| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2020/01159/И |
| Дугаар | 102/ШШ2020/01969 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/01969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 19-40 тоот “Б Б” ХХК /РД:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо У Б Т З /РД:********/
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 2 салбар 525м төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э
хариуцагчийн төлөөлөгч Д.М
нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2013 онд “Б Х” ХК-ийн эзэмшилд байсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт хөрөнгө оруулалт хийх, орон сууцны хотхон байгуулахаар харилцан тохиролцож тухайн газрыг шилжүүлэн авсан юм. Энэхүү газар дээгүүр 2 ширхэг төмөр зам хөндлөн дайрч өнгөрдөг бөгөөд бид 2013 оны 3-р улирлаас эхлэн төмөр замын арчлалтын төлбөрийг төлж байсан. 2 ширхэг төмөр замын нэг нь байнгын ашиглалттай төмөр зам, нөгөөх нь ашиглагдахаа больсон төмөр зам байгаа бөгөөд газар шилжүүлэн өгөгч компанийн удирдлага болох Б.Д нь дээрх 2 төмөр замыг одоо танай мэдлийн төмөр зам боллоо, тун удахгүй ашиглалтнаас гарч хуулагдах зам юм, манай мэдэлд байсан учраас ашиглалтаас гарсаных нь дараа та нар хуулаад барилга барих бүрэн боломжтой гэж бидэнд хэлсэн. Энэхүү зам нь төмөр замын гол шугамд хамааралгүй, салбарлаж гарсан төмөр зам тул Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д салбар зам гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг хэлнэ гэж заасны дагуу салбар зам болох юм. Мөн хуулийн Төмөр замын объектын өмчлөл гэсэн 6 дугаар зүйлийн 6.3-т Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно" гэж заажээ. Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 салаа төмөр замыг “Б Б” ХХК-ийн өмч болохыг тогтоож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 108,786 м.кв газрыг “ Б Х” ХК-иас худалдаж авсан. Уг худалдаж авсан газарт 2 салаа төмөр зам байдаг. Уг салаа төмөр зам нь ашиглагддаггүй манай компанийн зүгээс хуулж авна, энэ бол манай өмч юм гэдэг байдлаар тайлбарлаж байсан учраас худалдаж авсан байдаг. Тэр газарт манай компани Солонго хороолол төслийг хэрэгжүүлээд явж байна. Энэ хугацаанд төмөр замыг хуулж аваачээ гэдэг хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Түүний хариуд “удахгүй авна” гэж хариуцагч байгууллага манайд албан бичгээр хариу явуулж байсан. Улмаар энэ ажиллагаа маань удаашралтай явагдаж байсан учир манай талаас У Б Т Зд хандсан. Гэтэл боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ асуудлыг шийдэхгүй явсаар бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. У Б Т Зд тухайн замын төлбөрийг “Б Б” ХХК-иас төлж байсан нь баримтаар харагддаг. Нотлох баримтаас харахад төрийн өмч мэт харагдаад байгаа боловч энэ том төслийг хэрэгжүүлэхийн тулд маш олон байгууллага, газраас зөвшөөрөл аваад батлуулаад явж байхад яагаад энэ үр дагаврыг хэлээгүй юм бэ гэдэг нь ойлгогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Б Т З шүүхэд гаргасан тайлбартаа: У Б Т Зын Толгойт өртөөнөөс салбарласан “ПЧ-2 Баазын зам” нэртэй дагнасан ий зам нь 1986 онд ашиглалтанд орсон ба Замын 2 дугаар ангийн үндсэн 1301040022 дугаартайгаар ПЧ2 Баазын зам нэртэйгээр одоог хүртэл бүртгэлтэй байна. У Б Т Зын Замын 2 дугаар анги нь бусдын өмчлөлийн замыг Зам арчлалтын гэрээгээр, өөрсдийн өмчлөлийн замыг бусдад ашиглуулахад Зам ашиглалтын гэрээгээ гүйцэтгэдэг. 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Б Х” ХХК-аас ирүүлсэн 75 тоот албан бичигт уг 525м замын гэрээт ашиглагч тул засвар үйлчилгээ хийлгүүлэх хүсэлтээ манай байгууллагад ирүүлж байсан ба уг замыг зам ашиглалтын гэрээгээр тус компани ашигласаар ирсэн. У Б Т З хувь нийлүүлсэн нийгэмлэг нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж бөгөөд төрийн өмчийн тооллогонд хамрагдсаар ирсэн. Мөн Зам Тээврийн яамнаас Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг 2016 онд олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас нэхэмжлэлийн шаардлагад тайлбараа өгсөн. Манай тал энэ бол “Б Б” ХХК-ийн өмч биш юм аа, У Б Т З нийгэмлэгийн замын хоёрдугаар ангид бүртгэлтэй төрийн өмч юм гэдэг хариугаа өгсөн. Шүүгчийн захирамжийн дагуу бид “Б Х” ХК-тай байгуулсан зам ашиглалтын гэрээгээ гаргаж өгсөн, тэр замыг “Б Х” ХК ашиглаж байсан гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаар өөрсдийнх нь манайд ирүүлсэн албан бичиг байдаг. Ирүүлсэн албан бичигтээ удаа дараа энэ замаа хуулж ав гэж бичээгүй байдаг. Харин зам ашиглах хүсэлтээ илэрхийлж манайхыг замын арчлалтыг хийж өгнө үү гэсэн байдаг. Энэ дагуу гэрээ байгуулсан байдаг. Гэтэл одоо “Б Б” ХХК манай өмч гээд, өмчлөгчөөр тогтоолгож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан байна. Энэ төмөр замыг анхнаасаа төрийн өмчийн хэлбэрээр манайд олгогдсон замыг манайх өөрийн хөрөнгөд бүртгэж, бусдад ашиглуулдаг. “Б Х” ХК-иас ирүүлсэн албан бичигт энэ бол У Б Т Зын өмч гэдгийг биччихсэн байдаг. Үүнийг манай тал хангалттай нотлох баримт гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгч “Б Б” ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг У Б Т Зд холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Б Х” ХК-ийн хашааны дотор болон гадна талд байх 2 салбар 525м төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагын үндэслэлээ “салбар 2 төмөр зам байгаа газрыг дээрх объектийн хамт худалдаж авсан, төмөр замыг худалдагчийн өмч гэж ойлгосон” гэж тайлбарлаж байх ба харин хариуцагч “баазын зам нэртэйгээр одоог хүртэл төрийн өмчид бүртгэлтэй, уг замыг “Б Х” ХК ашиглалтын гэрээний дагуу ашиглаж төлбөр төлж байсан, энэ замыг хуулах боломжгүй технологийн зам” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь “Б Х” ХК-иас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 108786м2 бүхий орон сууц, контор, агуулах, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших газрыг 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр, уг газар дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрийн “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохирсон байх ба тухайн гэрээгээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн бүртгэлийг хийлгээгүй, “Б Х” ХК-ийн эзэмших эрхэд бүртгэлтэй хэвээр байгаа гэж тайлбарлав. Дээрх газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дугаар захирамжаар “Б Х” ХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Нэхэмжлэгч нь 3 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдов.
Харин маргаан бүхий төмөр зам нь 1986 онд ашиглалт орж ПЧ-2 Баазын зам нэртэй У Б Т З нийгэмлэгийн Замын 2 дугаар ангийн балансад буюу төрийн өмчид 1301020024110402 дугаартайгаар бүртгэлтэй болох нь, уг замаас 0.525км салаа замыг “Б Х” ХК нь У Б Т Зтай байгуулсан ашиглалтын гэрээгээр 1999-2013 он хүртэл ашиглаж, төлбөр төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 14-20, 44-70, 87-92 дугаар тал/
Иймд “Б Х” ХК-иас худалдан авсан хөрөнгөд маргаж буй төмөр зам хамаарахгүй байхаас гадна төрийн өмчид бүртгэлтэй байх тул төмөр зам байрлаж байгаа газрыг худалдан авсан үндэслэлээр төмөр замын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.
Өмчлөх эрх хууль болон гэрээний дагуу үүсдэг бөгөөд үүнээс өөр арга замаар үүсэх боломжгүй. Гэрээ гэдэг бол гэрээний талуудын хүсэл зориг харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд зохигчийн хооронд маргаан бүхий төмөр замын өмчлөх эрхийг шилжүүлэх ямар нэг гэрээ хийгдээгүй байх ба энэ талаар талууд маргаагүй болно. Мөн хуулийн дагуу өмчлөх эрх үүссэн байх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 2 салбар 525м төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У Б Т Зд холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 2 салбар 525м төмөр замын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч “Б Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА