “Б Д” ХХК-ийн нэрээр НӨАТ-ын баримт хөтөлж явуулаад байдаг. Өр төлбөрийн асуудлыг мэдэхээр тухайн үеийн нягтлан бодогчтой холбогдож үзэхэд “Б Д” ХХК-ийн төлж дууссан, 2014 онд төлбөрийг шахаад төлж дууссан гэж хэлсэн. Үүний дагуу санхүүгийн баримтуудыг хайж үзэхэд энэ төлбөрүүд НӨАТ-н баримтуудаар гараад ирдэг. 2012 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нийт 355,439,740 төгрөгийн гүйлгээний бодит баримт байдаг. Үүнээс 2012 оны төлбөрийг хасахад 2013 оны 6 сард тэр гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа учир түүнээс хойш бодож үзэхэд 198,481,820 төгрөгийн худалдан авалт хийж, төлбөрийг төлсөн байна. 2013 оны 6 сард хийсэн гэрээний мөнгийг удахгүй өгөхөөр тохирсон бол яагаад 2014 оны 8 сар хүртэл худалдан авалт хийгээд яваад байдаг юм бэ? Эдгээр баримтууд “Б Д” ХХК-иас гардаггүй. Бараа материал хүлээлгэж өгч байгаа санхүүгийн анхан шатны баримт байдаггүй. Өмнөх худалдан авалтын тал мөнгийг одооны худалдан авалтынхаа тал мөнгөтэй өгөхөд яг тэр өдөр нь худалдан авч хийж байгаагаар баримт өгдөг. “А М Т” ХХК гэж бараа материалаа өгөөд гүйлгээний утган дээр “Б Д” ХХК гэж бичдэг. “Б Д” ХХК нь өөрсдийн дотоод асуудлаа, өөрийн санхүүгийн баримт, тайлангаа нягталж үзэх шаардлагатай. Хэзээ хэдэн төгрөгийн ямар бараа хүлээлгэж өгсөн, ямар үндэслэлээр 235,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч “Б Д” ХХК нь хариуцагч “Т Т” ХХК-д холбогдуулан 235,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэг, уг гэрээний дагуу 235,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1388 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “барилгын материал, арматур төмөр худалдан авдаг байсан, худалдан авалт хийхдээ тодорхой хэсгийн үнийг тухайн үед нь, үлдэгдэл үнийг дараагийн худалдан авалт хийх үедээ төлөх байдлаар харилцаж ирсэн, санхүүгийн баримтуудаа үзэхэд төлбөрийг төлж дууссан байсан, одоо төлбөрийн үлдэгдэл байхгүй” гэж маргаж байна.
Талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээгүй боловч барилгын материал худалдан авч, төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх ба 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 198,481,820 төгрөгийн төлбөрийг “Т Т” ХХК төлсөн, тухайн төлбөрийг нэхэмжлэгч хүлээн авсан болохоо зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж тайлбарлав.
Зохигчийн маргаж буй асуудлаар нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан цагдаагийн байгууллагад “2013 онд “Б Д” ХХК-иас “Т Т” ХХК-ийн захирал Ч.Н235,000,000 төгрөгийн арматур зээлээр авсан боловч одоог хүртэл төлбөр барагдуулахгүй байна” гэсэн агуулга бүхий гомдол гаргаж шалгуулсан байх бөгөөд тухайн асуудал иргэд хоорондын маргаан байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1388 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Энэхүү тогтоол зохигчийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 235,000,000 төгрөгийн арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон гэрээний төлбөрийг хариуцагч төлөөгүй байгааг нотлохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гомдолд дурдсан асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгах үндэслэлгүй, харин маргаантай асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх талаар гомдолд хариу өгсөн шийдвэр юм.
Дээрх гомдлын дагуу “Т Т” ХХК-ийн захирал Ч.Н-с авсан тайлбарт “...“Б Д” ХХК-ийн зүгээс 235,000,000 төгрөгийг нэхэхээр нь би гүйцэтгэх захирал Нямдаваа яг нарийвчилсан санхүүгийн баримтууд байгаа тооцоо гарга гэж үүрэг өгсөн юм. Урьд нь бол өртэй гэж бодоод явдаг байсан, яг нарийн тооцоо гаргадаггүй байсан юм. Ингээд тооцоо хийхэд 132,769,280 төгрөгийн арматур төмөр авсан байсан. Энэ мөнгийг боломжийнхоо хэрээр өгч барагдуулах болно”, “Т Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ш.Нямдаваагийн тайлбарт “өргөдөлд дурдагдсан 235,000,000 төгрөгийн асуудлыг мэдэхгүй. Манай компани Б Д компаниас 2014 онд 51,976,080 төгрөгийн арматур төмөр аваад тооцоо төлж дууссан байгаа. Харин 2012 оны 6 сард “А M” ХХК-нд өглөг авлагын тооцоонд өнөөдрийн байдлаар 132,769,280 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа”, “Т Т” ХХК-ийн хуулийн зөвлөх Ц.Ц-ийн тайлбарт “...2013 онд П К нь манай компанид 500,000,000 төгрөгийн арматур төмрийг зээлээр өгсөн бөгөөд ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, үүнээс хойш бага багаар төлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 235,000,000 төгрөгийн бараа материал төлбөр байгаа юм”, “Б Д” ХХК-ийн захирал F P-ийн тайлбарт “би Н, Н нартай ойр дотно харилцаатай байсан, байнгын төмөр өгч, аваад явдаг байсан, 2013 оны 5 сарын сүүлээр Н, Н нар арматур төмөр зээлээр авъя гэж санал тавьсан, би зөвшөөрөөд 235,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг компаниасаа 2 хувааж гаргаж өгсөн, ...тухайн үед манай компани А М гэдэг нэртэй байсан болохоор уг өр нь “А M” ХХК-иас авсан арматур төмөр байгаа юм” гэсэн мэдээлэл авагджээ. Дээрх тайлбарууд нь “Б Д” ХХК-ийн гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх зорилгоор холбогдох этгээдүүдээс авсан мэдээлэл бөгөөд тухайн тайлбаруудад авагдсан мэдээллээр “Б Д” ХХК болон “Т Т” ХХК-ийн хооронд 235,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг нотлохгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь нэг тал хөрөнгөө бүрмөсөн шилжүүлэх, нөгөө тал нь хариу төлбөр төлөх харилцан үүрэг бүхий гэрээ юм. Иймд гэрээ гэдэг бол гэрээний талуудын харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд гэрээний үүрэг шаардах эрх зөвхөн гэрээний талуудад хадгалагдана. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар “...гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” байвал үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээний дагуу үүргийн харилцаа үүссэн болохыг нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Т Т” ХХК-д холбогдох 235,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА